| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/01373/и |
| Дугаар | 02528 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 02528
| 2019 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2019/02528 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:М.М-д холбогдох
Авто машины үнэ 35 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жамбалсүрэн, өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч М.М, өмгөөлөгч Ө.Одончимэг, гэрч Д.Цэвээндолгор, Б.Бямбажаргал, Б.Чимэгмаа, С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний нөхөр С.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 00-89 УНӨ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн Форд эксплорер маркийн авто машинаа Нэткапитал Авто ХХК-д барьцаалж, 15 000 000 төгрөгийн зээл авсан.С.Бямбасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, С.Бямбасүрэн нь М.Мтай 2017 оны 7 дугаар сард танилцсан ба нөхрийг өнгөрсний дараахан намайг авто машинаа надад зарчих гэхээр нь манай машин Нэткапитал Авто ХХК-д зээлийн барьцаанд байгаа, зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг байгаа, үүнийг төлөөд 35 000 000 төгрөгөөр ав гэсэн ба ямар нэгэн гэрээ хийгээгүй итгээд нэрээ шилжүүлж өгсөн.М.М нь авто машиныг авснаас хойш алга болсон, одоо машинаа буцааж авна гэхээр нэгэнт машинаа нэр дээр шилжүүлээд өгсөн тул одоо яриад байх юм байхгүй, надаас юугаа авдаг юм, машиныг зарчихсан гэж байна.Иймд М.Мгаас 00-89 УНӨ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Форд Эксплорер маркийн авто машины үнэ болох 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Т нь 2016 онд үйлдвэрлэгдсэн 00-89 УНӨ улсын дугаартай Форд Эксплорер маркийн машиныг Нэткапитал ББСБ ХХК-д 15 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан.Уг машин нь Б.Тын гэр бүлийн хүн Бямбасүрэнгийн өмчлөлийн машин байсан.Дараа нь М.Мтай харилцан ярилцаад Нэткапитал ББСБ ХХК-д 15 000 000 төгрөгт барьцаанд тавьсан, 5 000 000 төгрөгийг төлөөд дээр нь 35 000 000 төгрөг өгөөд машиныг ав гэсэн асуудал л ярьсан.Машины үнэ болох 35 000 000 төгрөгийг л нэхэмжилж байгаа, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.М шүүхэд гаргасан тайлбартаа:Би талийгч Бямбасүрэнтэй 2016 оны 10 дугаар сард танилцаж түүний үл хөдлөх хөрөнгийг зарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгч тусалсан ба ингэх явцдаа сайн танилцсан, ингээд 2017 оны 4 дүгээр сард Төв аймгийн Батсүмбэр сумын Баянхангай гэдэг амралт ашиглалтанд орж байна, ерөнхий менежерээр ажилд орооч, нийлүүлсэн хүн тутамд 3000 төгрөг өгье, бусад зардлыг тухай бүр өгч байя гэхэд нь би ажил ихтэй байгаа тул бодож үзье гэж хэлсэн.Бямбасүрэн захирал 2017 оны 5 дугаар сарын 20-нд надтай уулзан эхнэр бид хоёрыг гэртээ урьж та хоёр надад ажиллаад өгөөч, марктинг болон реклам хүн нийлүүлэх бүх ажлыг та хоёрт хариуцуулъя, чи олны танил учраас манай амралтанд хэрэгтэй байна, ах нь хэлсэндээ цалин мөнгөө өгнө, миний хоёр дүү ахдаа тусла гэхэд нь бид зөвшөөрч нэг талаараа зуучлан амрагч олж өгч, нөгөө талаараа маркетинг сурталчилгааг нь хариуцах болсон ба 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бид интернэтээр шууд live хийж амралтыг сурталчилж эхэлсэн ба 26-нд фэйсбүүк хуудас болон фейж хаяг нээн зар сурталчилгаа болон танилцуулгын ажлыг хийсэн.Ингээд удалгүй 6 дугаар сарын 1-нд эх үрсийн баярын тусгай хөтөлбөр зохиож анхны амрагчдыг нь аваачсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд ирсэн урлагын номер, илбэчин, алиалагчийн зардлыг би хувиасаа гаргаж зохион байгуулсан.Гэтэл маргааш нь талийгч захирал нэхэмжлэгчийн хамт эхнэр бид хоёрыг дуудаж энэ форд эксплорер маркийн авто машиныг та хоёр ав, чи компанийн менежер хүн байна, аятайхан машин унаж явах хэрэгтэй, чамд ч гэсэн ажил хийхэд урамтай байна, төлбөрийг нь чамаас бүтэн нэхэхгүй, цалингаас чинь бага багаар суутгаж байя гэхэд эхнэр бид хоёр бодож байгаад хариу өгье гэсэн, тэгээд бид хоорондоо ярилцаад зөвшөөрсөн хариуг Бямбасүрэн ахад өгсөн ба бид тэр газраас Бямбасүрэн ахыг байхад ч, нас барсан хойно ч цалин огт аваагүй болно.Мөн Бямбасүрэн ах Форд эксплорер машиныг надад унуулаад миний Subaru Impreza маркийн машиныг эхнэр Туулдаа унуулсан бөгөөд би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хувийн ажлаар хөдөө явахдаа өөрийн машинаа нэхэмжлэгчээс аваад унахад их эвдрэлтэй болсон байсан бөгөөд би өөрөө зардлыг нь гаргаж засварлуулсан.Хөдөө яваад удаагүй байтал 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч над руу залгаж ах чинь өнгөрчихлөө гэж хэлсэн бөгөөд бид тэр өдөртөө нэхэмжлэгчид хань болж түшиж тулж явсан бөгөөд Туул өөрөө ч та хоёр хамаг ажлыг миний авч явдаг хүмүүс гэж байсан.Би талийгчийг байхад гэрээ хийж чадаагүй одоо гэрээгээ хийе, нийлүүлсэн хүмүүсийнхээ тооцоог хийе гэхэд янз бүрээр цааргалж байсан.Маргаан бүхий машиныг нэхэмжлэгч өөрөө Нэткапитал авто ББСБ, ХХК-д 15 000 000 төгрөгт тавьсан авч чадахгүй алдах гээд байна, нилээн алдангид орсон, угаасаа та хоёрт өгсөн юм чинь үлдсэн мөнгийг нь ББСБ-д төлөөд машинаа нэрлүүгээ шилжүүлээд ав тэгээд цалингаас чинь суутгаж тооцоо хийе гэж гуйхад нь зөвшөөрч ББСБ-д зээлийн хүүг, алдангитай нь төлөөд явж байхад эгчдээ машинаа өгөөч банкинд тавих гэсэн юм гэж гуйхад нь тэгдээ дараа нь болох байлгүй гээд зөвшөөрч өгч явуулсан.Гэтэл орой нь болохгүй юм байна гээд буцаад ирсэн, бидэнд маш их өрөнд орсон, хэцүү байна, мөнгө төгрөг энд тэндээс нэхэгдээд байна гэж ярьж ойлгуулсан болохоор л тэр өдөр машинаа өгч явуулсан.Гэтэл хэд хоногийн дараа уулзаад би машинаа авч бэлэн мөнгөөр зараад өрөө төллөө гэхэд нь бид цалин мөнгөө өгөхгүй, өр зээлээ даруулчихаад, энэ машиныг таниас аваагүй, талийгчаас авсан одоо үнийг нь бараг төлөөд дууссан, тооцоогоо хийе гэхэд авахдаа л авна гэж хэлээд явсан боловч бид хүнээ нийлүүлсээр л амрагч аваачсаар л байсан.Энэ явдлаас хойш нэхэмжлэгч биднээс машин авах боломжгүй гэдгээ мэдээд 2018 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаад гомдол гаргаж шалгуулсан.Төв аймгийн цагдаа мөн л шалгаж биднийг зугтаагүй, хүмүүсээ нийлүүлж байгааг тогтоож, иргэний шүүхээр маргаанаа шийдүүл гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.Би цагдаад өгснөөс хойш 8 сар хүнээ нийлүүлж ажилласаар л байсан ба миний нийлүүлсэн хүнээс надад өгөх ёстой мөнгө машины үнэнд хүрэхэд би шууд амрагч аваачихаа зогсоосон.Бидний энэ байдлыг тэр амралтын газар ажиллаж байсан ажилчид бүгд гэрчилнэ.Би анхнаасаа талийгч Бямбасүрэнтэй тохирсон хэлцлийн дагуу цалингаараа машиныг авсан гэж үзэж байгаа.Машин анхнаасаа 35 сая төгрөг байгаагүй, талийгч машиныг 30 саяар зараад өгөөч ах нь 5 саяыг өгнө дүүдээ бол 25 саяд өгнө, дүүдээ худлаа яриад яахав гээд 6 сарын 1-ний өдөр эхнэрийн алдарт эхийн одон авсаныг тэмдэглэн амралтын газрынхаа караокэд сууж байгаад хэлж байхад Туул тийм гээд толгой дохиод сууж байсан.Би худалдан авах гэрээг Туултай биш талийгч Бямбасүрэнтэй амаар хийсэн, харин талийгч нас барсан учраас эхнэр Туулд нь машины үнийг бэлэн мөнгөөр буюу ББСБ-д 5 сая төгрөгийг өгч, үлдсэнийг амралтын газар нийлүүлсэн хүмүүсийн төлбөрөөс буюу цалингаараа төлж барагдуулсан ба уг төлөх мөнгө илүү гарсан тул би Туулаас мөнгө авах ёстой байгаа.Туул нь захирлыг өнгөрсний дараа захиралтай хийсэн хэлцлийг мэдэж байгаа болохоор бидэнд машиныг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би талийгаач Бямбасүрэнтэй аман гэрээ хийж уг компанийн амралтын газарт хүн нийлүүлэх болсон, 2016 оны 12 дугаар сараас санал тавиад 2017 оны 5 дугаар сард уулзаж ярилцахад ахад нь нэг зарах машин байгаа, чи зараад өг гэсэн.Би ажлын саналыг бодож байгаад болно гэсэн, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амралтад очиж уулзаж, нэг хүнээс 3000 төгрөгийн хувь авахаар тохирч, надад цалингийн оронд энэ машиныг өгнө, би чамд 30 000 000 төгрөгт бодож өгнө, би эхнэртээ хэлээгүй, чи надад их юм хийж өгөх хүн шиг санагдаад байна, тэгж байгаад машинаа 20-н хэдэн сая руу оруулна бодож өгнө гэсэн.Тэгээд 2017 оны 7 дугаар сард намайг амралтаар Дорнод аймаг руу явсан хойно нас барсан байсан.Гэрээ хийнэ гэж байсан боловч хийгээгүй, машины 8, 9, 10 дугаар сарын хүүг би төлсөн, 11 сард Б.Т надтай яриад энэ машин хураагдах гээд байна, үлдэгдэл мөнгийг нь төлөөд ав, тэртээ тэргүй чиний машин юм чинь гэсэн тул би Нэт капитал ББСБ ХХК-д үлдэгдэл мөнгийг нь төлөөд авсан, татвар торгууль гээд 400 гаруй мянган төгрөг төлсөн.Б.Т 11 сард ирээд банкны өр нэхэгдээд байна, барьцаанд тавиад эргүүлээд өгнө гэж машиныг авч яваад орой нь болохгүй байна гээд хүрээд ирсэн, тэрнээс хойш надтай холбогдоогүй.Цагаан сарын өмнө машинаа авна гэхээр нь би цалингаа өгөөд машинаа ав гэхэд машинаа авахдаа л авна гэсэн, тэгээд цагдаад өгсөн байсан, 35 000 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа, 30 000 000 төгрөг гэж л тохирсон, Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгө, миний цалин 30 000 000 төгрөгөөс илүү гараад явчихсан тул төлөх боломжгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т хариуцагч М.Мд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 35 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талийгч С.Бямбасүрэнгийн өмчлөлийн Нэткапитал Авто ХХК-д барьцаанд тавьсан авто машиныг М.Мтай амаар хэлцэл хийж, түүнд худалдсан тул тухайн гэрээний үүрэг буюу авто машины үнэ 35 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч М.М нь Б.Ттай хэлцэл хийгээгүй, тухайн авто машиныг талийгч С.Бямбасүрэнтэй ярилцаж, үнийг нь би С.Бямбасүрэнгийн амралтын газарт амрагч нийлүүлж, үүнээс зохих мөнгийг суутган тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байна.
С.Бямбасүрэн нь Нэткапитал Авто ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 00 000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ байгуулж, зээлдэгч С.Бямбасүрэн нь 00-89 УНӨ улсын дугаартай Ford Explorero маркийн авто машинаа Нэткапитал Авто ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байгаа болох нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ болон тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
С.Бямбасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь 0000202538 тоот гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Нэткапитал Авто ХХК-д өргөдөл гаргасан байна.
Уг өргөдөлд Манай нөхөр 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 00-89 УНӨ улсын дугаартай Ford Explorero маркийн авто машиныг барьцаалж 15 000 000 төгрөгийн зээл авсан, зээлийн төлбөр тооцоо дуусч уг авто машиныг М.Мд худалдан борлуулсан тул авто машиныг М.Мд шилжүүлэх, чөлөөлөх бичиг гаргаж өгнө үү гэсний дагуу УНӨ улсын дугаартай Ford Explorero маркийн авто машины өмчлөх эрх М.Мд шилжсэн гэж байна.
Хариуцагч М.М нь С.Бямбасүрэнгийн Нэткапитал Авто ХХК-д төлөх зээлийн төлбөрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 9 дугаар сарын 5-ны өдөр 700 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 3 295 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь кассын орлогын баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна" гэж заасан байх бөгөөд хэлцлийн нэг тал болох С.Бямбасүрэн нас барсан явдал нь түүний М.Мтай хийсэн хэлцэл, хүсэл зориг, түүний илэрхийлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болохгүй юм.
Иймээс нэхэмжлэгч Б.Т нь Ford Explorero маркийн авто машиныг М.Мд худалдах хэлцлийг хийсэн байна гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар 2010 онд үйлдвэрлэгдсэн Ford Explorero маркийн авто машиныг 35 000 000 төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэгчийн үнэлгээ нь тодорхой бус байх бөгөөд улмаар М.Мтай амаар хэлцэл хийж, тухайн авто машиныг М.Мд худалдсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд Б.Тын хариуцагч М.Мгаас авто машин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан М.Мгаас 35 000 000 /гучин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин мянган/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН