Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02822

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/02822

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:М.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Ц.Г-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ганбаатартай 2011 онд танилцаж амьдарсан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Г гэж охинтой болсон. Хүүхэдтэй болсноос хойш бусад гэр бүлийн адил аятайхан байсан боловч сүүлийн 2 жил маргаантай байгаад хоорондоо ярилцаад салахаар шийдсэн.Бид эргэж нийлж амьдрах боломжгүй болсон.Би 2 жилийн турш Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн, бид 2017 оноос хойш тусдаа байгаа тул гэрлэлтээ цуцлуулна, охиноо би өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний хооронд өмч хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б-тай 2010 онд танилцсан бөгөөд 2013 онд бид охинтой болсон, Болортуяа 2017 онд Солонгос яваад ирсэн.Г миний охин мөн, одоо 6 настай, бид 2017 оноос хойш хоорондоо маргалдаж, ойлголцохоо байсан, эргэж нийлж амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Бид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, охиндоо тусалж байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ц.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин Гг өөрийн асрамжид байлгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

М.Б, Ц.Г нар 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 1107000009 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр охин Г төрсөн болох нь хүүхдийн төрсний 0000934028 Г-2433 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

 

М.Б 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн саналыг харгалзан Гг эх М.Бгийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Гг эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Ц.Г нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Ц.Гын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

 

М.Б нь Ц.Гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, тэдний хооронд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.Б-д, Ц.Г-т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн охин Гг эх М.Бгийнх нь асрамжид байлгасугай.

 

3.Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, М.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1-д зааснаар М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Гаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан М.Бд олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН