| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 110/2025/0024/З |
| Дугаар | 221/МА2025/0384 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0384
Х.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мейрамгүл
Нэхэмжлэлийн шаардлага: “... Иргэн Х.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 110/2025/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Иргэн Х.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Х.Б- нь 2024 онд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар шийдвэрээр тэтгэвэр тогтоолгох ажилласан ажилласан байвал зохих нийт 20 жилийн болзол хангахгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Нэхэмжлэгч 2014 оноос 2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүтгэх даатгуулагчийн кодыг 25 /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ гэсэн кодоор тайлагнасан байна. Энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна.
3.3. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-д заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Иймд сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй байгаа.
3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...Иргэн Х.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргажээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Х.Б- нь Алтай сумын эрчим хүчний салбарт 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар, 4 жил 6 сар, 9 хоног, Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал галчаар 4 жил, Алтай сумын Нур төре ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал галчаар 6 жил нийт 12 жил, 6 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байна. Өөрөөр хэлбэл, Х.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар галчаар 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан гэж үзэж байна...” гэж,
2.3. Хариуцагчаас “...Х.Б- нь 2014 оноос 2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25/улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ гэсэн кодоор тайлагнасан байна. Энэ нь тухайн ажилтан үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна. ...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажилгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Иймд сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангаагүй байна” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Анхан шатны шүүхээс “...2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2014 оноос 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал, үүнээс хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх үйл баримтыг дахин нотлохгүй,уг үйл баримтад дахин дүгнэлт өгөх үндэслэлгүй..., …Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн нийт 22 жил 11 сар 28 хоног, үүнээс 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад Алтай сумын нэгдсэн уурын зууханд галчаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцоход, нэхэмжлэгч нь нийт 23 жил 2 сар 28 хоног, үүнээс 12 жил 6 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан нь тогтоогдож байх тул хуульд заасан хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч хангасан байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.5. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.5-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй...” гэж заасан.
2.6. Уг маргаан бүхий тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь анх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Иргэн Х.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.7. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4/д-д “...нэхэмжлэгч нь нийт 22 жил 11 сар 28 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. 5-д “...нэхэмжлэгч нь нийт 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, энэ нь хуульд заасан 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ...” гэж тус тус дүгнэжээ.
2.8. Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг улсад 22 жил 11 сар 28 хоног, үүнээс 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан болохыг тогтоосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх үйл баримтыг дахин нотлох, дүгнэлт өгөх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн маргаж буй 2014-2024 оны хооронд ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцох талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Нэхэмжлэгч 2014 оноос 2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүтгэх даатгуулагчийн кодыг 25 /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ гэсэн кодоор тайлагнасан байна. Энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна. ...Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-д заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. ...сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2.10. Түүнчлэн хэрэгт авагдсан “Нур” ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажилд томилох тухай” 14 дүгээр тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 01 дүгээр тушаал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Х.Б- нь Алтай сумын Нэгдсэн халаалтын зуухны галчаар 3 сар ажилласан болох нь тогтоогджээ.
2.11. Ийнхүү өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нийт 22 жил 11 сар 28 хоног, үүнээс, 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаан дээр Алтай сумын Нэгдсэн халаалтын зуухны галчаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3 сарыг нэмж тооцоход нэхэмжлэгч нь нийт 23 жил 2 сар 28 хоног, үүнээс 12 жил 6 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ