Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00035

 

 

    Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэртэй, Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, прокурор М.Фарида нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор болох 104300000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд:  “Бугат сумын иргэн Р.Б гэгч нь 2015 оны 01 дүгээр сард надтай бүлэглэн малын хулгайн хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад намайг худал гүтгэснээс болж миний бие Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолын дагуу 6 сарын баривчлах шийтгэл хүлээсэн. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баривчлах ялаа эдэлж байх хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ялтан Ж-ыг оргон зайлахад нь туслан дэмжсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд үндэслэлгүйгээр шалгасан боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор цагаатгагдсан. Би энэ хугацаанд үндэслэлгүйгээр 4 сар цагдан хоригдож, 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод залхаагдан цээрлэгдэн байцаагдсан. Үүнээс болж ээж маань зүрхний өвчтэй, би уушгины өвчтэй болж, дархлаа маань маш ихээр сульдсан. Сэтгэл санааны гүн дарамтад орж дүлийрсэн тул 61 дүгээр урьдчилан цагдан хорих байрны эмнэлэгт 10 хоног хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед найз охинтой байсан боловч гэрлэж чадаагүй, найз охин нь өөр хүнтэй гэрлэсэн. Намайг гэмт хэрэгт нэр холбогдон шалгуулдаг хэмээн хүн болгон хардаж ээж надад итгэх итгэлгүй болж, ажилд хүртэл авахгүй байна. Иймд 120 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон учраас хоног тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэм хорыг тооцоход 28800000 төгрөг, гурван өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд 5500000 төгрөг, 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод очиж шалгуулахад хоноглох газар, хоол хүнс, унаа тээврийн зардал, хувцас зэрэгт 10000000 төгрөг, нэр хүнд сэтгэл санааны хохиролд 60000000 төгрөг, нийтдээ 104300000 /нэг зуун дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас Т.А-ын нэр төр хүнд, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.250.000 төгрөг, унаа тээврийн зардалд 400.000 төгрөг нийт 11.650.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 92.650.000 /ерэн хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Т.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд үндэслэлгүйгээр шалгагдаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор цагаатгагдсан. Тэрээр 4 сар биеэрээ ял эдэлж, цагдан хорих байранд цагдан хоригдож, 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод залхаан цээрлэгдэн байцаагдаж, сэтгэл санаа, бие эрүүл мэндээрээ хохирсноос гадна, түүний өндөр настай эцэг, эх, найз нөхдөд сэтгэлийн шаналгаа болжээ. Үүнээс болж төрсөн эх нь зүрхний өвчтэй болсон байна. Нэхэмжлэгч Т.А нь өөрөө уушгины өвчтэй болж, дархлаа маш ихээр сульдсан, цаашид хүнд хүчир ажил хийж чадахгүйд хүрсэн байна. Ямар нэгэн эзэмшсэн мэргэжилгүй нэгэн хар бараан ажил ч хийх чадваргүй болтол нь цагдан хоригдож, эрүүл мэндээрээ хохирсон байсан. Т.А нь хилс хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдсанаас болж тухайн үед найз охинтой байсан боловч гэрлэж чадаагүй, найз охин нь өөр хүнтэй гэрлэсэн. Түүнийг гэмт хэрэгт нэр холбогдон шалгуулдаг хэмээн хүн болгон хардаж, нэр төр нь гутаан доромжлогдсон байжээ.

Т.А нь нэр хүндээ төрийн байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа буюу хилс хэрэгт 2 жил үндэслэлгүй шалгагдсанаас болж алдсан байна. Т.А-ын 120 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хугацааг хоног тутмыг хөдөлмөрийн доод хэмжээгээр гэм хорыг тооцож 28800000 төгрөг шаардсаныг шүүхээс үндэслэлгүйгээр хасаж тооцсон явдал нь хуульд нийцээгүй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү өөрт болон сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан өөрийнхөө хүсэл зорилгын хүрээнд мөнгөөр тооцож шаардлага гаргаж байхад шүүх үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж байгаа явдалд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Т.А нь Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 120 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон учраас хоног тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэм хорыг тооцож 2880000 төгрөг, гурван өмгөөлөгчид төлсөн хөлс 5500000 төгрөг, нэг жил арван нэгэн хоногийн хугацаанд Улаанбаатар хотод очиж шалгуулах хугацаанд хоноглох газар, хоол хүнс, унаа тээврийн зардал, хувцас хунар зэрэгт 10000000 төгрөг, нэр хүнд сэтгэл санааны хохиролд 60000000 төгрөг, нийт 104300000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас  нэр хүнд, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.250.000 төгрөг, унаа тээврийн зардалд 400.000 төгрөг нийт 11.650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, илүү нэхэмжилсэн 92.650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.А нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор “...бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, үгсэн тохиролцож хулгайлсан гэмт хэргийг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ял эдлэж байх үед хамт хоригдож байсан К.Ж-г оргон зайлахад камерын бичлэгийг биеэр халхлан, онгорхой үлдээсэн цоожийг гараараа авч өгч тусалж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж, хэргийг Улаанбаатар хотод шилжүүлж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Т.А-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. Уг хэрэгт Т.А нь 120 хоног цагдан хоригджээ.

Анхан шатны шүүх Т.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 5500000 төгрөгөөс 1250000 төгрөг нь нотлогдсон үлдсэн 4250000 төгрөгийн талаар нотлох баримтгүй, нэг жил арван нэгэн хоногийн хугацаанд Улаанбаатар хотод очиж шалгуулах хугацаанд хоноглох газар, хоол хүнс, унаа тээврийн зардал, хувцас хунар зэрэгт 10000000 төгрөг, онгоцны тийзийн үнэ 400000 төгрөг нь нотлогдсон үлдсэн 9600000 төгрөгийн нотлох баримтгүй гэж, 120 хоног цагдан хоригдсон хоногийг 240000 төгрөгөөр тооцож 28800000 төгрөг нэхэмжилснийг цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох эрх зүйн үндэслэлгүй тул олгох боломжгүй, нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж  60000000 төгрөгөөр тооцсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч хэрхэн тооцож арилгах талаар тодорхой заагаагүй боловч уг хэргийн учир 120 хоног цагдан хоригдсон, 2 жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод очиж шалгагдсан, хүндэвтэр гэмт хэрэгт   холбогдсон байдал, яллах дүгнэлт, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга зэргийг харгалзан үзэж нэр хүнд, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулж, уг шаардлагаас 50000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

            Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

 Т.А-ыг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийн харьяалал өөрчилж өөр газарт шилжүүлэн шалгаж, хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч удаан хугацаагаар цагдан хорьсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаснаас үзэхэд мөрдөгч, прокурор, шүүгчийн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 120 хоног цагдан хорьсон, хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан нь  хууль бус болжээ.

 

Хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэргийн хоёр дахь заалтын дугаарыг 2 гэж, мөн заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 гэснийг 41.1.9 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын дугаарыг “2.” гэж, мөн заалтын “41.1.7” гэснийг “41.1.9” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэрэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                       

Д.КӨБЕШ