| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0022/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борх овогт*******т холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,*******-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Орхонтуул сум 0-р баг Дөхөм 0-0 тоотод оршин суух, Борх овогт******* (РД:******).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь бүлэглэн хүний эрүү мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар Ус 1 дүгээр багийн нутагт хохирогч *******ийг "*******тай хувийн харьцаа тогтоосон гэрт нь хоносон гэдгээр шалтаглаж яллагдагч *******тэй бүлэглэж, хохирогч *******ийн шанаа чих, дагз, хуйх хэсэг рүү нь гараараа олон удаа цохисны улмаас түүний биед нь дагзны хуйх, зүүн шанаа, чихэнд гэмтэл, өмдний тэлээгээр ороолгож нуруунд нь гэмтэл, хөлөөрөө өшиглөсний улмаас зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:
1.Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
2.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),
3. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 82-р хуудас),
4.Шинжээч Т.Сэлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 88-89-р хуудас),
5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11497 тоот дүгнэлт (хх-ийн 17-18-р хуудас),
7.Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 28-30-р хуудас),
8.Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 59-79-р хуудас),
9.Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 83-84-р хуудас),
10.Хохирогч Г.Дашдржийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (хх-ийн 109-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар байна.
Прокурорын газраас шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар/ хохирогч *******ийг хувийн шалтгаанаар /******* гэх эмэгтэйтэй хардан/ зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, зүүн шанаа, чих, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******ид учруулсан хохирлоо төлж барагдуулж, хоорондоо эвлэрсэн болох нь *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, мөнгө шилжүүлсэн талаарх баримт зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 109-110-р хуудас)
Иймд Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоолоо.
Шүүх торгох ялыг хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн өмдний тэлээг шүүгдэгч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Борх овогт*******ыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 6 сарын хугацаанд хэсэглэн төлөхийг шүүгдэгчид даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн өмдний тэлээг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН