| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0355/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2019-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 401
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Хын Ргийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х овогтой Р миний бие Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг. Тус сумын өрхийн их эмчээр ажилладаг ба 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хөлсийг маань хасаж байгаад их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн юм. Тэгээд ч нэг жилийн өмнөх асуудлыг хүчээр тулгаж байгаад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан. Надад ингэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа гол шалтгаан нь үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж ажлаас халах гэсэн нууц санаа байгаа гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал шийдвэрийн нэг хувийг олгохоос татгалзсан тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба шүүхийн журмаар гаргуулан авах болно. Иймд надад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагад холбогдуулан иргэн Х.Ргийн гаргасан Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..." 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, цалин хөлсийг маань хасаж байгаад их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн юм. Тэгээд ч нэг жилийн өмнөх асуудлыг хүчээр тулгаж байгаад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан. Надад ингэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа зол шалтгаан нь үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж ажлаас халах гэсэн нууц санаа байгаа гэж үзэж байна" гэжээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстойг заасан байдаг. Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс харахад хариуцагчийн өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан, цалин хөлсийг хассанд гомдолтой байгаа, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн гэсэн нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа, эмчийн үзлэгийн маягт нөхөж олгосон гэж хэн хэрхэн гүтгэсэн зэрэг тодорхойгүй зөвхөн өөрийн үзэл бодлыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Х.Рг үндэслэлгүйгээр гүтгэж, үзэл бодлоор нь сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй өөрөө санаачлаагүй ба Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад тогтоогдсон. Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох журмууд, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд нь үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, Х.Р нь Б аймгийн Б сумын өрхийн их эмчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хуульд заасан холбогдох журмуудыг зөрчиж иргэн Б.Тд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бус эмнэлгийн магадлагаа олгосон нь Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад тогтоогдсон болно. Тэрээр тухайн иргэнд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн мөртлөө 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр 06-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөх тухай бичилт хийж хуурамч эмнэлгийн магадлагаа олгосон байна. Тухайн үед иргэн Б.Т 2018 оны 03 дугаар сарын 28-нд Бгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан ба энэ нь тухайн эмчийн үзлэгийн болон эмнэлгийн магадлагааны огноо хоорондоо зөрүүтэй байгаа, мөн өвчтөнд үзлэг хийснийг эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа зэргээр нотлогдож байгаа болно.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох Б сумын эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухайд:
Нэхэмжлэгч сахилгын зөрчлийг 2018 онд гаргасан байгаа боловч тус үйлдэл нь Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 албан бичгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" 131.1-д "Ажил олгогч албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж болно" гэж тус тус заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Б сумын эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тушаал юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Х.Ргийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ш.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа зөрчил гаргаснаас хойш нэг жил болсон гэж байна. Гэхдээ 10 дугаар сарын 29-ний өдөр давтан зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн магадлагаа бичиж өгсөн хүн нь Эрээн хотод явж байхад магадлагаа бичиж өгсөн байна. Энэ нь тэр хүний гадаад паспортаар нотлогдож байна. Хурлын протоколоос харахад нэхэмжлэгч Х.Р нь өөрөө 10 дугаар сарын 29-ний өдөр биеийн байдлыг нь үзээд 11 дүгээр сарын 02-ны өдөр ар гэрийн хүмүүст нь магадлагаа бичиж өгсөн гэж тодорхой хэлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын бүх ажилчид хурлаараа авч хэлэлцэж баталсан, гарын үсэг зурсан. Х.Р өөрөө байсан, танилцсан. Дотоод журмын 8.8-д эмнэлгийн мэргэжилтэнд ар иргэдээс гомдол гаргаж ирсэн бол цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж тодорхой заасан. Тийм учраас нэхэмжлэгч Х.Рд сахилгын арга хэмжээ авахдаа хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т эмнэлгийн мэргэжилтэн дараах үүргийг хүлээнэ, 28.4.1-т эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх гэж заасан. Тухайн магадалгаа бичиж өгсөн хүн багш хүн. Биеийн байдлыг өвчтэй гээд бичиж өгөөд наймаанд явж байгаад харамсаж байна. Энэ магадлагаа бичиж өгснөөр сургуулийн захиргаа тодорхой хэмжээгээр хохирч байна. Эмч хүн өөрөө ухамсарлах ёстой. С анх өргөдөл оруулж ирэхэд Х.Рд дагуулж очиж яагаад хуурамч магадлагаа бичиж өгсөн бэ гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч шалгаж тодорхой зөрчил байгаа гэдгийг тогтоож өгсөн. 10 дугаар сарын 29-ний өдөр давтан зөрчил гаргасан, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн. Илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авна гэснийг баримтлаад уг тушаалыг гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Р нь Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-д заасны дагуу ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах бөгөөд энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор” гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан хугацаанд нэхэмжлэгч Х.Р нь гомдлоо шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Р нь Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь эс зөвшөөрч, “... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь үндэслэлтэй гарсан” гэж маргасан болно.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, Эрүүл мэндийн сайдын 446 тоот тушаалын 3 дугаар хэсгийн 3.12, 3.27, Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн салбар хорооны 2019.04.08-ны өдрийн ёс/01 дүгээр албан тоот, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтыг тус тус үндэслэн 1. Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2019.04.08-ны өдрийн ёх/01 дүгээр албан тоот ирүүлсэн тул ЭМТөвийн өрхийн эмч Х.Ргийн албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай. 2. Зөрчлийг арилгах, байгууллагын албан хаагчдыг эмнэлгийн ёс зүй, хууль эрх зүйн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Ёс зүйн багийн ахлагч У.Ж-д үүрэг болгосугай гэсэн байна.
Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна гэснийг үндэслэн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга буюу ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн сахилга зөрчсөн буруутай ажилтнуудад байгууллагын захиргаа эсвэл тэдгээрийг удирдах дээд шатны эрх бүхий албан тушаалтнуудаас хүлээлгэх төрийн албадлагын төрөл, хэлбэрийг сахилгын хариуцлага гэнэ. Энэхүү хариуцлага нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид тусгагдсан байх бөгөөд тэрхүү хариуцлагын илэрч хэрэгжих хуульд заасан төрөл, хэлбэрүүдийг сахилгын шийтгэл гэж үзнэ.
Ажилтны өөрт ногдуулсан сахилгын үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл хийгээд, эс үйлдлийг сахилгын зөрчил гэж тодорхойлсон байна.
Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д “заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Х.Ргийн гаргасан зөрчлийг Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 дугаартай албан бичигт “.. Б сумын иргэн С.Сийн гаргасан гомдлоор Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 04/116 тоот удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар их эмч Х.Ргийн иргэн Б.Тд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эмнэлгийн магадалгааны маягтыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөх гэж бичилт хийж олгосон нь эмчийн үзлэгийн болон эмнэлгийн магадалгааны огноо зөрүүтэй, эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгээгүй /цаасанд бичсэн/ тухайн иргэнийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн гэх мөртлөө 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эмнэлгийн магадалгаа олгосон нь илт хуурамч байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 заалт, Эрүүл мэндийн сайдын 2013 оны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай 446 тоот тушаалын 3.12-т ... заасан заалтыг зөрчиж эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул уг асуудалд ёс зүйн хариуцлага тооцуулахаар шилжүүллээ” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Р нь ажиллаж байх хугацаандаа эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон ба 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн магадлагаа бичсэнийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр илрүүлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгч Х.Р нь “... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр багш Б.Тд эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн байх ба үүнийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хуралд “Х.Р нь ... Т багш миний бэр, ... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирж үзүүлсэн тухайн өдөр надад эмчийн магадлагааны хуудас байхгүй болохоор М эмч ирэхээр эмчийн магадлагааны хуудас бичиж өгнө гэж Тийг явуулсан ба 11 дүгээр сарын 02-ны өдөр Тий нөхөр нь ирж магадлагааг надаас авсан. ... Миний бэр болох Т өвчтэй хүн байгаа нь үнэн, Эрээн хотод явна эмчийн магадлагаа бичүүлэх шаардлагатай гэхээр картанд бичигдсэн оношоор магадлагаа гаргаж өгсөн маань үнэн цаашид анхаарч ажиллана. Хамгийн сүүлд 2018 оны 10 сарын 29-д магадлагаа гаргаж өгсөн. Ямар арга хэмжээ ногдуулсан ч хүлээн зөвшөөрнө. ... та бүгд намайг уучлаарай алдаагаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан байх ба зөрчил гаргагч Х.Р гаргасан зөрчил буюу алдаагаа хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчаас хавтаст хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн ба уг хурлын тэмдэглэлээс үзэхэд Б аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд 2019 оны 03 дугаар сарын 26-нд ирүүлсэн “Хариуцлага тооцуулах тухай” 01/170 дугаартай албан бичгийг танилцуулж, хурлаар авч хэлэлцэж, хуралд оролцсон албан тушаалтнуудын болон гомдол гаргагч, зөрчил гаргагч нарын хэлсэн үг, саналыг тусгасан байх байх ба нэхэмжлэгч Х.Ргийн “... намайг хуралд оролцуулаагүй, ёс зүйн салбар хорооны дүгнэлт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүхэд нэмэлт тайлбар ирүүлсэн нь дээр тэмдэглэлээр няцаагдаж байна. Нэхэмжлэгч Х.Р нь “... би хуралдаанд оролцоогүй, ёс зүйн салбар хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх боловч үүнийг үгүйсгэсэн болон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно.
Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаас дараах саналыг гаргасан байх ба үүнд 1. Их эмч Х.Рг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтад хамруулах, 2. Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хууль тогтоомжийн дагуу үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай санал хүргүүлэх” гэх саналыг гаргаж, “хурлаас гарсан шийдвэрийг иргэн С.С, их эмч Х.Р нарт танилцуулав” гэж тэмдэглэлд тусгаснаас үзэхэд хуралдаанаас гаргасан шийдвэр буюу саналыг зөрчил гаргагч Х.Рд танилцуулсан байна гэж үзлээ.
Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсэгт: “... Их эмч Х.Р нь Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Тд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгогдсон эмнэлгийн магадлагааны эмчийн үзлэгийн маягтыг нөхөж олгосныг, удаа дараа Б.Тд хуурамч эмнэлгийн магадлагааны маягтыг гаргаж өгснийг, Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 3 дугаар хэсгийн 3.12, 3.27 дахь заалтуудыг зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна” гэжээ.
Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ёх/01 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн ба уг саналд “1. Их эмч Х.Рг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтад хамруулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулан гаргасан шийдвэрийг ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэх”-ийг санал болгосон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч буюу зөрчил гаргагч Х.Ргийн гаргасан зөрчлийг хуульд зааснаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо авч хэлэлцэж, зөрчлийг шалгаж тогтоож, зөрчил гаргагчийг хуралдаанд оролцуулж, түүний тайлбарыг сонсож, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоосны эцэст ажил олгогч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулинд заалтад нийцсэн байна.
Учир нь өмнөх гаргасан зөрчил буюу Х.Ргийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн магадалгаа бичиж өгсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн боловч сүүлд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадалгаа бичиж өгсөн үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр илэрсэн бөгөөд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо нь авч хэлэлцээд, ажил олгогчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлсэн ба энэхүү зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуулинд нийцэж байна.
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн байна.
Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор харьяалах дээд шатны байгууллагадаа бичгээр гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Х.Р нь харьяалах дээд шатны байгууллагад бичгээр гомдол гаргаагүй, шууд шүүхэд гомдол гаргасан байна.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн баталсан байх ба Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээний 3.1-д “Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллана” гэжээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Эмнэлгийн мэргэжилтний эрх үүргийн талаар заасан байх ба мөн хуулийн 28.4.1-т “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх”, Эмнэлгийн мэргэжилтний баримтлан ёс зүйн хэм хэмжээний 3.12-т “Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байхыг”, мөн 3.27-д “... эмнэлгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх” гэсэн эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг нэхэмжлэгч Х.Р нь зөрчсөн болохыг тус тус тогтоосон байна.
Нэхэмжлэгч хавтаст хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийг гэрээг гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд хариуцагчаас “... ажилтан 2017 онд байгуулсан хөдөлмөрийг гэрээг гаргаж өгсөн байна, 2018 онд хөдөлмөрийг гэрээг шинэчлэн байгуулсан ба уг хөдөлмөрийн гэрээг яагаад гаргаж өгөөгүй бол гэж гайхаж байна” гэж тайлбарлаж байсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... ажилтан, ажил олгогч нарын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчлийн талаар тусгаагүй байна” гэж мэтгэлцсэн боловч ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хууль тогтоомжид заасан үндэслэлүүдийг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа учир хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч Х.Ргийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Х.Ргийн гаргасан зөрчлийг илрүүлж, ... илрүүлснээс хойш нэг сарын дотор албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчид Х.Рд шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр утсаар /баримт №3/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ргийн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН