Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 385

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Тын Мий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Х газар /дарга Б.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Б аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, орчуулагч Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 01-05 дугаар сарын цалин 1730000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.М нь анх аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай тушаалаар Ө сумын 9 багт ажиллаж буй Амьжиргааг дэмжих зөвлөлүүдийн нарийн бичгийн даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажилд томилогдсоноос хойш цалингаа сар бүр авч байсан ба харин 2018 он гарснаас эхлэн 2018 оны 6 дугаар сарын 4-нийг хүртэл ажилласан атлаа цалингаа авч чадаагүй тул ажилласан хугацааны цалин хөлсөө авч чадалгүй өдий хүрсэн тул шүүхэд хандаж байна. 2018 оны эхний 5 сарын хугацаанд ажилласан цалингаа олгохыг хүсэж шаардаж байсан боловч мөнгө орж ирээгүй байна, ирэхээр нь өгнө гэсэн тул хүлээгээд цалин хөлс аваагүй боловч ажлаа хийсээр явж байсан боловч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/54 тоот тушаалаар "2018 оны төсвийн тодотгол хийгдэхгүй болсон тул" гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Харин энэ хугацаанд миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас хуулийн дагуу төлж, баталгаажуулж өгсөн. Тухайн үед Т.М надад тус газрын даргын тушаалаар 441652 төгрөгийн цалин олгож байсан, үүнээс суутгалыг хасаад би гар дээрээ 346000 төгрөг авдаг байсан. Иймд миний тус аймгийн Х газарт гэрээт ажилтнаар ажилласан хугацааны цалин болох 1730000 төгрөгийг тус газраас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 1730000 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Миний цалин тухай үед 300000 гаруй төгрөг байсан. Би 8 жил ажилласан. Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан цалингаа нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Х газрын дарга Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газрын дарга Б.С би нэхэмжлэгч Т.Мээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Т.М нь  тус  аймгийн Х хэлтэст 2011 оны 1 дүгээр сард Ө сумын 9 багт үйл ажиллагаа  явуулж байсан Амьжиргааг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилд томилогджээ.Тухайн үед Т.Мы цалин хөлсийг ажил олгогч нь нийгмийн халамжийн сангаас олгож байсан юм. Харин   2013   оны 01   дүгээр сарын 01-нээс эхлэн Т.Мий цалин хөлсийг тус аймгийн Засаг даргын  нөөц хөрөнгө, эсвэл төсвийн тодотголоор олгож   байсан юм. Өөрөөр хэлбэл жил бүр аймгийн ИТХ-ын хуралдаанаас төсвийн тодотголоор түүний цалин хөлсийг   олгон   зохицуулж байсан   юм. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Т.Мд олгох цалин хөлсийг аймгийн төсвөөс олгох боломжгүй, төсвийн тодотгол хийх боломжгүй гэж үзсэн учраас Т.Мыг ажил олгогч нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129  дүгээр зүйлийн 129.1-д "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн   маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан юм. Нэхэмжлэгч Т.М нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба тэрээр хэрвээ цалин хөлсөө авч чадаагүй маргаантай гэж үзвэл 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан юм. Гэтэл   нэхэмжлэгч Т.М нь 2019 оны 04 дүгээр сарын 1-6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг 7 сар 12 хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Т.Мий 2018 оны 1-5 дугаар сарын цалин болох 1730000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.М тус байгууллагад 2011  оны 01 дүгээр сард Ө сумын 9 багийн Амьжиргаа дэмжих зөвлөлийн гэрээт нарийн бичгийн ажилд томилогдож байсан. Т.Мий цалинг Нийгмийн халамжийн хууль, Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан Амьжиргаа дэмжих зөвлөлийн урамшууллаас цалинжиж байсан. Би тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсөв орон нутаг руу шилжиж,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль хүчингүй болсон. 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нийгмийн халамжийн сангаас мөнгө гаргахыг хориглосон тул нэхэмжлэгчийн цалинг олгох боломжгүй болсон. Халамжийн сангийн мөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглосон. 2013 оноос хэлж тус байгууллагын бүтцэд батлагдаагүй 2 гэрээт ажилтныг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас төсвийн тодотгол хийх журмаар 11 сая төгрөгийг төсөвлөж байсан. 2016 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Д захирамж гаргаж 11 сая төгрөгийг шийдвэрлэж өгч байсан. Мөн А.А гэх гэрээт ажилтан ажиллаж байсан. Б аймгийн Засаг дарга 2017 онд мөн 11 сая төгрөгийг шийдэж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж төсвийн тодотгол хийхийг хориглосон тул нэхэмжлэгчийн цалин хөлсийг шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгчийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Т.М тус байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч биш, гэрээт ажилтан. Нэгэнт гэрээт ажилтны төсөв байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Т.Мий цалин хөлс шийдэгдээд тус байгууллагын дансанд орсон байвал асуудал өөр. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох ёстой. Т.Мий цалин хөлс шийдэгдээд бид өгөхгүй байгаа бол асуудал өөр. 2018 онд гэрээт ажилтны цалин төсөвлөгдөөгүй. Гэрээт ажилтан А.А мөн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халагдсан ба ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Т.М 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр цалин хөлс авч чадаагүй маргаан гаргахаар байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэхдээ нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах хугацааг 7 сар 10 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч сая шүүх хуралдааны шатанд “би завгүй” гэж тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Т.Мийг ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ аймгийн Засаг дарга Т.Мы цалин хөлсийг шийдвэрлэдэг байсан. Санхүүгийн хувьд Т.Мий нэхэмжилж буй цалинг төлөх боломжгүй. Тус байгууллагын нягтлан бодогч Т.Мий 2018 оны 01 дүгээр сараас  2018 оны 5 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг бичиж өгсөн байна.  Тус байгууллагын нягтлан бодогчийг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.М нь Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас цалин хөлс 1730000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Т.М нь аймгийн Х хэлтэст 2011 оны 01 дүгээр сард Ө сумын 9 багт үйл ажиллагаа явуулж байсан Амьжиргааг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсон. Тухайн үед Т.Мий цалин хөлсийг ажил олгогч нь Нийгмийн халамжийн сангаас олгож байсан ба 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Т.Мий цалин хөлсийг тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, төсвийн тодотголоор олгож байсан. Жил бүр аймгийн ИТХ-ын хуралдаанаас төсвийн тодотголоор түүний цалин хөлсийг олгон зохицуулж, 2018 оны 01 сараас эхлэн Т.Мд олгох цалин хөлсийг аймгийн төсвөөс олгох боломжгүй, төсвийн тодотгол хийх боломжгүй гэсэн учир Т.Мийг ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Хэрвээ цалин хөлсөө авч чадаагүй маргаантай гэж үзвэл 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч Т.М нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацааг 7 сар 12 хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Т.Мий 2018 оны 01-05 дугаар саруудын цалин болох 1730000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэж маргасан болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Х газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Т.М ... нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн орон нутгийн 2018 оны төсвийн тодотгол хийгдэхгүй болсон тул тус газрын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гэрээт ажилтан Тайват овогтой М, ... нарыг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх эрхийн акт гарч, Т.Мийг ажлаас чөлөөлж байсан нь дээрх тушаал болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтаар тус тус нотлогдож байгаа ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн бол хуулинд заасан хугацаанд гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй 10 сар 13 хоног өнгөрсөн байх ба мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан үндэслэлээр ажилтан Т.М нь цалин хөлсний талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй юм байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Мий хариуцагч Б аймгийн Х газарт холбогдуулан гаргасан цалин хөлсний маргааны шүүхэд гомдол гаргах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба энэ хугацаа нь 3 сар байна.

Нэхэмжлэгч Т.М нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугааргүй хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус ажил олгогч ажилтантай нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээт ажилтнаар ажиллаж байсан нь Б аймгийн Х газрын даргын 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 77 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.  

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Х газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 190 дугаартай албан бичгээр “... 2 гэрээт ажилтны сар бүр 458780 төгрөгөөр цалинжуулахад жилд нийт 11010720 төгрөг зарцуулах тооцоотой ба 2 гэрээт ажилтны цалинг халамжийн сангийн 2018 оны орон нутгийн төсвийн хэмнэлттэй хөрөнгөөс шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг албан бичгээр удаа дараа аймгийн Засаг даргад хүргүүлж байсан байна.

Нэхэмжлэгч Т.М нь ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй.

Нэхэмжлэгч Т.М нь “... ажил хийсэн учир цалин хөлсөө авах эрхтэй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч ажил үүргээ гүйцэтгэсэн бол хуулинд заасан цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага эсвэл шүүхэд гомдол гаргах хуулинд заасан хугацааг хэтрүүлэн байх тул нэхэмжлэгч Т.Мий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах” эрхтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Т.М нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Т.М нь “... хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү, ажилтай, зав гараагүй” гэж тайлбарлаж байна нь хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ба хүндэтгэн үзэх шалтгаанаа нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нотолж чадаагүй учир нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Т.Мий Б аймгийн Х газраас цалин хөлс 1730000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... нэхэмжлэгч Т.Мий цалин хөлс гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт Т.Мд 2018 оны эхний 5 сард цалин хөлсийг орон нутгийн төсвөөс ямар учраас шилжүүлээгүй нөхцөл байдлыг Б аймгийн Засаг даргын төсөв, төлөвлөгөө хариуцсан орлогч А.Камелят нь сайн мэдэж байгаа тул гэрчээр асууж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь шүүх хангасан боловч хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Нийгмийн Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дугаартай тушаал, мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/40 дугаартай тушаал, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай тушаал, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тушаал, Б аймгийн Ө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Х хэлтсийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, Х газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/945 дугаартай албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтууд нь нэхэмжлэгч Т.Мий цалин хөлс 1730000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Мий Б аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газраас цалин хөлс 1730000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН