| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 187/2017/0557/э |
| Дугаар | 2023/ШЦТ/583 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/583
2023 05 11 2023/ШЦТ/583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч Э.Билгүүн,
хохирогч *, *,
шүүгдэгч *, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч * нь 2022 оны 02 дугаар 15-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” төвийн 2 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Г" ХХК”, “Ю-т” ХХК-д оффисын хаалгыг тус тус эвдэж, Ю-т ХХК-ийн байрнаас тус компанид дадлага хийж байсан иргэн Хгийн эзэмшлийн Асер брендийн нөтбүүк, мөн тус компанийн эзэмшлийн “Релакс, классик” загварын электрон тамхины 10 ширхэг под, “Г-” ХХК-ийн байрнаас тус байгууллагын эзэмшлийн “Делл” брэндийн саарал өнгийн 1 ширхэг нөтбүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тоотод хохирогч *ын гэрт хамт амьдарч байхдаа түүний эзэмшлийн “Самсунг нөте 8” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар уг гар утсыг нь ашиглан түүний интернэт банк руу нь нэвтэрч 3.850.000 төгрөг шилжүүлэн авсны улмаас нийт 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч * “мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 190 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримтуудыг”,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 184 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 190 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 191 дүгээр тал),
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1.3.1. Шүүгдэгч * нь 2022 оны 02 дугаар 15-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” 42 орон сууцны 2 давхарт оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг компаниудын хаалгыг тус тус эвдэн нэвтэрч “Ю-т” ХХКомпанийн байрнаас “Релакс классик” брэндийн электрон тамхины 10 ширхэг цэнэглэгч, иргэн Хгийн эзэмшлийн “Асер” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер, “Г-” ХХКомпанийн байрнаас “Делл” брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлсан болох нь:
- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 12-25 дугаар тал),
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Хгийн “...Би * Их сургуулийн оюутан бөгөөд 2022 оны 01-р сарын 18-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю-т” ХХКомпанид дадлага хийж байсан. 2022 оны 02-р сарын 14-өөс 15-нд шилжих шөнө дадлага хийж байсан газарт хулгай ороод миний эзэмшлийн “Асер” брэндийн наймдугаар үеийн зөөврийн компьютероо хулгайд алдсан. Би зөөврийн компьютерын сериал дугаарыг нь мэдэхгүй, 180 хэмжээтэй дэлгэгддэг, өнгө өнгийн бичигтэй стикер наасан, хоёр ширхэг хэрэглэгчтэй ажлынх нь кодтой, хувийнх нь кодгүй ордог байсан...Миний зөөврийн компьютероос гадна манай ажлын эгч Бын электрон тамхины под 10 ширхэг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал),
- Хохирогч *ын “...Ю-т ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 06-р сараас хойш ажиллаж байна. Манай компани Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*” төвийн 2 давхарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан. 2022 оны 02-р сарын 15-ны өглөө оффис дээрээ ирэхэд хулгай орсон байсан. Оффис руу ороход ширээний шүүгээнүүдийг бүгдийг нь онгойлгочихсон дадлага хийж байсан охин/Хулан/-ы нөтбүүк болон манай компанийн “Релакс” цахилгаан тамхины шингэн хулгайд алдагдсан байсан. Мөн хажуугийн оффисоос эд зүйл алдагдсан гэж дуулсан. Манай компанийн хаалгыг хөшөөд онгойлгочихсон байсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
- Шүүх хуралдаанд хохирогч * “Хулгай орсны маргааш намайг очиход хаалганы цонх хагарсан байдалтай байсан. Дадлагын охин Х * их сургуулиас томилогдож ирээд манай компанид ажиллаж байсан. Би тухайн үед компанийнхаа үйлчлүүлэгч нарын гол мэдээллүүдийг нь өгч байсан. Миний хамгийн санаа зовоод байгаа зүйл нь охины нөтбүүк дотор байгаа мэдүүллүүд алдагдах вий гэж бодоод байгаа. Би мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар мэдүүлэг өгч байгаагүй. Тухайн үед алдагдсан нөтбүүк олдох байх гэсэн үүднээс мэдүүлэг өгч байсан. Орчин үед компьютерын хард дискийн ямар нэгэн байдлаар сэргээх боломжтой. Шүүгдэгч тухайн компьютерыг форматлуулаад зарсан, мэдээллийг нь авч чадаагүй гэж хэлж байгаа боловч цаашаа ямар үйлдэл гаргасныг бид мэдэхгүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал энэ хүүхэд дээр ямар нэгэн хариуцлага ногдуулах нөхцөл байдалд хүрнэ...” гэв.
- Хохирогч Б.Гийн “...ГХХКомпанийн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд 2013 оноос хойш ерөнхий инженерээр ажиллаж байна. Манай компани Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*” төвийн 2 давхарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 02-р сарын 15-ны өглөө ажилтан *** оффис дээрээ ирэхэд манай оффисын хаалга онгойчихсон байхаар нь захирал Ц руу залгаж дуудсан. Ц ирсний дараа цагдаа ирсэн. “Делл” брэндийн нөтбүүк нь манай компанийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан ...хаалганы цүүг хөшөөд нээчихсэн байсан...зөөврийн компьютерын мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
- Гэрч Ч.Бын “...2022 оны 02-р сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Т * байрны 2 дугаар давхарт байрлах Оффисын шилэн хаалгыг хагалж хулгай орсон байсан талаар мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2022 оны 02-р сарын 14-ний шөнийн 23 цаг 30 минутын орчимд хог ачсан. Хулгай орсон оффисоос хамгийн сүүлд 22 цаг 45 минутад сүүлийн хүмүүс явж өөрсдөө шилэн хаалгаа түгжсэн. Уг оффист байрлах 2-р давхраас дээш орон сууц байдаг. Айлууд руу орох гэж байгаа хүмүүс уг оффисын хажуугаар явж өнгөрдөг. Оффис руу харсан хяналтын камер байхгүй. Гадна камерыг шүүхэд шөнө 03 цаг 20 минутад 2 давхраас шатаар бууж гадагш гараад явганаар урд зүг рүү явж байгаа бичлэг үлдсэн байсан. Уг хүн бараан өнгийн хувцастай, жийнсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, малгай өмссөн, гартаа бээлий өмссөн, дөрвөлжин хар цүнх үүрч явж байсан. Төв хаалга, оршин суугчдын граш хоёроор орж болно, өөр орох хаалга байхгүй. Хоёрдугаар давхарт байдаг цахилгааны шийдийн хаалгыг эвдэж, пускателыг буулгаж тоггүй болгосон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),
- Гэрч С.Цн “...*** ХХКомпанийн захирал бөгөөд манай компани “*”-ын 2 дугаар давхарт оффис түрээсэлдэг. Өглөө *** ирэхэд хаалга хагарсан онгорхой, дотор нь байсан “Делл” брэндийн саарал өнгийн нэг ширхэг нөтбүүк цүнхтэйгээ байсан алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/077 дугаартай шинжээчийн “...2022 оны 02-р сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * 2 дугаар давхарт байрлах оффисоос эд зүйлс хулгайд алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн №1,2,3,4,5,6,7,8,9,10,11 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 12 ширхэг гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ...,Шинжилгээнд тэнцэх №1 “Clean Dew” гэсэн бичиглэлтэй тосны саван дээрээс №3,5 ханз бүхий бичиглэлтэй үнэртэй усны хайрцаг дээрээс, №6 “Samsung” маркийн гар утсан дээрээс” гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 4 ширхэг гарын мөр нь зүүн гарын эрхий, ядам, баруун гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна. бусад шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 56-68 дугаар тал),
- “Дамно” ХХКомпанийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн СБ1-22-1494 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Dell брэндийн компьютер 1 ширхэг 500.000 төгрөг, Asus брэндийн компьютер 1 ширхэг 1.490.000 төгрөг, “Relax classic” электрон тамхины под 10 ширхэг 140.000 төгрөг” гэх тайлан дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд *ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),
1.3.2. Шүүгдэгч * нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, тоотод хохирогч *ын гэрт хамт амьдарч байх хугацаандаа түүний эзэмшлийн “Самсунг нөте-8” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч уг гар утсыг ашиглан түүний интернэт банк руу нэвтэрч 3.850.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсны улмаас нийт 4.030.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *ын “...Сонгинохайрхан дүүргийн * хороо 01 жил, 06 сар гаруй хугацаагаар амьдарч байна. 2022 оны 04-р сарын 28-ны өдөр найзын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум руу өрлөгийн ажил хийхээр фейсбүүк зарын дагуу очсон. Э гэх ахтай ажил хийх явцдаа танилцсан. 2022 оны 05-р сарын эхээр хот руу буцаж ирсэн. Ахин Ханги боомт руу ажил хийхээр явахад Э мөн ажил хийж байсан. Тэгээд бид хоёр 2022 оны 05-р сарын 30-ны өдөр хотод ирсэн. Э ах удалгүй араас хотод ирсэн. Бид нартай холбогдож “ах нь хонох газаргүй, гэргүй байгаад байна, хэд хоног танайд хоночих уу” гэхээр нь би зөвшөөрч 2022 оны 06-р сарын 03-ны өдрөөс эхэлж манай гэрт хамт амьдарч эхэлсэн. 2022 оны 06-р сарын 16-ны өглөө сэрээд би гар утсаа хайгаад ***, *** нараас асуухад *** “Э ах шөнө намайг унтаагүй байхад чиний гар утсыг аваад нойл орлоо” гэж хэлээд гарах шиг болсон гэж надад хэлсэн. Тухайн үедээ юм бодолгүй дэлгүүр орж юм аваад картаа уншуулахад картын үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгээд гайхаад АТМ ороод шалгахад 7.000 төгрөг үлдсэн байхаар нь Хаан банк дээр очиж дансны хуулгаа аваад хартал Э ах өөрийн данс руугаа 3.850.000 төгрөгийг шилжүүлээд авчихсан байсан. Э ах руу залгахаар утсаа авахгүй, чатаар блок хийсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа 2021 онд хувь хүнээс утсаар сольж авч байсан, бор ягаан өнгөтэй, дэлгэц болон ард талын хэсэгтээ хагарсан гар утас байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас),
- Шүүх хуралдаанд хохирогч * “...өөрийн утасны байршлаар найз ***тай хамт явж байгаад энэ хүнийг барьж авсан. Дансанд нь байсан 2.100.000 төгрөг болон гар утсаа авсан. Одоо үлдэгдэл хохирлоо барагдуулмаар байна” гэв.
- “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1168 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг нөүт-8 маркийн гар утас 180.000 төгрөг” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас),
- Хохирогч *ын * дугаартай Хаан банкны данснаас 3.850.000 төгрөгийн “ка” гэсэн гүйлгээний утгатай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05 цаг 37 минутад зарлага гарсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас),
- Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29/638 тоот “*ын *** тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн данс эзэмшдэг” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.
Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч хохирогч нарын эд зүйлсийг авч буй шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг шинжийг илт агуулсан гэж үзэхээр байна.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч * нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, бусдын орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч *ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *ын тухайд өөр өөр цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан, эрүүгийн хуулийн аль хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь шударга ёс болон гэм буруугийн зарчмуудад нийцнэ.
Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа”, түүний өмгөөлөгчөөс “...гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг дурдав.
1.4 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Хд 1.490.000 төгрөг, “Ю-т” ХХКомпанид 140.000 төгрөг, “Г-” ХХКомпанид 500.000 төгрөг, хохирогч *од 4.030.000 төгрөгийн хохирол учирсан(нийт 6.160.000 төгрөг) бөгөөд “Ю-т”,“Г-” ХХКомпаниудын хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Харин мөрдөн шалган ажиллагааны явцад мөрдөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн” тэмдэглэл(хавтаст хэргийн 171-172 дугаар тал) үйлдэж хохирогч *од “Самсунг нөте-8” маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, тэрээр “...2.100.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийг өгсөн тул үлдэх 1.750.000 төгрөгийг шүүгдэгч *оос гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч *од 03 жилийн хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага буюу 02 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...“ гэх дүгнэлтийг танилцуулав.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 184 дугаар тал)-аар * нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэснийг тус тус үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хулгайд алдагдсан гар утсыг шүүгдэгчээс хураан авч биет байдлаар хүлээлгэн өгсөн, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *од 03 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдалд дүгнэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч *ын 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм. (1 дүгээр хавтаст хэргийн 75, 78-80, 86-88, 140-142 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас).
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч *ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *од гурван жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *ын цагдан хоригдсон нэг зуун хорин гурван хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *оос нийт 3.880.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Хд 1.490.000 төгрөг, *од 1.750.000 төгрөг, “Ю-т” ХХКомпанид 140.000 төгрөг, “Г-” ХХКомпанид 500.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийндугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *ын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч *од авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР