| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0394/И |
| Дугаар | 536 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 536
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Р” ХХК /гүйцэтгэх захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн О газар /дарга Т.Н/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, алданги 58025 төгрөг, нийт 174075 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэр/ манай компанитай 2016 оны 02-р сарын 05-ны өдөр 10 сар 26 хоногийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 116050 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусаж талууд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэр/ болон манай компанийн хоорондын тооцоогоор 116050 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл /мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэр/-наас зээлээр худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг төлөхийг удаа дараа шаардахад хариуцагчаас Б аймгийн Х алба татан буугдсан, одоо тийм газар байхгүй, одоогийн Б аймгийн О газар нь цоо шинэ байгууллага учраас уг нэхэмжилж буй төлбөрийг төлөхгүй гэж байна. Хариуцагчийн уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Б аймгийн Х алба нь хуучин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас эхэлж аймгийн Засаг даргын дэргэдэх О газар /агентлаг/ болон өөрчлөн байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл Б аймгийн Х албаны чиг үүрэг шинээр өөрчлөн байгуулагдсан О газарт шилжсэн байна. Нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2016 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл 887 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход 116050 төг х 0,5%=58025 х 159 хоног = 514681,75 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заажээ. Дээрх тооцоолсон алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 58025 төгрөг болж байна. Иймд хариуцагч Б аймгийн О газрын санхүүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, алданги 58025 төгрөг нийт 174075 /нэг зуун далан дөрвөн мянга далан тав/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тус шүүхэд, Б аймгийн О газраас 174075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэрээр/ манай компанитай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 сар 26 хоногийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 116050 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусаж талууд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэрээр/ болон манай компанийн хоорондын тооцоогоор 116050 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл төлбөрийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Р ХХК-ийн зүгээс хариуцагч Б аймгийн Х алба /хуучин нэр/-наас зээлээр худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг төлөхийг удаа дараа шаардахад хариуцагч “Б аймгийн Х алба татан буугдсан, одоо тийм газар байхгүй, одоогийн Б аймгийн О газар нь цоо шинэ байгууллага учраас уг нэхэмжилж буй төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Баян- Ө аймгийн Х алба нь хуучин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сараас эхэлж аймгийн Засаг даргын дэргэдэх О газар /агентлаг/ болон өөрчлөн байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл, Б аймгийн Х албаны чиг үүрэг шинээр өөрчлөн байгуулагдсан О газарт шилжсэн гэж үзэж байна. Үүнийг нотлохын тулд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн ба уг шийдвэрээр өөрчлөн байгуулагдсан гэдэг нь нотлогдож байна.
Нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т “зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр” заасан байсан. 2016 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл 887 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход 514,681.75 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Дээрх тооцоолсон алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 58025 төгрөг болж байна. Иймд хариуцагч Б аймгийн О газрын санхүүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, алданги 58025 төгрөг, нийт 174075 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б аймгийн О газрын дарга Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Р" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Х алба татан буугдаж, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 тоот захирамжаар О газар шинээр байгуулагдсан. О алба 2016 оноос өмнө аймгийн ИТХ-ын дэргэдэх байгууллага, Х алба аймгийн Засаг даргын тамгын газарт харьяалагддаг, 2 алба өөр өөрийн гэсэн чиг үүрэгтэй, батлагдсан төсөвтэй, төрийн сангийн 020051009, 020051412 тоот данстай үйл ажиллагаа явуулж байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг Х албатай байгуулсан тухай дурджээ. Мөн гэрээнд заасан хугацаа дуусаж, талууд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б аймгийн Х алба болон манай компанийн хоорондын тооцоогоор 116050 төгрөгийн акт үйлдэж банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон" гэжээ. Гэтэл манай О газар "Р" ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, акт үйлдэж, тохиролцоо хийгээгүй, О газар байгуулагдахаас өмнө Х алба нь байгуулсан гэрээний үүргийг өөрсдөө хариуцаж өр төлбөрөө барагдуулсан байх учиртай. Аливаа байгууллага татан буугдах үед ямар нэгэн өр зээлгүй, ялангуяа санхүү мөнгөө зориулалтын дагуу зөв зохистой зарцуулж байх хэрэгтэй. Тухайн үед Х алба нь тээвэр, шатахууны мөнгийг сар сард лимитийн дагуу зарцуулаагүй, батлагдсан төсөвт багтааж зарцуулаагүй ирсэн нь байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдэл гэж үзэж байна. "Р" ХХК нь Х албад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 116,500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн дагуу өр төлбөрийг барагдуулах О газарт ямар ч хуулийн үндэслэлгүй байна. О газар байгуулагдахад Х албаны 020051009 тоот үйл ажиллагааны данснаас 2016 оны 11-р сарын 17-ны өдөр 777081 төгрөг, 020051412 тоот нэмэлт данснаас 335116 төгрөгийн санхүүжилт шилжиж ирсэн. Үүнд үндсэн үйл ажиллагааны 020051009 тоот дансанд байгаа 777081 төгрөгийн дотор тээвэр, шатахууны зардал 0 дүнтэй ямар ч үлдэгдэл мөнгөгүй байсан. Тус алба манай газарт нэгдсэн ч байгууллагын тээвэр шатахууны зардлыг сар болгон баталсан төсвийн хүрээнд санхүүжилт олгодог учраас манай газарт тээвэр шатахууны зардалд илүү төсвөөс санхүүжилт хуваарилдаггүй, хуваарилагдсан төсвийн санхүүжилт бидний үйл ажиллагааны тээврийн сарын зарцуулалтад арай гэж хүрдэг. Иймд өмнөх Х албаны үүсгэсэн шатахууны өрийг манай О газрын тээвэр шатахууны зардалд нэмж хуваарилж өгөөгүй ба аливаа зардлыг зориулалтын дагуу л зарцуулах талаар хуульчилсан байдаг. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1 дэх заалтад "Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээнд хөрөнгийг зарцуулахыг хориглоно" гэж заасан байгаа. Иймд О газрын жилийн төсөвт тусгагдсан тээвэр шатахууны зардал байгууллагын үйл ажиллагааны тээврийн зардалд хүрэхгүй тул өмнөх Х албаны үүсгэсэн тээвэр шатахууны өр төлбөрийг барагдуулах боломжгүй эсхүл өөр зардлаас зориулалтын бус зарцуулах талаар Төсвийн тухай хуульд хатуу хориглосон заалттай байдаг учир "Р" ХХК-ий нэхэмжилж байгаа 116050 төгрөгийн өр төлбөрийг манай байгууллага төлөх ямар ч санхүүжилтийн эх үүсвэр байхгүй, өр төлбөр үүсгэсэн нь тухайн үеийн байгууллагын дарга, ня-бо нарын буруутай үйлдэл болохоор манай газарт хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Б аймгийн О газраас үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 58025 төгрөг, нийт 174075 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Б аймгийн О газар нь “... Р ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, акт үйлдэж, тохиролцоо хийгээгүй. О газар байгуулагдахаас өмнө нь Х алба нь байгуулсан гэрээний үүргийг өөрсдөө хариуцаж өр төлбөрөө барагдуулсан байх учиртай. Аливаа байгууллага татан буугдах үед ямар нэгэн өр зээлгүй ялангуяа санхүү мөнгөө зориулалтын дагуу зөв зохистой зарцуулж байх хэрэгтэй. Тухайн үед Х алба нь тээвэр, шатахууны мөнгийг сар сард лимитийн дагуу зарцуулаагүй, батлагдсан төсөвт багтааж зарцуулаагүй ирсэн нь байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдэл гэж үзэж байна. Р ХХК нь Х албад 2016 оны 09 сарын 30-ны өдөр 116500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн дагуу өр төлбөрийг барагдуулах О газарт ямар ч хуулийн үндэслэлгүй байна” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 дугаартай “О газрыг байгуулах, Х албыг татан буулгах тухай” захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, төрийн болон О тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн ИТХ-ын 2016 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын дэргэд “О газар”-ыг байгуулж, орон нутгийн газрын дүрмийг хавсралтаар баталж, 3 дахь заалтаар О газар байгуулагдсантай холбогдуулан Х албыг татан буулгаж, аймгийн ИТХ-ын өмчийн албаны чиг үүрэг болон албан хаагчдын орон тоо, цалингийн санг О газарт шилжүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилон ажиллуулж, татан буугдсан албаны ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын тайлан тэнцэл гаргах нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах ажлыг зохион байгуулахыг аймгийн ЗДТГазарт даалгаж, Х албаны 2016 оны зарцуулагдаагүй төсөв болон аймгийн ИТХ-ын өмчийн албаны 2016 оны төсвийг хууль журмын дагуу О газарт шилжүүлж, зарцуулах эрх олгохыг аймгийн ЗДТГ-ын Ст даалгаж, аймгийн Засаг даргын 2013 оны 08 тоот захирамжийг хүчингүйд тооцсон байна.
Дээрх Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 дугаартай захирамжаар О газрыг байгуулж, Х албыг татан буулгаж, ... албаны чиг үүрэг, албан хаагчдын орон тоо, цалингийн санг О газарт шилжүүлсэн байх тул тухайн үеийн Х албаны нэхэмжлэгч “Р” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ” байгуулж авсан шатахууны төлбөрийг хоёр тал 03 дугаартай тооцоо нийлсэн актаар Х алба нь 116050 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба энэхүү шатахууны төлбөрийг Х алба нь татан буугдсан байх тул түүний ашигласан шатахууны үнийг Б аймгийн О газар нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Х алба нь “Р” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ” байгуулсны дараа буюу Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар Х албыг татан буулгаж, Б аймгийн О газрыг байгуулсан байна.
Хариуцагч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар 2016 оны 09 сарын 30-ний өдрийн №403 дугаартай Р ХХК-наас Х албанд “... 3-р улирлын тооцоо 116050 төгрөгийн төлбөрийг Х банкны 5180028749 тоот дансанд шилжүүлнэ үү” гэсэн нэхэмжлэхийг хүргүүлж байсныг хариуцагч тал хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба тухай үед “Р” ХХК нь О албанд нэхэмжлэх хүргүүлж байсан байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас “Р” ХХК-ийг төлөөлж захирал Н овогтой Б нөгөө талаас Х албыг төлөөлж Х.С нар нь харилцан тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 38 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ” байгуулж, уг гэрээний 5.1-т 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй, 4.2-т хэрэглэгч нь авсан нефтийн бүтээгдэхүүний үүнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгана, мөн гэрээний 8.1-д “энэхүү гэрээг 2% үйлдэж нийлүүлэгч хэрэглэгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Тооцоо нийлсэн 03 дугаартай актаар “Р” ХХК, Х алба нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэгч “Р” ХХК-ийн өмнөөс нягтлан бодогч У.Х, мөн Х албаны өмнөөс нягтлан бодогч Б нар тус хоёр байгууллагын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүтээлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Х алба нь хоорондын тооцоогоор 116050 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, тооцоо хийсэн нягтлан бодогч У.Х, төлөгч байгууллагын нягтлан бодогч Б нар нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч Б аймгийн О газар нь “... жилийн төсөвт тусгагдсан тээвэр шатахууны зардал байгууллагын үйл ажиллагааны тээврийн зардалд хүрэхгүй тул өмнөх Х албаны үүсгэсэн тээвэр шатахууны өр төлбөрийг барагдуулах боломжгүй, Р ХХК-ны нэхэмжилж байгаа 116050 төгрөгийн өр төлбөрийг манай байгууллага төлөх ямар ч санхүүжилтийн эх үүсвэр байхгүй” гэх боловч энэхүү үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулга буюу Зарлагын дэлгэрэнгүй тайлан, Төсвийн хэлбэлзлийн тайлан 11-р сар /2019/26/06/-нд тээвэр шатахууны зардлыг тусгаагүй боловч гэрээний дагуу авсан шатахууны үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь зээлээр авсан шатахууны үлдэгдэл үнэ 116050 төгрөгийг хариуцагч О алба нь /Х алба/ хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Р” ХХК нь Х алба /О газар/-аас алданги 58025 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Б аймгийн О газрын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 116050 төгрөгийн 50 хувь болох 58025 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 38 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г байгуулсан байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд Б аймгийн О газраас үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 58025 төгрөг, нийт 174075 төгрөгийг гаргуулан “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч байгууллагаас 5872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жад шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн О газраас үндсэн зээлийн үлдэгдэл 116050 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 58025 төгрөг, нийт 174075 /нэг зуун далан дөрвөн мянга далан таван/ төгрөг гаргуулан “Р” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн О газрын санхүүгээс 5872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН