| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2019/1591/Э |
| Дугаар | 1236 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1236
Б.У-, Б.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор, Б.У-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1906050061960 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Олхонууд овгийн Б.У-, 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Жонон овгийн Б.Б-, 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
Б.У- нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр гэх газарт иргэн Р.Ариунтуулыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран-Уулын өвөр гэх газарт иргэн Р.Ариунтуулын нүүрэн тус газар 2 удаа алгадаж, улмаар түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.У-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-, Б.У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус бүр шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Ариунтуул нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ Б.Б-т холбогдох хэсгийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэмээн үзэж байна. Хохирогч Р.Ариунтуул анх мэдүүлэхдээ “...Г.Алтангэрэлийн хуучин үерхэж байсан найз охин нь намайг үгийн зөрүүгүй шууд цохисон. Тэр үед би яаж зодуулснаа санахгүй байгаа. Ямар ч байсан намайг шилэн аягаар цохисон. Шилэн аяга нь хагарсан байсан. Миний зүүн нүд хавдсан, нүүр зүсэгдсэн, толгой өвдөж тухайн үед шоконд орсон байсан. Г.Алтангэрэлийн хуучин найз охинд зодуулчихаад байж байхад Хуяг гэх залуу ирээд намайг 2 удаа цохиж унагаасан...” /хх-ийн 5/ гэж, дараа нь мэдүүлэхдээ “...Хуягаа Алтангэрэлтэй маргалдаад цохиод байхаар нь би түүнд хандан “Яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон... гэтэл Хуягаа нь ахин миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон...” /хх-ийн 7/ гэдэг. Мөн Б.Б- нь хохирогчийн зүүн хацарт алгадсан хэмээн мэдүүлсэн байхад шүүх Б.Б-ийг хохирогчийн зүүн зовхинд үүссэн шархыг учруулсан хэмээн үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний нүүрний шанаа болон зовхийг нэг талбай гэж үзэх боломжгүй. Гэрч Г.Алтангэрэл, Т.Дэлгэрмөрөн нарын мэдүүлгээр хохирогч нь Б.Б- дээр очихоосоо өмнө нүүрэндээ гэмтэл авсан гэж үзэхээр байна. Хохирогчийн зүүн нүдэнд үүссэн шарх нь хурц үзүүртэй зүйлээр буюу шил, аягаар цохиулж үүссэн байх боломжтой юм. Иймд Б.Б- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний дээд зовхины шарх нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг шинжээч мэдүүлсэн. Хохирогч мэдүүлэхдээ уг гэмтлийг Б.Б- миний зүүн шанаа хэсэгт цохиж учруулсан гэдэг. Шүүгдэгч Б.Б- ч гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу хохирогчийг цохисон, алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хүний нүүр бол хязгаарлагдмал жижиг талбайтай. Хохирогчийн нүүрэндээ оёдол тавиулж гэмтэл учирсан хэсэг нь Б.Б-ийн цохисон гэх хэсэгтэй тохирдог. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “Би эхлээд тэр айлд цусаа угаах гэж ороод толинд хартал миний зүүн зовхины дээд хэсэгт ямар нэгэн язарсан шарх байгаагүй. Харин дараа нь Б.Б-тай муудалцаад нүүр лүүгээ цохиулж газарт унасны дараа эндээс цус гарч байсан. Тийм учраас энэ гэмтлийг Б.Б- учруулсан, харин бусад гэмтлийг Б.У- учруулсан” гэж тодорхой ялгаж салгаж мэдүүлсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч миний үйлчлүүлэгч Б.У-аас уучлалт гуйж, нүүрэнд учирсан сорви арилгах эмчилгээнд эхний удаад 150.000 төгрөгийг төлсөн байгаа. Дараа дараачийн эмчилгээний төлбөрөө хохирогч иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэж, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл оролцоонд тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр гэх газарт Б.У- нь Р.Ариунтуулыг өөрийн урьд үерхэж байсан найз залуу болох Г.Алтангэрэлтэй хардсаны улмаас шилэн аяга болон гараараа толгой руу нь цохих, өшиглөх, үсдэх, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд Б.Б- нь Р.Ариунтуулыг “Араас чулуу шидлээ гэх” шалтгаанаар нүүрэн тус газар нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Р.Ариунтуул нь “...уулан дээр Алтангэрэл бид хоёр сууж байхад хуучин найз охин /У-/ нь ирээд түүнийг цохиод байхаар нь би “Юу болоод байгаа юм” гэж асуухад үгийн зөрүүгүй шууд намайг цохисон. Ямар ч байсан шилэн аягаар цохисон, аяга нь хагарсан. Миний зүүн нүд хавдаж юм харж чадахгүй, нүүр зүсэгдсэн, толгой өвдөж тухайн үед шоконд орсон... У-т зодуулсны дараа Хуягаа гэх айлын хашаанд орсон. Хуягаа нь Алтангэрэлтэй маргалдаад цохиод байхаар нь би “Яагаад байгаа юм бэ” гэхэд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би жаахан манарч газарт сууж байгаад босч Хуягаа руу чулуу авч шидсэн боловч оноогүй. Гэтэл Хуягаа нь ахин миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Миний зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан. Хуягаа У-т хандаж “Наад гичийгээ ал сая надруу чулуу шидсэн” гэж хэлэхэд У- нь намайг үсдэж доош дарж байгаад дахиад зодсон... зүүн нүдний дээд зовхинд оёдол тавиулсан шарх болон зөөлөн эдийн няцралыг Хуягаа нь 2 удаа цохиж учруулсан. Дух, хамрын нуруу, уруул, зүүн нүдний зовхи, эрүү, баруун гарын алга, зүүн бугуй, баруун өвдөг, зүүн гуянд учирсан гэмтлийг У- учруулсан. ...” /хх 5-9/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, бусадтай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:
- гэрч Г.Алтангэрэлийн “...У- барьж байсан аягаараа Ариунтуулын нүүр лүү нь цохисон. Ариунтуулын толгойноос нь цус гараад байсан. Хуягаатай хамт ирсэн залуучуудтай зодоон хийж дуусаад эргээд байсан газраа очиход Ариунтуул ганцаараа нүүрнээс нь цус гарсан, бусдад өшөө илүү зодуулсан байдалтай байж байсан бөгөөд юу болсон талаар асуухад У- дахин ирээд цохиж зодсон гэсэн. ...” /хх 17-18/,
- гэрч Т.Дэлгэрмөрөнгийн “...У- пиво ууж байсан шилэн аягаар Ариунтуулын толгой руу цохисон. Ариунтуулын толгойноос цус гарсан бөгөөд У- Ариунтуулын үснээс нь зулгаагаад толгой руу нь цохиод байсан...” /хх 23-24/,
- яллагдагч Б.Б-ийн “...би тэд нарт хандаж “Манай гэрээс гар, буяны ажилтай байхад цус нөжөө гоожуулан согтуу орж ирлээ” гэж хэлсэн. Энэ үед Алтангэрэл “Ах яасан гэнээ” гээд миний эрүү хэсэгт мөргөсөн. Би Алтангэрэл гэх хүнийг барихад Ариунтуул нь миний араас толгой хэсэгт чулуугаар цохисон. Ариунтуул нь намайг чулуугаар цохих гээд дахиад дайрахаар нь би зүүн гараараа нүүрэн хэсэгт нь алгадсан. ...” /хх 48/,
- яллагдагч Б.У-ын “...найз Дэлгэрмөрөнгийн хамт очиход Алтангэрэлтэй Ариунтуул нь тэврэлдээд үнсэлцээд байж байсан. Би Алтангэрэлтэй хэрэлдээд байж байхад Ариунтуул Алтангэрэлийг өмөөрөөд намайг түлхсэн. Би Алтангэрэлийн нүүр лүү аягатай пивыг нь цацаад Ариунтуулын толгой руу шилэн аягаар цохисон. Бид хоёр харилцан үснээсээ зулгааж зодолдсон. Дараа нь Ариунтуулын толгойны цусыг угаах гээд Хуягаа ахын гэрт орсон. Хуягаа ах надад Ариунтуулыг “Миний толгой руу чулуу шидсэн овоо муу охин байгаа юм, чи очоод цохиод ав” гэхээр нь би өмнөх асуудлаа бодоод уур хүрээд очиж толгой руу нь цохиж харилцан зодолдож, нүүрийг нь маажсан. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,
- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10220 дугаартай дүгнэлт /хх 11/ зэргээр давхар нотлогджээ.
Хохирогч Р.Ариунтуулын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10220 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эмчийн онош зэрэгт үндэслэн гаргасан байх бөгөөд энэхүү дүгнэлтийг гаргасан шинжээч Т.Чимэд-Очирт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад, “...хохирогчийн зүүн нүдний зовхинд учирсан шарх гэмтлийг учруулаагүй...” хэмээн маргадаг бөгөөд энэ талаар давж заалдсан гомдолдоо мөн адил дурджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Ариунтуул нь “...зүүн нүдний дээд зовхинд оёдол тавиулсан шарх болон зөөлөн эдийн няцралыг Хуягаа нь 2 удаа цохиж учруулсан. Дух, хамрын нуруу, уруул, зүүн нүдний зовхи, эрүү, баруун гарын алга, зүүн бугуй, баруун өвдөг, зүүн гуянд учирсан гэмтлийг У- учруулсан. ...” /хх 7-8/ гэж өөрийн биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар тодорхой мэдүүлсэн ба шинжээч Т.Чимэд-Очир гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан “...зүүн нүдний дээд зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эдгээрээс бусад гэмтлүүд нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 16/ хэмээн мэдүүлсэн байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогч Р.Ариунтуулын биед учирсан “зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-, Б.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус бүр оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Хохирогч Р.Ариунтуул нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх цаашид гарах эмчилгээний зардал, гэм хор учруулсаны төлбөр зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг үнэн зөв тусгах шаардлагатай байгааг цаашид холбогдох албан тушаалтнуудад анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1642 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН