Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2020/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Анхзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу үндсэн ажилд эгүүлэн томилохыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Анхзаяа, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагч тус аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 тоот гэрээгээр түр томилуулан ажиллуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Миний бие 2009 оны 1 сарын 5-ны өдрөөс хойш 11 дэх жилдээ тус ажлыг эрхэлж байна. 2018 оны 12 сарын 25-ны өдөр удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн. 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 33 тоот Тэргүүлэгчдийн тогтоолоор 6 сарын хугацаагаар чөлөө авсан. Ингээд 2020 оны 1 сарын 10-ны өдөр ажилдаа эгүүлэн томилохоор байсан. Улмаар 2020 оны 1 сарын 03-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ Хурлын дарга Л.Бат-Амгаланд хүргүүлсэн боловч одоог хүртэл намайг үүрэгт ажилд томилоогүй байгаа. Иймд намайг Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2009 онд анх томилогдсон. Тэрнээс хойш ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээд явж байсан. Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 33 дугаар тогтоолоор 6 сарын хугацаатай чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дууссан. Эргэж ажилдаа оръё гэхэд авахгүй байгаа эс үйлдэхүйгээ хариуцагч талаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар тайлбарлаж нөөцөд байгаа иргэнээс шалгалт авна гэсэн заалтуудыг үндэслэн татгалзаад байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан иргэнийг нөөцөд байгаад тооцно гэж зааснаас үзвэл Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо нь сул орон тоо юм гэсэн тайлбар гаргаад байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт нь урьдчилсан нөхцөл нь сул орон тоо үүссэн тохиолдолд сонгон шалгаруулалт авахаар байгаа. Үүнийгээ хариуцагч тал мэдээд байх шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ сул орон тоо гэдгийг албан бичгээр тайлбарлах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Төрийн албаны зөвлөл хуулийг тайлбарлахгүй. Тэр тусмаа албан бичгээр хууль тайлбарлахгүй. Сул орон тоо гэдэг нэр томъёо нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан байгаа. Сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд томилогдсон, сонгогдсон эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн орон тоо суларсан байхыг ойлгоно гэсэн байгаа. Энд төрийн албанаас чөлөөлсөн гэсэн үг байгаа болохоос түр чөлөөлсөн гэсэн үг байхгүй. Энэ бол хоёр өөр зохицуулалт. Эрх зүйн үр дагаврынхаа хувьд ч гэсэн ялгаатай. Хольж хутгах зүйл байхгүй. Чөлөөлөх асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан байгаа. 6 сарын чөлөө огт хамааралгүй. Түр чөлөөлөх гэдэг үг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т байхгүй. Тийм учраас сул орон тоо гэж үзэхгүй, сул орон тоо үүсээгүй байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3 мөн хэрэглэгдэхгүй. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-д зааснаар зохицуулах ёстой. Энэ нь түр орлон гүйцэтгэгч томилох үндэслэл байгаа. Энэ үндэслэл нь 6 сарын хугацаагаар чөлөөтэй байгаа бол түр орлон гүйцэтгэгч томилохоор зохицуулалттай байгаа. Ийм заалт байхад уг асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан заалт руу оруулж хольж хутгаад байх боломжгүй юм. Энэ хугацаанд хариуцагч талаас Э.Анхзаяаг түр томилсон шийдвэр гаргаад түүнийгээ хууль бус гэдгээ ухамсарлаад хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Анхзаяа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот тогтоолоор шинэ дадлага, туршлага эзэмших сургалтанд бэлтгэгдэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өөрийн хүсэлтээр 6 сарын чөлөө авч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. ... Э.Анхзаяа нь 2020 оны 01 дүгээр сарын 03-нд ирүүлсэн ажилдаа орох хүсэлтээ өөрийн биеэр авч ирж өгсөн. ... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07 тоот тогтоолоор шийдвэр гарсан юм. Тус тогтоолын хэрэгжилтийг ханган Л.Бат-Амгалан миний бие нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах хүсэлтийг хүргүүлсэн. Авилгатай тэмцэх газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/1892 тоот хариу албан бичиг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн бөгөөд уг албан бичигт нэр дэвшигч нь нэр дэвшиж буй албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т тусгай шалгалт / тухайн албан тушаалын/ -ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 7 дугаар зүйлийн 7.2-т ... Зөвлөл, салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасныг зөрчихөөр байна гэж дурдсан байдаг. Э.Анхзаяад 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот албан бичгээр хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай, Монгол улсын Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн ба 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 05/1892 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг албан бичигт: Нэр дэвшигчийг Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан тогтоол журмыг баримтлан нэр дэвшиж буй албан тушаалд түр болон жинхэлэн томилох эсэхийг дээрх хуульд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэнэ үү гэж ирүүлсэн зэрэг асуудлыг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот албан бичгээр мэдэгдэж Авилгатай тэмцэх газрын ирүүлсэн албан бичгийг танилцуулсан болно. Мөн энэ өдрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот албан бичгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлж 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 тоот албан бичгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-нд хүлээн авсан. Э.Анхзаяад 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 тоот албан бичгээр мэдэгдлийг өгч Төрийн албаны төв зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг танилцуулж уулзаад өөрийн саналыг сонсоход ажилдаа ормоор байна гэсэн. Ажилдаа орох хүсэлтэй байгаа бол бичгээр хүсэлтээ өг, чамайг холбогдох дүрэм журмын дагуу түр томилох боломж байгаа гэдгийг хэлсэн. Э.Анхзаяа нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа томилогдох хүсэлтийг өгсөн. Тус тоотод Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д... Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэж зааснаас үзэхэд Э.Анхзаяа нь төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэж зааснаас үзэхэд Э.Анхзаяа нь төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох бөгөөд түүний эрхэлж байсан Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй. Иргэн Э.Анхзаяагийн хувьд Төрийн албаны нөөцөд байгаа учир төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдох боломжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зохих ангиллын албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангасан эсэхийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасны дагуу Төрийн албаны тусгай шалгалт буюу албан тушаалын шалгалт өгч томилогдох ёстой гэж заасан байна. Үүний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулж 16 тоот тогтоолоор шийдвэрлэж уг шийдвэрийг 4 дүгээр сарын 20-ны өдөр Э.Анхзаяад албан ёсоор танилцуулж хөдөлмөрийн ба контракт гэрээ хийх үндэслэлийг танилцуулсан боловч уг шийдвэрийг Э.Анхзаяа нь хүлээн зөвшөөрөөгүй ба тайлбараа бичиж өгөхийг хэлэхэд гэрээний доод хэсэгт тайлбарыг бичиж үлдээсэн болно. ... Иймд Э.Анхзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хууль шинэчлэн найруулагдсаны дараа энэ үйл явдал болсон. Өмнө мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуульд ийм зохицуулалт байхгүй байсан. Энэ үйл явдалтай холбоотой Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолд шинэчлэн найруулагдсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчлэхээр байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 46 дугаар зүйлийн 46.1.2-т шинэ дадлага эзэмших үндэслэлээр түр чөлөө авч болохоор байгаа. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар нөөцөд байгаагаар тооцно гэсэн байгаа. Ийм учраас иргэдийн Хурлаас Э.Анхзаяаг урьд эрхэлж байсан ажилд нь шууд томилох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл нөөцөд байгаа статустай учраас шууд томилох эрх байхгүй. Шууд томилох эрхгүй учраас хариуцагч нь тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлаж Төрийн албаны зөвлөл рүү хүсэлт, албан бичиг явуулсан юм байна лээ. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг харгалзан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу тусгай шалгалт өгч байж томилогдох ёстой гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Мөн 2020 оны 4 сарын 16-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар Э.Анхзаяагийн асуудлыг дахин авч хэлэлцээд короновирус тархсантай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан учраас Тэргүүлэгчдийн 16 тоот тогтоолоор Э.Анхзаяаг гэрээгээр түр томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Түр томилсон шийдвэрийг Э.Анхзаяа хүлээн зөвшөөрөөгүй, мөн тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт нь зарлагдсан учраас Тэргүүлэгчид нь 2020 оны 4 сарын 16-ны өдрийн Тэргүүлэгчдийн 16 тоот тогтоолоо 2020 оны 5 сарын 28-ны өдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар Гэрээгээр түр томилуулан ажиллуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

1. Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан Э.Анхзаяа миний бие 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу 6 сарын чөлөө олгоно уу гэсэн хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Э.Анхзаяаг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчид хандан чөлөөний хугацаа дууссан тул эрхэлж байсан үндсэн ажилд эргүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан ба хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар албан бичгээр Э.Анхзаяад ... таныг уг албан тушаалд эгүүлэн томилоход холбогдох дээд байгууллагаас эрх зүйн зөвлөгөө авах, зарим асуудлыг нягтлах шаардлагатай тул хариу ирсэн тохиолдолд томилох-ыг мэдэгдсэн байна. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар албан бичгээр Э.Анхзаяад ... та төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох үндэслэлтэй тул таныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө гээд 46.1.2-т зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон гэх нөхцлийг тодорхойлсон байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэснээс өөрөөр буцаан томилох зохицуулалтгүй байна.

Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т зүйлд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийг тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох ба нэхэмжлэгч нь сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч томилогдох боломжтой байх ба үүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээгээгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор маргаан бүхий 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлснээ илэрхийлснээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагаасаа татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасан тул хариуцагч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг сайн дураар биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Анхзаяагийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Анхзаяагийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР