| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 113/2025/0003/З |
| Дугаар | 221/МА2025/0459 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0459
Л.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Л.У
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.У, өмгөөлөгч М.Б, Э.У
Хариуцагчийн төлөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 113/2025/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.У-ээс Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар сарын 23.6.2, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.У-ээс Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Тус шүүхээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 23 дугаар зүйлийн 23.6-д тус тус зааснаас үзвэл нөхөн олгох боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн гэж үзэхээр байна” гэжээ. Энэхүү заалт нь миний тэтгэврийн зөрүүг нэмэгдүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Учир нь Л.У миний бие Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажил албан тушаалаас халагдсан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхээр маргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 дүгээр магадлалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдож, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсаар 8 жилийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс албан ёсоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон байдаг. Энэхүү нөхцөл байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д хамаарахгүй.
Харин мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэслэлд хамаарч болно.
Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тэтгэврээ тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолгох үед дээрх шүүхийн магадлалын дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078, Говьсүмбэр аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2021/00010 дугаар магадлалаар шийдвэрлэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан тул тогтоогдох тэтгэврийн хэмжээ багассан байдаг. Харин хэзээ төлөгдсөн бэ? Гэвэл 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байдаг. Үүнтэй уялдуулан миний бие өндөр насны тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэн өөрчлөх тогтоолгох хүсэлтээ аймгийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон байдаг. Гэтэл бодит анх 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгоход 2019 оны 01 сараас хойших хугацааны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалын цалингийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байснаас шалтгаалан тэтгэврийн хэмжээг зөрүүтэй тогтоогдсоноос хойш тэтгэврийн хэмжээ 4 удаа өөрчлөгдөн нэмэгдсэн байдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь:
-Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс
-Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс
-Тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
-Засгийн газрын 2024 оны 120 дугаар тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус нэмэгдсэн.
Тэтгэврийн хэмжээг өөрчлөхдөө өмнөх тэтгэврийн нэмэгдэж тогтоогдсон дүнгээс дараагийн нэмэгдэх дүн нэмэгдэж тооцогддог тул миний бие хохирсон байдаг.
Мөн шүүхээс “... учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 “Ажил олгогч дараахь үүрэг хүлээнэ”, 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас үүссэн үр дагавар, учирсан хохирлоо ажил олгогчоос нэхэмжлэгч нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байна. Ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн олгосон цалин хөлснөөсөө тооцон төлөх үүрэгтэй байдаг. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын сангаас тогтоож олгодог.
Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Л.У миний тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлсний шимтгэлийн хэмжээ өөрчлөгдсөн тул Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газраас миний тэтгэврийн хэмжээг тухайн хугацаанд нь зохих төлсөн шимтгэлийн хэмжээнд нь нийцүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол нийгмийн даатгалыг нөхөн төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн заалт буй болно.
Харин нийгмийн даатгалын газар буюу төрийн захиргааны байгууллага нь учирсан хохирлоо буруутай шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх боломжтой байтал даатгуулагч учирсан хохирлоо ажил олгогчоор нөхөн төлүүлж, үр дагаврыг хариуцуулахаар зохицуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Л.У-ээс Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч Л.У-ийн хувьд Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх боловч хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 06 дугаар сард төлсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.3. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх цаг хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Л.У нь өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх ба нэхэмжлэгчийн хувьд одоо 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнтэй холбогдуулан “өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлсний шимтгэлийн хэмжээ өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг олгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.4. Хэдийгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоож болохоор заасан хэдий ч ийнхүү өөрчлөн тогтоосон тэтгэврийн хувьд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбогдох баримт бичгийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгохоор хуульчилсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг нь өөрчлөн тогтоож, тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжтой талаар өгсөн хариуцагчийн шийдвэр дээрх хуульд нийцжээ. Нэгэнт хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх тул түүнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
2.4. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас үүссэн үр дагавар, учирсан хохирлоо ажил олгогчоос нэхэмжлэх нь зүйтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуульд байхгүй заалтыг баримталсан техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар зүйлийн 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...23.6.2...” гэснийг “...23.6...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН