Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0879

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00118 дугаар шийдвэртэй, Г.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Од холбогдох, үүргийн гүйцэтгэлд 1 055 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгийн Хүдэр суманд самранд явахдаа 2016 оны 7 дугаар сард Б.Отай танилцан, түүний машинаар явах болсон. Энэ үедээ надаас нийт 1 055 000 төгрөг зээлсэн. Үүнд ломбардад тавьсан зурагтаа авахын тулд 200 000 төгрөг, машинаа засварлуулах турбины 110 000 төгрөг, сальник 5 000 төгрөг, моторын тос цэвэрлэгч 7 000 төгрөг, турбины гагнуур 10 000 төгрөг, масло антифрис 12 000 төгрөг, гэрлийн ламп 6 500 төгрөг, шил арчигч 10 000 төгрөг, хос ремин 30 000 төгрөг, ажлын бээлий 2 500 төгрөг, дугуй нөхүүлэх 45 000 төгрөг, турбины боолт 1 000 төгрөг, шинэ дугуй авах 120 000 төгрөг, перда цаас 13 000 төгрөг, засварын хөлс 60 000 төгрөг, турбин холбох хоолой 28 000 төгрөг, климний толгой 3 000 төгрөг, запас дугуй тогтоох гагнуур 11 000 төгрөг, пирда хадуулах 15 000 төгрөг, засварын зогсоол 5 000 төгрөг, амарзитатор 25 000 төгрөг, Дархан явах бензиний 40 000 төгрөг, хотод бензин авах 10 000 төгрөг, масло авах 24 000 төгрөг, 22 товчооноос бензин авах 30 000 төгрөг, моторын масло авах 32 000 төгрөг, бензин авах 100 000 төгрөг, Дархан-Уул аймагт бензин авсан 100 000 төгрөг, нийт 1 055 000 төгрөгийг зээлсэн бөгөөд одоог хүртэл төлөхгүй зугтааж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С хамт самранд явах санал тавьсан бөгөөд миний машинаар явье гэсэн. Би тухайн үед машинд засвар хийх ёстой байгааг хэлсэн. Г.Сгээс 1 055 000 төгрөг зээлээгүй, харин зурагтаа ломбардад тавьсан байсан тул түүнийг авахаар 200 000 төгрөг, турбин авахад 110 000 төгрөг, хос ремин авахад 30 000 төгрөг, турбины гагнуурт 10 000 төгрөг, засварын зогсоолд тавихад 5 000 төгрөг, түлш авахад 50 000 төгрөг, нийт 405 000 төгрөг зээлсэн ба бусад зардлыг өөрөө гаргасан. Бид самар түүж ирээд олсон мөнгөнөөс зээлсэн 400 000 төгрөгийг Г.Сд төлсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оаас үүргийн гүйцэтгэлд 405 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн  57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Б.Отай 2015 онд н.Балжиннямаар дамжуулан танилцаж 2-3 төрлийн ажилд хамтарч явсан боловч байнга бүтэлгүйтэж унаа машин нь саатаж байсан. 2016 оны 8 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг руу самар түүж хэдэн төгрөг олохоор хамт 1 сар яваад 8 дугаар сарын сүүлчээр буцаж ирэх болоход н.Балжинням нь дахин ирж самар түүе, н.Отгоо мөнгөгүй хамт явъя, мосттой улаан машинаа янзлаад явъя гээд байнга гэж санал болгосноор явцгаасан. Балжинням, Отгонжаргал нар ямар ч мөнгөгүй байсан учир би мөнгө гаргаж бүх зүйлсийг авч, ажлын хөлснөөс нь авахаар тохирцгоосон. Энэ үед н.Отгонжаргал зурагтаа ломбардад тавьчихсан, мөнгө зээлүүлчих, хүүтэйгээ хамт явна очоод эхний ээлжинд өгчихнө гээд 200 000 төгрөг зээлж байсан. Бид улаан өнгийн машиныг нь 3 хоног засаад явсан. Энэ үед машинд тавих сэлбэг, тос масло, бензин, гагнуур хийлгэх, дугуйнууд сольж нөхүүлэх зэргээр 7-8 зуун мянган төгрөг зарцуулсан. Тэгээд очоод нөгөө машин нь болохгүй эвдрээд Дулаанхаанаас Хүдэр сум орцгоосон. Энэ үед н.Отгонжаргал нь Г.С ахаа та авсан юмнуудаа сайн бичиж тэмдэглэж үнийг нь тодорхой бичээд байгаарай гэсний дагуу авсан зарцуулсан сэлбэгийг бичиж өөрт нь үзүүлж байсан. Ажил хийгээд та өөрөө тооцоо барих юм чинь авчихаарай гэсэн. Тэгтэл Отгонжаргал, Балжинням 2 нь ууланд очоод цас орлоо гээд буцаж яваад 20-оод хоноод ирсэн, ирээд 2 хоног самар түүлцээд буцаад хот руу явцгаасан. 2 хоног ажилласны хөлсөнд түүнд 117 000 төгрөг, хүүд нь 200 000 төгрөг оногдсон, Байрны түрээс хэцүүдээд байна, хотод очоод яг өгнө гээд гуйгаад байхаар нь тэр үеийнх нь мөнгийг итгээд өгсөн. Үүнээс хойш 1 жил гаруй хугацаанд гэрт нь 7-8 удаа очиж мөнгөө нэхэхэд мөнгөгүй байна өгнө гэдэг байснаа сүүлдээ нүүж алга болсон. Энэ хугацаанд хаягаар нь Баянгол дүүргийн шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргахад буцаасан ба эрэн сурвалжлах зэргээр 1 жил 7 сар шүүхээр хөөцөлдөж байгаа. Эдгээр сэлбэг болон бензин тосны зарцуулалт нь нийт 1 550 000 төгрөг болсон. Шүүх асуудлыг зөвхөн Отгонжаргалын гүтгэж байгаагаар нэг талыг барьж шийдвэрлэсэн ба Отгонжаргалын хэлснээр тэмдэглэл хөтөлж байсан зэргийг авч хэлэлцээгүй ба хамт ажилласан нэг ч хүнээс тайлбар аваагүй нь хуульд нийцэхгүй байгаа тул давж заалдсан. Ийм баримт материал бүрдүүлж өгдөг болохыг анхан шатны шүүхийн үед мэддэггүй байснаас боллоо гэж дүгнэлт хийж байна. Отгонжаргал нь шүүх хурлаас гараад новш минь 400 000 төгрөг шийдүүлснээ их юм гэж бод, нэмж авахыг чинь харнаа гэх зэргээр басамжилж байсан. Миний хувьд илүү юм огт нэхээгүй, тухайн үед Отгонжаргал үнэхээр мөнгөгүй байсан нь үнэн. Иймд Отгонжаргалаас нэхэмжилж байгаа 1 550 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө зэргийг гаргуулан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн үүрэг гэх 1 055 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Г.Сд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг нэгэн зэрэг явуулж, маргааш өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг хийжээ. /хх12, 17, 18/

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгчийн хийх ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч нь эсрэг талын тайлбар татгалзалтай холбогдуулан шүүхэд тайлбар өгөх, түүнд хамаарах нотлох баримтыг гаргах, цуглуулах, гэрч асуулгах, эрх зүйн туслалцаа авах зэргээр эрх, үүргээ хэрэгжлүүлэхэд 1 хоногийн хугацааг хангалтгүй бөгөөд боломжит хугацаанд шүүх хуралдааныг товлох байжээ.

Иймд анхан шатны шүүх дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА