Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 434

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, К овогт Кгийн Т,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт Аы Ж нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын захирал С.С, хариуцагч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Г/201843619556 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67875 төгрөг, нийт 20651538 төгрөг гаргуулах тухай.  

Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч К.Т, А.Ж нар нь Х Банкны Төв тооцооны төвөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №201843619556 тоот зээлийн гэрээ байгуулан 18865194 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 600000 төгрөг, нийт 19465194 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1892353 төгрөг, зээлийн хүүнд 868453 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 2559 нийт 2763365 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч К.Т, А.Ж нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь /299 хоног/ хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

1. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №17201843619556 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах:

Үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67875 төгрөг, нийт 20651538 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч К.Т, А.Ж нар Х банкны төв тооцооны төвөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 18865194 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 600000 төгрөг, нийт 19465194 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлээр авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу  үндсэн зээлд 1892353 төгрөг, зээлийн хүүд 868453 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 2559 нийт 2763365 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч К.Т, А.Ж нар нь гэрээ ёсоор зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 299 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж нийт 20651538 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч К.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч К.Т би нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Х банкнаас цалингийн зээлийг өөрөө авсан бөгөөд А.Ж нь зөвхөн хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан билээ. Иймд хариуцагч К.Т би нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67875 төгрөг, нийт 20651538 /хорин сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Аы Ж 2018 оны 05-р сарын 18-ны өдөр 201843619556 дугаартай зээлийн гэрээг байгуулахад хамтран хариуцагчаар оролцсон бөгөөд тэр гэрээг анх К.Т байгуулж зээлийг авсан, сүүлд нэмж 600000 мянган төгрөгийн зээл авхад түүнд хамтран хариуцагчаар оролцохыг миний бие зөвшөөрсөн боловч тус зээлийг төлөх үндсэн үүргийг К.Т өөрөө хариуцах ёстой, тус зээлээс авсан мөнгө төгрөгөөс нэг ч төгрөгийг би хэрэгцээнд хэрэглээгүй болно. Тухайн К.Т одоо хүртэл Цэргийн ангид ажиллаж байгаа, ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд зээлийг төлж чадах чадвар түүнд байна. Надаас өмнө эхнэр нь болох У.А хамтран хариуцагчаар оролцож явсан бөгөөд сүүлийн нэмэлт зээл болох 600000 мянган төгрөгт л хамтран хариуцагчаар оролцсон гэдгээ дахин мэдэгдэж байна. Иймд тухайн зээлийн төлөлтийн хуваарийг дахин шинэчилж өгсөн тохиолдолд К.Т цаашид хариуцаж төлөх чадвартай тул нэг удаа боломж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр зээлийн гэрээ байгуулахад хамтран  зээлдэгчээр оролцсон бөгөөд анх К.Т гэрээ байгуулж зээл авсан. Сүүлд 600000 төгрөг зээл авахад миний бие хамтран зээлдэгчээр оролцохыг зөвшөөрсөн боловч тухайн зээлийг төлөх үүрэг бүхий иргэн К.Т байсан. Би тус зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг аваагүй. К.Т одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд зээлээ төлөх чадвар байгаа. Надаас өмнө эхнэр нь болох У.А хамтран зээлдэгчээр оролцсон байсан. Харин сүүлд 600000 төгрөгийн зээл авахад л хамтран зээлдэгчээр оролцсон. Иймд тухайн зээлийн хуваарийг шинэчилж өгсөн тохиолдолд К.Т цаашид зээлээ төлөх чадвартай тул түүнд нэг удаа боломж олгож өгөхийг хүсэж байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь хариуцагч К.Т, А.Ж нараас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Г/201843619556 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үлдэгдэл 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17572841, зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67875 төгрөг, нийт 20651208 төгрөгийг  гаргуулахыг хүсжээ. 

Зээлдэгч К.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нар нь Х банкны Б аймаг дахь салбараас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18865194 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 600000 төгрөг, нийт 19465194 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Г/201843619556 дугаартай зээлийн гэрээ болон БГХ201843618383 дугаартай барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/, зээлийн бүртгэлийн карт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч К.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа “... Би Х банкнаас цалингийн зээлийг өөрөө авсан бөгөөд А.Ж нь зөвхөн хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан билээ. Иймд хариуцагч К.Т би нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67875 төгрөг, нийт 20651538 төгрөг /хорин сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нь “... зээлийн гэрээг байгуулахад хамтран хариуцагчаар оролцсон бөгөөд тэр гэрээг анх К.Т байгуулж зээлийг авсан, сүүлд нэмж 600000 төгрөгийн зээл авахад түүнд хамтран хариуцагчаар оролцохыг миний бие зөвшөөрсөн боловч тус зээлийг төлөх үндсэн үүргийг К.Т өөрөө хариуцах ёстой, тус зээлээс авсан мөнгө төгрөгөөс нэг ч төгрөгийг би хэрэгцээнд хэрэглээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Хариуцагч К.Т, А.Ж нар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1892353 төгрөг, зээлийн хүүд 868453 төгрөг хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 2559 төгрөг, нийт 2763365 төгрөг төлсөн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөгийн цалингийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг өнөөдрийн байдлаар 299 хоног хэтрүүлж, хариуцагч  К.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,  удаа дараа зөрчсөн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нь зээлийн гэрээтэй танилцаж, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээний дагуу эрх үүрэг үүссэн бөгөөд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүргээ зөрчиж, хариуцагч нар банкнаас авсан цалингийн зээлээ хугацаандаа төлж чадаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

Зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч хүлээх бөгөөд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 17572841 төгрөг, зээлийн хүү төлбөрт 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67875 төгрөг, нийт 20651538 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т  нийцэж байна гэж үзлээ.

 Иймд хариуцагч К.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Г/201843619556 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, хариуцагч К.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ж нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67875 төгрөг, нийт 20651538 төгрөгийг гаргуулан Х банкны Б аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Т, А.Ж нараас 261208 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч К.Тт шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдөр /баримт №3/ мэдэгдэхэд “... шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэж мэдэгдсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч К.Тийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242. 2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын хариуцагч К.Т, А.Ж нартай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Г/201843619556 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч К.Т, А.Ж нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17572841 төгрөг, зээлийн хүү 3010822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67875 төгрөг, нийт  20651538 /хорин сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулан Х банкны Б аймаг дахь салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Т, А.Ж нараас 261208 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН