| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0373/И |
| Дугаар | 428 |
| Огноо | 2019-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 428
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц газар /дарга Ж.К/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтэс /дарга Х.Е/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч К.З, хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У, Ц сумдын 10кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг арилгах зардалд зориулж, Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн 11190226 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын дарга Ж.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр У Ц сумын хооронд байгаа Цахилгаан дамжуулах агаарын шугамд хүчтэй аадар бороо орж байх үед аянга бууж улмаар 15 шонгийн мод болон Ц сумын төвийн ТП-1 трансформатор шатаж ашиглалтаас гарсан юм. Тухайн үед сумын удирдлагууд сумын нөөц бололцоог ашиглан 15 шонгийн модыг засаж хэвийн ажиллагааг хангасан ба ТП-1 трансформаторыг манай байгууллагаас зээлээр авч тавьсан. Улмаар энэхүү асуудлыг аймгийн Засаг даргад танилцуулж аймгийн ЗДТГ-ын төрийн сангаас олгуулах шийдвэр гарсан юм. Аймгийн засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн "Хөрөнгө зарцуулах тухай" А/416 дугаар Захирамж гаргаж Ц сумын төвд шатсан трансформатор болон түүнийг засаж янзлахад дагалдан гарсан зардалд нийт 11190226 /арван нэгэн сая нэг зуун ерэн мянган хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг зохих материалыг үндэслэн шийдвэрлэж өгсөн юм. Гэтэл энэхүү хөрөнгийг аймгийн ЗДТГ-ын С хэлтэс янз бүрийн шалтгаан тоочиж одоо болтол барагдуулж өгөөгүй манай байгууллагыг хохироосоор байна.
Иймд Ц газрын У Ц сумдын 10 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг арилгах зардалд зориулж Б аймгийн засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн "Хөрөнгө зарцуулах тухай" А/416 дугаар Захирамжаар шийдвэрлэсэн 11190226 /арван нэгэн сая нэг зуун ерэн мянган хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг Аймгийн ЗДТГ-ын С хэлтсээс гаргуулж Ц газарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аянга бууснаас болж У сум болон Ц сумын хооронд байгаа Цахилгаан дамжуулах агаарын шугамд хүчтэй аадар бороо орж байх үед аянга бууснаас болж 15 шонгийн мод болон Ц сумын ТП-1 трансформатор шатсан. Тухайн үед Ц сумын болон аймгийн удирдлагуудад танилцуулж трансформаторыг тавиулсан. Трансформатор тавиулж ажиллагаа хэвийн болгосны дараа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тэр дагуу бид нар жил болгон шаардаж байсан боловч өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Тийм учраас хариуцагчаас 11190226 төгрөг төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсийн дарга Х.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Ц газраас 2016 оны 7 дугаар сард Ц сумд буусан аянгаас болж шатсан трансформаторын үнэ болох 11190226 /арван нэгэн сая нэг зуун ерэн мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг С хэлтсээс гаргуулахаар нэхэмжилсэн байна. Энэ тухай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө зарцуулах тухай захирамж гарсан боловч тухайн үед төлөгдөөгүй үлдсэн байна. Бид хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын 2019 оны төсвийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2018 оны 12 дугаар сард, урьд оны үлдэгдэл мөнгийг 2019 оны 1 дүгээр сард баталсан байгаа. Одоо энэ жилд төсвийн тодотгол хийхгүй тул дээрх мөнгийг төлөх ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй болно. Мөн 2016 оноос эхэлж нэхэж аваагүй нь Ц буруу бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэжээ.
Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Гэхдээ нэхэмжлэгч тал 2016 оны сонгуультай холбоотой хугацаа алдсан гэж тайлбарлаж байна. Сонгууль 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдөр дууссан байсан. Харин 2016 оны 07 дугаар сард аянга буусан байсан. Нэхэмжлэгч тал аянга буугаад хохирол гарсан талаар тайлбарлаж байна. Энэ асуудал бол сонгуультай холбоогүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсан. Тэрнээс хойш 3 жил болсон. Бид нарт албан тоотоор хандсан нотлох баримт байхгүй. Төсвийн тухай хуульд төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан. Захирамж гарснаас хойш 3 жил өнгөрсөн байна. Энэ мөнгийг тухайн үед хандаж авах ёстой байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Ц газар нь хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсээс Б аймгийн У, Ц сумдын 10кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг арилгах зардалд зориулж, Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн 11190226 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтэс нь “... аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө зарцуулах тухай захирамж гарсан боловч тухайн үед төлөгдөөгүй үлдсэн байна. Бид хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын 2019 оны төсвийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2018 оны 12 дугаар сард, урьд оны үлдэгдэл мөнгийг 2019 оны 1 дүгээр сард баталсан байгаа. Одоо энэ жилд төсвийн тодотгол хийхгүй тул дээрх мөнгийг төлөх ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй болно. Мөн 2016 оноос эхэлж нэхэж аваагүй нь Ц буруу бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусан байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар “... Ц газрын У, Ц сумдын 10кв-ын ЦДАШ-ын гэмтлийг арилгах зардалд зориулж 11190226 төгрөгийг ... аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс олгохыг ЗДТГ-ын С хэлтэс /Б.Ш/-т зөвшөөрсүгэй” гэсэн байна.
Дээрх Б аймгийн Засаг даргын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа учир нэхэмжлэгч Б аймгийн Ц газар нь гарсан гэмтлийг засварлахад гарсан зардлыг шаардах эрх нь үүссэн байна.
Б аймгийн У, Ц сумдын хооронд цахилгаан дамжуулах агаарын шугамд хүчтэй аадар бороо орж, аянга буусны улмаас 15 шонгийн мод болон Ц сумын төвийн ТП-1 трансформатор шатаж ашиглалтаас гарсны улмаас түүнийг засаж янзалж хэвийн байдалд оруулсан болох нь Ц сумын Онцгой байдлын комиссын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай акт, Ц сумын Онцгой комиссын протокол, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, Т.Ж, К.А, З.Б нарын гарын баримт, хэрэглэгчийг төлөөлж Б аймгийн Ц сумын ЗДТГ-ын дарга Б.Е, нийлүүлэгчийг төлөөлж “О”-ны захирал К.А нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтэс нь “... одоо энэ жилд төсвийн тодотгол хийхгүй тул дээрх мөнгийг төлөх ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй болно. Мөн 2016 оноос эхэлж нэхэж аваагүй нь Ц буруу, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэсэн хуулинд заалтад нийцэхгүй байна” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэхүү Б аймгийн Засаг даргын захирамжид тусгасан зардалд зориулж 11190226 төгрөг нь ямар учраас биелэгдээгүй шалтгаан нөхцөлийг үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2016 оны 06 сард У, Ц сумдын хооронд байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамд хүчтэй аадар бороо орсны улмаас 15 шонгийн мод, Ц сумын төвийн ТП-1 трансформатор шатаж ашиглалтаас гарсан гэмтлийг Б аймгийн Ц газар нь засаж, уг ажлыг гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, мөн хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус тодорхойлсон ба ажил гүйцэтгэгч Б аймгийн Ц газар нь гарсан гэмтлийг засаж, ажил үүргийг гүйцэтгэж түүнийг хүлээлгэж өгсөн байх тул ажил гүйцэтгэсний хөлсийг буюу гарсан зардлыг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар ... тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэсний дагуу нэхэмжлэгч Б аймгийн Ц газарт уг ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтэс нь “... хөөн хэлэлцэх хугацаа нь дуусан байна” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж тодорхойлсон байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсээс Б аймгийн У, Ц сумдын 10кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг арилгах зардалд зориулж, Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн 11190226 төгрөг гаргуулан Б аймгийн Ц газарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсээс Б аймгийн У, Ц сумдын 10кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг арилгах зардалд зориулж, Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн 11190226 /арван нэгэн сая нэг зуун ерэн мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Ц газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ц газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтсээс 193994 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ц газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН