Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 539

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, У овогт Шгийн Мад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулах тухай.  

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.М 2013 оны 07 дугаар сарын 25-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4000000 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Ш.Маас үндсэн зээл хүүгийн хамт 4922576 /дөрвөн сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун далан зургаан/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус шүүхэд хариуцагч Ш.Маас 4922576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь Ө сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 07 дугаар сарын 25–ны өдөр ганган мод мужааны цех өргөтгөх зорилгоор  4 сая төгрөгийн зээлийг  жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай авсан. Тус зээлийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж дуусах байсан ч төлөөгүй тул алданги тооцож, нэхэмжлэл гаргасан. Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ч хариуцагч “би уг зээлийг аваагүй, миний бие сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй, миний гарын үсэг биш, би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, миний ах Б зээл авахад би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан” гэж тайлбарлаж байна. Гэвч зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч дээр Ш.М, хамтран үүрэг гүйцэтгэгч дээр Ш.Б гарын үсэг зурсан байна. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан иргэн үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Б нь Казахстан улс руу түр оршин суугчаар явсан тул хариуцагч Ш.Маас зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Ш.М нь “зээл аваагүй” гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сум хөгжүүлэх сангийн төлбөрийн 201 дугаар бүхий 21355401 дугаар данснаас хүлээн авагч Ш.Мын Х банк дахь 5000948904 дугаар данс руу гүйлгээний утга зээл гэж 4  сая төгрөг гэх гүйлгээ хийсэн нь  төлбөрийн хүсэлт, зээл авагч иргэдийн нэрийн данс бүхий дэлгэрэнгүй зарлагын тайлан зэргээр нотлогдож байна. Сум хөгжүүлэх сангаас зээл гаргахдаа төрийн сангаар дамжин гаргадаг. Харилцагч, зээлдэгчийн дансанд мөнгө ордог. Хэрэв зээлдэгчийн дансны  нэр зөрүүтэй бол гүйлгээ буцаагддаг. Ш.М нь 4 сая төгрөгийн зээл авсан нь төлбөрийн хүсэлт, 2013 оны дэлгэрэнгүй тайлан зэргээр нотлогдож байна. Зээлийн гэрээний эх хувь нь тухайн үеийн мэргэжилтнүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас алга болсон байна. Сум хөгжүүлэх санал архивлагдан хадгалагдсан нэхэмжлэхтэй хамт, зээлдэгчийн анкетээс өөр нотлох баримт байхгүй байна. Иймд, Ш.Маас үндсэн зээл 4 сая, 3 жилийн хүү 480000 төгрөг, алданги 522000 төгрөг, нийт 4922575 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ш.М би Ө сумын Засаг дарга Х.Баас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Иргэн Ш.М 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 4000000 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан" гэжээ. Иргэн Ш.М би Ө сумын сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй болно. Зээл олгосон гэх зээлийн гэрээнд байгаа гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Өөр хүн гарын үсэг зурсан авсан байж магадгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4922576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.  

Хариуцагч Ш.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг 2018 оны 11 дүгээр сард эвлэрүүлэн зуучлагч дуудаж “та сум хөгжүүлэх сангаас зээл авсан байна, яагаад төлөхгүй байна вэ” гэж хэлсэн.  Би тухайн үед гайхаад бичиг баримтуудтай танилцаад “би үүнийг мэдэхгүй юм байна, миний гарын үсэг биш байна, мөн миний ахын гарын үсэг биш, бид зээл аваагүй, ах зээл авсан бол надад хэлэх ёстой, би ахтайгаа холбоо бариагүй 1 жил болж байна, Миний ах Казахстан улс руу явсан тул учир байдлыг шалгаж өгнө үү” гэж хэлсэн. Түүнээс биш “би зээл аваагүй, миний ах зээл авсан байх” гэж хэлээгүй. Зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Бын гарын үсэг биш байсан тул би учир байдлыг олж өгнө үү гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 06 дугаар сард шүүхээс намайг дуудсан. Би хэрэгтээ танилцсан. Хэрэгт зээлийн гэрээний эх хувь авагдсан байх ёстой. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд газрын гэрчилгээ гаргаж ирж байна. Газрын гэрчилгээг барьцаанд үлдээсэн бол миний гарын үсэг зурсан баримт байх ёстой. “М” гэж бичсэн бичиг миний бичиг биш. Зээлийн гэрээний эх хувь байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй гэсэн байна. Би 2-3 удаа зээл аваад төлж байсан ба энэ талаар нотлох баримт байгаа. Би зээл авсан бол төлөх байсан. Би 16 сая болон 25 сая төгрөгийн зээл аваад төлж байсан. Би хүүхэд биш сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол мэдэх ёстой. Тухайн үед миний ах Б аймгийн Ө сумын 9 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Миний ах Ш.Б аав минь нас барахад ирж уулзаагүй. Би ахтайгаа холбоо тасарсан. Би өөрийн биеэр очиж зээл авсан бол төлөх байсан. Би 25 сая төгрөгийн зээл төлж байсан хүн 4 сая төгрөгийг зээлж авсан бол төлчих байсан. Миний гарын үсэг зурсан зээлийн баримтууд байгаа. Би үнэхээр зээл авсан бол шүүх хүртэл чирэгдүүлэхгүй байх байсан. Зээл авсан гэж үзэж байгаа бол газрын гэрчилгээг авна биз. Би уг мөнгөтэй ямар ч холбоо байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Засаг дарга нь хариуцагч Ш.Маас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулахыг хүсжээ.

1. Хариуцагч Ш.М нь “...би Ө сумын сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй болно. Зээл олгосон гэх зээлийн гэрээнд байгаа гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Өөр хүн гарын үсэг зурж авсан байж магадгүй байна. Сум хөгжүүлэх сангаас зээл авч байгаагүй. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4922576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтын үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зээлдүүлэгч Ө сумын Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, сумын Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, зээлдэгч Ш.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Б нар нь харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-гээр 4000000 төгрөгийн зээлийг сарын 0,5 хувийн хүүтэйгээр олгох зээлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... иргэн Ш.М нь 2013 оны 07 дугаар сарын 25-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй, 4000000 төгрөг зээл авч, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан” гэж дурдсан боловч Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнээс үзэхэд уг зээлийг ямар хугацаатай олгосон эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ нь засвартай, зээлийн гэрээний сангаас олгосон зээлийн хэмжээ ч засвартай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний хавсралтаас харахад уг зээлийг 24 сарын хугацаатай олгосон байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь он сарын хувьд засвартай байна.

Хариуцагч Ш.М нь уг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш, гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, гарын үсэг зураагүй гэж маргаж, шинжээч томилж, шинжилгээ хийлгэн гарын үсэг мөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШЗ2019/01461 дугаартай “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шинжээч томилсон боловч Б аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13б/60 дугаартай албан бичгээр “Тус албанд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2019/01461 тоот шинжээч томилох тухай захирамжаар ирүүлсэн шинжлэгдэж буй шинжилгээний объект болох “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” нь хуулбар учраас ШШТХ-ийн 10-р зүйлийн 10.4-р заалтын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй болно” гэснийг нэхэмжлэгчид танилцуулснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь “... Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан иргэн Ш Мын нэр дээрх зээлийн гэрээ манай баримт бичиг дотор зөвхөн нэг хувь хадгалагдаж байсан ба Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хавсарган өгсөн гэрээнээс өөр байхгүй болно” гэсэн тайлбарыг шүүхэд хүргүүлж байсан болно.  

2. Нэхэмжлэгч Б аймгийн Засаг дарга болон хариуцагч Ш.М нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний дагуу 24 сарын хугацаатай уг зээлийг авсан байх ба гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүссэн бөгөөд энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацааг 9 сар 15 хоногоор хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийн 201 дугаартай хүсэлтээр болон бүртгэлийн дансны хуулгаар гүйлгээ хийгдэж хариуцагч Ш.Мын дансанд шилжүүлэг хийгдэж авсан” гэж тайлбарлаж байгаа ба энэхүү  баримтаар шилжүүлэг хийгдсэн боловч хариуцагч Ш.М нь хүлээн авсан буюу зээлийг авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Уг баримтад  дарга, Төрийн санд гүйлгээ хийсэн, нягтлан бодогч зэрэг албан тушаалтнууд төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурсан байх ба зээлдэгч буюу хариуцагч гарын үсэг зурж  маргаан бүхий 4000000 төгрөгийг хүлээж авсан нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт 000660162 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгч, “... тухайн үед Ш.М нь Сум хөгжүүлэх сангаас зээл авахад уг гэрчилгээг барьцаалсан байна” гэх боловч хавтаст хэрэгт гаргаж өгсөн барьцааны гэрээний 2 дахь хэсэгт бичигдсэн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай зөрж байсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас энэ тухай тодруулахад “... надад газар байхгүй, одоо хүртэл газар авах гэж өргөдөл гаргасан боловч газар авч чадаагүй” гэж энэхүү гэрчилгээг үгүйсгэж байсан ба уг гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон бөгөөд зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулж байснаас үзэхэд он сар өдрүүд зөрүүтэй, хариуцагч зээл авахын тулд энэхүү газрын гэрчилгээгээ барьцаалж байсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын Ш.Маас “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын хариуцагч Ш.Маас “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН