Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 553

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний ,хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, И овогт Кийн Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төв /дарга З.М/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч  Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.Зд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.  

Нэхэмжлэгч К.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар 2007 оноос эхлэн 12 дахь жилдээ, эрүүл мэндийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд аливаа хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн зөрчил гаргаж байгаагүй болно. Ажил олгогч намайг зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байна. Бодит байдал дээр миний бие зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан асуудал байхгүй болно. Тодруулбал, миний Ховд аймагт 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан "Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч мэргэжилтнүүдийг чадавхжуулах" богино хугацааны сургалтад хамрагдсан. Ингэхдээ манай байгууллагаас 4 хүн уг сургалтад хамрагдсан бөгөөд ажил олгогч албан ёсоор зөвшөөрөл олгосон юм. Дараа нь миний бие хөдөө Даян гэх газарт бие нь өвдөж байгаа хамаатны хүнийг эргэхээр асуудлаар 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдөр /Баасан гараг/ даргаасаа 4 цагийн чөлөө авч явсан. Ингэхдээ тус байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө авах өргөдлөө албан ёсоор бичгээр гаргасан, Тэгэхдээ дарга амаар зөвшөөрсөн хариугаа хэлсэн болно. Хөдөө яваад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа эргээд ирэхэд ажил олгогч маань маргаан бүхий тушаалыг гардуулж өглөө. Би уг тушаалыг зөвшөөрөхгүй. Учир нь би захиргааны чөлөөтэй байсан. Даргын уг шийдвэр нь хүн чанарт нийцэхгүй, цаашлаад хууль зөрчсөн гэж үзэж байна. Өмнө бас надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байсан ба шүүхэд хандах гэж байхад дарга өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө хүчингүй болгож байсан юм. Ер нь сүүлийн хэдэн жилд тус байгууллагын дарга түүний эсрэг үг хэлсэн хүнийг хавчин гадуурхаж, дарамталдаг болсон. Улмаар ямар ч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргадаг болсон. Ажил олгогч урьд өмнө манай байгууллагын хэд хэдэн ажилтныг бас ажлаас халж байсан. Тэдгээр ажилтнууд шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэж ажилдаа эргэж орж ирж байсан болно. Байгууллагын дарга нь ажилтнуудын гарын үсгийг хуурамчаар зурж нөхөрлөлийн дүрэм зэрэг бусад бичиг баримтуудыг санаатайгаар өөрчилсөн ба тэр асуудлаар одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. М нь уг асуудалд тус байгууллагын гэм зэмгүй ажилтнуудыг холбогдуулан буруутгадаг. Түүнчлэн М тус байгууллагын төсвийг зүй бусаар захиран зарцуулсан асуудлаар аудитын байгууллагад давхар шалгагдаж байгаа болно. Эдгээр асуудлуудаас болж мөн зүв зүгээр мөрөөрөө ажиллаж байгаа ажилтнуудыг буруутгадаг. Өөрөөр хэлбэл Мийн гаргасан алдааны улмаас ажилтнууд нь хариуцлага хүлээх   ёсгүй   гэж үзэж байна. Нөгөө талаар М уураа энэ мэтээр үндэслэлгүйгээр бусдад гаргаж болохгүй шүү дээ. Иймд М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай  тушаалаар сувилагч Еаас иргэн Е.Аээс паб шинжилгээ аваагүй, удаан хүлээлгэсэн гэж үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Е нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182 дугаар  шийдвэрээр М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай  тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тодорхой хэмжээний маргаан гарахад М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Зд “Е.А гэх хүнээс паб шинжилгээ аваагүй, удаан хүлээлгэсэн” гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07-1 дугаар тушаалтаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гардуулж өгсөн. Е.Аээс паб шинжилгээ аваагүй, удаан хүлээлгэсэн гэх зөрчил гарснаас хойш 3 сарын дараа буюу 04 дүгээр сарын 20-ны өдөр арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн гаргасан тушаалыг 3 сарын дараа гардуулж өгсөн. Бид тухайн үед яагаад тушаалыг гардуулж өгөөгүй вэ” гэдгийг тодруулахад “гардуулаарай гээд өгсөн сувилагч мартсан байна” гэж тайлбарласан. Бид тухайн үед “Хуулийн Байгууллагад хандана” гэж хэлэхэд “тоглосон юм аа, дээрх тушаалыг хүчингүй болгож өгье" гээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар урд гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07/1 дугаартай тушаалыг хүчингүй болгосон.  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт тодорхой заасан. Өөрөөр хэлбэл 1 зөрчилд 2 хүнээс арга хэмжээ авч болохгүй гэж үзэж байна. Е.Аээс паб шинжилгээ аваагүй, удаан хүлээлгэсэн гэх зөрчилд Еаас арга хэмжээ авсан бол Зд шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэж байна.

Дотоод журмыг өөрөө боловсруулчхаад ажилтнуудаар гарын үсэг зуруулдаг. Дотоод журмыг ажилчдадаа үзүүлдэггүй, сейфтээ хадгалдаг. Зөвхөн ажилчдыг дарамтлах үүднээс гаргасан дотоод журам гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаалд  “гадаад болон дотоод хурал семинарт оролцох төслийн болон бусад шугамаар гадаад болон дотоодын сургалтад албан томилолтоор явахдаа эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 7-10 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж тусгасан байсан.  М нь 05 дугаар сарын 15-ны өдөр сэхээнд байсан ба 06 дугаар сарын 14-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй тул түүнд 7-10 хоногийн өмнө мэдэгдэх боломж байгаагүй. Дарга Мийг эмнэлгийн акттай байсныг эмч Е, сувилагч Р нар гэрчилсэн. М өвчтэй байхад чөлөө авах боломж байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цаг тасалсан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулна гэж дотоод журамд заасан. Бид 30 минутыг ойлгохгүй байна. Хүний амьдрал баялаг тул өдөрт эсхүл сард 30 минут ажил тасалж болно. Өдөрт 1 минут ажил тасалбал сард 30 минут ажил таслах ба энэ заалт нь амьдралд нийцэхгүй байна.  Хөдөлмөрийн тухай хуульд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног эсхүл хуанлийн сарын нийт хугацаа 3 хоног ажил тасалсан байвал шийтгэл ногдуулна” гэж заасан. Сард 30 минут ажил тасалбал сахилгын шийтгэл ногдуулна гэж дарамталж байна. 2017 онд Зд цалинг 20 хувь хассан гэж бичсэн нь худал. Зд 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр сахилгын шийтгэл авсан ба тухайн үед би маргаагүй орхисондоо харамсдаг. Цагийн бүртэл хэрэгт авагдсан. Хуулийн дагуу цагийн бүртгэлийг бүртгэсэн байх. Цагийн бүртгэлд “томилолт” гэх мөрөнд “Т” гэж тэмдэглэсэн байна. 06 дугаар сарын 06, 07-ний өдөр томилолтоор явсан гэж цаг бүртгэгч тэмдэглэсэн байна. Цагийн бүртгэгч “ажил тасалсан” гэж тэмдэглээгүй байна. З 6, 7 дугаар сарын цалингаа гүйцэд авсан. Шүүхэд үнэн зөв бодитой нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Згийн цалин хасаагүй ба түүний депозит дансны хуулгыг гаргаж өгсөн. Даян гэх газарт манай хамаатны хүн өвчтэй байсан тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Казахстанаас ирсэн хүмүүсийг хүргэхээр явахдаа З үдээс хойш 4  цаг чөлөө авсан. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан ба чөлөө хүссэн тухай өргөдлийг бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Тухайн өдөр М нь төрсөн дүү П Бт 1 сарын цалингүй чөлөө өгсөн ба одоо хүртэл ажилдаа ороогүй байна. Бидэнд Мд өс хонзон санасан асуудал байхгүй, цаашид хамтран ажиллахад бэлэн байна. Иймд, шүүхээс "М" өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "М" ӨЭМТөвийн дарга З.М би тус шүүхэд гаргасан К.Згийн гомдолтой танилцлаа. Хэдийгээр сувилагч К.З олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч, удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан ба байнга өөрийгөө: би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой: гэж байнга хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургаж байдаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтад зөвшөөрөгдсөн 4 хүний /их эмч Э.Н, их эмч П.Б, НЭМА Ж.С, Сувилагч Х.А/ жагсаалтад өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсээр байж дур мэдэн ажлыг таслаад явсан. Ганцхан сургалтын өдөр биш К.З ажлын өдрүүдэд ч сайн дураараа өөрийнхөө хувийн ажлаар даргын зөвшөөрөлгүйгээр хүссэн газруудаар яваад байдаг нь хуульд нийцэхгүй юмаа. Харин ажил олгогчийн зүгээс К.Згийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан юм. Дотоод журмын 8.3.4.2 заалтад дараах зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ноогдуулна. Гадаад болон дотоод хурал семинарт оролцох төслийн болон бусад шугамаар сургалтад, гадаад болон дотоодод албан томилолтоор явахдаа эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө төвийн даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй:, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж эсвэл тасалсан цагт нь ноогдох хөдөлмөрийн хөлсийг хасах арга хэмжээг авна:- гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулсан ӨЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журмын 14.1 дэх заалтад Даргын эзгүйд ажил үүргийг даргын шийдвэрээр эмч нарын аль нэгийг орлуулна: Орлон ажиллагч нь дараах эрх хэмжээний хүрээнд ажиллана. Үүнд:

Даргын эзгүйд түүний ажлыг орлон гүйцэтгэгч нь

- Эмчилгээ үйлчилгээний талаар дүрэм журам заавар батлах

- хугацаатай тайлан мэдээ гаргаж холбогдох газруудад явуулах гэсэн заалтын дагуу намайг өвдөж байсан үед даргыг орлож байсан эмч нарын аль аль нь ч хүнийг томилох, зөвшөөрөл олгох эрх байхгүй зөвхөн эмчилгээ үйлчилгээ тайлан мэдээг хариуцах ёстой. К.З байнга өөрийн насыг баримтлан байгууллагад шинээр ирсэн ажилтнуудыг дайчлан ажлаа хийлгэдэг ба хэд хэдэн удаа хүссэн газруудад гомдол бичээд түүнийг бусад ажилчдад уншуулахгүйгээр зүгээр л намайг дэмжээрэй би өөрийнхөө талаар хүсэлт гаргаж байна гэх мэт худал мэдээллээр бусад ажилтнуудад гарын үсэг зуруулан хэрүүл маргаанд татан оролцуулаад байгаа нь батлагдаж удаа дараа байгууллагын хуралд авч хэлэлцэж арга хэмжээнд орж байсан. Үүнд:

2017 онд цалингийн 20 хувиар буруулах арга хэмжээ авсан 2019 онд 01 дүгээр сард сувилагч Х.Етай маргалдаад сануулах арга хэмжээ, 05 дугаар сард дахин гомдлын эхний хэсгийг танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулаад ажилтнуудын хувийн эрхэнд халдах үйлдэл хийсэн нь батлагдаж хурлаар авч хэлэлцэж удаа дараа ийм танхайн үйлдэл гаргаснаар цалингийн 20 хувийн хасах арга хэмжээ авсан боловч түүний бүх ажилчдаас уучлалт гуйгаад, уйлаад байсан байдлыг хараад дахин уучилсан юмаа. Цаашид хамт олон дотроо хагарал үүсгэхгүйгээр, ажлаа таслахгүйгээр хэвийн хийж гүйцэтгэвэл ажил олгогчийн зүгээс түүнд өс хонзон санасан болон арга хэмжээ авах сонирхол байхгүй. Ажлаа хэвийн хийвэл төрийн ажилд ч саад болохгүйг К.З ч ухамсарлах ёстой. Иймд нэхэмжлэгч К.Згийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Хариуцагч талаас “нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой” тайлбарыг гаргаж өгсөн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэлт тайлбар гаргаж өгсөн. "М" өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаал гарах болсон үндэслэлийг гомдолдоо сувилагч З “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр даргын орлож байсан хүнд чөлөө хүссэн өргөдлөө гаргахад амаар зөвшөөрсөн тул явсан” гэж бичсэн байна. Згийн чөлөө хүссэн өргөдлийг авсан ажилтан даргадаа тус өргөдлийг 15 цаг 45 минутад гардуулсан талаар тодорхойлолтыг гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд “албан хаагч нар хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй, дарга дур мэдэн энэ бүхнийг хийдэг, дотоод журмыг сейфтээ нууцаар хадгалдаг” гэх тайлбар гаргаж байна. 2018 онд батлагдсан "М" өрхийн эмнэлгийн дотоод журмын хавсралт хэсэг болох дотоод журам байгуулсан гэх хэсэгт 2 баганын эхэнд З гэж гарын үсэг зурсан байна. Хэрэгт дотоод журам авагдсан. Дотоод журмын 8.3.4.2 дахь хэсэгт дараах зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэлд тооцож шийтгэл ногдуулна гэж заасан. Үүнд “Гадаад болон дотоодын хуралд семинарт оролцох төслийн болон бусад шугамаар сургалтад гадаад болон дотоод албан томилолтоор явахдаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүд явах өдрөөсөө 7-10 хоногийн өмнө даргад мэдэгдэж, албан ёсоор чөлөө авна“ гэж заасан. Дээрх заалтын дагуу нэхэмжлэгч З чөлөө аваагүй. Тухайн үед даргын үүргийг гүйцэтгэж байсан албан тушаалтан тус байгууллагаас сургалтад хамрагдах нэр бүхий 4 ажилчдын нэрсийг холбогдох байгууллагад хүргэсэн ба түүнд Згийн нэр байхгүй байсан.  З дур мэдэн сургалтад зөвшөөрөлгүй явсан асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Нийн “З нь сургалтад хамрагдсан” гэх тодорхойлолт авагдсан. Маргаан бүхий "М" өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаал гарах болсон үндэслэл нь нэхэмжлэгч өөрийнхөө ажил үүргээ гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргаж байсан нь хамт олны хурлаар тогтоогдож байсан. Уг 2  хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хурлын дараа З шүүхэд гомдол гаргасан гэдгээ хэлэхгүй ажилчдад “өнгөрсөн 5 дахь өдрийн хурлын үйл явцтай холбоотой даргад хандаж тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн юм, та бүхэн гарын үсэг зурж өгнө үү” гэж хавсралт 2 дугаар хуудсанд гарын үсэг зуруулсан гэдэг нь тэмдэглэлд дурдсан зарим нэг хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Мтэй өс хонзонгийн асуудал байхгүй, түүнтэй хамтран ажиллах боломжтой” гэж тайлбарлаж байна. Өс хонзон байхгүй хүн яагаад даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй юм бэ. Өс хонзон байхгүй бол аудитын байгууллагад яагаад гомдол гаргадаг юм бэ. Аудитын шалгалт хийгдсэн байна. Гэхдээ энэ нь тухайн байгууллагын санхүүтэй холбоотой асуудал байгаа. Танилцах эрх бүхий субъект нь тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч байх ёстой. Гомдол гаргасан Зд аудитын байгууллага танилцуулах ёстой. Хэрэгт албан шаардлага, акт авагдсан байна. М нь нэхэмжлэгчийг өөрт нь хувийн ашиг сонирхолтой байх гэж үзэж байгааг дамжуулж өгөхийг хүсэж байна. Маргаан бүхий тухайн тушаал эрх зүйн үндэслэлтэй гарсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг З гаргахад удаа дараа сануулж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К.З нь Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.Зд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.Зд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, ӨЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 ба 8.3.4.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч К.З даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан учир 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сануулах арга хэмжээ өгч, сахилгын шийтгэл ногдуулсугай гэж нэхэмжлэгч К.Зд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Нэхэмжлэгч К.З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах бөгөөд энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д  зааснаар “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргаж шийдвэрлүүлнэ” гэсэн хуулинд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.  

 Нэхэмжлэгч К.З нь Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь эс зөвшөөрч, “... ажил олгогчийн зүгээс К.Згийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан юм. Иймд нэхэмжлэгч К.Згийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй” гэж маргасан болно.

Хариуцагч Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Мд хуулинд заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, үйл баримтаа нотлох баримтаар гарган өгч нотолж чадаагүй болно.

Ажил олгогч Б аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч К.Зд даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан учир 06 сарын 28-ны өдрөөс эхлэн сануулах арга хэмжээ өгч, сахилгын шийтгэл ногдуулсугай гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчаас “... сувилагч К.З нь ажил тасалсан учир сануулах арга хэмжээ авсан” гэх боловч сувилагч К.Згийн ажил тасалсан үндэслэл шалтгаан нөхцөл байдлыг судалж энэ талаар хамт олны хуралдаанаар авч хэлэлцэх бүрэн эрхтэй байсан боловч энэ талаар хуралдаанаар авч хэлэлцээгүй, зөрчил гаргагч гэж тодорхойлж байгаа К.Зг хуралд оролцуулж, түүний саналыг сонсож, уг зөрчил нь шалгалтаар тогтоогдсоны дараа шийдвэр гаргах ёстой байтал ажил олгогч энэ ажиллагааг хийгээгүй, уг зөрчил буюу ажил тасалсан нь тогтоогдоогүй байхад сувилагч К.З нь даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажилтан К.Зд сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

Мөн сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагч буюу ажилтанд урьдчилан танилцуулах, баримт  материалтай танилцуулж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхад энэ эрхээр нь хангаагүй сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулинд нийцээгүй байна.  

Хариуцагч "М" БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 он гэх сар, өдөргүй, ямар нэгэн дугааргүй, Дотоод журмыг сувилагч К.Зд танилцуулж гарын үсэг зуруулсан гэх боловч уг дотоод журмыг хэдэн сарын хэдний өдөр хамт олны хурлаар авч хэлэлцээд баталсан нь тодорхойгүй, мөн ажилчдад хэзээ танилцуулж гарын үсэг зуруулсан нь тодорхойгүй учир уг дотоод журмыг Б аймгийн “М” Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилчид буюу сувилагч К.Зд танилцуулсан байна гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагч тушаалдаа “... Өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 ба 8.3.4.2 дугаар зүйлийг тус тус зааснаар” гэж дурдсан боловч энэхүү дотоод журмыг зөрчил гаргагч буюу сувилагч К.З яаж зөрчсөн нь тодорхойгүй байх ба дотоод журмын “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ...” гэх үндэслэл нь бодит байдал дээр амьдралд нийцээгүй заалтыг тусгасан байх ба мөн “... эсвэл тасалсан цагт нь ноогдох хөдөлмөрийн хөлсийг хасах арга хэмжээг авна” гэсэн боловч сувилагч К.З нь ажил тасалсан гэх мөртлөө тухайн сарын цалинг хасаагүй ажил олгогч бүтэн олгосон нь түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд заасан зөрчлийг шалгаж, тогтоож, зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэх, зөрчил гаргагчийн тайлбарыг авах, зөрчил гаргагчийг хуралдаан оролцуулах, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэхийг тогтоосны эцэст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “... сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж сувилагч К.Зд сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгч К.Згийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой байтал энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сувилагч К.Згийн “2019.06.28. М ӨЭМТөвийн даргад хүсэлт гаргах учир нь Миний бие К овогтой З 2019 оны 06 сарын 28-ны өдрийн үдээс хойш хөдөө явах болсон тул тус өдрийн 13 цагаас 17 цаг хүртэл чөлөө олгож өгнө үү” гэж бичсэн хүсэлтийн зүүн захад “Дотоод хуралд оролцох ёстойг мэдэгдсэн зөвшөөрөл олгохгүй” гэж таталдаж гарын үсэг зурсан байх ба сувилагч К.Згийн чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зүүн захад бичсэн дотоод хуралтай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн болох нь хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн хүсэлтийг үдээс хойш А.Р сувилагч надад гаргаж өгсөн гэж ар талд нь тэмдэглэл хийсэн байх ба уг тэмдэглэгээг чухам хэн хийсэн нь мөн л тодорхойгүй байх тул энэхүү чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн 2019.01.24. М ӨЭМТөвийн БГБХН болон ажилчдын хурал тэмдэглэл,  2019.05.03. М ӨЭМТөвийн БГБХН болон ажилчдын хурлын тэмдэглэлүүд болон Х.Е, А.Р-ийн /нийт 4 тодорхойлолт хавтаст хэрэгт өгсөн байна./, А.Е нарын зарим нь нотариатаар баталгаажуулсан, зарим нь баталгаажуулаагүй тодорхойлолтууд нь он сар өдөргүй, хэзээ бичсэн тодорхойгүй тодорхойлолтууд нь тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ. 

Мөн хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн М.А “... К.Зд даргын тушаалыг өгсөн боловч сувилагч К.З хэлсэн би чамаас тушаалыг авахгүй даргаас авна. Маргааш нь дарга К.Зд тушаалыг даргын өрөөнд эх хувийг өгсөн боловч авсан гэхдээ тушаалын журналд гарын үсэг зураагүй” гэж тодорхойлолт гаргасан байх ба уг тодорхойлолтод дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн "М" ӨЭМТөв бүртгэлийн гэх дугааргүй, 2019 оны 06 сарын 01 өдөр гэх овог К, нэр З, цех тасаг, тасаг бригад-ын дарга З.М гэж бичигдсэн хүснэгтээр үзүүлсэн бүртгэлийг нотариатаар баталгаажуулж өгсөн байх ба уг бүртгэлийг чухам хэн хөтөлсөн нь тодорхойгүй бодит байдлыг бүртгэсэн болох нь эргэлзээтэй байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаал, Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/06 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлага, Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Б аймаг дахь салбар зөвлөлийн 2019.09.04. 47 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч К.Згийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна гэж үзлээ.

Мөн Сувилагч Х.Алия, Т.А, Ж.С, М.А Е.А, С.Х, Х.Т  нарын “... К.З өөртөө болон бусдад дарамт үзүүлж байхыг хараагүй, ажилдаа цаг хугацаандаа ирдэг, ажилдаа тогтмол сууж хариуцлагатай ажилладаг ахмад сувилагч” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь  сувилагч К.Згийн ажил байдлын талаар дүгнэлт хийх эрх бүхий албан тушаалтнууд биш, мөн 2019 оны 09 сарын 11 өдөр гэх тодорхойлолт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн их эмч Х.Е, ахлах сувилагч А.Р гэх тодорхойлолт нь хуулбар хувь байх ба ямар нэгэн тэмдэггүй нотариатаар баталгаажуулаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т шаардлагыг хангаагүй учир энэхүү тодорхойлолтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн СД дискийг хуулинд заасан үндэслэл журмын дагуу  нотлох баримтаар бэхжүүлээгүй байх тул уг СД дискийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй ба “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Аын “... Хурлын дараа бичлэгийг зөвхөн даргын утсанд шилжүүлж өгсөн болно. Бусад хэнд ч дахин давтан үзүүлээгүй, сонсуулаагүй, хуулбарлан өгөөгүй болохыг баталж байна” гэх тодорхойлолт нь энэ нэхэмжлэлд хамааралгүй болно.

Иймд нэхэмжлэгч К.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Б аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Сувилагч К.Зд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН