Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

   2023        03          20                                   2023/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Ц.Шагдар,

гэрч Б.О,

гэрч Ж.Д  /онлайнаар/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Л , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Б.Б , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овгийн Ш.Л  нарт холбогдох эрүүгийн 2202001350381 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол овгийн Б.Б , 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба”-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧО.....  

Барга овгийн Ш.Л , 1950 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ... 1б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШЖ.......  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.7 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах...”

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.3-т заасан эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэсэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох сургалт зохион байгуулах (багц 2) /Хэв журмын болон замын цагдаагийн алба хаагчдад/”, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах (Багц 07) /Нийгмийн ажилтнуудад/  гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Л гээс Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын байрлаж буй Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 хаягтай  оффисоос интернэт банк ашиглан Ж.Д гийн Хаан банкны дансаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 100,000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 413007619 тоот дугаартай дансаар хахуульд авсан,

Мөн 2020 оны 07 дугаарын 20-ны өдрийн 67 дугаартай “Их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтыг зохион байгуулах (багц 02)” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгох гэсэн хахууль өгөгч Ш.Л гийн ашиг сонирхлын үүднээс зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Бага тойруу хаягт байрлах Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадаа 1,000,000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр хахуульд авч үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ш.Л  нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох сургалт зохион байгуулах (багц 2) /Хэв журмын болон замын цагдаагийн алба хаагчдад/”, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах (Багц 07) /Нийгмийн ажилтнуудад/ зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан, мөн гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээс хэрэгжүүлсэн ажлын тайланг хүлээн авч дүгнэсэн, зөвлөх үйлчилгээний санхүүжилтийг олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 хаягтай оффисоос интернэт банк ашиглан Ж.Д гийн Хаан банкны данснаас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 100,000 төгрөгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Б.Бгийн Худалдаа хөгжлийн банк дахь 413007619 дугаартай данс руу шилжүүлж хахууль өгсөн,  

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаарын 20-ны өдрийн 67 дугаартай “Их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтыг зохион байгуулах (багц 02)” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Бага тойрууд хаягт байрлах Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадаа 1,000,000 төгрөгийг зээлэх нэрийдлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Бд бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбогдсон асуудалд холбогдсондоо харамсаж байна. 2019 оны 2 гэрээний дараа 2020 оны гэрээний өмнө асуудал гарсан гэдэгт тайлбар өгөхийг хүсэж байна. Манай гэр бүлийн хүн 2010 онд тархины хавдраа авхуулаад, 2018 онд тархины хавдар ахисан өвчний шалтгаантай байсан. 2018 онд Япон улсад хийлгэсэн эмчилгээг, 2020 онд дахин хийлгэх шаардлагатай болсон. Ж.Д  манай ажил дээр 01 дүгээр сард ирээд надтай уулзах үед би хүнтэй утсаар яриад мөнгө зээлэх талаар ярьж байсан. Гэтэл миний ярьж байсан хүн “мөнгө зээлэх боломжгүй манай гэр бүл ямар байгааг чи мэдэж байгаа шүү дээ би өөрөө мөнгө хайж байна” гэж ярихыг Ж.Д  сонсоод надад тусалъя, дэмжье, боломжоороо мөнгө зээлье хэлж байсан. Хавтаст хэрэгт энэ тухай дэлгэрэнгүй зүйлүүдийг огт мэдүүлж байгаагүй. 200,000 төгрөгийг 01 дүгээр сарын 26-ны өдөр туслаад зээлье гэхэд нь “надад 200,000 төгрөгөөр туслаач ээ” гэхэд 200,000 төгрөгийг 2 тасалж шилжүүлсэн. Эхлээд 100,000 төгрөг шилжүүлсэн бол дараагийн өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө буцааж өгөх гэтэл “яах юм бэ бид нар танд тусална гэж байсан учир та тусалж байна гэж ойлгоорой, буцааж авмааргүй байна” гэж мөнгийг авалгүй шалтаг тоочоод байсан. Миний бие 2020 оноос хойш төрийн байгууллага, тэр тусам хүчний байгууллагад ажиллаж байгаа. Урьд нь ийм асуудалд огт холбогдож байгаагүй. Тухайн үед ар гэрийн гачигдал, шаардлага гарсан учир яах аргагүй хүсэлт тавьсан. Туслахаа илэрхийлсэн буюу “танд туслахыг хүсэж байна та хэлээрэй” гэсэн бөгөөд манай гэр бүлийн хүн өвчтэй байсан учир хүсэлтийг хүлээж авсан. Миний буруу гэдгийг ойлгож байна. 2020 оны 6 дугаар сард прокурорын дурдсан 1,000,000 төгрөгийг буцааж өгснийг Ж.Д  нь Ш.Л д өгөлгүй байж байгаад дараа нь өгсөн байдаг. Мөнгийг буцаагаад төлсөн байхад Ш.Л д Ж.Д  хэлэлгүйгээр үл ойлголцол үүсгэснээс болсон байдаг. Эцэст нь тодруулж хэлэхэд, ямар нэгэн байдлаар өөрийнхөө албан тушаал эрхэлж байгаагаар давуу байдал энэ байгууллагад олгоогүй, өгөөгүй. Танай байгууллагын ажилд хяналт тавих гэж байна гэдэг үүднээс хандаагүй. Миний хувьд 2018 оны 02 дугаар сараас мансууруулах бодистой тэмцэх албыг хариуцаж эхэлсэн ба үүнээс хойш Ш.Л гийн байгууллагатай хамтарч ажиллаж эхэлсэн. Ш.Л гийн байгууллагад гэрээ байгуулсны үр дүнд гэрээт ажлыг дутуу хийснийг дарагдуулаад гэдэг юм уу дутагдал гаргаагүй. Он цагийн хувьд голд нь байгаагаар буюу нэг нь ажлаа гүйцэтгэсний хариуд авсан юм шиг, нөгөө нь цаашид үргэлжлүүлж ажиллахдаа амлалт өгсөн мэт харагдаад байгаа мэт боловч огт тийм зүйл байхгүй. Төрийн албан хаагч, тэр дундаа цагдаагийн албан хаагчийн өргөсөн тангаргаасаа няцаж буруу зүйл хийгээгүй...” гэв.

-шүүгдэгч Ш.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Улсын яллагчийн ярьж байгаа зүйл ойлгогдохгүй байна. Нэг зүйлээ давтаад л яриад байх юм. Угтаа бол эхлээд 100,000 төгрөг зээлдүүлсэн, дараа нь 1,000,000 төгрөг зээлдүүлсэн нэг л үйл ажиллагаа. Зээлсэн мөнгөө буцааж авсныг урвуулан ашигласан гэх мэтээр ярьж байгаа улсын яллагчийн яриа надад үнэхээр ойлгогдохгүй байна. Нэг зүйлээ давтаад яриад байгаа нь хүнийг төөрөгдүүлэх гээд байгаа юм уу. Хэн ч хэндээ мөнгө зээлүүлнэ, хэнд ч өвчин, зовлон тохиолдож болно. Тэр үед зээлдүүлээд буцаагаад авсан үйлдлийг яриад байгаа юм. Хэтрүүлэн яриад байгаа юм уу гэж бодоод байна. Өгчихсөн мөнгө, буцаагаад авчихсан мөнгө. Анх тендер буруу яваад надад тендер өгсөнгүй, тендерийн хороог шалгаж өгнө үү гэж Төрийн албаны зөвлөлд хандсан боловч явсаар байгаад Авлигатай тэмцэх газар очсон байсан. 2, 3 жилийн дараа сөхөөд өнөөдөр ярьж байгааг үнэхээр их гайхаж байна. Нэг юмаа дахин дахин яриад байгаа нь ямар учиртай вэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Урвуулан ашигласан гэдэг үгийг нэмж байна. Би мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө авсан. Ж.Д  мөн мөнгө зээлүүлсэн, зээлсэн мөнгөө авсан буюу ийм үйл явц болсноос өөр зүйлгүй...” гэв.

- гэрч Б.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах албаны хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш уг албан тушаалыг хашиж байна. Б.Бг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаагаар томилогдсон үеэс буюу 2001, 2002 оноос зүс мэднэ. Миний бие Хууль зүй, дотоод хэргийн яамд 2018 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого зохицуулах албаны төрийн захиргааны удирдлагын газар ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018 оноос ажлын шугамаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба нь хуучин Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтцэд байдаг байсан. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтцээс гарч сайдын дэргэдэх гэж байгууллагын статустай үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ажлын хэсэгт цуг ажиллах, хуулийн төсөл боловсруулах, мэдээ мэдээлэл солилцох зэрэг албаны чиг үүргээр бие биеэ таньдаг, нэр усаа мэддэг болсон. 2020 оноос өмнөхийг би хэлж мэдэхгүй. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний бие ахлах мэргэжилтнээр эхлээд ажлын албанд Төрийн албаны тухай хуулийн дагуу сэлгэнээр томилогдсон учир түүнээс өмнөх Б ямар ажил үүрэг хариуцдаг байсан, чиг үүрэг юу байсан гэдгийг хэлэх боломжгүй буюу мэдэхгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс миний бие томилогдсоноос хойш байгууллагын бүх ажлууд нь шинээр эхэлж байсан. Өөрөөр хэлбэл, тусдаа төсөвтэй. Төрийн байгууллага ямар байх, тусдаа бичиг хэрэгтэй, тусдаа захиргаатай, санхүүтэй, тайлан тооцоотой төрийн байгууллага үүсэж байгаа учир хэн, ямар мэдлэгтэй байна, хэн ямар боловсролтой байна, хэн нь цахим тендер, цахим технологитой илүү их харьцдаг вэ гэдгийг ажлын ачааллыг харан зохион байгуулалтыг хийгээд явсан байдаг. Бгийн тухайд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороо гэж байдаг. Энэ хороог сайд албан тушаалаар олгодог буюу энэ чиглэлийг хариуцдаг байсан. Мөн цахим худалдан авах ажиллагааг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, цахимаар худалдан авах, систем оруулах, хугацаа тогтоох, үнэлгээний хороонуудаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оноос хойш 2021 онд миний санаж байгаагаар 3 үнэлгээний хороо ажиллаж байсан. Давхцахгүйгээр ажлын алба хаагч нар хуваарилагдан зохион байгуулалтад явдаг. Үнэлгээний хорооны цахим тендер 2021 онд ковид гээд бүх худалдан авах ажиллагаа цахимаар зохион байгуулагдсан. Төрийн худалдан авах систем рүү үнэлгээний хорооны гарсан шийдвэрийг оруулах, цагалбарыг оруулах ажлыг хариуцаж хийж байсан. Л  гэдэг хүнийг өмнө харж байсан. 2021 оны хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх үнэлгээний хороог миний бие ахалсан. Үнэлгээний хороонд тэдний байгууллага цахим худалдан авах тендерт материал ирүүлж байсан. Үнэлгээний хороогоор ороод зохих шалгуур, тендерийн баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй гээд хасагдсан шийдвэр гарч байсан. Л гийн байгууллагын нэр яваад байдаг. Ажил дээр хэд хэдэн удаа гомдол гаргаад биеэр ирж байсан үед зүсийг хараад мэддэг болсон. Тендерийн баримт бичигт байгууллагын удирдлагын мэдээлэл, хүний нөөцийн мэдээлэл зурагтайгаа ирдэг учир танилцаж энэ хүний талаар мэдээлэлтэй болсон. Бгийн эхнэр хүнд өвчтэй талаар сонсож байсан. Байгууллагын спорт, уран сайхны залуучуудын групп байдаг. Группэд гэр бүлийн хүн нь миний сонссоноор тархины хавдартай болсон байна гээд Солонгост эмчилгээнд явах шаардлагатай болсон гээд хагалгаанд орж байсныг сонсож байсан. Залуучууд хоорондоо 5, 10 төгрөг цуглуулаад өгөх талаар ярьж байсан. Хэлтсийн даргаар өнгөрсөн жил буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон. Тэрнээс өмнөх хугацаанд адил ахлах мэргэжилтэн байсан. Одоогийн байр суурьд надад харьяалагддаг. Гэрээ байгуулсан ахлах мэргэжилтэн нь тухайн гэрээний хэрэгжилтийн явцын хяналт, гүйцэтгэлийн хяналтыг тавьдаг. Гэрээг дүгнэсэн акт юм уу, эцсийн үр дүнг хэлтсийн дарга баталгаажуулдаг. Гэрээний хяналтад Б хяналт тавьж байсан талаарх мэдээллийг томилогдоогүй байсан учир өгөх боломжгүй. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх урьдчилан сэргийлэх багцын үнэлгээний хорооны даргаар ажилласан. Манайх дээр Л  2 удаа зарласан сургалт сурталчилгаа олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажилд тендерийн материал ирүүлсэн. Хоёуланд нь үнэлгээний хорооны шийдвэрээр тэнцээгүй. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Л гийн байгууллагатай манай ажлын алба нэг ч гэрээ байгуулаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ахлах мэргэжилтнүүдийн ажлыг ерөнхий байдлаар хуваасан чиглэл өгсөн байсан. Яамны бүтэц дотор нэгж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журмыг засгийн газраас баталсан байдаг. Уг журмаар сайдын дэргэдэх буюу яамны бүтцээс гаргасан. Тусдаа байгууллагын статусаар явсан. Зөвлөл нь орон тооны бус, ажлын алба нь орон тооных юм. Сайдын дэргэдэх буюу зохицуулах зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулдаг нэгж. Ахлах мэргэжилтнүүд тендерийн хүчинтэй хугацаанд ирүүлэх боломжтой эсэхийг урьдчилж мэдэх боломжгүй. Шийдвэрийг үнэлгээний хороо гаргана. Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасны дараа үнэлгээний хороонд ороогүй гэдэг юм уу, өөр ахлах мэргэжилтэнд удирдлагаас цохолт хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, би үнэлгээний хороонд орсон байвал манай үнэлгээний хорооны шийдвэрийг өөр ахлах мэргэжилтэн гэрээ байгуулах чиглэл өгдөг. Ахлах мэргэжилтэн гэрээ байгуулна. Явцын хяналтыг гэрээ байгуулсан ахлах мэргэжилтэн шууд хариуцна. Явцын мэдээллийг удирдлагад, хэлтсийн даргад мэдээлнэ. Ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга нар гарын үсэг зураад, ажлын албаны дарга төслийн шууд захирагчийн статустай байдаг. Ажлын албаны дарга танилцан санхүүгийн дарга руу өгдөг. Бүтэцтэй холбоотойгоор 2020 оноос хойш ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй. Төслөөр хэлэлцэгдэж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажилд томилогдсоноос хойш тендертэй холбоотой /хуулийн дагуу/ хүсэлт, санал, гомдол гэх үү ирж байсан тохиолдол бий. Харин ажил дутуу хийгдсэн гэдэг асуудал огт яригдаж байгаагүй. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаар тоот гэрээний тендерийн хүлээн авагч, захиалагч нь манай байгууллага. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших зүйлсийг мэднэ буюу урагшаа мэдээлэлгүй байна. 2 гэрээ байгуулсан асуудал, түүнтэй холбогдох баримтууд нь албан тушаалыг эрхлэхээс өмнө гарсан. Гэрээг захиалагч байгууллагатай байгуулдаг. Үнэлгээний хорооны шийдвэрээ гаргаад ажлын алба руу, ажлын алба нь тухайн чиглэлийг хариуцсан ахлах мэргэжилтэн өгөөд, гэрээг ажлын албаны захиалагч руу өгнө. Ахлах мэргэжилтэн дангаараа гэрээ байгуулахгүй. Ахлах мэргэжилтэн өгөөд гэрээ зурагдаад ажлын албаны дарга баталгаажуулна. Б.Бг ямар хэрэгт холбогдсон талаар мэдээлэл авсан. Ийм зүйл болсон гэдгийг мэдэхгүй ч сураг сонссон. Магадгүй Б хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороог ажлыг авч явдаг. Энэ чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуруу дарам цөөхөн төрийн бус байгууллага байдаг буюу түүний нэг нь Л гийн байгууллага. Миний мэдэхийн 20, 30 жил үйл ажиллагаагаа явуулсан. Монголдоо маш их зүйл хийж байгаа байгууллага. Би ойлгохдоо нэг нь үндэсний хороог хариуцаж байна, нөгөө нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Урьд нь бие биенийгээ таньдаг, мэддэг, мөнгө зээлсэн гэдэг асуудал үүссэн гэж хувьдаа ойлгосон...” гэв.

- гэрч Ж.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах төрийн бус байгууллагад 2018-2019 оны хооронд сайн дураараа ажиллаж байсан. Хууль зүйн яамнаас хэрэгжүүлсэн төсөлд төслийн менежерээр ажиллаж байсан. Б.Бг байгууллагад ажиллаж эхэлснээс хойш таньдаг болсон. Намайг ямар хэрэгт холбогдуулан гэрчээр дуудсаныг ойлгож байна. Өмнө гэрчээр мэдүүлэг өгч байсан. Ажил хэргийн шугамаар холбогдож байсан. Б.Б нь ажлыг гүйцэтгэж байх үед бидний хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байсан. Гэтэл тухайн төсөл олон жил хийчихсэн, хүний тусламж дэмжлэг ямар ч шаардлагагүй хийх ёстой ажлаа хийгээд, ном хэвлүүлээд ажлын тайлан ном ёсоор өгөгдөөд явсан. Хүнээс тусламж аваад байх шаардлага байхгүй. Тухайн үед Бгийн эхнэр өвчтэй байсан буюу хагалгаанд орохоор төлөвлөж байсан санагдаж байна. Утсаар ярьж байхыг нь сонссон. Мөнгө хэрэгтэй байгаа юм байна, мөнгийг нь зээлчихье гэж бодсон. Миний санаж байгаагаар Авлигатай  тэмцэх газар мэдүүлэг өгөхдөө 2 удаа зээлсэн мөнгөө хувааж авсан гэж хэлсэн. Дараа нь бодоод байхад 2 удаа Бтэй уулзсан. Эхлээд нэг уулзахад нь 200,000 төгрөг өгч байсан. Эргүүлээд надад мөнгийг өгөх гэтэл “би таны асуудлыг ойлгож байгаа юм чинь яах юм бэ” гэж хэлж байсан. Гар бичмэлд болсон процессыг бичсэн. Мэдүүлгийн үеэр дурдагдаагүй. Мөнгөө авсан гэдгийг Авлигатай тэмцэх газарт хэлсэн. Цаашаагаа Л д хэлээгүйгээс асуудал үүссэн юм байна гэдгийг ойлгоод өргөдлийг бичиж өгсөн. Ажил хэргийн харилцаа гэхээс илүү хувь хүний сэтгэл хөдлөлд үүссэн асуудал. Ар гэрт асуудал байгаа юм байна гэдгийг хэлсэн. Надад хүмүүст чадлаараа туслаад явъя гэсэн үзэл байдаг. Надаар дамжуулж Л  мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд данс ашигладаг байсан. Аль мөнгө гэдэгт ялгаж салгах хэрэгтэй буюу 100,000 төгрөгийг яриад байгааг мэдэхгүй. 1,000,000 төгрөгийг хамт явж байгаад Б.Бд өгсөн. 1,000,000 төгрөгийг Л  өөрийнхөө данснаас авсан гэж бодож байна. Бэлнээр, эсхүл хэн нэгнээс зээлээр авсан эсэхийг нарийн хэлж мэдэхгүй байна. Бид хоёр хамт ажилладаг байхад цалин мөнгөн дээр маргаантай байсан бөгөөд компьютерын асуудал яригдсан. Нөөтбүүкээ авч чадахгүй байсан учир Бгээс авсан мөнгөө өгөөгүй. Би мөнгө авах ёстой байсан. Тухайн үедээ юу болсныг мэдэхгүй байна. Нөөтбүүкийг Бгийн мөнгийг өгөхдөө эргүүлж авсан. Энэ талаар анхаарал хандуулаагүй учир болсон зүйлийг сайн санахгүй байна. 2018-2020 онд тухайн төрийн байгууллагад ажиллаж байснаа санаж байна. Цахимаар явдаг байсан учир тендертэй холбоотой асуудалд уулзах шаардлагагүй. Цахимаар материалаа явуулаад тендерийн журмаар шалгараад явдаг байсан. Тендерийн ажил гүйцэтгэхтэй холбоотой тайлангаа аваачаад өгдөг улмаар зөвлөгөө авдаг, номын эхийг хянуулдаг байсан. Тендер сонгон шалгаруулалт явагдана гэдгийг тендерийн сайтаас мэддэг. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш байгууллагатай ямар ч холбоогүй болсон учир тендерт оролцсон, шалгарсан эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Л г Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг мэдээгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан,

шүүгдэгч Ш.Л  нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

- Шүүгдэгч Ш.Л гийн Авлигатай тэмцэх газарт 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /1 дүгээр хавтаст хэргийн  7-17 дахь тал/,

- Шүүгдэгч Ш.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...мэргэжилтэн Б нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр манай төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан Ж.Д гаар дамжуулан “100,000 төгрөг зээлээч” гэж гуйсан учраас өөрийн Хаан банкны 5622110772 тоот данснаас Бгийн өгсөн “Худалдаа хөгжлийн” банкны 413007619 тоот данс руу 100,000 төгрөг... дараа нь мөн Д гаар дамжуулж 200,000 төгрөгийг “зээлээч” гэж хэлсэн учраас данс руу шилжүүлж өгсөн. Гэхэдээ би аль дансаараа ямар данс руу хэзээ шилжүүлж өгсөн талаараа санахгүй байна... дараа нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр надтай уулзаад 1,000,000 төгрөг зээлээч, “2021 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгье” гэж хэлээд 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгийг Ард кино театрын “Хаан” банкны АТМ-ээс аваад өгсөн. 1,000,000 төгрөгийг өгөх үед Ж.Д  хамт байсан. Дээрх мөнгөнүүдийг зээлэх нэрийдлээр авсан боловч одоог хүртэл өгөөгүй, мөнгө өгөх тухай нэг ч ярихгүй байгаа учраас би бодохдоо энэ хүн надаас авлига авчихсан байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

- Гэрч Ж.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сараас Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ-д тэргүүн, төслийн менежерээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан... Б гэдэг хүнийг мөн энэ байгууллагад ажилд орж төсөл хэрэгжүүлэх болсноос хойш таних болсон. Тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мэргэжилтэн нь байсан. Бтэй албаны л харилцаатай байсан. Төсөл хэрэгжүүлж байх үедээ тайлан мэдээгээ өгөх байдлаар харилцаж байсан... Энэ 2 хүнтэй ямар нэгэн өглөг, авлагын зүйл байхгүй. Л  гуатай сүүлдээ таарамжгүй харьцаатай болоод ажлаасаа гарсан... Л  гуай мөнгө шилжүүлж мэддэггүй. Миний данс руу мөнгө хийгээд ийшээ тийшээ шилжүүлээд өг гэдэг, эсвэл өөрөө дансандаа мөнгөгүй байгаа бол чи хэдэн төгрөг шилжүүлчих, дараа нь өгье гээд өгөх үе байдаг. Миний хувьд Бд мөнгө өгч байгаагүй, зээлж байгаагүй. Миний данснаас гарсан мөнгийг Л  эгч шилжүүлж гэхэд нь шилжүүлсэн. Би яагаад шилжүүлж байгаа талаар нь мэдэхгүй... 1 сая төгрөгийн тухайд гэвэл Б надад зээлээч гэж хэлэхэд Л  гуайд хэлж байсан... Би Бгээс 1 сая төгрөгийг 2021 онд хэдэн сарыг нь мэдэхгүй байна, зун л байсан, тэнд уулзаад 1 сая төгрөг бэлнээр авсан.  Хууль зүйн яамны баруун талд замын баруун хэсэгт байдаг хоолны газарт хамт хоол идэж байхдаа өгсөн. Мөнгө авсан баримт байхгүй... Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л д өгсөн 1 сая төгрөгийг 2021 онд байраа худалдсан юм. Сар бүрийн 20-ны өдөр миний Голомт банкны 3450007506 гэсэн дансанд 950,000 төгрөг дордог юм. Байрны үлдэгдэл мөнгө 20,000,000 төгрөгийг надад сар бүр хувааж өгдөг юм. Энэ мөнгөнөөсөө Л  гуайд шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52, 3 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/,

- Гэрч Б.Одмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чиглэл хариуцсан мэргэжилтэн нь Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах асуудлыг хариуцдаг, гэрээ байгуулсны дараа гүйцэтгэлд нь явцын хяналтаа тавих, ажлаа хийгээд дууссан бол гэрээгээ дүгнэх ажлыг хариуцдаг. Санхүүжилтийн хувьд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу санхүүжилтийг хийгээд явдаг. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийг дүгнэж, санхүүжилтийг олгох эсэх асуудлыг тухайн чиглэлийг хариуцсан мэргэжилтэн нотломж, тайланг хүлээн авч үнэлээд гэрээ дүгнэсэн акт үйлддэг. Гэрээ дүгнэсэн актаа үйлдээд хэлтсийн даргаар хянуулсны дараа санхүүд өгч санхүүжилтийг олгодог..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг төлөөлж ажлын албаны мэргэжилтэн Б.Б, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг Төрийн бус байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал Ш.Л , Ж.Д  нарын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай (багц 2) /Хэв журмын болон замын цагдаагийн алба хаагчдад/ “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох сургалт зохион” тухай гэрээ,

-2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай (Багц 07) /Нийгмийн ажилтнуудад/ “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион” тухай гэрээ,

-2020 оны 07 дугаарын 20-ны өдрийн 67 дугаартай (багц 02) “Их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтыг зохион байгуулах” тухай гэрээ, холбогдох материал /1 дүгээр хавтаст хэргийн 67, 2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/,

- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хийгдэх зөвлөх үйлчилгээ, бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороон болон тендерийн баримт бичиг /2 дугаар хавтаст хэргийн 81, 3 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/,

- Шүүгдэгч Ш.Л гийн Хаан банкинд эзэмшдэг 505820.... тоот дугаартай дансны хуулга, Голомт банкинд эзэмшдэг 301512.... тоот дугаартай хадгаламжийн дансны хуулга, яллагдагч Б.Бгийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг 41300..... тоот дугаартай  дансны хуулга,

Мөрдөгчийн хэргийн оролцогч нарын дансны хуулгад үзлэг хийсэн “...1.3 Худалдаа хөгжлийн банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 5/3564 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Бгийн 41300...... дугаартай дансны хуулгын: “Огноо:2020/01/26, теллер:59, Орлого:100,000.00 гүйлгээний утга:Dagii:05-Хаан банк-(504105....-Жамсрандорж Д ) 81938*****93817, харьцсан данс:5041053....” гэх бичиглэлээр орлогын гүйлгээ,

“Огноо:2020/01/27, орлого-100,000.00 гүйлгээний утга: Л : 05-Хаан банк (562211.... Шарав Л ) 82174****17467, харьцсан данс: 562211...... гэх бичиглэлээр орлогын гүйлгээ,

“Огноо:2020/05/29, орлого:100,000.00, гүйлгээний утга:Dagii:05-Хаан банк-(504105.....-Жамсрандорж Д ) 14132*****32376, харьцсан данс:5041053....” гэх бичиглэлээр орлогын гүйлгээ,

1.4 Голомт банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1142 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Бгийн 201514....., 345510....., 345902....... дугаартай данснуудад ач холбогдол бүхий орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй,

Ш.Л гийн 301512... дугаартай данснаас “огноо:2020.06.30, дүн/төгрөг:900,000.00 Төрөл:Орлого, Гүйлгээний утга:301512..... Зээл олгов ХБЗ олгов” гэх бичиглэлээр орлогын гүйлгээ,

“2020.06.30, дүн/төгрөг:900,000.00, Төрөл:Зарлага, Гүйлгээний утга: шж......... Л  9919.......” гэх бичиглэлээр зарлагын гүйлгээ хийгдсэн байв.

Дансны хуулгад үзлэг хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч төрийн бус байгууллагын тэргүүн болон менежерийн данснаас 300,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж Б.Бгийн данснууд руу орсон,

Шүүгдэгч Б.Бгийн Хаан, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудаас дээрх 300,000.00 төгрөгийн буцаан төлсөн зарлагын гүйлгээ 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хүртэл хугацаанд хийгдээгүй байв” гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 35-103 дахь тал/,

- Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/114 дугаартай Б.Б г томилсон тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 115-135 дахь тал/,

Шүүгдэгч Ш.Л гийн гаргасан хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан/ “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэснийг баримтлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ш.Л г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг баримтлан 2022 оны 12 дугаар 16-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь дээрх өөрчлөлт оруулсан зүйл хэсгээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах үндсэн ялын төрөлд торгох ял болон хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар оногдуулахаар заасан байсныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг хасжээ.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.Л г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Б, Ш.Л  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн болон ар гэрийн байдал буюу Ш.Л  нь 73 настай, Б.Б нь ам бүл, 1-15 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь хүнд өвчтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнээд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Ш.Л  нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Б.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд,

шүүгдэгч Барга овгийн Ш.Л  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Монгол овгийн Б.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Барга овгийн Ш.Л  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б, Ш.Л  нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Л  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, Ш.Л  650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Ш.Л  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ш.Л  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН