Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 541

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Б овогт Бгийн Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль /захирал Н.О/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 3114900 төгрөг гаргуулах тухай.  

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой А нь 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар 7 дугаар сард чөлөө хүсэж өөрийн төрсөн нутагт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 12 дугаар сард ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч ажлаас чөлөөлснөө 2019 оны 01 дүгээр сард мэдэгдсэн. Иймээс Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн архив, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоох 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн дугаар 130/ШШ2019/00183 тоот шийдвэрээр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний Б/37 тоот Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тушаалаар эгүүлэн тогтоосон. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цалин буюу сарын 454934 төгрөг /ТҮ-1-2/ /дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөг, 12, 1, 2, 3, 4, 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 3114900 /гурван сая нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун/ төгрөг, мөн 5 сарын урамшуулал сард 15%=454900:82% 373000, өмгөөллийн хөлс 240000 төгрөг, нийт 3114900 төгрөгийн цалинг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие Б овогтой А 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн 3 дугаар хуудсанд өмгөөллийн хөлс болох 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг нэхэмжилсэн болно. Уг өмгөөллийн хөлс болох 240000 төгрөгөөс татгалзаж байна. Бусад цалин болон уршамуулал 2874900 /хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тус сургуульд ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар өөрийнхөө төрсөн нутагтаа очоод ирсэн. Би цалингийн зээлтэй байсан тул  надад 1 хоног  ч ажилгүй байх эрх байгаагүй. Би цалингийн зээлтэй байсан. Надад 3 хүүхдээ яаж тэжээх бэ гэх зөндөө асуудал байсан. Би 12 дугаар сард ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан. Би Өвөрхангай аймагт гэрээгээр ажиллаж байсан, норм биелүүлсэн тохиолдолд цалин авдаг, норм биелүүлээгүй тохиолдолд цалин авдаггүй байсан. Би ажилгүй байх боломжгүй байсан тул ажил хийж байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаасаа эхэлж буюу 2018 оны 12 дугаар сараас 2019 оноос 05 дугаар сар хүртэлх цалингаа нэхэмжилж байна. Би 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл ажилласан бол 6 дугаар сард урамшуулал авах ёстой байсан. Би урамшууллаа аваагүй тул нэхэмжилсэн. Би сард 15 хувиар гэж тооцож  урамшуулалд 454900 төгрөгийг нэхэмжилсэн. Ажилгүй байсан хугацааны цалинд 1 дүгээр сараас 5 дугаар сарын 14-нийг хүртэл сарын 454934 төгрөгийг цалингаар 5 сарын цалин нэхэмжилсэн. и ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нэмээд нийт 2874900 төгрөгийг нэхэмжилж байна. Урамшуулалд 454900 төгрөг нэхэмжилж байгаа ба уг мөнгө дээрх 2874900 төгрөгт багтаж байгаа гэв.

Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух Б овогтой Агийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин гэх 3114900 төгрөгийг өгөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тэрээр өөрийн хүсэлтээр тус сургуулиас яваад, буцаж ажилд орох хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасагт цахимжуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан болно. Мөн 2018 оны 12-р сард ажилд орох өргөдөл, эсвэл 12-р сар хүртэл чөлөө хүссэн өргөдөл ч гаргаж байгаагүй гэв.  

Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “12 дугаар сараас хойш өргөдөл гаргасан ба түүнээс хойших цалин нэхэмжилж байна” гэж бичсэн байсан. Нэхэмжлэгчийн ажилдаа буцаж орох өргөдөл 01 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор надад ирсэн. 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан гэдэг нь 1 дүгээр сарын цалинг нэхэмжлэгч бүтнээр нэхэмжлэх эрхгүй гэсэн үг. Нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Бид нэхэмжлэгчийг 05 дугаар сарын эхэнд ажилдаа ор гэж дуудаж байсан ч аймгийн хэмжээнд хорио цээр тогтоосон байсантай холбогдуулан түүнийг 05 дугаар сарын 13, 14-ний үед ажилд нь эгүүлэн тогтоосон. Нэхэмжлэгч 05 дугаар сарын цалинг мөн адил бүтэн нэхэмжлэх эрхгүй. Тэрээр 5 сарын цалин 3 сая гаруй төгрөг гэж тооцоолсон байна. Нэхэмжлэгчийн тооцсон тооцоолол буруу байна. Нэхэмжлэгч Б.Агийн 6 сарын ажлын үр дүнгийн урамшуулалд 400000 гаруй төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Албан хаагчид сард 15 хувийн урамшуулал олгодог журам байдаг. Гэхдээ, урамшууллын төсөв 15 хувиар батлагдаж ирдэггүй, 13 хувь орчмоор батлагдаж ирдэг. 15 хувийн урамшууллыг зайлшгүй авна гэх заалт байхгүй. Ажилтанд хийсэн ажлын үр дүнг нь харгалзаад урамшуулал олгодог журамтай. Миний өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаатай танилцаж үзэхэд Б.А нь ажилгүй байгаагүй гэдэг нь нотлогдоно. Тэрээр нэг ч сар сул зогсолтгүйгээр төрийн албанд ажиллаж цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтэл төлж байсан гэх нотлох баримт байгаа тул түүний ажилгүй байсан хугацааны гэх цалин хөлсийг давхар төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тус сургуулийн дотоод журам болон Төрийн албаны тухай хуульд “давхар ажил эрхлэхийг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч ажилгүй байгаагүй харин ч 2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймаг болон Б аймгаас давхар цалин авсан баримт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалин, урамшуулал 2874900 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь “...тэрээр өөрийн хүсэлтээр тус сургуулиас яваад, буцаж ажилд орох хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасагт цахимжуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан болно. Мөн 2018 оны 12-р сард ажилд орох өргөдөл, эсвэл 12-р сар хүртэл чөлөө хүссэн өргөдөл ч гаргаж байгаагүй” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

Нэхэмжлэгч Б.А нь ажил үүргээ гүйцэтгэж Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрх эдэлж цалин хөлсөө авч байсан байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.А нь “... 2018 оны 12 дугаар сард ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч ажлаас чөлөөлснөө 2019 оны 01 дүгээр сард мэдэгдсэн, шүүхэд гомдол гаргаснаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 183 дугаартай шийдвэр гарч, ажил олгогчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон, энэ хугацааны цалин буюу урамшууллыг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэ хугацаанд нэхэмжлэгч Б.А нь ажил хөдөлмөр эрхэлж түүнд тохирсон цалин хөлс авч байсан нь өөрийнх нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар болон хариуцагчийн тайлбар, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт ажилласан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.А нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаснаар Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2019/00183 дугаартай шийдвэрээр Б.Аг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн архив бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасан дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Агийн шаардах эрх нь үүсэж байгаа боловч нэхэмжлэгч Б.А нь ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан нь тогтоогдож байх тул цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байна гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн  сүүлийн гурван сарын цалингийн дунджийг 454934 төгрөгөөр тооцож харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.А нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт ажиллаж байсан хугацаанд 2019 оны 01 дүгээр сард 526521 төгрөг, 2 дугаар сард 501521 төгрөг, 3 дугаар сард 460169 төгрөг, 4 дүгээр сард 526521 төгрөг, 5 дугаар сард 231096 төгрөг, 226467 төгрөгөөр сар бүр цалинжиж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Агийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас давхардуулан гаргах боломжгүй байна.    

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл ... төлөх үүрэгтэй гэсний дагуу Б.Агийн ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын хэлтэст төлөгдсөн байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Агийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор цалин, урамшуулал 2874900 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон урамшуулал 2874900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН