Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 576

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Т овогт Жы Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төв /дарга З.М/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М, хариуцагчийн өмгөөлөгч К.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.  

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 6 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд аливаа хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн зөрчил гаргаж байгаагүй болно. Намайг одоогийн эрхэлж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтны орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгааг нотлох нотлох баримт байхгүй байхад нөгөө талаас ажил олгогч хариуцагч М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад уг тушаал гарсанд гайхаж байна. Миний бие мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж тушаалд дурдсан албан шаардлага, зөвлөмжийн тухай асуухад эрх бүхий албан тушаалтан надад "чамайг ажлаас хал гэж хэзээ ч хэлж байгаагүй" гэв. Миний бие шударга байсныхаа төлөө буюу тус эмнэлгийн болж болохгүй байгаа зүйлийг эрх бүхий газарт уламжилсныхаа төлөө ажил олгогч өс хонзон санаж намайг ажлаас халсан гэж ойлгож байна. Нөгөө талаар миний бие 3 хүртэлх насны нялх хүүхэдтэй гэдгийг ажил олгогч маань мэдсээр байж хуулийг зөрчин байж маргаан бүхий тушаалыг гаргасан явдалд туйлын гомдолтой байна. Иймд Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тус өрхийн эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар хэвийн ажиллаж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийсэн ба тус хурлаар  өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, мөн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн албан тоотын талаар яригдсан. Тухайн хурлын үеэр “намайг ажлаас халах, чөлөөлөх талаар яриагүй. Ажилтнууд намайг дэмжиж, намайг магтаж, сургалтад хамрагдаж ирээд ажиллаарай гэж хэлсэн.  Би 2013 онд анх ажилд орсон ба 2014 онд 3 сар “нийгмийн ажилтны удирдлага” гэх сургалтад хамрагдаж байсан. Тухайн үед дарга намайг сургалтад хамрагдах үед дэмжиж 3 сарын цалинг бүрэн олгосон. Би сургалтад хамрагдаж ирсний дараа гэрчилгээний хуулбарыг Эрүүл мэндийн газар болон даргад өгсөн.  Тухайн өдөр хурлаас гарсны дараа дарга М намайг албаны өрөөндөө дуудсан ба надад “мэдэгдэх хуудас үзүүлсэн” ба тухайн мэдэгдэх хуудас тамгагүй, он сар өдөргүй бичээгүй байсан. Дарга тухайн үед надад “чамд энэ мэдэгдэх хуудсыг үзүүлье гэж бодсон, хоёулаа ярилцвал яах уу, мэргэжлийн хяналтын газарт өгвөл хариу болгож өгөх үү” гэж хэлсэн. Би даргад “мэдэгдэх хуудсанд 05 дугаар сарын 31-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцална гэж бичсэн байна, энэ юу юм бэ би ойлгохгүй байна гэж хэлэхэд “зүгээр л чамд үзүүлье гэж бодсон” гэж хэлсэн. Дараа нь надад юм хэлээгүй. Тэр үед дарга хажуудаа суугаа сувилагчид гарын үсэг зуруулах баримт авчир, энэ хүн татгалзаж байгаа тухай бичүүлж авъя гэж хэлсэн. Би мэдэгдэх хуудас авахаас татгалзсан. Би тамгагүй байна, юу гэж ойлгох юм бэ гэж гарын зүсэг зурсан. Тухайн үед 17 цаг болж байсан тул би яваад өгсөн. 05 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудасны заалтыг өөрчилж над руу шуудангаар явуулсан байна. Би шуудангаар мэдэгдэх хуудсыг хүлээн авсан. Би яагаад мэдэгдэх хуудас явуулсан талаар даргаас асуухад “би чамд гомдсон тул явуулсан, би үүнийг хүчингүй болгож өгнө,” гээд намайг тэврээд үнссэн. Уг явдлаас хойш хэд хоногийн дараа М өвдөж эмнэлэгт хэвтсэн. Тэрээр 2 долоо хоног эмнэлэгт хэвтсэн ба эмнэлгээс гарч ирээд намайг дуудаж тушаал өгсөн. Би даргад “та яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ, ямар ч хурал  хийгээгүй, би энэ тушаалыг авахгүй” гэж хэлэхэд “хурал болсон, хуралд орсон бүх ажилчид чамайг ажлаас халъя гэж хэлсэн” гэж тайлбарласан. Би тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг уншиж үзэхэд нэг ч ажилтан намайг ажлаас халъя гэж хэлээгүй байсан. Дарга М “Мэргэжлийн хяналтын газар чамайг ажлаас гарга гэсэн, чамайг ажлаас халахгүй бол надад арга хэмжээ авна” гэж хэлсэн гэж тайлбарласан. Миний өмгөөлөгч аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад “намайг ажлаас чөлөөл гэж хэлээгүй, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн” гэх хариу өгсөн байсан. Би 6 жил тус байгууллагад ажилласан. Би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Би хугацаанаасаа өмнө яамны жуух бичгээр шагнагдаж байсан. Миний яаж ажиллаж байсныг тус байгууллагын бүх ажилтан, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нар сайн  мэдэж байгаа. Иймд, М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. Би нялх хүүхэдтэй. Би тухайн үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан ба үүнийг харгалзан үзэхгүйгээр намайг ажлаас халсан гэв.

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 3.М миний бие "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай" Жы Сын тус шүүхэд гаргасан гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Гомдол гаргагч Ж.С нь 2013 оны 10-р сараас эхлэн "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтан"-ы ажлын байранд 6 -дахь жилдээ ажиллаж байгаа юм. Эрүүл мэнд Спортын Сайдын 2015 оны 12-р сарын 21-ний өдрийн "Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай" 501 тоот тушаалын 2-р хавсралтаар баталсан Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар"-ын "В. Тавигдах шаардлага" хэсэгт "Нийгмийн эрүүл мэнд судлаач" мэргэжил эзэмшсэн бөгөөд "мэдээлэл зүйл, нөхөн үржихүйн орчны хүүхэд өсвөр үе гэх мэт чиглэлээр мэргэжсэн байх, төрөлжсөн сургалтад хамрагдсан үнэмлэхтэй байх Ерөнхий шаардлага тавьсан байгаа юм. Гэтэл "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн "Нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтэн" -ий ажлын байранд ажиллаж буй Ж.С нь Казакстан улсын Караганд хотын Ангаах ухааны сургуулийг "шүдний эмч" /стоматология/ мэргэжлээр төгссөн тул Мэргэжил Хяналтын байгууллагаас Ж.Сыг ажлын байрны шаардлагыг хангахгүй байх тул албан тушаалаас өөрчлөхийг удаа дараа шаардаж, албаны шаардлага, мэргэжлийн дүгнэлт гаргаж байсан юм.Тухайлбал:

1. 2015 оны 03-р сарын 11-нд Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн "Зөрчил арилгуулах тухай" 04-03-021/15 тоот албан шаардлага

2. 2015.03.30-ны өдрийн "Үйл ажиллагаа орон байрны тухай" 04-03-022/85 тоот Улсын байцаагчийн дүгнэлт 

3. 2016.04.08-ны өдрийн "зөвлөмж хүргүүлэх тухай" 04-03-021/70 тоот Улсын байцаагчийн зөвлөмж.

4. 2019.04.04-нийөдрийн "дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот Улсын байцаагчийн албан шаардлага зэрэг болно.

"М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зүгээс Ж.Сыг 2015 оноос хойш "Нийгмийн эрүүл мэндийн судлаач" мэргэжлээр суралцах, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшихийг үүрэг болгож, тухайн ажлын байранд хэвээр ажиллуулж ирсэн боловч, одоо хүртэл зохих мэргэжил эзэмшээгүй тул аргагүйн эрхэнд 2019 оны 04-р сарын 04-ний өдрийн "Дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, Эрүүл мэнд, Спортын Сайдын 2015 оны "Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай" 501 тоот тушаалаар баталсан "ажлын байрны шаардлагыг хангах" үүднээс 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн "Сыг ажлаас чөлөөлөх тухай" Б/19 тоот тушаалаар Ж.Сыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан гомдолд: "Одоо эрхэлж байгаа Нийгмийн Эрүүл мэндийн ажилтны орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа нотлох баримт байхгүй байхад ажлаас чөлөөлсөн" гэжээ.

Гэтэл Ж.С нь "нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтэн"-ний ажлын байрны тодорхойлолтод заасан "Нийгмийн Эрүүл мэнд судлаач" мэргэжил эзэмшээгүй, зөвхөн шүдний эмч мэргэжилтэй болох нь түүний мэргэжлийн диплом, Улсын байцаагчийн удаа дараа гаргаж байсан албан шаардлага, дүгнэлт зэргээр батлагдаж байна. Ж.Сыг "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын. 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн "Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай" Б/19 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэнд, Спортын сайдын 2015.12.21-ний өдрийн "Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай" 502 тоот тушаалын 2-р хавсралтаар баталсан "ажлын байранд тавигдах шаардлага" МХГ-ын удаа дараагийн дүгнэлт, шаардлага, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-дзаасан үндэслэл зэргийг харгалзан үзэж ажлаас чөлөөлсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5-д заасны дагуу Ж.С 2019 оны 04-р сарын 26-ны өдөр "Мэдэгдэх хуудас" өгч "Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай" урьдчилсан мэдэгдсэн юм. Энэ нь 2019.04.26-ны өдрийн 01 тоот мэдэгдэх хуудас, явуулсан бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн 07-рт бүртгэсэн бичиг хэргийн журналаар нотлогдож байна. Улсын байцаагчийн 2019.04.04-ний өдрийн "Дутагдал арилгуулах тухай" 04-03-003/140 тоот "Албан шаардлага"-ыг үндэслэж, Ж.Сын асуудлыг "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019.04.26-ны өдрийн 08-р хуралдаанаар хэлэлцэж, "ажлаас чөлөөлж, давтан сургаж, нийгмийн эрүүл мэндийн" чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхээр нөхөрлөлийн гишүүдийн 100% -ийн саналаар шийдвэрлэсэн бөгөөд, ажлаас чөлөөлөхөд "хамт олны саналыг" харгалзсан болно.  Иймд шүүхээс хүсэх нь:

1. "М" БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Жы Сын гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурал болсон. 2015 оноос эхлэн Ж.С танай байгууллагад ажиллаж болохгүй, өрхийн эрүүл мэндийн төвд зөвхөн шүдний эмчээр ажиллах ёстой, өрхийн эрүүл мэндийн төвд  эмч болон бусад мэргэжилтнээр ажиллаж болохгүй гэх удаа дараа шаардлага ирж байсан. 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зөрчил  арилгуулах тухай 040302115 дугаартай албан шаардлага, мөн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагаа орон байрны улсын байцаагчийн 040302005 дугаартай зөвлөмж,  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 040302170 дугаартай зөвлөмж тус тус ирсэн. Удаа дараа буюу “байнга” албан шаардлага хүргүүлээд шаардлага тавиад байсан. Сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын байцаагчийн дутагдал арилгуулах тухай албан шаардлага ирсэн. Би дээрх бүх албан шаардлагуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд “эдгээр дутагдлуудыг арилгуулахаар М Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Мд Эрүүл мэндийн тухай хуулийн 22.1, Төрийн шалгалтын тухай хуулийн 19.8-т заасан бүрэн эрхийнхээ дагуу шаардах нь” гэж бичсэн байгаа. Надад “Ж овогтой Сыг мэргэжлийн дагуу Өрхийн эрүүл мэндийн төвд зохицуулалт хийж, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 501 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн зааврын ерөнхий шаардлагыг хангасан боловсон хүчин томилон ажиллуулах тухай” шаардлага өгсөн. Би дээрх шаардлагуудын талаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурал  хийсэн. Тус төвд нийт 23 хүн ажилладаг ба хуралд бүх ажилтан нар оролцсон. Би хурлаар Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагыг танилцуулж, уг орон тоонд Ж.С тэнцэхгүй гэдгийг хэлсэн. Би  Ж.Сыг анх 2013 онд ажилд авч их эмчээр томилсон боловч их эмчээр ажиллаж болохгүй гэсэн тул би нийгмийн ажилтнаар томилсон байсан. 2017 онд ажлын байрны үлгэрчилсэн заавар батлагдахад Ж.С ажлын байрны шаардлага хангаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийж танилцуулаад Ж.С мэргэжлийн дагуу тус ажлын байрны тодорхойлолт заасны дагуу тэнцэхгүй, бид удаа дараа зөрчиж ирсэн байна, яах бэ гэхэд бүх ажилчид “Ж.С 4 жил тус мэргэжлээр сурахгүй бол болохгүй юм байна” гэх шийдвэр гаргасан. Тухайн үед бичиг хэргийн ажил хийж байсан дүн бүртгэлийн мэргэжилтэн А Ж.Ст мэдэгдэх хуудсыг өгөх гэсэн ч аваагүй. Би Ж.Сыг албан өрөөндөө дуудаад “би эвлэрэх санал гаргаж, түүнийг өөр ажилд томилж өгье гэсэн"  ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үед Ж.С “би ажлаа хийх ёстой, юу яриад байгаа юм бэ, би мэдэгдэх хуудас авахгүй” гэж уурлаад гараад явсан. Ж.С мэдэгдэх хуудас аваагүй учир мэдэгдэх хуудсыг авахгүй гэж шидсэн тул шуудангаар явуулсан. Би тушаал гаргах үед Ж.Ст “би 4-5 жил чамайг хамгаалж ирсэн, чамайг ажлаас чөлөөлөхгүй бол надаас арга хэмжээ авна” гэдгийг тайлбарлаж хэлсэн. Ж.Сын бага хүүхэд 09 дүгээр сарын 09-ны өдөр 3 нас хүрэх ёстой. Би урьд нь Ж.Сыг бага насны хүүхэдтэй гэж хамгаалж ирсэн. Би энэ удаад ч гэсэн Ж.Сыг хамгаалах ёстой байсан ч 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тухайн орон тоонд заавал мэргэжлийн хүнийг ажиллуул гэж албан шаардлага ирсэн тул би  05 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж, мэргэжлийн хүнийг томилсон. Надаас уг асуудлаас болж арга хэмжээ авч байгаа. Би тухайн үед Ж.Сыг ажлаас чөлөөлөөгүй байсан ч түүний хүүхэд 09 дүгээр сарын 09-ний өдөр 3 нас хүрэх үед би түүнийг ажлаас чөлөөлөх байсан. Тушаал өгсний дараа ямар нэгэн ажилд томилж Ж.Стай эвлэрье гээд түүнийг 2-3 удаа дуудсан ч  “би очихгүй, ямар ч гэсэн үзүүлээд өгнө, чи эхэлсэн“ гээд ирээгүй. Би түүнийг дуудах үед ирээд “чи намайг яагаад дуудаад байгаа юм бэ, би өөр ажил хийхгүй, би ажлаа хийнэ” гэж уурлаж хашхираад миний өрөөнд орж ирээд танхайрч, намайг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн. Би СД бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Би Ж.Ст 2-3 удаа  өөр ажил хийх боломж олгож, өөр ажил хийхгүй гэж хэлсэн. Эмч эмнэлгийн мэргэжилтэн болон сувилагч нар эмчлэх эрхээ сунгуулах үед жилд сувилагч нар 3 кредит багц, эмч нар 6 кредит бүрдүүлэх ёстой. Нийгмийн ажилтан нарт эрх авна гэх ойлголт байхгүй. Ж.С нь шүдний эмчийн эрхлэх эрхээ сунгуулах үед бүрдүүлсэн сургалтын багцын талаар нотлох баримт гаргаж өгч байна. Ж.С мэдлэг мэргэжлээ  дээшлүүлэхээр сургалтад  хамрагдсан болохоос биш мэргэшсэн гэж ойлгож болохгүй.Дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Х.А 2019 оны эхэнд ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, хугацааг нь  сунгуулах талаар мэдэгдсэн. 2019 оны 01, 02 дугаар сарын эхэнд шинээр үлгэрчилсэн дүрэм гаргаж тавьсан. Сын гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тус төвийн бүх бичиг баримтуудыг дүн бүртгэлийн мэргэжилтэн А хариуцаж, боловсруулж байгаа. Нэхэмжлэгч шаардлага хангахгүй ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн байна гэж бодож байна. Бүх байгууллагад бичиг хэргийн ажилтан, дүн бүртгэлийн мэргэжилтэн нар бичиг баримтуудыг боловсруулдаг гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Е шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Адилбек овогтой Е нь “М” ӨЭМТөвд нийгмийн ажилтнаар ажилладаг бөгөөд тус төвийн дарга З.М нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар намайг тус орон тоонд томилсон юм. Өмнө нь тус орон тоонд ажиллаж байсан Ж.С нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 9-р сарын 9-нд түүний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан зарлагдсан байна. Энэ хэргийн улмаас маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаа миний эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оноос 2018 он хүртэл Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн эрүүл мэнд нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн. Би сургуулиа төгссөний дараа Мэргэжлийн хяналтын газарт “аймгийн хэмжээнд эрүүл мэндийн газруудад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа эсэхийг шалгаж өгөх” тухай өргөдөл гаргасан. Миний дээрх хүсэлтийн дагуу мэргэжлийн хяналтын газар тухайн байгууллагуудад гэнэтийн шалгалт явуулаад надад “эрүүл мэнд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжил нь эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага хангахгүй байна, таны гаргасан хүсэлт өргөдөл үндэслэлтэй байх тул дээрх зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгсөн” гэх хариу өгсөн.  Би М өрхийн эрүүл мэндийн төвд ажилд орох тухай хүсэлт гаргасан. Би М өрхийн эрүүл мэндийн төвд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэргэжлийнхээ дагуу ажилд томилогдсон. Миний эрх ашиг зөрчигдөж магадгүй гэж бодоод гуравдагч этгээдээр уг хэрэгт оролцох талаар хүсэлт гаргасан. Иймд тус хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.С нь Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.С нь Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-нийөдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүлээн авч, уг тушаалыг эс зөвшөөрч, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байранд ажиллаж буй Ж.С нь Казахстан улсын Караганд хотын Анагаах ухааны сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн тул Мэргэжил хяналтын байгууллагаас Ж.Сыг ажлын байрны шаардлагыг хангахгүй байх тул албан тушаалаас өөрчлөхийг удаа дараа шаардаж, албаны шаардлага, мэргэжлийн дүгнэлт гаргаж байсан. М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зүгээс Ж.Сыг 2015 оноос хойш Нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлээр суралцах, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшихийг үүрэг болгож, тухайн ажлын байранд хэвээр ажиллуулж ирсэн боловч одоо хүртэл зохих мэргэжил эзэмшээгүй тул аргагүйн эрхэнд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Дутагдал арилгуулах тухай” 04-03-003/140 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, Эрүүлмэнд, Спортын сайдын 2015 оны Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай 501 тоот тушаалаар баталсан ажлын байрны шаардлагыг хангах үүднээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” Б/19 тоот тушаалаар Ж.Сыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болно. “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Жы Сын гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Е шүүхэд гаргасан тайлбартаа “... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэргэжлээрээ ажилд томилогдсон, иймд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу уг орон тоонд мэргэжлээрээ төгссөн миний бие ажиллах ёстой. Ж.С шүдний эмч төгссөн түүний диплом Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад нийцэхгүй байгаа юм. Ийм ураас миний эрх ашгийг зөрчихгүй байхыг хүсье” гэжээ.

Хариуцагч “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Сыг “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, “М” Өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын “гурав” дугаар бүлгийн 3.1.1, найм дугаар бүлгийн 8.3.1, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага “М” ӨЭМТөвийн БГБХНөхөрлөлийн гишүүдийн 2019.04.26-ны өдрийн №08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн 1. “М” Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.С нь хүүхдийн шүдний эмч мэргэжилтэй бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-аар баталсан нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болсон тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн №04-03-021/15 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №04-03-022/85 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №04-03-021/70 дугаартай улсын байцаагчийн зөвлөмж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг удаа дараа хүргүүлж, Ж.Сд мэргэжлээр суралцах боломжийг 2015 оноос эхлэн олгосон боловч одоо хүртэл нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын байрны шаардлагад тавигдах зайлшгүй шаардлагатай мэргэжлийг эзэмшээгүй тул мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ж.Сд 1 /нэг/ сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосугай. 3. Ж.Сын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээж авч, акт үйлдэхийг их эмч Х.Е, сувилагч Х.А нарт даалгаж, Ж.Стай холбоотой тооцоо хийж дуусгахыг нягтлан бодогч К.Нт тус тус даалгасугай   гэж нэхэмжлэгч Ж.Сыг “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтны албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцсэн байх учиртай юм.

Ажил олгогч ажилтан Ж.Сыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, “М” Өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын “гурав” дугаар бүлгийн 3.1.1, наймдугаар бүлгийн 8.3.1, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага “М” ӨЭМТөвийн БГБХНөхөрлөлийн гишүүдийн 2019.04.26-ны өдрийн №08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгож ажилтан Ж.Сыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон бол ...” гэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Ажил олгогчийн ажилтан Ж.С нь мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох ба дээрх дүгнэлт, шийдвэр гараагүй байхад ажил олгогч ажилтан Ж.С нь шүдний эмч мэргэжилтэй учир гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж албан тушаалаас буюу ажлаас нь чөлөөлсөн нь хуулинд нийцээгүй байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-аар баталсан нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болсон гэж үзэж ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол ажил олгогч анх ажилтныг ажилд томилохдоо Ж.С нь шүдний мэргэжилтэй гэдгийг мэдэж байж энэхүү албан тушаалд буюу ажилд томилж ажиллуулж байсан бөгөөд өнөөдөр энэхүү мэргэжил нь нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байна гэж үзэж ажлаас нь чөлөөлж байгаа асуудал нь хуулинд заасан эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзлээ. 

Хариуцагч хавтаст хэрэгт Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаартай “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай” тушаал болон уг тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-ыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын “гурав” дугаар бүлгийн 3.1.1, наймдугаар бүлгийн 8.3.1-ийг тус тус үндэслэл болгосон байх ба хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн Хөдөлмөрийн дотоод журмыг судлахад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн төвийн “М” ӨЭМТөвийн БГБХН-ийн хурлаар дэмжиж баталсан гэх ба Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-т “Дарга нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэн төвийн үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд тушаал гаргана”, 8.3.1-т “Ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө” гэсэн мөртлөө Хөдөлмөрийн дотоод журамд ямар эрх зүйн харилцаанд тушаал гаргана гэдгээ тодорхой тусгаагүй байна. 

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн №04-03-021/15 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №04-03-022/85 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №04-03-021/70 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжүүдийн тушаалдаа баримталсан нь учир дутагдалтай болсон байна гэж үзлээ. Учир нь, тухайн үед энэхүү эрхийн актууд нь М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалгаж гарсан алдаа дутагдлуудыг арилгах чиглэл өгсөн болохоос биш ажилтан Ж.С нь мэргэжил, ... гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Дээрх эрхийн актууд нь гарсан он сар өдрийн хувьд тухайн үед ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл байсан бол ажлаас нь чөлөөлөх бүрэн эрх нь ажил олгогчид байсан мөртлөө одоо үндэслэл болгож ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.

Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагын шаардах хэсэгт “... Ж овогтой Сыг мэргэжлийн дагуу өрхийн эрүүл мэндийн төв дотроо зохицуулалт хийж, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тушаалын 2-р хавсралтаар “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-ын ерөнхий шаардлагыг хангасан боловсон хүчинг томилон ажиллуулах, ... тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх, хэрэв хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд хуулинд заасан арга хэмжээ авах болно” гэж энэхүү шаардлагыг хүргүүлжээ. 

Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04-03-003/140 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг ажил олгогчид ажилтан Ж.Сыг  ажлаас чөлөөл гэж хүргүүлээгүй буюу байгууллага дотроо зохицуулалт хийж, ажлын байрны шаардлагыг хангасан ажилтанг томилон ажиллуул гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/402 дугаартай албан бичгээр “Улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04-03-021/15 дугаар албан шаардлага, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04-03-022/85 дугаар дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04-03-021/70 дугаар зөвлөмж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04-03-0003/140 дугаар актуудаар аймгийн “М” ӨЭМТөвийн ажилтан Ж.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаагүй өөрөөр хэлбэл тухайн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, гарсан дутагдлуудыг арилгуулахыг зөвлөсөн” гэх хариуг өгсөн байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтан нар нь харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна гэж үзлээ. Хөдөлмөрийн гэрээний 1.7-д хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан байхад ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй болсон байх ба энэ талаар ажилтан Ж.Сыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэхгүй байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон буюу цуцалсан талаар тусгаагүй мөртлөө ажилтан Ж.Ст хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 01 дугаартай мэдэгдэх хуудсыг гаргасан байх ба энэхүү мэдэгдэх хуудсыг ажилтанд шуудангаар хүргүүлсэн байна. Гэтэл мэдэгдэх хуудсанд дурдсан үйл баримт тогтоогдоогүй байхад ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаанаа нэг сарын өмнө мэдэгдсэн байна гэж үзэхэд учир дутагдалтай байна. 

Мөн ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа “М” ӨЭМТөвийн БГБХНөхөрлөлийн гишүүдийн 2019.04.26-ны өдрийн №08 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэл болгожээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “М” ӨЭМТөвийн БГБХНөхөрлөлийн гишүүдийн хурал болсон байх ба уг хурлын дүгнэлт хэсэгт “... Ж.Сыг сургалтад явуулж оронд нь хадгалах гэж хамт олон 100% шийдвэрлэв” гэжээ. Гэтэл ажил олгогчийн тушаалдаа баримталсан үндэслэл буюу өөрийнх нь тайлбарлаж байгаа байдал нь хурлын тэмдэглэлд тусгасан байдлаас зөрүүтэй тайлбарлаж байгаа ба хамт олны саналыг үндэслэн хурлын шийдвэр гаргах ёстой байтал ажил олгогч хамт олноос Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гараагүй байхад хурлын тэмдэглэлийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэл болгосон учир дутагдалтай байна.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан Х.Е,Т.А, К.З, М.А, Е.А, Х.А  нарын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “М” БГБХНөхөрлөлийн гишүүдийн хуралд оролцож хуралд авч хэлэлцсэн асуудлын талаар санал бодлоо хэлсэн тухай бичмэлээр тодорхойлолт үйлдсэн байх ба тухайн хурлын шийдвэрээр Ж.Сыг ажлаас халах биш, цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил сургалтад хамруулах талаар санал дэвшүүлсэн байхад ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалдаа уг хурлын тэмдэглэлийг үндэслэл болгосон буруу байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэг, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байхад ажил олгогч Ж.Сыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.

Хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.С нь 2016 оны 09 сарын 09-ний өдөр Аын Шг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогдох ба хуулинд зааснаар нэхэмжлэгч Ж.С нь гурав хүртэлх насны нярай хүүхэдтэй байхад ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал болон уг тушаалын нэгдүгээр хавсралтын талаар зохигчид маргаагүй буюу энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Иймд Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн СД диск нь уншигдахгүй /нээгдэхгүй/ байсан ба уг СД-ийг хуулинд заасан үндэслэл журмын дагуу  нотлох баримтаар бэхжүүлээгүй байх тул нотлох баримтаар гаргаж өгсөн СД-ийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан  Б аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаартай “Ж.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Б аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН