Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 567

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн О газар /дарга Б.А/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Аы Еад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.М, М.А, хариуцагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлүүлсэн бараа материалын үнэ 10372500 төгрөг гаргуулах тухай.  

Нэхэмжлэгч Б аймгийн О газрын дарга Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт ажилтай иргэн А.Е гурван сарын өмнө Улсын нөөцийн салбараас 10372500 / арван сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөгийн бараа, материал болох өвс, тэжээл зээлдэн авч тухайн үед иргэн А.Е "2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг холбогдох дансанд шилжүүлнэ" гэсэн гарын үсэгтэй хоёр төрлийн бичиг өгсөн юм. Тохиролцсон хугацаанаас хойш гурван сар өнгөрсөн боловч мөнгийг буцааж зохих дансанд тушаахгүй байна. Байгууллагаас зээлүүлсэн бараа, материалын мөнгө болох нийт 10372500 төгрөгийг тус сумын 4 дүгээр багийн иргэн А.Еаас нэхэмжилж байна. Иймд А.Еаас 10372500 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Засгийн газрын тогтоолын дагуу бүх сумуудад хөнгөлөлттэй өвс, тэжээл олгосон. А.Е өвс тэжээлийг хүлээн авч, үнийг төлнө гэж баримт бичиж өгсөн. Гэтэл хариуцагч өдий хүртэл төлбөр төлөөгүй тул улсад өр авлага үүсгэж, тайланд тусгагдаад байна. Аөөс бусад сумууд өвс тэжээлийн тооцоог хийсэн. Аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Ард иргэд болон холбогдох эрх бүхий албан тушаалтнууд ярилцаад өвс тэжээлийн мөнгийг төлөх шаардлагатай байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид нар  Засгийн газрын 2019 оны 82 дугаар тогтоолын дагуу хуваарилалт хийсэн. А суманд 18 тонн тэжээл, 35 тонн өвс олгосон. Дээрх өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Иймд хариуцагчаас дээрх өвс тэжээлийн үнэ болох 10372500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай А.Е миний бие 2019 оны 3-р сард Б аймгийн улсын нөөцийн салбараас тус суманд хуваарилсан өвс тэжээлийг Засаг дарга С.Бийн өгсөн үүрэг даалгаврын дагуу очиж ачуулсан юм.Тухайн үед зарж борлуулсан хойно үнэ өртгийн хийнэ гэж манай дарга тохирч ачуулсан байдаг юм.Өвс тэжээл нь тухайн суманд хүргэгдэж ирэх үед цаг агаар дулаарч шинэ ногоо гарсан учир одоогоор тухайн улсын нөөцийн салбараас авсан өвс нь улсын мэдлийн А сумын тэжээлийн нөөцийн салбарт тоо ширхэг ёсоор байгаа билээ.Харин тэжээлийн хувьд тухайн үед малчдад зээлээр тараагдаж одоо мөнгө нь гүйцэд цугларсан ба 360 уут тэжээлийн үнэ болох 5535000 төгрөг танай нөөцийн салбарын дансанд шилжүүлэхэд бэлэн байна тухайн үед мөнгийг гүйцээж шилжүүл гэсэн шалтгаанаар хойшлогдсон боловч одоо манайд Улсын нөөцийн салбар дансаа хүргүүлсэн нөхцөлд тус мөнгийг бэлэн шилжүүлэх болно. Үлдсэн 4837000 төгрөгийн өвс зарагдаагүй тус сумын тэжээлийн фондын хашаанд байгаа болно. Иймд цаг агаар орон даяар дулаарч улсын нөөцөөс өгсөн өвс нь зарагдаагүй өвсний би хувиасаа төлөх боломжгүй ба төрийн ажил хийж байгаа миний хувьд төрийн хөрөнгө мөнгийг ашиглан шамшигдуулаагүй уг өвс нь зарагдаагүй тул буцаан татах арга хэмжээ авч ажиллахыг улсын нөөцийн салбараас хүсэж байна. Уг нэхэмжлэлд дурдсанаар хувь хүн надаас гаргуулах мэтээр дурдсан байгаа нь миний хувьд төрийн ажил хийж төрөөс өгсөн өвс тэжээлийг малчдад хүртээсэн болохоор уг өвс тэжээлийг хувьдаа авч ашиглаагүй ард иргэдэд тухайн үнээр борлуулсан одоо өвс нь тоо ёсоор манай сумын хашаанд байгаа болно гэв.  

Хариуцагч А.Е шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тиймээс ч төрөөс хөнгөлөлттэй өвс тэжээл өгч байна. Би төрийн ажил хийж байгаа тул өвс тэжээлийг гарын үсэг зурж, хүлээж авсан. Би надаас  өвс тэжээлийн мөнгө гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 360 уут тэжээл нь зарагдаад дууссан ба мөнгө нь бэлэн байна. Тэжээлийн үнэ болох 5535000 төгрөг мөнгө бэлэн байгаа. Бид бараа материал татаж авмагц дулаарсан тул нэг ч ширхэг өвс зарагдаагүй. Тухайн үед цаг агаар дулаарч өвс тэжээлийн гарц сайн байсан тул өвс зарагдаагүй. Бидэнд цаг агаарын урьдчилан таах боломж байгаагүй. Тухайн өвс нь улсын хөрөнгөөр баригдсан улсын нөөцийн тэжээлийн фондод хураагдсан байдалтай байгаа. Би зарагдаагүй байгаа өвсний үнэ төлбөрийг хэрхэн төлөхийг мэдэхгүй байна. Би өвс, тэжээлийг хүлээн авсан нь үнэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б аймаг О газар нь хариуцагч А.Еаас байгууллагаас зээлдүүлсэн бараа, материалын мөнгө 10372500 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч А.Е нь “... А сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай А.Е миний бие 2019 оны 3-р сард Б аймгийн Улсын нөөцийн салбараас тус суманд хуваарилсан өвс тэжээлийг Засаг дарга С.Бийн өгсөн үүрэг даалгаврын дагуу очиж ачуулсан юм. Өвс тэжээл нь тухайн суманд хүргэгдэж ирэх үед цаг агаар дулаарч шинэ ногоо гарсан учир одоогоор тухайн улсын нөөцийн салбараас авсан өвс нь улсын мэдлийн А сумын тэжээлийн нөөцийн салбарт тоо ширхэг ёсоор байгаа билээ. Тэжээлийн хувьд тухайн үед малчдад зээлээр тараагдаж одоо мөнгө нь гүйцэд цугларсан ба 360 уут тэжээлийн үнэ болох 5535000 төгрөг танай нөөцийн салбарын дансанд шилжүүлэхэд бэлэн байна, тухайн үед мөнгийг гүйцээж шилжүүл гэсэн шалтгаанаар хойшлогдсон, үлдсэн 4837000 төгрөгийн өвс зарагдаагүй тус сумын тэжээлийн фондын хашаанд байгаа болно. Иймд цаг агаар орон даяар дулаарч улсын нөөцөөс өгсөн өвс нь зарагдаагүй өвсийг би хувиасаа төлөх боломжгүй ба төрийн ажил хийж байгаа миний хувьд төрийн хөрөнгө мөнгийг ашиглан шамшигдуулаагүй уг өвс нь зарагдаагүй буцаан татах арга хэмжээ авч ажиллахыг улсын нөөцийн салбараас хүсэж байна. Уг нэхэмжлэлд дурдсанаар хувь хүн надаас гаргуулах мэтээр дурдсан байгаа нь миний хувьд төрийн ажил хийж төрөөс өгсөн өвс тэжээлийг малчдад хүртээсэн болохоор уг өвс тэжээлийг хувьдаа авч ашиглаагүй ард иргэдэд тухайн үнээр борлуулсан одоо өвс нь тоо ёсоор манай сумын хашаанд байгаа болно” гэж маргасан болно.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч А.Еын бичсэн гарын баримтад: “Б аймгийн улсын нөөцийн салбараас 134 уут тэжээл, 804 боодол өвс хүлээн авлаа. Нийт 4472250 төгрөгийг 2019.03.18-ны өдөр тухайн дансанд шилжүүлэх болно. 2019.03.16”, мөн “2019.03.12. А сумын ЗДТГ-ын дарга Өлгий сумын нөөцийн салбараас 5900250 төгрөгний өвс тэжээлийг зээлээр авлаа. Уг мөнгийг 2019.03.18-ны өдөр тухайн дансанд шилжүүлэх болно” гэсэн байх ба шүүхэд гаргасан тайлбар болон зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар тус тус хариуцагч А.Ерганат нь нэхэмжлэгч Б аймаг О газрын Улсын нөөцийн салбараас өвс тэжээл авсан болох нь нотлогдож байна.

Хариуцагч А.Е нь “... уг нэхэмжлэлд дурдсанаар хувь хүн надаас гаргуулах мэтээр дурдсан байгаа нь миний хувьд төрийн ажил хийж төрөөс өгсөн өвс тэжээлийг малчдад хүртээсэн. ... ЗДТГазраас өвс тэжээлийн үнийг төлөх боломжгүй, би хувиасаа төлөх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн өөрийн гарын баримтаараа бичиж, өвс тэжээлийг тоолж хүлээн авч, дансанд мөнгийг шилжүүлэхээр хариуцаж авч, өөрөө баримт үйлдэж өгсөн байх тул уг өвс тэжээлийн үнийг өөрөө хариуцаж барагдуулах үүрэгтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Е нь “... А сумын Засаг даргын өгсөн үүргийн дагуу хүлээн авсан, төрийн ажлыг хийж байгаа” гэх боловч энэ талаар хариуцагч нотолж чадаагүй учир энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн зарлагын баримт 1, 2 гэх баримтад худалдан авагч А.Е гэж бичигдсэн ба зарлагын баримт 2-т хүлээн авагч А.Е гэж гарын үсэг зурж авсан болон Б аймаг О газрын Улсын нөөцийн салбараас баримт үйлдэж хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримтаар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч нарын тайлбараар нэхэмжлэгч Б аймаг О газрын Улсын нөөцийн салбараас өвс тэжээл зээлдэн авсан хариуцагч А.Е нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.

Нэгэнт хариуцагч А.Е нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч Б аймгийн О газрын Улсын нөөцийн салбар нь худалдан авагч А.Е үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөхөөр үүргийг хүлээсэн байх ба энэ үүргээ А.Е нь зохих ёсоор биелүүлээгүй  байна.

Мөн худалдагч Б аймгийн О газар нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч А.Еын өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг хүлээн авсан болох нь хариуцагч А.Еын өөрийн бичиж өгсөн баримтаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч А.Е нь “... шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тэжээл бүрэн зээлээр өгч борлуулсан мөнгө төгрөг нь бэлэн байгаа дансанд шилжүүлэх болно, харин боодол өвс хашаанд байгаа борлогдоогүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй учир боодол өвс борлогдоогүй байгаа гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хариуцагч А.Еаас зээлдүүлсэн бараа, материалын мөнгө 10372500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймаг О газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн О газар нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Еаас 180910 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай Ж овогт Аы Еаас зээлдүүлсэн бараа, материалын мөнгө 10372500 /арван сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн О газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн О газар нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Еаас 180910 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН