Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар  2023/ШЦТ/244

 

      2023        04          05                                  2023/ШЦТ/244

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиунгэртэн овгийн Б.У д холбогдох эрүүгийн 2211000001851 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Халиунгэртэн овгийн Б.У , 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МЯ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талст” кароакед хохирогч С.О ийг хэл амаар доромжлон шатнаас түлхэн унагаж, улмаар үснээс зулгаан унагаж, баруун хөлрүү нь өшиглөж, үснээс чирэн хаалгаар гадагш гаргаж шатнаас түлхэж унагаан, бөгсрүү нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал болох хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.У  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.О ийг хэл амаар доромжлон шатнаас түлхэн унагаж, улмаар үснээс зулгаан унагаж, баруун хөлрүү нь өшиглөж, үснээс чирэн хаалгаар гадагш гаргаж шатнаас түлхэж унагаан, бөгсрүү нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал болох хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,

- Хохирогч С.О ийн цалингийн тодорхойлолт /хавтаст хэргийн 78 дахь тал/,

- Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 авто центр нэртэй 5 давхрын 3 давхарт байрлах Талст нэртэй караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-51 дэх тал/,

- Хохирогч С.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой ажлаа тараад ажлын хамт олноороо караоке орохоор болж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж дуулсан. Мөн цагаан архи тойруулаад хүний хоёр, хоёр лаазтай шар айраг уусан. Хэдэн архи тойруулж уусан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед 15-20 орчим хүн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлын талаар тодорхой санаж байна, мөн өөрийгөө бүрэн хариуцах чадвартай байсан. 15-20 орчим ажлын хүмүүсээс явах нь явсан ба би харих зорилгоор ганцаараа тус газраас гарч ирсэн. Намайг гарч ирэх үед У  гадаа зогсож байсан ба намайг харснаа хэл амаар доромжилж байгаад, миний зогсож байсан шатнаас хоёр гараараа зориудаар түлхэж газарт унагаасан ба намайг газраас босож амжаагүй байтал У  над руу дөхөж ирээд миний өмсөж байсан цамцны хоолой хэсгээс хоёр гараараа зориудаар түлхэж газарт унагаасан ба намайг газраас босож амжаагүй байтал У  над руу дөхөж ирээд миний өмсөж байсан цамцны хоолой хэсгээс хоёр гараараа зулгаасан. Тэр үед ажлын газрын Номин дөхөж ирээд У ыг салгаж болиулсан. Тэгээд би харихаар такси бариад гэрлүүгээ явсан. Тэр үед хөл, нуруу хэсэг зовиурлаж, өвдөж байсан...”, “...Би тухайн хэрэг болсон өдрөөс хоёр хоногийн дараа би Гэмтэл согог судлалын төвд очин үзүүлж нурууны томаграфикийн зураг авхуулахад нуруу хугаралттай байна гэж хариу гарсан бөгөөд гэмтлээс өвчин намдаах эмчилгээ авсан. Тэгээд миний нуруу өвдөөд зүгээр болохгүй байхаар нь 103 руу дуудлага өгч эмчилгээ авсан. Тэгээд хоёр хоногийн дараа Цэргийн төв эмнэлэг дээр 7 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд толгой, нурууны зураг Brillant гэх эмнэлэгт очиж зураг авхуулсан. Тэгээд цэргийн төв эмнэлгээс гарч Нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн тасагт үзүүлж эм бичүүлж авсан. Дараа нь Сүхбаатар дүүргийн эмнэлэгт үзүүлсэн чинь нурууны мэдрэл нь дарагдаад цүлхийлт үүссэн байна гэж хэлээд сувилалд хэвтэж эмчлүүл жилд 4 удаа хэвтээрэй гэж хэлсэн. Дараа нь ЭМЖЖ эмнэлэгт хамраа үзүүлсэн...”, “...Миний гаргаж өгсөн эмнэлгийн НӨАТ-ын баримт дээр 1.110.000 төгрөг байгаа эмнэлгийн байгууллагаас нурууны эмчилгээндээ 250.000 төгрөгийн эм бичиж өгсөн мөнгөгүй учраас тэр эмийг нь авч уугаагүй байна. Мөн дээр нь би ажилдаа нэг cap яваагүй 700.000 төгрөг, эмчилгээ хийлгэх гээд такси унаанд суугаад явсан мөнгө болох 150.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- Гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Янмал нэртэй оймсны компанид тоног төхөөрөмжийн засварчнаар ажилдаг юм. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш манай компани 4 хоног амрахаар болж бөөнөөрөө гарцгаахаар болоод орой ажил 20 цагийн үед тарцгаасан бөгөөд ажлын С.О , У , Б , Д , А ингээд ажлын 10 гаруй хүмүүс байсан бөгөөд ажлын автобусанд бөөнөөрөө сууцгаагаад дэлгүүрээс бид нар өөр өөрсдийнхөө уух пиво архийг аваад машиндаа суугаад ууцгаасан. Тэгээд 17-ийн буудлаас урагшаа буцаж уруудаад караокены 2 билүү 3 нь давхарт гараад 2 цаг гаруй дуулаад 0.75 л архи авч бөөнөөрөө ууцгаагаад эхнээсээ хүмүүс явцгаагаад Б , У , О , Д  нар үлдсэн сүүлд У агийн найз Болороо гэж дууддаг хүүхэн орж ирсэн бөгөөд орж гарцгаагаад караокены өрөөнд би Д  бид хоёр байсан ба цаг хэд болж байсныг мэдэхгүй караокены эгч өрөөнд орж ирээд гараарай нэг чинь шатны уруу уначихлаа гэж хэлэхээр нь явж байтал доод давхар луу уруудаад буусан чинь О , У  хоёр орилолдоод байснаа нэг нэгэнтэйгээ зууралдаад караокены гадаа гарсан бөгөөд шатаар буухад У а, О ийн үснээс гараараа үсдээд орилж хашхираад байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Янмал” нэртэй оймсны компанид чанар шалгагчаар ажилладаг юм. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой би амарч байсан бөгөөд манай компанийн хүмүүс ажлынхнаараа гарцгаасан. Тэгээд манай ажлын найз У  над руу залгаад 23 цагийн үед Талст нэртэй караокед байна хүрээд ирээч намайг аваач гэж хэлсэн. ...караокены эгч гадаа хоёр хүүхэн муудалцаад байна... гэж хэлэхээр нь би шатаар доошоо буугаад дундуур нь орж салгаад удаагүй Номио гарч ирээд нэг нэгээр нь салгаад У тай такси бариад О ийг Номиотой үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 авто центр нэртэй 5 давхрын 3 давхарт байрлах Талст нэртэй караокег 2018 оноос хойш бие даан түрээсэлж ажиллуулж байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед 5-6 эрэгтэй, эмэгтэй нийлсэн хүмүүс орж ирсэн. Тэгээд 23 цагийн үед тухайн хүмүүс орж гараад үүдэнд тамхи татацгаагаад байсан ба би текин дээр суугаад үүдний хяналтын камерыг хараад сууж байтал нэг залуу үүдний сандал дээр нилээн согтолттой сууж байхад нэг намхан хүүхэн ирээд байж байхад удахгүй нэг хүүхэн ирээд тухайн хүүхнийг газар унагаагаад өшиглөж нүүр лүү нь гараараа цохиод байхаар нь би хараад караокены өрөө рүү орж хамт байсан хүмүүст очиж хэлсэн юм. Тэгсэн чинь тухайн хүмүүс өрөөнөөс гараад доошоо буугаад тухайн хүмүүс дээр очсон бөгөөд би караокегоо хаагаад үүдээ барьсан өөр зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13552 дугаартай “...С.О ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн 862 дугаартай “...С.О ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдээс бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

- Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...С.О ийн биед учирсан бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бусад гэмтлүүд нь мөн адил шатнаас унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.444.800 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Б.Насанжаргалыг тогтоосныг зөвтгөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Насанжаргал болгож өөрчлөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Б.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав. 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.У  нь хохирогч С.О т 1.800.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч С.О  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.444.800 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.У ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 1.444.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиунгэртэн овгийн Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У д 2 /хоёр/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У д 2 /хоёр/ сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ас 1.444.800 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 3 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Шүүгдэгч Б.У д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримт 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН