| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 110/2025/0016/З |
| Дугаар | 221/МА2025/0387 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0387
С.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: “... С.Х-од өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 110/2025/0016/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “С.Х-од өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Х-од өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Нэхэмжлэгч С.Х-ыг Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж малчин байсан гэж тогтоосон ч 1992 онд “Салтанат” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар “ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага хөдөө аж ахуйн нэгдэл, хороолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцогдоно” гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь цалингийн сангаас 13.5 хувь шимтгэл тэтгэврийн даатгалд төлөөлгүй тул 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нийт шимтгэл төлсөн хугацааг тооцож үзэхэд нийт 19 жил 1 сар шимтгэл төлсөн, үүний 12 жил 7 сарыг малчнаар шимтгэл төлсөн нь тогтоогдсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
3.2. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс цэргийн алба хаасан хугацааг 2 жилээр тооцсон байна гэж үзсэн. Уг хугацааг Нийгмийн даатгалын газрын тооцоогоор 2 жилээр авч үзвэл нэхэмжлэгчийн нийт шимтгэл төлсөн хугацаа нь 18 жил болох юм байна. Нийгмийн даатгалын мэдээллийн сангаас автоматаар тооцож 19 жил нь гарч байгаа. Мөн нэхэмжлэгчийн сайн дураар төлсөн шимтгэлийг малчнаар ажилласан жилд оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.3. Нэхэмжлэгчийн 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 4 сарын мэдээллийн сангаас гарч ирэхгүй байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...С.Х-од өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргажээ.
2.2. Нэхэмжлэгч С.Х- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгох агуулгаар гомдол гаргасан байна.
2.3. Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “...1992 онд ажиллаж байсан гэх “Са” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул малчнаар ажилласан жил нь хүрэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй...” гэх хариу өгчээ.
2.4. Анхан шатны шүүхээс “...Хариуцагчаас нэхэмжлэгчийн нийт шимтгэл төлсөн хугацааг тооцохдоо цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасан Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэсний дагуу тооцоогүй, уг 2 жилийн 1 жилийг 1 жил 6 сараар, нийт 3 жил гэж тооцох ёстой атал цэргийн алба хаасан хугацаагаар буюу 2 жил 4 сар 5 өдөр гэж 8 сараар дутуу тооцсон, мөн нэхэмжлэгчийн 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 4 сарын хугацааг нэмж тооцоогүй байх ба дээрх дутуу тооцсон хугацаануудыг нэмж тооцоход, нэхэмжлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 20 жил 1 сар /19 жил 1 сар +8 сар+ 4 сар = 20 жил 1 сар/ болж байх ба үүгээр нэхэмжлэгч нь хуульд заасан нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан байна. ... нэхэмжлэгчийн сайн дурын даатгалаар төлсөн 2019 оны 1 сар, 2020 оны 9 сар, 2022 оны 11 сар, 2023 оны 8 сар, 2024 оны 4 сарыг малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох журам, зааврыг зөрчсөн байх ба дээрх хугацааны нийлбэрийг хариуцагчийн анхны тооцоолсон 12 жил 7 сард нэмж тооцоход, нийт 15 жил 6 сар /12 жил 7 сар+1 сар+9 сар+11 сар+8 сар+4 сар=15 жил 6 сар/ болж байх тул нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн гэх шаардлагыг мөн хангасан байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.5. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.6-д -нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж,
2.6. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэл мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно”, 3.1.5-д “даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх) гэж,
2.7. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/09 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 6.3-т “даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг доор дурдсан баримт бичгийг үндэслэн тооцно. Үүнд: 6.3.1-д “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 1995 оноос хойш албан журмын болон сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын даатгалын гэрээ, баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, “А” дансны лавлагаа” гэж тус тус заасан.
2.8. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “А” дансны лавлагаа буюу “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын бүртгэлээр нэхэмжлэгч нь сайн дураар нийгмийн даатгал төлсөн 2019-2023 онуудад малчнаар ажиллаж байсан гэдэг нь,
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нь 1988 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдлийн Сөнхөл бригадад малчнаар ажиллаж байсан болох нь,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад мөн нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн болох нь,
-Түүнчлэн нэхэмжлэгч нь НАХЯ-ны сайдын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/308 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/325 дугаар лавлагаагаар тус тус тогтоогджээ.
2.9. Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг 3 жилээр тооцох бөгөөд нэхэмжлэгч нь хувиараа мал маллаж байсан нь баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүний сайн дурын даатгал төлсөн хугацааг малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох үндэслэлтэй байна.
2.10. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 19 жил 1 сар, үүнээс малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 12 жил 7 сар гэж тооцсон бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн 2019, 2020, 2022, 2023 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлснийг малчнаар төлсөн гэж тооцоогүй, нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг 2 жил 4 сар 5 хоногоор тооцсон, мөн 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 4 сарын хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцолгүй дээрх хуульд заасан “...нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” шаардлагыг хангаагүй гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
2.11. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг 1988 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын “Са” нэгдлийн Сөнхөл бригадад малчнаар ажиллаж байсан болохыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...“Са” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ