Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 28

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,                                                               

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч М.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав /ҮД:-0465/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Чөдрөн овогт Мижид-Очирын Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030609 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:         

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиргааны хэлтэст жолоочоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2 дугаар гудамжны 08 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тус дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-98 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чөдрөн овогт Мижид-Очирын Отгонбаатар /РД: ШЖ76103174/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Отгонбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн граж дотор Ж.Ангарагийг хайхрамжгүй хандан мөрөөрөө түлхэж, суваг руу унагаан, биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.Отгонбаатар “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ ирсэн, жолооч нар гражид цуглаад бүгд “Та битгий уурлаарай” гэдэг тоглоом тоглож байхад Ж.Ангараг 09 цагийн үед орж ирсэн. Тоглоом дуусаад хүмүүс тарах үед санамсаргүй байдлаар Ж.Ангараг бид хоёрын мөр шүргэлцээд Ж.Ангараг суваг руу унасан. Ч.Мэндбаяр бид хоёр Ж.Ангарагийг барьж авах гэсэн боловч чадаагүй. Ж.Ангараг суваг руу унахад би араас нь орсон. Түргэн дуудаад түргэний машин иртэл би Ж.Ангарагийн хажууд нь байсан ба босох гээд байхаар босгоогүй. Түргэний машинд Ж.Ангарагийг суулгаж гэмтлийн эмнэлэг авч явсан. Ж.Ангараг бид хоёр хуурай ах дүүгийн холбоотой, миний зүгээс эмчилгээний зардал төлөөгүй, байгууллагаас төлсөн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Ангараг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр болсон зүйлсээс ганц, нэгийг нь санаж байна. Унахаасаа өмнө хүмүүс тоглож байхыг хараад зогсож байгаад тоглоом дуусаад бүгд гарах гээд үүд рүү явж байгаад би суваг руу унасан. Нэг мэдсэн хүмүүс дээрээс хараад битгий хөдлөөрэй гээд байсан. Дараа нь түргэний тэрэг дотор бага зэрэг ухаан орсон. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн, тэр дунд ээжийн дуу сонсогдож байсан. Нэг сэрэхэд ээж маань надад за миний хүү битгий айгаарай хагалгаанд орох гэж байна шүү, одоо үсийг чинь хусах гэж байна, хагалгаанд орно гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт нийтдээ 10 гаруй хоног хэвтээд гарсан. Гэртээ 2 долоо хоног болоод Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. ...Хэн нэгэн намайг түлхэх, өөрөө унасан талаараа би сайн мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хаалгахыг хүсэж байна. ...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” /хх-ийн 93-94, 125/ гэсэн,

 

Гэрч Н.Амарбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ажлынхан ширээн дээр тоглоом тоглож байсан. Би наана нь компьютер тоглоом тоглож байсан. Нэг мэдсэн Ангараг суваг руу унасан. ...Ангарагийг унах үеийг хараагүй...” /хх-ийн 21, 108/ гэсэн,

 

Гэрч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим манай эхнэр над руу залгаж хүү эмнэлэгт гэмтсэн байна, хурдан хүрээд ир гэсэн. ...Эмч нар хагалгаа хийнэ, ухаан нь орж гараад байна гэсэн. Хагалгаанд ороод гэмтлийн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. ...Манай хүү ээжийнхээ хамт 2016 оны 05 дугаар сарын дундуур Солонгос улс руу нарийн шинжилгээнд яваад ирсэн. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин сүүлийн эмчилгээ, хагалгаагаа хийлгэхээр Солонгос улс руу явсан...” /хх-ийн 22/ гэсэн,

 

Гэрч М.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэг болох үед хамт байсан. Бид нар бүгдээрээ шоо шиддэг тоглоом тоглоод байж байсан. ...Тоглоом дуусаад бид нар тарсан. Ангарагт бол гай л таарсан байх. Хоёр гараа халаасандаа хийсэн, тухайн үед татах боломжийг өөрөө олгоогүй. ...Ангараг сувгийн зүүн талаас баруун урд хэсэг рүү тойрч явж байхдаа Отгонбаатартай мөрөнд нь шүргэлцээд суваг руу унасан...” /хх-ийн 126/ гэсэн,

 

Гэрч Б.Сэлэм мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ажилдаа ирээд жолооч нартайгаа шоотой тоглоом тоглож байсан. Тоглоом дуусаад бүгд тарсан. Би ширээн дээр үлдсэн байсан шоогоо бөөгнүүлээд байж байтал нэг хүн аа гээд орилох шиг болсон. Тэгээд хартал манай жолооч нар доошоо суваг руу хараад байхаар нь би бас хартал суваг дотор Ангараг унасан байсан...” /хх-ийн 106-107/ гэсэн,

 

Гэрч Г.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ажлаа хийгээд сууж байтал над руу Амарбаатар залгаад суваг руу хүн уначихлаа гэж хэлэхээр нь гүйгээд очтол суваг дотор Ж.Ангараг унасан байдалтай байсан. ...Хохирогч Ж.Ангараг М.Отгонбаатарт хандан чи намайг түлхчихлээ гэж хэлэхийг би өөрөө сонссон...” /хх-ийн 110-111/ гэсэн,

 

Гэрч Т.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө 09 цагийн орчим хурал болоод дарга нар хуралд ороод жолооч нар граж дотор ширээн дээр тоглоом тоглосон. Гаднаас хөгжлийн төвийн нягтлан Ангараг тамхи татаад орж ирсэн. Ангарагийг орж ирэхэд тоглоом ерөнхийдөө дуусаж байсан. Бид нарын тоглоом дуусаж жолооч нар тараад сувагны хажуугаар бүгд гарах болсон. Тэр дунд Ангараг, Отгонбаатар нар мөргөлдөөд унах шиг болсон. ...Ангараг Отгонбаатар луу уурлаад чи түлхсэн шүү гэж орилсон...” /хх-ийн 112-113/ гэсэн,

 

Гэрч Б.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цаана ширээний тоглоом дуусаад бүгд тарсан. Наашаа нарийн зайнд 5, 6 хүн алхаж байхад Ангараг, Отгонбаатар нар зөрөхдөө бие биенийгээ түлхчихсэн юм шиг байсан. Гэхдээ хүн харахад илтэд гар болон хөлөөрөө түлхсэн зүйл харагдаагүй. Ангарагийг унах үед Отгонбаатар гараас нь татах гээд барьж авч чадаагүй. ...Ангарагийг татаад байхаар нь хамарных нь омог дээр дартал татах нь гайгүй болоод сэргэж ирсэн. Ангараг сэрээд Отгонбаатарт хандаад чи намайг түлхсэн гээд уурласан юм. Тухайн үед Отгонбаатар юу ч хэлээгүй...” /хх-ийн 114-115/ гэсэн,

 

Гэрч  Ч.Мэндбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ангараг сувгийн зүүн талаар тойрч гарах үедээ Отгонбаатартай шахалцаад нүхэнд унасан. Отгонбаатар сувгийн зүүн урд талд зогсож байсан. ...Отгонбаатар Ангарагийг илт түлхсэн зүйл байхгүй. Минийхээр Отгонбаатар Ангараг нарийн хэсгээр гарах гэж шахалцаад Ангараг тэнцвэр алдаад унасан...” /хх-ийн 127/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төв дээр өглөө 08 цаг 30 минутад ирсэн. 09 цагийн үед граж дотор орсон. Тэндээ та битгий уурлаарай тоглоомыг хамт ажилладаг жолооч нар болох Ганбаатар, Сэлэм, Батбаяр нарын хамт тоглож байсан. ...Тухайн граж дотор заалны голоор 1 м гаран гүнтэй, 80 см орчим өргөнтэй, 4-5 м урттай засварын суваг байдаг юм. ...Тоглоом дуусаад гадагшаа гарах гээд бүгд явж эхэлсэн. Тэр үед би сувгийн зүүн талаар явах гэж байсан. Ангараг болохоор баруунаас зүүн тийшээ суваг дээгүүр гарч байсан. Тэр үед миний мөр Ангарагийн мөртэй шүргэлцэж Ангараг нүх рүү унасан. Унах үед нь би гараас нь барих гэж оролдсон. Хажууд зогсож байсан жолооч Мэндбаяр ах мөн Ангарагийг барьж авах гэж оролдсон боловч гараас нь барьж чадалгүй унасан. Нүх рүү унахдаа толгойгоо нүхний ирмэг хэсэгт нь цохиод дээш харсан байдалтай унасан. Би нүх рүү үсэрч орсон. ...Би Ангарагтай хамт эмнэлэг рүү явсан. ...Ангараг бид хоёрын хооронд муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Ангарагийг санаатай түлхэж унагаагаагүй. ...Би өөрийн зүгээс эмчилгээний зардалд мөнгө төлсөн зүйл байхгүй...” /хх-ийн 190/ гэсэн мэдүүлгүүд,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Ж.Ангарагийн биед зүүн чамархай, дагз ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, духны 2 талын дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 43-44/ гэсэн дүгнэлт,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 119-121/,

- Тодорхойлолт /хх-ийн 79, 83/,

- Шүүгдэгч М.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82, 84/,

-  Шүүгдэгч М.Отгонбаатарын хувийн байдалтай холбоотой ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэр бүлийн баталгаа болон хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 172-177, 179-182/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 841 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Отгонбаатар нь  2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний хөгжлийн төвийн граж дотор Ж.Ангарагийг мөрөөрөө түлхэж суваг руу унагаан биед нь зүүн чамархай, дагз ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, духны 2 талын дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч Ж.Ангараг, гэрч М.Ганбаатар, Б.Сэлэм, Т.Батбаяр, Б.Баттогтох, Ч.Мэндбаяр нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 841 тоот дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонбаатарыг хайхрамжгүй хандаж гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт гэмт хэрг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ гэж заажээ. 

Хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирсэн сидин дээрх бичлэгт үзлэг хийсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээс дүгнэхэд шүүгдэгч М.Отгонбаатар нь Эрчим хүчний хөгжлийн төвд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж эхэлсэн, машин засварын суваг /яам/ руу хүн унавал хор уршиг учрах боломжтойг мэдсэн буюу Ж.Ангарагийг сувгийн хажуугаар гарч байхад мөрлөж, түлхэж байгаа үйлдлийн улмаас Ж.Ангараг суваг руу унавал түүнд хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа унагаахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Отгонбаатар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.      

            Хохирогч Ж.Ангараг мөрдөн байцаалтын шатанд “...Надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хаалгахыг хүсэж байна. ...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгч М.Отгонбаатарт ял оногдуулахдаа анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид тусламж үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Отгонбаатар анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогч Ж.Ангараг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав “...Шүүгдэгч М.Отгонбаатар, хохирогч Ж.Ангараг нарын мөр нь шүргэлцээд Ж.Ангараг суваг руу унасан байна. Шүүгдэгч М.Отгонбаатар нь Ж.Ангарагийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулий 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Шүүгдэгч М.Отгонбаатар нь баруун мөрөөрөө хохирогч Ж.Ангарагийн зүүн мөрөнд хүрч, болгоомжгүй, хайнга байдлаар идэвхтэй үйлдэл хийж хохирогчийг суваг руу унагааж байгаа үйлдэл нь хэрэгт авагдсан сиди, сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдох бөгөөд М.Отгонбаатарын үйлдэл эргэлзээгүй, өөр хэн нэгэн түлхсэн гэх баримтгүй нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 201626030609 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Отгонбаатар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чөдрөн овогт Мижид-Очирын Отгонбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаатарт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 201626030609 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Отгонбаатар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Отгонбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч М.Отгонбаатар урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Отгонбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР