Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 183/ШШ2017/02722 дугаар шийдвэртэй, Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох, гэм хорын хохиролд 3 461 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа явахдаа Хайлаастын Завсар-3 буудлаас УБЧ 23-17 дугаартай автобусанд 15 цаг 20 минутын үед суусан, уг буудлаас ганцаараа суусан бөгөөд картаа уншуулаад жолоочийн хажуу талын сандалд суух гэтэл автобус огцом ухасхийж хөдөлж явснаас би урд талын бариулаас зүүн гараараа барьсан байснаа алдаад жолоочийн хажуу талын хөндлөвч лүү ар талаараа унаж гэмтсэн. Тухайн үед би унаад босоод чадахгүй, жолоочид хэлж тусламж гуйсан боловч жолооч зогсохгүй нилээн явж байгаад намайг загнаж өөрөө босоод суухгүй юу гэсэн. Би нуруу эвгүй оргиод гэмтчихсэн юм шиг байна гэхэд ерөөсөө туслаагүй. Би зогсоод өгөөч гэж уйлж байгаад зогсоогоод өндийгөөд эргээд суух гэтэл яваад өгсөн. Би өөрийн биеийн байдлыг мэдээд Гэмтлийн эмнэлэг рүү явмаар байна гэхэд жолооч Гэмтлийн эмнэлэг явахгүй, та өөрөө хэмхэрчихсэн явж байсан юм байгаа биз гэж намайг доромжилсон. Би өөрөө түргэн тусламж, цагдаа дуудаж үзлэг хийлгэсэн.

Гэтэл миний нурууны булчин дотор, гаднаа чангарч няцарсан, 12 дугаар хавирга хугарсан байна гээд хөдөлгөөн хориотой, хэвтрийн дэглэм барьж, хагас хэвтэр, хагас суугаа байдалтай бай гэсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байдаг, өөрөө хөдөлж чадахгүй учраас асруулах хүн хайж эхэлсэн. Эм, эмнэлэгийн хэрэгслийн зардалд 238 750 төгрөг, эмчилгээ оношилгооны зардалд 245 000 төгрөг, асаргааны зардалд 400 000 төгрөг, тээврийн зардалд 80 000 төгрөг, нотариат бичиг баримтын зардалд 52 800 төгрөг, сувиллын зардал 627 750 төгрөг, хэвтэрт байх үедээ төлсөн лангууны түрээс ба ашиглалтын зардал, зээлийн төлөлт 947 340 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 950 000 төгрөг, нийт 3 541 640 төгрөг болсон. Жолооч Э.Түмэнбаяраас 80 000 төгрөг төлснийг хасаад, нийт 3 461 640 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас уг асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Д.Бгийн эрүүл мэндэд автобусны жолооч Э.Түмэнбаяр санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Уг тогтоолд Д.Б гомдол гаргаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 704 063 төгрөг, нотариатын хөлс 52 800 төгрөг, нийт 756 863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 704 777 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 22 715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох гэм хорын хохиролд 3 461 650 төгрөг гаргуулах иргэний маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “Д.Бгийн нэхэмжлэлээс хангаагүй хэсэг болох 2 704 777 төгрөгийн хэмжээнд” эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх ... эмчилгээ оношилгооны зардал 245 000 төгрөг, сувиллын газар сувилуулах зардал 627 750 төгрөг, хэвтэрт байх үед төлсөн лангууны түрээс, ашиглалтын зардал, зээлд төлсөн 947 340 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, сувиллын газар зайлшгүй сувилуулах болсон нь тогтоогдоогүй гэж үндэслэл болгосон байна.

2. Анхан шатны шүүхийн “... эмчилгээ оношилгооны зардал 245 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” үндэслэлийг ойлгосонгүй. Энэ зардлын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. “сувилуулах зардал 627 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо зайлшгүй сувилуулах болсон нь тогтоогдсонгүй” гэсэн байна. Гэтэл хэрэгт эмчийн дүгнэлт авагдсан байна.

4. Хэвтэрт байх үед төлсөн лангууны түрээс, ашиглалтын зардал, зээл төлөлтөд төлсөн 947 340 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан атал шүүх эдгээр зардлыг хэвтэрт оруулсан этгээдээс гаргуулахгүй гэсэн нь иргэн хүн хэвтэрт ороод эдгээр зардлыг төлөхгүй байх, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь зөв гэж шүүх үзсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр зардлыг төлөхгүй байж ажлын байраа алд, дахиж хэзээ ч бүү зээл ав гэсэнтэй агаар нэг байна.

5. Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 950 000 төгрөг гаргуулах үндэслэлийг шүүх ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл, Иргэн Д.Б орлого олдог байсны үр дүнд зарлага гаргадаг. Хэрэв албан тушаалтан байгаад орлогогүй хэрнээ зардал гаргасан бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу авилгачин байх байсан гэдгийг шүүх анхаарсангүй. Зардлаар нь хүний орлогыг тодорхойлох хуулийн логикийг хэрэглэсэнгүй.

Иймд гомдлын үндэслэлийг хянан үзэж, давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагчаас 2 770 090 төгрөгийг гаргуулан Д.Бд олгуулахаар” өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй тул давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 3 461 640 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын өмчлөлийн 23-17 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явсан хариуцагч байгууллагын ажилтан Э.Түмэнбаяр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Хайлаастын эцсийн буудлаас суусан иргэн Д.Бг автобусанд ороод суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь хөдөлгөөн эхэлснээс нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх7-8, 10-12/

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаас 756 863 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт хамааралтай зарим баримтыг үнэлээгүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч байгууллагын ажилтаны буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн хувьд хохирсон нь тогтоогдсон, үүний улмаас сувиллын газарт зайлшгүй сувилуулах шаардлагатайг тайлбарлаж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д 2018 оны 4 дүгээр сард 13-14 хоног сувилуулахаар захиалга өгч, урьдчилгаа төлбөрт 150 000 төгрөг төлсөн талаар тухайн байгууллагын “харилцахын орлогын ордер” “нэхэмжлэх” “урьдчилсан захиалгын талон” “илгээх бичиг дугаар 1718549” гэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. /хх 93-96/ Уг сувиллын газарт сувилуулахад гарах зардал нь 627 750 төгрөг болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, оношилгооны зардал 245 000 төгрөг, хэвтэрт байх үед төлсөн лангууны түрээс, ашиглалтын зардал, зээл төлөлтийн 947 340 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 950 000 төгрөг зэрэг нь хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б дээрх эмчилгээ, оношилгооны зардал болон хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авч чадаагүй цалин хөлсөө шаардах эрхтэй боловч дээрх байдлыг нотлох баримтыг ирүүлээгүйн улмаас анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв.

Мөн лангууны түрээс, ашиглалтын зардалтай холбоотой гэх баримтыг хэрэгт хавсаргасан байх боловч тэдгээрийг шүүх эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнэлт хийх боломжгүй. Түүнчлэн зээл, түүний хүү төлсөн гэх үйл баримт нь гэм хор учирсан нөхцөл байдалд шууд холбоогүй бөгөөд тухайн гэрээгээрээ зохицуулагдах харилцаа юм. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан сувиллын газарт сувилуулах зайлшгүй шаардлагатай холбоотой зардал болох 627 750 төгрөгөөс бусад хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “756 863” гэснийг “1 384 613” гэж, “2 704 777” гэснийг “2 077 027” гэж, 2 дахь заалтын “22 715” гэснийг “37 104” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА