Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 120/2017/0004/З |
Дугаар | 253 |
Огноо | 2017-06-21 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 253
“Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0284 дугаар магадлалтай, “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг-ийн барилгыг шинээр барих ажлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0284 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн захирал А.Нарандэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, хуулийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Тухайлбал, бид нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоолгох улмаар гарын үсэг зурахыг нь түүнд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад “... нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг судлах ..." гэх мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр хүчингүй болгож буцаасныг эс зөвшөөрч байна.
Учир нь манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хүннүгийн говь" ХХК Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Хүннүгийн говь” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн барилгыг барих ажлын ӨМАОНӨГ/201701089 тоот тендерийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэрэгт гуравдагч этгээдээр татсан захирамжийг надад гардуулсантай хольж хутган дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
“Говийн-Өгөөж” ХХК нь зөвхөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын үл ялих зүйлээр шалтаглан гарын үсэг зурж гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох түүний хууль бус эс үйлдэхүйн улмаас өөрсдийн хууль ёсны эрх ашиг хохирч байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тайлбарласан.
2. Аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх ажиллагааны улмаас тендерт оролцсон “Хүннүгийн говь” ХХК, “Акмихолдинг” ХХК-уудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болох нь тодорхой юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй түүнчлэн хэрэгт авагдаагүй асуудлаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл “Хүннүгийн говь” ХХК нь тендерийн хороо, аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд “Говийн-Өгөөж" ХХК нь аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад эдгээрийг нэг хариуцагчид холбогдуулан гаргасан мэтээр ойлгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
3. Энэхүү тендер шалгаруулалттай холбогдсон маргааныг хуульд зааснаар эрх бүхий байгууллагууд хянан үзэж, шинэчлэгдэн байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Говийн-Өгөөж" ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлгээтэй тендерт оролцогчоор шалгаруулж тендерийн хороо буюу Аймгийн Засаг даргын Тамгын газартай гүйцэтгэгчээр гэрээ байгуулж, ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн төдийгүй, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн а/05 тоот захирамжаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Мөн хэрэгт авагдсан Тендерийн материалын 74-75 дугаар хуудсанд байгаа тендерийн өгөгдлийн толгой хэсэгт “батлав” гээд “... захиалагч, гүйцэтгэгч” гэсэн байгаа бөгөөд захиалагч гэдэг нь аймгийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч гэдэг нь “Говийн өгөөж” ХХК болно. Харин Засаг дарга гэрээг батлах ямар ч хуулийн шаардлага байхгүй байхад гэрээний үйлчлэлд Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн саад учруулж хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилга барих” ажлын ӨМ2016/48 дугаар тендер шалгаруулалт явагдсан үйл явц болон тендерт ялагчтай байгуулах гэрээний агуулгын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
Харин тухайн тендерт оролцож ялагч болсон гүйцэтгэгч “Говийн өгөөж” ХХК, захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын гэрээнд аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, батлахгүй байгаагаас маргаан үүсч, нэхэмжлэгч нь үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж, уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ “...тендерийн хүчинтэй байх хугацааг хуульд тусгайлан заасан, ... уг тендерийн хугацааг Сангийн яамнаас 30 хоногоор сунгасан, ...нийтдээ 75 хоногийн хугацаатай, ...энэ хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул гарын үсэг зурах боломжгүй...” гэж, нэхэмжлэгч нь “...манай компанид гэрээ байгуулах мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн, ... мэдэгдсэнээс хойш ажлын 5–аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулна гэж заасныг зөрчөөгүй, ... тендерийн хугацаа 11-ний өдөр биш, 12-ны өдөр дууссан ..., гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсныг уг гэрээний “Ерөнхий зүйл“ хэсэгт тодорхойлсон байгаа, ... 11-ний өдөр очиход 12-ноос эхэлнэ гээд гарын үсэг зурж тамга дараагүй буцаасан, ... 12-ны өдөр холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулсан ...” гэж тус тус маргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл захиалагчийн хүсэлтийг үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан Үнэлгээний хорооны шийдвэрээр “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерээр “Говийн өгөөж” ХХК-ийг шалгаруулж, тухайн өдрийн 2-24 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа хүрэлцэн ирж, баримт бичгийг бүрдүүлэхийг мэдэгдэж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2-24 дүгээр албан бичгийг “Говийн өгөөж” ХХК-д хүргүүлжээ.
Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлыг “Говийн өгөөж” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын гэрээнд захиалагчийг төлөөлж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, гүйцэтгэгчийг төлөөлж “Говийн өгөөж” ХХК-ийн захирал А.Нарандэлгэр нар гарын үсэг зурсан, уг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсныг гэрээний “Ерөнхий зүйл”-д тусгасан, харин аймгийн Засаг дарга гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүй байна.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ..., хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ. Тухайлбал,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байна.
Харин нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, тэдгээрийн үндэслэл, маргааны үйл баримт тодорхой, ойлгомжтой байхад давж заалдах шатны шүүх цаг хугацааны хамаарлын тухайд маргаан бүхий захиргааны актаас хойш болсон, хариуцагчийн эс үйлдэхүйтэй хамааралгүй, үндэслэлээ болгоогүй үйл баримтуудыг дүгнэж, магадлалд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, гуравдагч этгээдийг оролцуулах боломжтой эсэх гэх зэрэг маргаанд ач холбогдолгүй үндэслэл заасан нь буруу болжээ.
Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал энэ хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасантай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МА/2017/0284 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ