Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0494

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0494

Улаанбаатар хот

 

Ж.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.Рэнцэндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А/395 дугаар захирамжийн хавсралтын Д.Төгсбаяр, Т.Начинбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох тухай заасан. 2005 онд нэхэмжлэгчийн эхнэр Д.Ганчимэг газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргаж байсан, уг хүсэлтэд Гачуурт тосгоны захирагч н.Төмөрбаатар 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гарын үсэг зурж, тамга дарсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь уг хүсэлтээ харьяалах Газрын албанд хандаж гаргаагүй, өөр газар шилжин суурьшиж тухайн газартаа 6 жил орчим амьдраагүй нь газар эзэмших хүсэл зориггүй байсныг илтгэж байна. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг бодит байдалд цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдээс түрүүлж газар эзэмшсэн гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ 2006 оноос 2012 оны хооронд нэхэмжлэгчийн газраа ашиглаагүй хугацааг анхаарч үзэлгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Өдийг хүртэл маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 2005 оноос хойш хашаа барин бодитоор газар эзэмшсэн” гэж дүгнэж байгаа нь зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших Газрын тухай хуулийн заалттай зөрчилдөж байна. Мөн тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд 2012, 2013 онд Ж.Рэнцэндорж гэж хүний нэрээр газар эзэмших тухай хүсэлт бүртгэгдээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдснээс хойш 30 хоногийн дотор дээд шатны Засаг даргад гомдлоо гаргах ёстой байсан.

Учир нь, нэхэмжлэлдээ “...2014 оны 05 дугаар сард манай хашаан дээр зарна гээд 96061353 гэсэн номер бичсэн байсан” гэж дурдсанаас үзэхэд тэр үед нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлын үндэслэлийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийн хавсралтын 977-д Доржсүрэнгийн Төгсбаяр, 976-д Т.Начинбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч Ж.Рэнцэндоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, дээрх маргаан бүхий А/395 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 8а-8б, 8б-8в тоотод 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Ж.Рэнцэндорж гэр бүлийн гишүүдийн хамт /эхнэр Д.Ганчимэг, хүү Р.Өлзийсайхан/ бодит байдал дээр эзэмшиж байгаа газартай давхацуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж “газрын давхацал”-ыг зөв тогтоосон атлаа гуравдагч этгээд Д.Төгсбаяр, Т.Начинбаяр нарын газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу байх А/395 дугаар захирамжийн Д.Төгсбаяр, Т.Начинбаярт холбогдох хэсгийн нэхэмжлэгч Ж.Рэнцэндоржийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр нь хүчингүй болгосон өөрчлөлтийг орууллаа.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ харъяалах газрын албанд хандаж гаргаагүй, өөр газар шилжин суурьшиж тухайн газартаа 6 жил орчим амьдраагүй нь газар эзэмших хүсэлт зориггүй байсныг илтгэж байна. Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй, ...нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой байсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” хэмээн давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан хэдий боловч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацаагүй байна” гэж тус тус заажээ.

 Нэхэмжлэгч Ж.Рэнцэндоржийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгосон шийдвэр байхгүй хэдий ч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Баяндөхөм, 6 дугаар гудамжны 14 тоотод байрлах газрыг 2005 оноос хойш хашаа барин гэр бүлийн гишүүдийн хамт /эхнэр Д.Ганчимэг, хүү Р.Өлзийсайхан/ эзэмшиж байсан нь нэхэмжлэгчийн эхнэр Д.Ганчимэгийн иргэний үнэмлэхний 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн Баяндөхөм 8а-8б, 8б-8в тоот газар, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа Баяндөхөм 6 дугаар гудамжны 14 тоот газар нь маргаж буй тухайн газар мөн болохыг хэргийн оролцогчид тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас маргаан бүхий дээрх газрыг гуравдагч этгээд Д.Төгсбаяр, Т.Начинбаяр нарт эзэмшүүлэхдээ Ж.Рэнцэндоржийн бодит байдал дээр эзэмшиж байгаа газартай давхацуулан эзэмшүүлсэн, дээрх шийдвэрийг гаргахдаа гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж буй эсэхийг нягтлан шалгаагүй, бодит байдал дээр нь очиж судалгаа хийгээгүй, зөвшөөрөл олгосон газрын эргэлтийн цэгийг баталгаажуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шаардлагатай тохиолдолд судалж үзнэ, айл бүрийн газар дээр очиж үзэх боломжгүй” гэх тайлбар болон гуравдагч этгээд нарт нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх тухай актаар нотлогдож байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол гарснаас хойш Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох үйл ажиллагааг зогсоосон,  нэхэмжлэгчийн эхнэр Д.Ганчимэг нь 2005 онд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захиргаанд хандан газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргаж, түүнд  тус тосгоны захирагч н.Төмөрбаатар 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гарын үсэг зурж, тамга дарсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 Хариуцагчаас “нэхэмжлэгчийг 6 жил орчим тухайн газартаа амьдраагүй” гэж маргаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн “...2006 оноос хүүхэд сургуульд орсон учраас хашаагаа хөрш зэргэлдээ айлуудад захиж үлдээсэн, хашааны банзнууд алга болоод байсан учраас хашааныхаа дутууг гүйцээж, одоог хүртэл амьдарч байна” гэх тайлбар, гэрч Ц.Бямбасүрэнгийн “...хашаагаа олон жил хаясан асуудал байхгүй, хашаандаа ирдэг байсан, нэг удаа гэрээ буулгаад нүүсэн боловч удаагүй эргээд ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Жавзандуламын “Ж.Рэнцэндорж эхнэрийн хамт Гацуурт тосгонд 1980 оноос хойш ажиллаж байсан, тухайн газарт олон жил амьдарч байгаа” гэх мэдүүлэг, гуравдагч этгээд Д.Гантөгсийн “...маргаан бүхий газар очихоор гэр барьсан, эсхүл хашаа барьсан байдаг...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн эхнэр Д.Ганчимэгийн иргэний үнэмлэхний 2005 оны шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр, “...2014 оны 05 дугаар сард хашаан дээр зарна гээд 96061353 гэсэн номер бичсэн байсан” гэж нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа боловч гуравдагч этгээд Д.Төгсбаяр, Т.Начинбаяр нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 8а-8б, 8б-8в тоотод 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч Ж.Рэнцэндорж мэдэх боломжгүй юм.

Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий газрыг эзэмшиж байсан Ж.Рэнцэндоржийг тухайн газраас нүүлгэх шаардах хуудас эсхүл мэдэгдэл хүргүүлж байгаагүй, маргаан бүхий актын талаар танилцуулаагүй, харин нэхэмжлэгч өөрөө 2013 онд мэдэж Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандахад 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/3991 дүгээр албан бичгээр, 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Б.Баярбямба 03 тоот мэдэгдлээр газар олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн,  2015 оны 08 дугаар сарын 20-нд Нийслэлийн Засаг даргад хандан “Баянзүрх дүүргийн Засаг даргын А/395 дугаар захирамжийг хүчингүй болгож, өөрийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ олгуулах”-аар өргөдөл гаргасныг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч О.Батчимэгт шилжүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/557 дугаар албан бичгээр “тухайн байршил дээр огт объект байхгүй” талаар хариу өгсөн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг “хөөн хэлэлцэх хугацаа” хэтрүүлсэн гэх үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А/385 дугаар захирамжийн хавсралтын Д.Төгсбаяр, Т.Начинбаяр нарт холбогдох хэсгийн Ж.Рэнцэндоржийн эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                         

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН  

                         ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР