Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 50

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 806 дугаар магадлалтай, 201725030795 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ж-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1067 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 788 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, З овогт Б-гийн Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-г цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-г 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-гээс 7,320,000 төгрөг гаргуулж хохирогч П.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ж гаргасан гомдолдоо “...Би хэрэгт холбогдохын өмнө 2016 оны 11 дүгээр сард өөрийн зурагтай фэйсбүүк хаягаар анх П.Ц-тэй танилцсан. Бид эхэндээ чатаар харилцаж байгаад сүүлдээ уулздаг болсон. Бид хоёрын харилцаа гэр бүлийн хэмжээнд очтолоо дотно байсан. Фэйсбүүк хаягийн нэрийг П.Ц өөрөө сольё гээд надад шинээр Ка марина гэдэг хаягийг нээж өгсөн. Өөртөө болохоор Урслан Иркутск гэдэг өөр зурагтай хаягийг нээж харьцдаг болсон. Би П.Ц-гийн хүүхдийг тээж байгаад зулбаж байсан. Мөн түүний эзэмшлийн Хаан болон Голомт банкны картыг хамт ашигладаг байсан. Нэг өдөр П.Ц над руу залгаад гэр бүлийнхэнтэйгээ танилцуулмаар байна гэхээр нь тухайн үед хүнтэй суухад бэлэн биш байсан болохоор түр татгалзсан юм. Ингээд хэсэг уулзаагүй удсан чинь П.Ц намайг дарамталдаг болсон. Утсаар ярих үедээ хэрвээ чи манай гэрийнхэнтэй танилцаад надтай хамт амьдрах юм бол цагдаад өгөхгүй, хэрэв үгүй бол цагдаад өгнө гэдэг байсан. Би П.Ц-д итгэж, цаашид амьдралаа холбоно гэж үерхэж нөхөрлөж яваад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би тухайн үед П.Ц-г залилан мэхлэе гэсэн санаа зорилгоор түүнтэй танилцаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож, хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлээгүйгээс гадна хайхрамжгүй хандаж ялыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Мөн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн. Үүнд, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьж гүйцэд биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, миний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг зөрүүтэй байхад шүүх зөвхөн хохирогчийг онцлон авч үзсэн, шинэ хуулиар давтан гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн боловч ялыг хэвээр үлдээсэн, өмгөөлөгч Болдбаатарт хурлын товыг хэлээгүй. Шүүхээс хэргийн бүх нөхцөл байдлыг бодитойгоор хянан шийдвэрлэж чадаагүйд маш их гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие хохирлоо төлөх гэсэн боловч П.Ц надаас нэг ч төгрөг авахгүй, гомдлоо татсан гээд хохирол төлүүлээгүй. Миний өндөр настай ээж, уушгины сүрьеэ өвчтэй хэвтэрт байгаа аав хоёрыг минь харж үзэн тэднийг минь асран халамжлах хүнгүй байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзэхэд шүүгдэгч Б.Ж нь фэйсбүүк цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч, иргэн П.Ц-гээс 7,320,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан, хаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч Б.Ж нь “Фэйсбүүк” цахим сүлжээнд “Ка Марина” гэх хуурамч хаяг үүсгэж, өөр эмэгтэй хүний зураг ашиглан хохирогч П.Ц-тэй танилцаж, “дүүгийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр удаа дараа хуурч мэхлэн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 7,320,000 төгрөг залилан авсан гэмт хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Б.Ж-гийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “урьд нь энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдсэн” гэсэн шинжээр мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байжээ.

Харин хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Б.Ж-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Б.Ж-д оногдуулсан ял нь түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ж-гийн “залилан мэхлээгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 806 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ж-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН