Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар   2023/ШЦТ/250

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо   даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ш.Анужин,

гэрч Н.Э

хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ж

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Ц, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт Ц.Оч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210500000**** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.О

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-н ажлын байран дээр иргэн Б.А-г “хадам аавдаа хүүхэн олж өгдөг хүүхэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, өдөөн хоргоож улмаар толгойн тус газар нь цохих, баруун талын чихнээс татаж зулгаан, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, чихэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сард дэлгүүр дээрээ 18 цаг 30 минутын үед цаг үеийн нөхцөл байдал ямар байгааг мэдэх гэж зорьж очсон. Гэтэл Б.А гаднаас орж ирээд “битгий давраад байгаарай авгай минь, чи энд орж ирэх эрх байхгүй, чинийх гэх зүйл энд байхгүй авгай минь, намайг чи ажилд аваагүй, манай нөхрийг ажилд авсан” гэж доромжилсон бөгөөд үүнээс болж маргалдсан. Маргалдсан үйлдлээ ойлгож байгаа, харин Б.А хэлж байгаа шиг зодож, үснээс нь зулгааж гэмтэл учруулаагүй. Маргалдсан шалтгаан гэвэл уулзъя гэж халааснаас нь татсан. Тэгэхэд “битгий давраад байгаарай авгай минь” гэхээр нь юу гээд байгаа юм чи гээд гараа урагшаа болгосон. Гэтэл Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ч гэх хүн танд гомдол гаргасан байна, ирж хэрэгтэй танилцаарай гэхээр нь танилцсан. Гэтэл Б.А миний үйлдээгүй хэрэгт гомдол гаргасан байсан. Тухайн үед би наад хүн чинь өөр хүнд зодуулсан гэж хэлсэн. Б.А 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүнд зодуулсан, өмгөөлөгч авмаар байна гэж хэлж байсан. Хөхөрсөн, няцарсан, нүдний шил эвдэрсэн, үсээ зулгаалгуулсан, ээмгээ хаясан зэрэг зүйлийг бичсэн байсан бөгөөд үүнийг хэрэгт хавсаргасан. ...Анхны үзлэг хийсэн Баярхүү гэх эмч чихний цууралт гэж онош тавьж, Эрхэм Монгол ХХК гэсэн тамга дарсан. Эдгээр нь хуурамч баримт бичиг болох нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Долоон Бурхан” чих хамар хоолойн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн бичгээр тогтоогдож байна. Долоон Бурхан чих хамар хоолойн эмнэлгийн албан бичигт Баярхүү эмч өмнө нь ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг байгаа. Баярхүүг эмч гэдгийг нотолсон тамга тэмдэг одоог хүртэл хавтаст хэрэгт байхгүй. Эрүүл мэндийн тухай хууль болон журамд заасны дагуу эмчлэх эрхийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаанд аваагүй. Мөрдөгчийн хэрэгт хавсаргасан “Долоон Бурхан” нүд чих хамар хоолойн сонсголын гэсэн нүдний оношилгооны аппаратын зураг харагддаг. Баярхүү эмчийн цууралт гэдэг онош нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас баримталсан Олон Улсын өвчний ангилалд огт байхгүй. Гэтэл энэ онош дээр нь  үндэслэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Туяагийн 9295 дугаартай дүгнэлтэд эмчийн үзлэг хийхгүйгээр оношилгооны бусад баримт дээр тулгуурлаагүй, нотлоогүйгээр чихний цоорол гэдэг оношийг бичсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж прокурорт буцаасан. Прокурор 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхийг даалгаж, шинжээч эмч Туяагийн 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хохирогч Б.А хэнгэргийн хальсны цооролт, цууралт гэмтлийн аль нь үүссэн эсэх, хэнгэргийн хальсны цооролт, цууралт гэмтэл үүссэн бол ямар байдлаар мэдэгдэх эсэх, хэнгэргийн хальсны цооролт, цууралт эдгэсэн бол хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэх, булаг зэрэг өөр өвчний шинжээр хэнгэрэг цоорсон байх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгасан. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “Э”эмнэлэгт үзүүлсэн хоёр хуудас баримтын хамт шилжүүлсэн байсан. Мөн Б.А тухайн тогтоолтой танилцаж зөвшөөрч өмгөөлөгчийн хувьд гарын үсэг зурсан. Гэтэл шинжээч эмч нарын аль аль нь бодит үзлэг хийгээгүй буюу Б.Абаруун чихэнд үзлэг хийгээгүй. Тухайн байгууллага Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн байгууллага байсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Э”эмнэлгийн эмч Н.Эүзүүлэхдээ сонсгол муудсан, чихнээс үе үе булаг гоожсон гэсэн зовуурьтай үзүүлсэн байсан. Тэгтэл Н.Ээмч хэнгэрэг цоорч битүүрч эдгэсэн гэх онош тавьсан. Булаг бол идээт үрэвслийн гол шинж тэмдэг бөгөөд хальсны аль нэг цоорхой хэсгээс гардаг. Мөн Н.Ээмчээс ирүүлсэн чихний зурагт хэний зураг гэдгийг нотлох овог, нэр, регистрийн дугаар, нас зэрэг байхгүй байна. Түүнчлэн хоёр чихний аль хэсэг болох мөн тухайн хальсны аль хэсэгт сорвижиж эдгэсэн талаар нэг ч баримт байхгүй байна. Стандарт эмчийн үзлэг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмч үзэх ёстой. Эмнэлгээр үзүүлж байгаа иргэний бүх үзлэг, оношилгоо, шинжилгээ, тухайн хүн хувийн мэдээллээ өгч байж үзлэг эмчилгээ хийлгэдэг. Гэтэл энийг ялгах боломжгүй байна. “Долоон бурхан” эмнэлэгт 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, “Э”эмнэлэгт 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус үзүүлсэн мэдээлэл байхгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар цахимаар бүртгэх ёстой. Гэтэл эрүүл мэндийн цахим бүртгэлд байхгүй. 2021, 2022 онд бусад эмнэлэгт үзүүлсэн мэдээлэл байдаг. 7 дугаар сарын 27-ны өдрийн 621 тоот албан бичгээр ирүүлсэн хавсралт байгаа. Тухайн программ нь Эрүүл мэндийн салбарын тоон мэдээллийг улсын хэмжээнд бүртгэж боловсруулдаг ганц программ. Б.Аэмчийн үзлэгт бичигдсэн сонсголын бичлэгийг огт хийлгээгүй. Хийлгэсэн бол сонсгол муудсан эсэхийг бүрэн оношлуулах боломжтой байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтийг зөвхөн хэргийн материалд үндэслэж хийсэн. Ингэж хийхдээ ямар ч үзлэг шинжилгээ хийсэн баримтгүй, Баярхүү эмчийн цаас нь дээр бичсэн тэмдэглэлийг үндэслэж шинжээч эмч Туяа 9295 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжээч А мэдүүлгээр цоорол гэдэг нь өвчний нянгаар үүссэн үйлчлэлээр гардаг, цууралт нь механик гэмтлээр үүсдэг гэсэн байна. Үүнийг чих, хамар, хоолойн дурангаар хардаг боловч эдгээр оношилгоо шинжилгээг хийлгээгүй. Шинжээч А-н мэдүүлгээр цоорол гэдэг нь өвчний нянгаар өвчилсөн гэдэг нь Н.Ээмчид үзүүлэхдээ булаг гоожно гэсэн зовуурьтай таарч байна гэж үзэж байна. Түүнчлэн Б.Абаруун чихэнд цууралт гэмтэл үүссэн бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл гэсэн. Гэвч Б эмч 9295 дугаартай дүгнэлтэд тухайн гэмтлийг шинэ гэмтэл гэж тогтоогдоогүй байсан гэж хэлсэн. Хэрэгт ажилласан 6 эмч, Б эмч, Н.Ээмч нар Эрүүл мэндийн 2019 оны А611 дүгээр тушаалаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх журмыг зайлшгүй баримтлах үүрэгтэй. Үзлэг оношилгоо хийж баримтжуулаагүй. “Э”эмнэлгийн авсан чихний зураг нь хэн гэдэг хүнийх гэдэг нь тодорхойгүй байна. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Абаруун чихний зураг байгаа, хэзээний зураг нь мэдэгдэхгүй мөн бодит үзлэг хийж баримтжуулсан зураг нь хэрэгт хавсаргагдаагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Амэдүүлэхдээ: “...Би Б гэдэг хүнтэй 2009 онд танилцаж, 2010 онд найзалж, 2011 онд жирэмсэн болж нэг гэрт амьдарснаас хойш энэ хүний дарамтад орж эхэлсэн. Намайг энгэр задгай цамц өмссөн байна, үс, хумсаа будлаа гэдэг байсан. Би нөхөртэйгөө энэ хүнээс болж байнга маргалддаг байсан. 2021 оны 9 дүгээр сард манай хүн хадланд явсан.  Тухайн үед бид хоёр муудалцсан байж байгаад эргэж эвлэрсэн. Тэр хооронд барилгачдын баяр болсон. Аль ч байгууллагад ууж идэх зүйл байдаг. Би барилгачдын баярыг эхлүүлчхээд гараад явсан. Тухайн өдөр манай хадам аав ажил дээр байсан ба аавыг явсны дараа би явсан. Тэгэхэд манай түрээслэгч нар миний архи ууж байгаа, задалж байгаа бичлэгийг явуулсан байсан. Миний алхам тутмыг хянаж байдаг. Хадам аав над руу уурлаад архи уусан юм уу, архи уухдаа дэлгүүр дотор битгий ууж бай гэж хэлэхээр нь чимээгүй өнгөрсөн. Дараа нь миний талаар фейсбүүк дээр пост тавьсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тавьсан постоос болж би хүүхдийнхээ сургууль дээр очих нүүргүй болсон. Энэ хүний хүүхэд, манай хүүхэд нэг сургуульд сурдаг. Цагдаад өгсний маргааш буюу 9 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. Тэгээд машинаа асаагаад эргэж дэлгүүрийн 2 дахь хаалгаар орж ирээд шууд баруун эргээд явахад “хөөе” гээд дуудахаар нь эргээд харахад энэ хүн байхаар нь “сайн байна уу” гээд мэндлээд цаашаа явах гэтэл Нараа, Бааска гэдэг хүмүүсийг дуудна, яасан их хов ярьдаг юм гэж хэлсэн. Тэгээд өрөөнийхөө хаалгыг онгойлгож ардаас нь түлхэж гаргаад битгий давраад байгаарай, авгай минь гэж хэлсэн нь үнэн. Олон удаа ийм зүйл болж байгаа. 2019 оны 9 дүгээр сард намайг цохиж байсан. Хаалгаа түгжих гэж байхад миний чих рүү цохиж ээмэг маань унасан ба ээмэг газар унасныг мэдээгүй байсан. Ж ахаа хоёулаа хаая гэж хэлээд зүүн тал руугаа явж байхад араас “3500 төгрөгийн тавчиктай гуйлгачин, чи янхан биз дээ, биеэ үнэлдэг биз дээ, биеэ үнэлж явж байгаад Б олсон биз дээ” гэж хэлсэн. Намайг бэрээ гэж боддоггүй, гуйлгачин, янхан, биеэ үнэлж явж байгаад манай том хүү болох Б олсон биз дээ гэж хэлсэн. Намайг дуртай үгээрээ дууддаг. Жирэмсэн байхдаа маш их дарамт мэдэрдэг байсан. Намайг нэг сартай жирэмсэн байхад зодож байсан. Тухайн үедээ би энэ хүнээс сална гэж боддог байсан. Үнэхээр их дарамт дунд байдаг байхад манай нөхөр юу ч хэлдэггүй. Ямар нэгэн зүйл хэлэхээр энэ хүн буруутдаг. Тэгээд би дандаа чимээгүй, сална, энэ хүүхдийг авхуулна гэж боддог байсан. Төрсний дараа хүртэл маш их дарамт ирдэг байсан. Яаралтай хагалгаагаар 5 дугаар сарын 06-ны өдөр төрж буцаад эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад над руу шөнө утсаар залгаж миний том хүү болох Б ална, Б хамгаалмаар байгаа бол мэдүүлгээсээ буцаарай гэж надад хэлсэн. Хадам аав надаас “больчихож болохгүй юм уу, аавыг нь зовоогоод байна, миний охин мэдүүлгээсээ буцвал О эгчийг нь цагаатгах юм байна” гэж хэлсэн. Өнөөдөр хүртэл хадам аав “эвтэйхэн аргалаад гараад ирээрэй” гэж гуйсан. Фейсбүүк дээр луйварчин гээд тавьчихсан, хүүхдээ авахдаа өөрийнх нь хүүхдийг адилхан зөөдөг байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Э мэдүүлэхдээ: “...3 дугаар сарын 14-ний өдөр Б.Агэдэг хүн үзүүлсэн байна. Надад үзүүлэхдээ хэдэн сарын өмнө зодуулсан гэж хэлсэн. Үзэхэд маш жижиг хуучин сорви байсан ба хажуу хэсгээрээ улайлттай байсан. Тухайн сорвийг хэдий насандаа гэмтлээс авсан уу, үрэвслээс авсан уу гэдгийг гэрчлэх ямар ч боломжгүй. 30 жил эмчээр ажиллахдаа шинэ гэмтлийг зөндөө үзэж байсан. Багадаа булаг гоожиж сорвижсон байна уу, хүнээр цохиулж эдгэсэн  байна уу гэдгийг гэрчлэх ямар ч боломж байгаагүй. ...Надад чих хамар хоолойн дуран байдаг бөгөөд энэ нь эхо аппарат гэсэн үг. Миний дэлгэц дээр гардаг эхо аппаратаас зураг гарахгүй, гэмтэл авсан өвчтөнүүд өөрсдөө гар утсаараа зургаа авдаг. Гэмтэлтэй бол тухайн өвчтөнд зургаа ав гэж хэлдэг. Тухайн үед зураг авсан эсэхийг мэдэхгүй байна. ...Бүтэн хэнгэрэг дээр бага зэргийн зураас шиг жижиг сорви байсан...” гэв.

Шүүгдэгч Ц.Онь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”ХХК-ийн ажлын байран дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Абиед  халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсанд цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:   

Хохирогч Б.Амөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Ажилчны 1-1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “**”ХХК дээр өглөө 10 цагт ирээд цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж дуусаад орой 18 цагийн үед ажлаасаа гарах гээд байж байсан чинь хадам ээж Ц.Оирсэн. Би байгууллагын заалаар явж байгаад өөрийн ажлын өрөө рүү орох гэж байхад хадам ээж Ц.Отаарсан. Би өрөө рүүгээ түрүүлээд орсон чинь хадам ээж миний араас толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Би Ц.Охандаж “битгий давраад байгаарай” гэж хэлээд өрөөнөөсөө түлхэж, цуг гараад өрөөгөө гаднаас нь түгжих гээд зогсож байхад ард зогсож байсан Ц.Оминий баруун чих хэсэг рүү гараараа цохиж, чихнээс татсан. Миний баруун чих халуу дүүгээд шуугиад, нойтон оргиод байсан. Тэгээд дэлгүүрээс гардаг хаалга дээр ирээд зогсож байсан чинь хадам ээж Ц.Оминий араас хүрч ирээд намайг хэл амаар доромжилж, толгой хэсэг рүү дахиж цохиод гараад явсан. Би уйлаад зогсож байсан чинь манай байгууллагад лангуу түрээсэлдэг Дөлгөөн хүрч ирээд юу болсон талаар асуухаар нь болсон хэргийн талаар хэлэхэд тэр эгч миний чих рүү хараад “чиний баруун чихнээс чинь цус гарсан байна” гэж хэлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд миний “баруун чихний хэнгэргэн хальс хагарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол бичүүлж аваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Хадам аавдаа хүүхэн олж өгдөг хүүхэн гэх зүйлээр шалтаглаж намайг зодсон, би тийм зүйл хийгээгүй. ...2019 оны 10 дугаар сард байсан байх ажил дээрээ байхад Ц.Оминий өрөөнд орж ирээд “Нүүдлийн явалддаг хүүхнийг хэл, хэлэхгүй бол чи Ц.Нявалддаг гэсэн үг” гэж хэлээд миний нүүр рүү цохиж, хумсаараа маажиж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. ...Дүгнэлтээр гарсан гэмтлийг миний биед хадам ээж Ц.Огараараа толгой хэсэг рүү цохиж, чихнээс зулгааж учруулсан. ...Би эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос  гуравдугаар сургуулийн зам дээр 6732 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс дүрэм зөрчиж яваад байхаар нь би сигнал дуугаргаад тэр хүмүүс хажуугаар машинтайгаа гараад явсан чинь миний араас хүрч ирээд машины шил хагалах гээд байсан. Би машинаас буугаад үл таних хүнтэй хэрүүл маргаан хийж зууралдсан. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны гадаа 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед болсон. Би тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гомдол гаргаж Шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч миний биед ямар нэгэн гэмтэл гараагүй. ...Хэрүүл маргаан хийсэн хүмүүс миний толгой руу цохисон зүйл байхгүй, зуурч байх үед гараас самардсан. ...Хэрэг гарсан өдөр би хар өнгийн куртка, дотор талаар нь шар өнгийн малгайтай цамц, хөр өнгийн гуталтай байсан. Харин Ц.Охөх өнгийн малгайтай, хар өнгийн урт цувтай, гартаа цагаан тортой зүйл барьсан байсан. ...Би Ц.О-н хүү Н.Бтой 2010 оноос хойш хамтран амьдарч байгаад 2011 онд бие давхар болоод Ц.Отанилцсан. Ц.Огэх эмэгтэй намайг бие давхар болсон талаар мэдсэн даруйдаа манай нөхөр Н.Быг гэрээсээ хөөж, би нөхрийн хамт Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Ажилчны гудамжны 1-10 тоотод байх ажил дээрээ амьдрах болсон. Энэ хугацаанд Ц.Онь надад хандаж “хөрөнгө байхгүй, мэдлэг боловсролгүй чамайг бэрээ болгож чадахгүй, өөрийн гэдсэнд байх хүүхдээ авхуул, наад хүүхэд чинь миний хүүхдийн хүүхэд биш, чи биеэ үнэлж яваад олсон биз дээ” гэх мэтээр дорд үзэж байсан. 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4 кг, 850 грамм хүүхэдтэй болсон талаар хадам эх Ц.Охэлэхэд “чи балиар заваан болоод ийм том хүүхэд төрүүлсэн, чи юундаа бахархаад байгаа юм” гэж хэлээд утсаа салгасан. Эмнэлгээс гарсны дараа миний хүүг хараад аавтайгаа адил хүүхэд биш, одоо хэний хүүхэд юм бол доо, одоо тэгэх л ёстой  юм байхдаа гэж хэлж байсан. Энэ явдлаас хойш намайг хадам аавдаа хүүхэн олж өгдөг, хадам аавтайгаа явалддаг гэх мэтээр байнга дорд үздэг. Ц.Онь хадам аав Ц.Н хандаж “чи бэрээ ажлаас нь гарга, бэр чинь хүнтэй яваад байна, эсхүл чи бэртэйгээ яваад байгаа юм уу”  гэж байнга хэлдэг учир хадам аав гэрээсээ зугтаад үе үе ажил, зуслан дээрээ хонодог. Хадам ээж хуурамч хаяг, хуурамч дугаараас “танилцах уу, үнэгүй өмгөөлнө, зочид буудалд уулзъя, хадам аав чинь баян хүн үү, нөхөр чинь хүүхдэдээ хэр ханддаг вэ гэх мэт зүйлсийг бичдэг. Энэ хүн намайг хүүхэдтэйгээ хамт байлгах дургүй, намайг гуйлгачин шиг үздэг. ...Манай нөхөр Ц.Огэх хүний хүүхэд биш. ...Төрсөн 2 хүүтэйгээ сайн харилцаатай, харин Ц.Нүүдэл, Н.Б, миний төрсөн хүү Бадрах бид нарыг дээрэлхэж муухай харьцдаг. ...Миний биед учирсан гэмтлийг хадам эх Ц.Оучруулсан...” гэх мэдүүлэг /1 хх-н 41-42 дугаар хуудас, 45-46 дугаар хуудас, 248-249 дүгээр хуудас/,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “**”ХХК-н баруун хаалга дээр зогсож байсан чинь “**”ХХК-н захирал Ц.Н эхнэр Ц.Огаднаас хашгараад, хараагаад ороод ирсэн. Ц.Охараал хэлээд Б.А хайгаад яваад байсан. Б.Аөрөөний үүд хэсэгт зогсож байсан чинь Ц.ОБ.Ануруу хэсэг рүү нь гараараа цохиж, баруун чих рүү нь гараараа цохиж, чихнээс нь зулгааж харагдсан.  Би Б.Абаруун чих хэсэг рүү нь харсан чинь чихнээс нь цус гарсан, Б.Ауйлсан байдалтай байсан. ...Б.Аэрүүл мэндэд Ц.Охалдсан, түүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. ...Өмнө зодож байсан эсэхийг мэдэхгүй ч 9 дүгээр сарын 28-ны өдөр зодсон. Ц.ОБ.А хэл амаар байнга доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “**”ХХК-н лангууг түрээсэлдэг. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад лангуугаа хаагаад байж байхад заалны гэрэл унтарсан. Би гарах хаалга руу ганцаараа алхаад явж байсан чинь Б.Ауйлсан байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад миний баруун чих өвдөөд байна гэж хэлсэн. Би харанхуйд түүний баруун, зүүн чихийг гараараа барьж үзсэн чинь баруун чих нь хавдсан байдалтай байсан. Юу болсон талаар Б.А асуухад “манай хадам аав Н эхнэр хүрч ирээд миний баруун чих рүү гараараа цохисон, зулгаасан, одоо өвдөөд байна, би гарахаас айгаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.А хань болоод хамт дэлгүүрээс гарч өөрийн машиндаа суусан. Б.Аөөрийн машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 34 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”ХХК-д харуулын ажил хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед зохион байгуулагч Б.Ахамт дэлгүүрээ хааж байсан чинь Ц.Н эхнэр Ц.О“Б.Ахаана байна, дууд” гэж хэлсэн. Би дэлгүүрийн баруун талын хаалгаар ороод чигээрээ явж байсан чинь Ц.ОБ.А-г хэл амаар доромжилж байсан. Би Ц.Охандаж боль, хүмүүс хараад байна гэж хэлэхэд “дуугай бай, би мэдэж байна” гэж хэлсэн. Би өнгөрч яваад буцаад ирэхэд Ц.ОБ.Аөрөөний үүд хэсэгт түүнтэй хэрүүл хийж байгаад Б.Абаруун чих рүү гараараа цохиод чихнээс нь зулгаасан. Б.АЦ.О өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд би үүд хэсэгт очоод байж байсан чинь Б.А, П.Д нар хамт гараад явсан. ...Б.Абиед Ц.О өөр хүн халдаагүй. Бүх хүн гараад би дэлгүүрийн хаалга түгжээд байж байтал Ц.Онад дээр ирээд надад хандаж “битгий давраад байгаарай” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/,

Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр АНУ-аас ирэхэд төрсөн эцэг НЦ.Огэх эмэгтэйтэй хамт амьдардаг болсон байсан. Би өөрийн төрсөн эцэг Ц.Н, хойд эх Ц.Онартай хамт амьдрах болсон бөгөөд хамт амьдрах хугацаанд ямар нэгэн зүй бус зан авир гаргадаггүй байсан. 2010 онд Б.Агэх эмэгтэйтэй танилцаж, 2011 онд тусдаа гарч хамт амьдрах болсон үеэс эхлэн хойд эх Ц.Онь Б.Арүү янз бүрийн чат бичиж дарамтлах болсон. Мөн Ц.Онь өөрийн таньдаг найз нөхөд, хамаатан, садандаа манай эхнэрийг муулаад явдаг байсан бөгөөд би тэвчээд дуугай явдаг. Хойд эх Ц.Онь Б.А байнга гүтгэж дарамталж, нэр хүндийг нь унагаадаг. Миний төрсөн хүүхдийг “мэдрэл муутай, согогтой хүүхэд” гэж доромжилдог. Энэ байдал нь одоог хүртэл хэвээр байгаа. ... “Ажил тарах гэж байх үед Ц.Охүрч ирээд намайг хэл амаар доромжлоод ээмэг зүүсэн чихний ээмэгнээс зулгаагаад, гараараа миний чих рүү алгадсан. Би эмнэлэгт чихээ үзүүлсэн чинь хэнгэрэг хагарсан байна гэж байна” гэж эхнэр Б.Ахэлсэн. ...Ц.Охэрүүл маргаан хийгээд хүн гүтгээд байх нь маш хэцүү байдалд оруулдаг. Энэ байдлаас болж Б.Абид 2 хэсэг тусдаа амьдарч байгаад одоо хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /2хх-н 1-2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.О фейсбүүк чатаар харилцсан мессежний хуулбар /1хх-н 6-16 дугаар хуудас/,

Хохирогч Б.Абусдад зодуулсан гэх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 20 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... video 1635733296 гэсэн бичигтэй хэсгийг тоглуулах үед бичлэг дээрх он, сар нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн бичигтэй ... Ц.О, Б.Акуртканаас татаад түүний толгойн баруун чих орчим цохих үед Б.Атолгойгоо барьж байгаад цааш алхах ..., video 1635733293 гэсэн бичигтэй хэсгийг тоглуулах үед Б.А, Ц.Онар нь маргалдаж байгаа ..., video 1635733289 гэсэн бичигтэй хэсгийг тоглуулах үед Б.А, Ц.Онар хэрүүл маргаан хийж байгаа байдал нь бичигдсэн байх бөгөөд төгсгөл хэсэгт нь Б.А, Ц.Охандаж чи намайг дахиад цохичих гэж байгаагаар бичлэг дуусаж байна...” гэх тэмдэглэл /1хх-н 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Б.А”Э”чих хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /2хх-н 23-25, 87 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №391 дугаартай:

“Э” чих хамар хоолойн эмнэлгийн 2022.03.14-ний өдрийн үзлэгт: баруун чихний хэнгэрэг сорвижиж битүүрч эдгэрсэн. Онош-баруун чихний наалдаст үрэвсэл гэжээ.

2. Хохирогч Б.Абаруун талын чихний хэнгэргэн хальсанд цууралт гэмтэл үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хохирогч Б.Абаруун чихний хэнгэргэн хальсны цууралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Хохирогч Б.Абаруун чихний хэнгэргэн хальсны цууралт нь нэг удаагийн үйлчлэлээр буюу чих рүү хүчтэй, хийтэй цохих, алгадах үед үүсэх боломжтой.

5. Хэнгэргэн хальсанд үүссэн гэмтлийн дараа хэрэв нянгийн халдвар үүсээгүй нөхцөлд шинэ цууралт нь 14 хоногийн дотор шинэхэн харагдана.

6. Хохирогч Б.А хуучин чихний үрэвсэл байсан талаар чих, хамар,хоолойн эмчийн үзэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй болно...” гэх дүгнэлт /2хх-н 31-35 дугаар хуудас/,

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баруун чихний хэнгэрэг бүтэн сорвижиж эдгэсэн шархтай гэсэн оношоор надад үзүүлсэн...” гэх тэмдэглэл /2хх-н 81 дүгээр хуудас/,

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Гэмтлийн гаралтай цооролт нь нийлсэн болон салсан, босоо буюу тууш харагдана. Цууралт нь хэрэв нянгаар бохирлогдоогүй үед цэвэр сорвижилт эдгэдэг. Сорвижилт харагдана. Энэ сорвижилтоор тус гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Шинэ гэмтэл гэдэг нь тухайн цаг үед хэнгэрэг хальс хүчтэй цохилтын улмаас босоо буюу ташуу цуурсан харагдахыг хэлнэ. Дүгнэлт дээр гарсан шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэнийг анхны эмчийн дүгнэлт нотолж байна. ...Цооролт гэдэг нь өвчний, нянгаар өвчилсөн өвчний үед, цууралт гэдэг нь механик гэмтлийн үед /цохих, алгадах/ үүсдэг. ...Хэрэв нянгаар халдварлаагүй тохиолдолд шинэ гэмтэл нь 14 хоног дотор сорви нь шинэхэн харагдана. 1 сараас дээш хугацаанд сорви нь хуучин сорви болж харагдана. Б.Абаруун чихний хэнгэрэг хальсанд үүсээд сорвижилт байгаа нь “Энх сонор” эмнэлгийн эмчийн үзлэгээр тогтоогдож байна. ...Энэ үед цохиулсан талын чих шуугьж, сонсгол буурна, толгой таллаж өвдөнө. ...Чихний үрэвсэл, эмгэгшлээс шалтгаалан хуучин чихний архаг үрэвсэл энэ гэмтлийг учруулахгүй...” гэх мэдүүлэг /2хх-н 82-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 70 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-н 71 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 64 дугаар хуудас/. асап сангийн лавлагаа /1хх-н 67 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-н 185-197 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Ц.Онь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”ХХК-ийн ажлын байран дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Абиед  халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсанд цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эмнэлгийн баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Онь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, Л.Б нар “...Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.Оэнэ гэмт хэргийг үйлдээгүй гэх ямар нэгэн эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй

         Тиймээс шүүгдэгч Ц.О гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Онь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  Харин хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Шүүгдэгч Ц.О хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

 Шүүхээс шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.О900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн О тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Онь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  6. Энэ хэрэт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО