Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

     2023         4             27                                      2023/ШЦТ/341

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч И.Мөнхцэцэг

шүүгдэгч М.Х

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22050368**** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*****” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг, ам бүл 4; эцэг, эх, охины хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 15 дугаар гудамж, *** тоотод хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Жаргалан эко” хотхон, *** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*******дугаарын регистртэй, Х овогт М-ын Х 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Х  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Кастел” баарны гадна хохирогч О.Б-ай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм ч учраас ямар нэгэн маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Хохирогчтой ярилцаад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түүний дансаар 200.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надаас 100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилж байгаа 214.000 төгрөгийг нь төлөх болно.

Би аав, ээжтэйгээ хамт байгаа, гэхдээ охинтойгоо амьдардаг өрх толгойлсон эрэгтэй. Бас ажил хийдэг учраас надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ийн Б  “... 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Клаб хаус” найзуудын группын хамт олонтойгоо орой 19:00 цагийн үед Алтангадас ресторанд хоолонд орсон. Тараад Амка, Ами гэдэг найз хоёр эмэгтэйтэй хамт бүжиглэх гээд “Кастал” нэртэй бааранд шөнө 03 цагийн үед орсон. Бид нар хоёр хүний 2 шил пиво уугаад сууж байсан. Тэр хоёр бүжиглэж байгаад ширээнд ирж суухад үл таних залуу дагаж ирээд ширээнд суусан. Тэгэхээр нь би ахын дүү өөрийнхөө ширээнд очоод суучих гэсэн чинь “чи намайг ахын дүү гэдэг хэн бэ, муу буриад гөлөг” гэж доромжилсон. Би 40 минут хэртэй сууж байгаад гарахад нөгөө залуу хүрч ирээд намайг заамдаад ална гэтэл баарны үүдэнд байсан хамгаалагч салгасан. Тэгээд би юу ч бодолгүй зогсож байтал тэр залуу гэнэт миний толгой руу цохиж хагалсан. Би газарт унаад босож ирэхэд миний хувцас цус болсон. Ямар ч байсан толгой руу цохиод газарт унасан” /хх-н 19-21/ гэж,

гэрч Б-ийн Б  “... 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед М.Х  болон миний найз Б.Э  хоёртой хороололд байрлах “Кастел” нэртэй бааранд орсон. Бааранд ороод 1 сет захиалаад суусан. Х , Э  нар талбай дээр бүжиглээд, уух юм дуусаад би өлгүүрээс хувцсаа аваад түрүүлж гараад тамхилаад зогсож байсан. Миний ардаас Э  гарч ирээд 2-3 минут зогсож байхад Хатанбаатар гарч ирэхгүй болохоор нь буцаад ороход өлгүүрийн цаад талд Х  2-3 залуучуудтай муудалцаж байсан. Тэгээд хамгаалагч нь Э  бид хоёрыг энэ найзыгаа аваад гар гэхээр нь Х-ыг аваад гарсан. Тэгтэл ардаас Х-тай муудалцаж байсан залуу гарч ирээд Х-тай маргалдаад муудалцсан. Би дундуур нь орж салгасан. Тэгтэл Э бас хүмүүстэй муудалцах гээд байхаар нь зам руу дагуулж яваад таксинд суулгаад наанаа сууж бай гэж хэлчихээд буцаад ирэх үед Х миний өөдөөс ирж байсан. Тэгтэл найзууд нь бололтой 4-5 залуу ирж зогсоод Х  руу дайрч давшилсан. Тэгтэл тэр хохирогч залуу найзуудыгаа хараад хөөрсөн юм уу Х-ыг заамдаад эхэлсэн. Би дундуур нь ороод салгах гэтэл хамгаалагч залуу чи наад хоёрынхоо дунд ороод цохиуллаа ш дээ, холдооч ээ гэхээр нь би холдоод эргээд харахад нөгөө хохирогч доор нь орчихсон манай найз Х  дээр нь хэвтэж байсан. Би гүйж очиход тэр залуу газар хэвтчихсэн босохгүй толгойноос нь цус гарч эхэлсэн. Тэгэхээр би хамгаалагч нарыг цагдаа дуудаад өгөөч гэж зөндөө гуйсан боловч хэн нь ч цагдаа дуудаж өгөөгүй, би өөрөө цагдаа дуудсан” /хх-н 69-70/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... О.Б-ын биед тархи доргилт, дагзанд шарх, хүзүүнд зулгаралт, дагз, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 16112 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 29-30/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч М.Хатанбаатарын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Хотгойд овогт М-мын Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Х-т ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

Тухайлбал, шүүгдэгч М. Х урьд өмнө мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсныг түүний хувийн байдал гэж үзэх, нөгөөтэйгүүр тэрээр бага насны хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ганц бие эцэг гэх байдлыг нь түүнд оногдуулах ялын төрлийг сонгоход харгалзах шалтгаан гэж үзээд шүүх “торгох” ялыг сонгов.

 

Шүүгдэгч М.Х-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, АСАП сангийн лавлагаа /хх-н 40-45/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 57-61/, Х.Нандин-Эрдэнэ гэх хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 84/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.Б  “... 300.000 төгрөг нэхэмжилснээс 200.000 төгрөгийг авсан. Одоо 100.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байх боловч тэрээр уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

 

Харин шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор И.Мөнхцэцэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04/1153 тоот албан бичиг /хх-н 82/, уг албан бичиг хавсаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллийг /хх-н 81/ үндэслэн 214.000 төгрөгийг шүүгдэгч М.Х-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах санал гаргав. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийг тогтоож томилоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч М.Х  шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч М.Х  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х  овогт М-ын Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Х  торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Х  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч М.Х  хохирогч О.Б-д 200.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч О.Б-ын нэхэмжилсэн гэх 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Х-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУ