Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00100/И |
Дугаар | 001/ХТ2022/00056 |
Огноо | 2022-01-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2022/00056
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/00433 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 783 дугаар магадлалтай,
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Х” ХХК-д холбогдох,
162,382,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн төлөөлөгч М.Урнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 161,382,020 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас алдангийн 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/00433 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 161,382,020 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 783 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 358,761 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 181/ШШ2020/00433 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 783 тоот магадлалаас алданги 40,162,020 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас хүсэлт гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулгыг шүүх хуралд оролцуулах, Барилга архитектур корпораци Итгэмжлэгдсэн лабораторийн Шинжилгээний дүнг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох газраас гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. /2020.02.10-ны 10 тоот хүсэлт/ Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Гантулга, Т.Батчимэг хоёрыг томилсон албан бичиг 2020.02.04-нд гарсан байтал 2020.02.03-нд эрх үүрэг танилцуулсан баримт дээр гарын үсэг зурагдсан, 2020.02.07-нд баасан гаригт очиж хэргийн материалтай нэг төлөөлөгч танилцсан. Гантулга төлөөлөгч ар гэрийн шалтгаанаар Завхан аймаг руу 2020.02.08-нд нисэх болсонтой холбогдуулан хэргийн материалтай танилцаж амжаагүй. Гантулга төлөөлөгч энэ ажлыг хариуцаж ажиллаж байсны хувьд зайлшгүй оролцох шаардлагатай байсан. Тиймээс хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байтал шүүх анхаарч үзсэнгүй. Давж заалдах шатны шүүхээс ...бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй байсан гэх тайлбар нь төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байх үндэслэл болохгүй... гэжээ. Хариуцагч талаас төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. Чанарын шаардлага хангахгүй бетон зуурмаг нийлүүлснээс болж ажлын явцад хүндрэл гарч, ажил удааширсан. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэж, ажлаа жигдрүүлэх хугацааг харгалзаж, алдангийг тооцохгүй байх боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэр, магадлалын алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт бетон зуурмагийн үнэ 122,220,000 төгрөг, алдангид 40,162,020 төгрөг, нийт 162,382,020 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас төлсөн 1,000,000 төгрөгөөр шаардлагаа багасгаж, 161,382,020 төгрөг нэхэмжилжээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд 2019.08.29-ний өдөр 19/55 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлэгч “С” ХХК нь захиалагч “Х” ХХК-д 4000 м3 чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч нь төлбөрийг бетон зуурмаг нийлүүлэх бүрт нийлүүлсэн сүүлийн өдөр төлж байхаар, мөн гэрээний 4.5-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар анз тооцохоор тохиролцсон байх бөгөөд гэрээний дагуу нийлүүлэгч нь 178,220,000 төгрөгийн үнэ бүхий 1135 м3 бетон зуурмагийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч нь үнээс нийт 57,000,000 төгрөг төлж, 121,220,000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.
7. Нэхэмжлэгч нь “...гэрээний дагуу 1135 м3 бетон зуурмаг нийлүүлсэн боловч хариуцагч нь гэрээний 2.4-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. ...иймд үлдэгдэл төлбөрийг, гэрээний 4.5, 5.3-т заасны дагуу алданги нэхэмжилнэ” гэж маргасан бол хариуцагчаас “...бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Бетон зуурмаг хүлээн авах явцад дээжийг авч шинжлүүлэхэд чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Шинжилгээний дүн стандартын шаардлагад хүрээгүйн улмаас бетон зуурмаг авах ажиллагааг зогсоосон. ...алдангийг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гарган маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүхүүд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, хариуцагч “Х” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.
11. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр ...нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй болохыг нотолно хэмээн Барилга архитектур корпорацийн Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг шүүхийн журмаар гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасан байхад, анхан шатны шүүх ...уг баримт нь “Х” ХХК гэсэн нэртэйн гадна ...уг баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжтой, ...гэрч асуулгах хүсэлтийг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх хүсэлт гэж үзэх үндэслэлгүй гэсэн хуульд нийцэхгүй дүгнэлтүүд хийж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
12. Түүнчлэн, талуудын хооронд 4000 м3 чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд 1135 м3 бетон зуурмаг нийлүүлсэн. Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгчээс ...хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэж, хариуцагч нь ...нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй учир зуурмаг авах ажиллагааг зогсоосон... гэж маргасан, иймд анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд, өөрөөр хэлбэл гэрээний аль тал үүргээ хэрхэн зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан, эсхүл гэрээнээс татгалзах үндэслэл бий болсонд дүгнэлт хийх, үүнтэй уялдаж гэрээнд заасан хариуцлагыг хүлээлгэх эсэх, алданги тооцох эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
13. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй нь буруу байна.
14. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
15. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/00433 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 783 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.08-ны өдөр төлсөн 358,760.10 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН