| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0684/Э |
| Дугаар | 1221 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1221
2019 12 5 1221
М.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Л.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1578 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Дт холбогдох 1906013560540 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овгийн М.Д, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 44 дүгээр байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЗ91101197/;
М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эс Би Центр зочид буудлын 308 тоот өрөөнд хохирогч Д.Өсөхбаярын Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.447.830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэсүд овогт М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дт гэмт хэргийн зан үйлээ засах, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, М.Д нь энэ гэмт хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв” гэж дурдсан байх боловч анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан ялыг нь 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Мөнхчулууны Дөлгөөнбаатагы” гэж буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1578 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Л.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эсэргүүцэл үндэслэлтэй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эс Би Центр зочид буудлын 308 тоот өрөөнд хохирогч Д.Өсөхбаярын Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.447.830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Өсөхбаярын “...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Би Центр” нэртэй зочид буудалд М.Мэргэн, М.Д нарын хамт үйлчлүүлсэн. Тухайн өдөр зочид буудалд 1 шил архи гурвуулаа хувааж уусан. 0,5 литрийн хэмжээтэй Шар чингис нэртэй архи байсан. Тэгээд архиа уугаад унтаж байтал М.Д миний Голомт банкны виза картыг хулгайлж авч явсан байсан. ...Би өөрийнхөө эзэмшдэг Голомт банкны дансны хуулгаа авч үзэхэд миний данснаас 4.520.230 төгрөгийн гүйлгээ уншигдсан байсан. ...Тухайн үед би өөрийнхөө виза картыг өмсөж байсан өмднийхөө баруун талын халаасанд хийсэн байсан. Тэгээд унтахдаа өмдөө тайлаад хажуудаа эвхэж тавиад унтсан. Намайг унтсан хойгуур миний өмдний халааснаас картыг минь хулгайлж авч явсан. ...Би одоо мобайл банкныхаа дансны хуулгыг харахад 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 45 минутад 11.800 төгрөг, 16 цаг 42 минутад 80.000 төгрөг, 17 цаг 12 минутад 24.800, 33.700 төгрөгөөр 2 удаа, 17 цаг 40 минутад 49.000, 45.900 төгрөгөөр 2 удаа, 17 цаг 57 минутад 800.000 төгрөгөөр 5 удаа, 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 59 минутад 200.000 төгрөгөөр 1 удаа миний данснаас мөнгө авсан. Энэ хооронд буюу 01 дүгээр сарын 28-ны шөнө 12 цаг өнгөрч байхад би өөрийн данснаас 7.000 төгрөгөөр нэг удаа, 84.000 төгрөгөөр нэг удаа, 110.000 төгрөгөөр нэг удаа, мобайл банкны үйлчилгээг ашиглан шилжүүлж авсан...” /хх-4-8, 44/,
Гэрч М.Мэргэний “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой бид 2 хоёр архи ихээр хэрэглэсэн тул орноосоо босож чадахгүй байсан ба тухайн үед 19 цагийн үед Дөлгөөнбаатар нь дэлгүүр ороод ирье гэж картаа өгчих гэхэд Өсөхбаяр картаа өгөөгүй. Бид 2 ядарсан байсан тул унтаад өгсөн. Оройны 23 цагийн үед сэрээд хартал Дөлгөөнбаатар нь байхгүй, манай найз Өсөхбаяр нь надад гар утсаа үзүүлж “миний картнаас нийт 4.520.000 төгрөг гарсан байна” гэсэн...” /хх-11, 12/ гэх мэдүүлгүүд,
Голомт банкны хуулга /хх-107-111/, дансны хуулганы тэмдэглэл /хх-49-51/, хохирол төлсөн баримт /хх-79, 90, 130-131, 156/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Дыг хохирогч Д.Өсөхбаярын Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 4.447.830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.Дыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх М.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Прокурор А.Ариунаагийн бичсэн “... Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...Мөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Мөнхчулууны Дөлгөөнбаатагы” гэж буруу бичсэнийг зөвтгөж өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв...” гэсэн атлаа, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх”-ээр хуульчилсан. Үүнээс үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Мөн шийтгэх тогтоолыг 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дт гэмт хэргийн зан үйлээ засах, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг”, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсэн боловч хугацааг тодорхой зааж өгөөгүй учраас тэнссэн хугацаанд үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
М.Дыг сэжигтнээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан бөгөөд 2 хоног цагдан хоригдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/1210 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч М.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 19 хоног, нийт 21 хоног цагдан хоригдсон байхад, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо түүний цагдан хоригдсон хоногийг 3 хоног гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1578 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1578 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Мөнхчулууны Дөлгөөнбаатагы” гэснийг “М.Д” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дт гэмт хэргийн зан үйлээ засах, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Дт гэмт хэргийн зан үйлээ засах, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 3 хоног ...” гэснийг “... 21 хоног...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ