Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0383

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5 шатлал буюу 2171000 төгрөгөөр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус нөхөн тооцож гаргуулах, 2024 оны ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож томилохыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0235/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.М нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдууланБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5 шатлал буюу 2171000 төгрөгөөр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус нөхөн тооцож гаргуулах, 2024 оны ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож томилохыг даалгах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны ээлжийн амралтын тооцоог хийх, мөн тухайлан хэрлэн заасан албан тушаалд томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай М.М-г “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу М.М-г зохих албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хууль тогтоомжид нийцүүлэн тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, баталгаажуулахыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай М.М-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, 9.8. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.37.2.37.7.37.1.16, 48.1. 48 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг үндэслэл болгосон. Мөн түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 6.1 дэх хэсэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.4, 4.5 дахь хэсэг 10.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гарсан.

3.2. М.М- нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа "Байгаль хамгаалагчдын 11 чуулганыг зохион байгуулах үедээ төсөвлөгдсөн хөрөнгө буюу зохион байгуулах багийн зардлаас мөнгө өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан гэх өргөдөл гомдлын дагуу шалгаж түүнд арга хэмжээ авсан байдаг. Тус арга хэмжээнд 10 оюутан ажиллуулахаар төсөвлөж нэг хүний өдрийн цалин 100 мянган төгрөг, нийт 2 сая төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл арга хэмжээнд хамааралгүй иргэнийг авч ажиллуулан түүнд 1 сая төгрөгийг шилжүүл хэмээн шаардсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн гомдол болон дотоод хяналт шалгалтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл дотоод аудитын газраас М.М-гийн гаргасан гэх зөрчлийг хянан үзээд Төрийн албаны ёс зүйн тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулахаар хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын танилцуулга, холбогдох баримт материалыг хуулбарлан яамны Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн байх ба 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "Байгаль хамгаалагчдын 11 чуулган"-ыг зохион байгуулахад гарсан зарим зардалтай холбоотой иргэнээс ирүүлсэн мэдээллийн хүрээнд хийсэн дотоод хяналт шалгалтын тайланд "... М.М-гийн нь оюутнуудын ажлын хөлснөөс өөр зардалд тус бүрээс нь 100,000 төгрөгийг буцааж өгөхийг нэхэж шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан нийтлэг үүрэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1.2-т заасан ёс зүйн зарчим. 713-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д заасан нийтлэг үүрэг, мөн журмын 8.7.2-д заасан албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал.... хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан..." ноцтой зөрчлийг гаргасан, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй болохыг дүгнээд. Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

3.3. Гэтэл анхан шатны шүүхээс "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.2. "Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.", 3.3."Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 6.1. "Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна." гэж журамласныг зөрчиж, сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ харгалзан үзээгүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай" Б/11 дүгээр тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна гэж дүгнэжээ.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс М.М-гийн гаргасан дээрх үйлдэлд Төрийн албаны хууль болон бусад холбогдох журамд заасны дагуу тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан байхад шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд орж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0227 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон утга найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5 шатлал буюу 2171000 төгрөгөөр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус нөхөн тооцож гаргуулах, 2024 оны ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч нь хууль, журамд заасны дагуу шалгаж, нотлох баримтаар тогтоосон байх, тус зөрчлүүдийн шинж байдал нь төрийн албанаас халах сахилгын шийтгэлд тохирсон байх шаардлагыг хангаснаар маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэх байтал ажлын цагийн бүртгэлд 48 цагийн дутуу бүртгэлтэй болохыг шалган тогтоогоогүй, хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар уг зөрчил үгүйсгэгдсэн, харин чуулган зохион байгуулах үеэр чуулганд ажилласан оюутнуудын ажлын хөлснөөс мөнгө өгөхийг шаардсан үйлдэл нь зөвхөн ийнхүү шаардсанаар дуусгавар болсон, оюутнуудаас 1 сая төгрөгийг бодит байдалд хураан аваагүй, чуулганы зохион байгуулалтын ажлын ачаалал, хэр хэмжээ гэх мэтээр хууль тогтоомжид заасан шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, бодит үйл баримтыг хариуцагч үнэлээгүй байх тул маргаан бүхий Б/11 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. ...М.М-гийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч сонгох боломжийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам/хуучин нэрээр/-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д холбогдуулан гаргасан өргөдөл гомдлын талаарх илтгэх хуудсыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-д танилцуулж, хяналт шалгалтын төлөвлөгөөг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталж дотоод хяналт шалгалт хийжээ.

5. Улмаар дотоод аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулахад гарсан зарим зардалтай холбоотой иргэнээс ирүүлсэн мэдээллийн хүрээнд хийсэн дотоод хяналт шалгалтын тайлангаар ... М.М-гийн оюутнуудын ажлын хөлснөөс өөр зардалд тус бүрээс нь 100,000 төгрөгийг буцааж өгөхийг нэхэж шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан нийтлэг үүрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1.2-т заасан ёс зүйн зарчим, 7.1.3-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ... Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д заасан нийтлэг үүрэг, мөн журмын 8.7.2-д заасан албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, ... хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан ... ноцтой зөрчлийг гаргасан, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй болохыг дүгнээд, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах, мөн ажил, албан тушаалын байдлаа ашиглаж оюутнуудын цалингаас 100,000 төгрөгийг шилжүүлэхийг нэхэж шаардсан үйлдлийг Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр санал гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулахаар тус яамны Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны дэргэдэх ёс зүйн дэд хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч М.М-г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

6. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дугаар тушаалаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэж Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээч М.М-г 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

7. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автсан буюу Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулах үеэр бусдаас мөнгө өгөхийг шаардсан, хоёрдугаарт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд нийт 48 цагийн дутуу бүртгэлтэй гэж,

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагчийн тайлбараас харахад ямар 48 цагийг тасалсан гэдэг нь харагддаггүй. 2023 оны 11, 12 дугаар сарын цагийн бүртгэл нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалд хамаарагдаж байгаа. ...Миний цалингийн бүртгэлийг харвал хавтаст хэрэгт авагдсан байгаа баримт дээр 2023, 2024 онд дандаа бүх цаг нь бүтэн ажилласан. Цалингаа 100 хувь авсан, тасалсан цаг байхгүй, цалин нь бүрэн олгогдсон гэж байдаг. Тухай бүрд нь нэгжийн дарга нь өөрөө цагийн бүртгэлээ баталгаажуулж өгөөд нягтлан бодогч цалингаа тооцож олгодог байсан.

...500 хүний чуулган гэдэг маш амаргүй ажил.  Яамнаас би ганцаараа ажилласан.  ...Надад ганц тусалж байсан нь Б.Ч байсан тул чуулганы ажилд туслуулсан хүүхдүүдэд өгөх 200 мянган төгрөгөөс 100 мянган төгрөгийг Б.Ч-т өгөхөөр хүүхдүүдэд хэлэхэд хүүхдүүд за гэсэн...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.  

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж,

9. Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-Т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.”, 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.3.1-т “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан.

10. Нэхэмжлэгчийн хувьд хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн боловч хариуцагчаас түүнд шийтгэл ногдуулахдаа хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан санкцаас хамгийн хүндийг нь буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь … зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан… сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасныг зөрчсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд “:..анхан шатны шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд орж шийдвэр гаргасан…” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

11. Тодруулбал, маргаан бүхий актын нэг үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” үндэслэл буюу нэхэмжлэгчийг 48 цагийн дутуу бүртгэлтэй гэдгийг шалган тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар зөрчил тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн “…чуулганы зохион байгуулалтын ажлын ачааллаас шалтгаалж хүн авч ажиллуулсан, тухайн хүнд ажлын хөлс олгохоор оюутнуудаас мөнгө авах асуудлыг тавьсан боловч бодит байдал дээр уг мөнгийг аваагүй” гэх тайлбар, Авлигатай тэмцэх газраас уг гомдол мэдээллийг хянан шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах мөрдөгчийн саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч М.М нь өмнө нь сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй зэргээс үзэхэд  нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний үйлдсэн зөрчлийн шинж байдалд нийцээгүй, хүндэдсэн буюу ийнхүү шууд ажлаас халж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтийн үндэслэлдээ “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан тус өдрийн 11 цагт товлогдсон байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, аль шүүхийн шүүх хуралдааны зар болох нь тодорхойгүй, мөн тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон бөгөөд уг хэргийг хянан хэлэлцэх хурлаас цагийн хувьд хойш товлогдсон буюу 11 цагт товлогдсон хуралд оролцох хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 14. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэрийг орхигдуулсан, бичиглэлийн хувьд найруулах шаардлагатай байх тул  давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай М.М-г Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу М.М-г зохих албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хууль тогтоомжид нийцүүлэн тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, баталгаажуулахыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, үлдэх хэсэг болох 2024 оны ээлжийн амралтын тооцоог хийх, мөн тухайлан нэрлэн заасан албан тушаалд томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ