Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ20

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0018/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***,
Шүүгдэгч Б.Г***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*** Б.Г***т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ДТ***т Б.Г***, *****д төрсөн, ***** настай, ***** , эрэгтэй, бага боловсролтой, *****  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Хангамжийн ** дүгээр гудамж ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 
1.******* дахь Сум дундын шүүхийн ******дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 
2.******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Г***нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Magnoli” дэлгүүрийн урд зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** ДАТ улсын дугаартай мотоцикл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцон иргэн Г.М***ын жолоодож явсан **УНМ улсын дугаартай Grand mark-II маркийн тээврийн хэрэгслийг шүргэж гэмтээн зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

Нацаг Дархан сумын **-р баг Мангиртаас гэрийн багана авч ирэх шаардлагатай болоод тэгээд бид 2 миний 3 дугуйтай ачааны мотоцикльтой явахаар болсон. Мангиртаас нэг айлаас 2 багана ачаад буцаад төв замаар манайх руу явж байсан юм. Тойрог уруудаад явж байтал “Магнолиа” гэдэг дэлгүүрийн урд талын зам дээр би мотоцикльтойгоо хурд сааруулагч давах гээд явж байтал миний урд талд 2 цагаан өнгийн машин зэрэгцээд зогсчихсон хоорондоо юм ярьж байсан. Би тэгээд тоормослоод зогсох гэтэл миний мотоцикль зогсохгүй байж магадгүй гэж бодоод тэр зам дээр байсан 2 машины зүүн талын 2-р эгнээгээр явж байсан машины зүүн талаар нь багтаад гарчих юм шиг санагдахаар нь 2-р эгнээнд байсан машины зүүн талаар нь замын боржуур даваад явахад тэр машины хажуу талаас нь тэвшээрээ шүргэчихсэн. Тэгээд зогсоод тэр машины хүнтэй уулзах гэтэл тэр машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд миний мотоциклын цахилгааны утсыг гараараа тасдаад буцаад машиндаа суучихсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд мотоциклынхоо аваарын унтраалгыг дарж тог ирүүлээд мотоциклоо асаагаад яваад өгчихсөн гэх мэдүүлэг,       
                                                                                                                                                                
Хохирогч Г.М***ын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 10-р сарын 13-ны өдөр 14 цагийн үед би өөрийн эзэмшлийн **УНМ улсын дугаартай Grand mark-II маркийн автомашин жолоодож нөхөр О.С*** явах машинд суулгаж өгөх гээд Шинэ Дарханаас хуучин Дарханы чиглэлд явж байсан. Тэгээд хуучин Дарханд аюулгүйн тойрог уруудаад зорчих хэсгийн 2-р эгнээнд Green Magnoli хүнсний дэлгүүрийн хойд зам дээр байдаг хурд сааруулагч даваад явж байтал гэнэт миний зүүн талаас ачаатай 3 дугуйтай улаан өнгийн мотоцикл орж ирээд миний машины зүүн хойд талын карлоноос зүүн урд талын карлон хүртэл зурж хонхойлгосон. Тэгээд би мотоцикл жолоодож явсан хүн дээр очоод -Та яаж яваад байгаа юм бэ?- гэсэн чинь тэр мотоциклын жолооч намайг хэл амаар доромжлоод мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэр мотоциклыг жолоодож явсан хүн нь 50 гаран насны эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Д.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө ажилд явах гээд шинэ Дарханаас бирж рүү хүргүүлэхээр манай эхнэр М*** **УНУ улснын дугаартай Grand mark-II маркийн машин жолоодож би хажууд нь суугаад явж байсан. Тэгсэн чинь хуучин Дарханд микрийн буудлын ойролцоо байдаг хурд сааруулагч дээр ирээд хурдаа сааруулаад даваад гараад явж байтал машины зүүн гар талаар гурван дугуйтай улаан өнгийн мотоцикль гүйцэж түрүүлээд эхнэрийн жолоодож явсан машиныг хажуу талаас нь зураад гараад явчихсан. Манай эхнэр М*** зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан. Тэгсэн тэр гурван дугуйтай мотоцикльтой хүн машины зүүн талаар замын боржуур хэсгийг даваад машины урд гараад зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад очсон чинь 50 гаран насны нэг өвгөн архи уучихсан байдалтай тэр мотоциклыг жолоодож явсан байна лээ. Ачаан дээр нь бас нэг өвгөн байсан. Тэгээд би тэр гурван дугуйтай мотоциклтой хүнтэй уулзах гээд очсон чинь тэр мотоциклтой өвгөн мотоциклоо асаагаад хөдлөх гээд байсан. Би тэгэхээр нь тэр өвгөнд “Та байж байгаач цагдаа дуудчихсан байгаа” гэсэн чинь тэр өвгөн миний үгийг тоохгүй явах гээд байхаар нь би түлхүүр хийдэг эд ангийхан хажууд байдаг ил байсан цахилгааны утсыг нь татсан чинь тасарчихсан. Тэгээд би машин дээрээ очоод зурагдсан хэсгийг нь үзээд байж байтал тэр өвгөн мотоциклоо асаагаад яваад өгчихсөн гэх мэдүүлэг  /хх-ийн 16/, 

Гэрч М.Н***ийн мөрдөн байцаалтад өгсөн:
 
Бид 2 Г***ийн 3 дугуйтай мотоциклоор Мангирт руу явсан. Тэгээд мангиртад таньдаг хүн таараад тэр хүн бид 2 мөнгөө нийлүүлж байгаад 1 шил архи аваад гудамжинд хувааж уусан. Тэгээд миний таньдаг Г***, Г*** бид 3 тэр 1 шил архийг дуустал уусан. Тэгээд Г*** хөдөө Хүйтны гол руу гэрлүүгээ явлаа гээд харьсан. Г*** 3 дугуйтай мотоциклоо асаагаад би хажууд нь суугаад гэрийн 2 баганаа ачаад явсан юм. Тэгээд явж байгаад Микрийн буудлын урд харалдаа зам дээр явж байгаад өмнө урд харалдаа зам дээр явж байгаад өмнө урд 2 машин зэрэгцээд явж байсан чинь Г*** тэр машинд ойртоод ирсэн. Тэгсэн Г*** мотоциклийн тоормос нь барихгүй байна гэж хэлснээ урд явж байсан цагаан өнгийн машины зүүн талаар нь шахаад орчихсон. Тэгэхдээ тэр машиныг зүүн хажуугаар нь зураад өнгөрсөн. Тэр Г***ийн урд явж байсан машин зорчих эгнээний 2-р эгнээгээр явж байсан. Г*** зүүн талаар нь замын боржур даваад зөрж гарахдаа машиныг нь зурчихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ослын дүгнэлт: “Жолооч Б.Г***нь ** ДАТ улсын дугаартай мотоцикл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Г*** нь ** ДАТ улсын дугаартай мотоцикл жолоодож явах үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а. "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно",  2.5.а. "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", 2.5.б. "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй", 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрсөн” гэжээ /хх-ийн 18/, 

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 052 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан шинжээчийн дүгнэлт: “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө хойд талын дугуйнуудын хээ элэгдсэн, дуут дохио ажилгүй. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. /зураг №01-02/ 
Тенхикийн хувьд дуут дохио ажилгүй, дугуйн хээ элэгдсэн бүрэн бус, зүүн гар талын хойд барабанаар тос хаяснаас ажлын тоормосны ялтас /накалад/ хөдөлгөөний удаашралтанд нөлөөлсөн байна. /зураг№01-03/
Тенхикийн хувьд бүрэн, дугуйн хээ элэгдсэн, зүүн гар талын барабанаар тос хаясан гэмтэлтэй, дуут дохио ажилгүй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна. /зураг №03/
Осол үйлдэх үед тухайн тээврийн хэрэгслийн ажлын тоормосны эд анги бүрэн, дуут дохио ажиллаагүй байна. Тээврийн хэрэгслийн зүүн гар талын хойд барабаны жийрэг сэтэрснээс тос хаясан нь ажлын тоормосны ялтасны /накалад/ гадаргууг норгосон нь хөдөлгөөний удааширалд нөлөөлж осол гарахад нөлөөлсөн байна. /зураг №03/” гэжээ /хх-ийн 22-23/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9/, эд  хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 12-13/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55, 66/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-94/ зэрэг болно.  

Шүүгдэгч Б.Г***нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Magnoli” дэлгүүрийн урд зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** ДАТ улсын дугаартай мотоцикл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а. "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"-т заасан заалтыг тус тус зөрчиж иргэн Г.М***ын жолоодож явсан **УНМ улсын дугаартай Grand mark-II маркийн тээврийн хэрэгслийг шүргэж гэмтээн мөн дүрмийн 2.5.а. "Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", 2.5.б. "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй"-т заасныг  зөрчиж зам тээврийн осол гаргаж 309 000 төгрөгийн хохирол учруулан, ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Г***нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /хх-ийн 51-52, 54-55, 66-р хуудас/ тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгчийн сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт  хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Хэрэгт авагдсан 309 000 төгрөгийн хохирол барагдуулсан тухай шүүгдэгч, хохирогч нарын гарын үсэг бүхий баримтаар шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.   

Шүүгдэгч Б.Г***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцлөл байдал тус тус тооцов. Шүүгдэгчид хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г***ийн эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий ** ДАТ улсын дугаартай мотоцикл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10-р сарын 30-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
    
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Дэгрэй тамгат Б.Г***ийг согтуугаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Б.Г***ийг 1 жил, 6 сарын /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
                                                                                                                                                     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Г***т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Г***т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Г***ийн эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий ** ДАТ улсын дугаартай мотоцикл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10-р сарын 30-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г***нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
    
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Т.БАТЖАРГАЛ