Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          4               05                                              2023/ШЦТ/264

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогч Х.О , түүний өмгөөлөгч О.Б, Б.Б,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ч.Н, Д.Б,

шүүгдэгч Р.Э ,  түүний өмгөөлөгч Б.О, Ж.Н,

шүүгдэгч Х.С , түүний өмгөөлөгч Б.О,

шүүгдэгч О.Ц , түүний өмгөөлөгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б , Р.Э , Х.С , О.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105000980*** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Э

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.С

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э , нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С , авто ачигчийн жолооч О.Ц  нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-н ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  мэдүүлэхдээ: “Би төмөр замын дээд сургуулийг төгссөн. Инженерээр мэргэшээд ажиллаж байгаа. Миний ажиллаж байгаа газар бол Улаанбаатар төмөр замын нийтийн эзэмшлийн буюу нийтэд үйлчлэх зам талбай, агуулахын газар гэж явдаг. Мөн хуулиараа төмөр замын аюултай бүсэд тооцогддог, гаалийн хяналтын бүс гэж явдаг. Ийм онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас төмөр замын хуульд заасны дагуу төмөр замын аюултай бүсэд аливаа нэгэн байгууллагыг үйл ажиллагаа явуулахыг хориглодог учраас тэр эрх зүйн зохицуулалтаар тээвэр зуучийн газартай гэрээ байгуулж ажилладаг. Мэдээж тухайн өдөр болон бусад өдрүүдэд хоногт 500 хүн, 300 гаруй машин орж ирдэг. Орж ирж байгаа хүн болгонтой харьцаж, хянах боломж байхгүй. Ямар газрын ямар ачаа гэдгийг дэс дараалж мэдэх боломж байдаггүй учраас тээвэр зуучийн компанитай гэрээ байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн хэрэг болсон өдөр амралтын өдөр байсан. Би гэртээ амарч байсан. Камерын бичлэгийн дагуу болсон процессыг холбогдох алба хэлтэс рүү илтгэх хуудсаар дамжуулсан. Миний үүрэг бол Улаанбаатар төмөр замын тээвэр зуучийн даргын хувьд өөрийн хариуцсан 240 гаруй ажилтны эрүүл ахуй, хөдөлмөрлөх нөхцөл, ажлын онцлог бүх зүйлийг хангахын төлөө ажилладаг. Тухайн өдөр болсон асуудлын дагуу өөрт оноогдсон үүргээр манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Монложистик компани руу хандсан. Танайд ирсэн ачааг хүлээн авагч осолд орсон байна. Осол судлан бүртгэх хуулийн дагуу судлан бүртгээрэй гэж хэлсэн. Манай байгууллагын хувьд нээлттэй байна, гол нь хуулиараа байгуулсан гэрээ байгаа учраас ажил олгогчид нь хандаарай гэж хэлсэн. Бид бол төмөр замынхаа дүрэм журмын дагуу арга хэмжээгээ авсан гэж хэлсэн. Ингээд Монложистик компанитай албан бичгээр харьцсан. Хохирогчийн хамаарал бүхий газрын ажилтан над дээр ирж уулзсан. Би болсон процессыг хэлээд ажилтныхаа эрүүл мэндийг бодоорой гэж хэлсэн. Гэтэл бид нарт хамаагүй, ачааны төлбөрөө төл гээд бичиг өгсөн. Бид нар буруутай этгээд тогтоогдсоны дараа төлж барагдуулна гэж хэлсэн. Цагдаагаас дуудаж мэдүүлэг авна гэсэн тул би очсон. Цагдаагийн байгууллагаас дуудах болгонд нь очсон. Надад ямар нэгэн байдлаар гэмт хэргийг нуун дарагдуулах, бусдын нөлөөнд автсан тийм зүйл байхгүй. Болсон бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Үүнийхээ дагуу энд ирээд зогсож байна. Би ямар нэгэн байдлаар хууль болон хэм хэмжээг зөрчихийг хүсдэггүй. Өнөөдрийг хүртэл тэр зарчмаар явж байгаа. Үнэн бодит болсон процесс ямар байгаа вэ, үнэн бодитоор шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э  мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байсан. Ийм осол боллоо гээд ажлаас дуудахаар нь ирсэн. Тухайн үед ажлаа аваад 7 хонож байсан. Манай байгууллага үндсэн 4 том цехтэй. Алсын байрлалтай цех. Тухайн үед 7 хоногийн хугацаанд ажилтайгаа танилцаад байж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дугаар зүйлд тухайн зааварчилгааг өгөөгүй гэдэг асуудал дээр ачаа хүлээн авагч зааварчилгаа өгөх үүрэг байхгүй. Аж ахуйн цехийн дарга хийж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С  мэдүүлэхдээ: “Улаанбаатар төмөр замын ачиж буулгах ангид 1988 оноос хойш ажиллаж байна. Тухайн өдөр Монложистик ХХК-н нэр дээр ирсэн ачааг Монложистик ХХК-н төлөөлөгч Х.О  нь Цэрэнтэй хамт авахаар орж ирсэн. Би Цэрэнд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаарай, гадны хүн орж болохгүй зөвхөн итгэмжлэгдсэн хүн орж болно гэх зааварчилгааг өгсөн. Хажууд Х.О  байсан. Амралтын өдөр байсан болохоор бүх ажилчдад зааварчилгаа өгсөн, зааварчилгааны дагуу ажилласан. Тухайн өдөр би урд талдаа ачаагаа хараад зогсож байсан. Х.О  агуулах руу 2,3 удаа орсон. 1 удаа жолоочтойгоо орсон. Тухайн үед ярьж зөвлөж хэлж байсан. Тэгээд бүх ажилчид хууль дүрэм, журмын дагуу ажилласан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц  мэдүүлэхдээ: “1984 оноос хойш одоог хүртэл 38 жил ажиллаж байна. Жолоочоор 2003 оноос хойш ажиллаж байсан. Зааварчилгаа аваагүй гэж байна. Гэтэл 7 цаг 40 минутад зааварчилгаа авсан гарын үсэг зураад өгсөн. Осол гарсан өдөр 2 ачигчийн бригад байсан. Гарга гэсэн ачааг гаргаад явж байсан. Нэг агуулахаас биш 3 агуулахаас зэрэг ачаа гаргадаг. Нэг ачаа гаргаад машинаа  хажууд нь тавиад дараагийн агуулахаас ачаа гаргах хооронд осол болсон. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Харж байсан бол туслах байсан. Тухайн өдөр зааварчилгаа аваад ажилласан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.О  мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Цаашид гарах эмчилгээний зардал, мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н дарга Э.Б , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э , агуулах талбайн эрхлэгч Х.С , авто ачигчийн жолооч О.Ц  нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-н ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.О гийн эрүүл мэндэд зүүн шаант ясны ил хугарал, тахилзуур ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:   

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас, 8-10 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас, 11-41 дүгээр хуудас/,

Хохирогч Х.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Грасс Эл Би Эм ХХК-ийн 61 подоон буюу 41 тонн ачааг ОХУ-ын Улаан-Үүд өртөөнөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АБТЭМА-ийн гаалийн талбайд буусан. 16 цагийн орчим талбайд ачаа бууж дууссан байхад нь гаалийн мэдүүлэг болон мэргэжлийн хяналтын шалгалтын үзлэг нь 16:47 цагийн орчим дууссан. ...Би Монложистик ХХК-руу ороод ажилчдад нь манайх өнөөдөр бараагаа авах гэсэн юм аа, машин хөлсөлсөн байгаа, 2 давхар ажил болох гээд байна гэхэд уг компанийн хүмүүс болох нэг эмэгтэй нь АБТЭМА-ийн агуулахын нярав руу очсон. АБТЭМА-ийн ажилчин эмэгтэйд би хандаж “өнөөдөр ачаагаа авч болохгүй юу” гэхэд одоо 16:47 цаг болж байнаа, 17:00 цагаас манайх хаана, та энэ хугацаанд 61 подоон ачааг яаж ч зөөвөрлөж өнөөдөр амжихгүй, маргааш 10:00 цагт ирээ гэсэн. Маргааш агуулахын нярав нэг настай эгч байгаа гэж хэлсэн. Ингээд энэ өдөр бараагаа авч чадаагүй. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09:30 цагт би хүмүүсээ аваад  АБТЭМА-ийн гадаа талбай дээр ирсэн байсан бөгөөд ачаа зөөх машинуудаа тэмдэглүүлсэн. 10 цаг хүртэл гадаа машиндаа байсан ба 10:00 цагт агуулах онгойхгүй 10:40 цагт онгойсон. Талбайн нярав настай эгчтэй би уулзахад танай ачаанууд чинь аль хэсэгт байрлаж байгаа вэ гэж асуухаар нь нийтдээ 61 подоон ачаа байгаа гэж би талбай руу орж тэр эмэгтэйд танилцуулсан. Уг агуулахын эгч танайх ингээд бараагаа машин руу ачиж аваарай, илүү дутуу ачаа авч болохгүй, зөвхөн өөрсдийнхөө ачааг л аваарай, машиндаа ачиж дуусчхаад надад хэлээрэй гэж хэлсэн. ...10:50 цагийн үед ажил эхлээд АБТЭМА-ийн сэрээт ачигч унасан байсан настай байрын 50 гаруй насны ах барааг ачиж эхэлсэн. Тэгээд эхний 4-5 подоон ачаануудыг ачиж эхлээд би ачилтыг нь хараад агуулахын хаалга, машинуудын хооронд зогсч байтал манай жолооч Бямбадорж Оюунтуяа эгчээ эдгээр хүмүүс чинь одоо ингээд цайндаа орно гэж байна, хурдал гээд уурлаад байна, дөнгөж сая эхэлчихээд өнөөдөр ер нь амжих юм уу гэсэн. Энэ сэрээт ачигч унасан хүн уурлаад хөдөлгөөнөө түргэсээд манай ачаануудыг унагах гэж байгаа мэт ганхуулж өргөөд, нэг их ууртай байгаад байсан. Тэгснээ тэр сэрээт ачигчийн жолооч одоо аль ачааг ачуулах талаараа хэлэхээр нь араас нь гүйж орсон. Урьд өдөр нь 61 подоон ачааг буулгаж өрөхдөө 5-6 подоон ачааг давхарлаж өрсөн байсан юм. Нийт 41 тонн ачаа буюу 61 подооныг хуваахад 1 подоон ачаа 672 орчим кг болж байсан. Гэхдээ подоон бүр бараанаасаа шалтгаалж харилцан адилгүй байдаг юм. Тэгтэл сэрээт ачигч машин давхар подоонуудын хажуугаар зөрөхдөө тэр ачаануудыг хөндсөн байх, нэг мэдэхэд би өөрийн рефлексээрээ гараа өргөсөн юм шиг байгаа юм, миний хөл хугарах шиг чимээ сонсогдоод “Урнаа гэж нэг орилоод” дотор харанхуйлаад амьсгал авах тэнхээгүй ухаан алдсан байсан. Цаашаа ямар нэгэн юм саналгүй 24 цагийн дараа гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон юм. ...Надад уг агуулах руу орж болохгүй, нэвтэрч болохгүй гэсэн зүйл хэлж ярьсан хүн байхгүй. АБТЭМА-аас ямар нэгэн хөдөлмөр хамгаалалтын ажилтан байгаагүй.  ...Барааг ачихаас өмнө Монложистик ХХК-иас нэг эмэгтэй ирж танай бараа аль нь вэ гэж асууж байсан. АБТЭМА-аас 50 орчим насны нэг эгч л байсан. Надад ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй. Уг агуулахын талбай руу нэвтрэх хэсэгт сэрэмжлүүлэг байгаагүй. Надад анхааруулсан хүн байгаагүй. Орохыг хориглоно гэж хэлж өгөөгүй. ...АБТЭМА-ийн ажилчид ямар нэгэн байдлаар амаар зөвлөмж өгч анхааруулсан асуудал байхгүй. Заавар зөвлөмж өгөөгүй. ...Миний зөвхөн эмчилгээний зардалд баримтаар нотлогдож байгаа нь 6.626.804 төгрөгийн баримттай зардал. ...Грасс Эл Би Эм ХХК-д ажилласан бол авах ёстой байсан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 22.327.272 төгрөгийг, “Тунамал Алт” ХХК-д би нягтлан бодогчоор ажилладаг ба мөн энэ хугацаанд авах ёстой байсан 12.727.272 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Эмнэлэгт би 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хэвтэж байхад манай гэр бүлийн хүн болох нөхөр сахиж байсан. Нөхрийн энэ хугацаанд сэтгэл санааны хохирлыг мөн нэхэмжилж байна. Би эмнэлэгт хэвтэж байхад ил шархны улмаас гарсан хүндрэлүүд их байгаа. Маш олон тооны вирус бактери илэрч байсан ба антибиотикт тэсвэртэй бактери хүртэл илэрч хөлөө тайруулах дээрээ хүртэл тулж байсан. Одоо ч гэсэн зүүн хөлийн тахилзуур яс хугаралтай байгаа юм. Нийлбэр дүн 121.681.348 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны болон эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон. 2021 оны 02 дугаар сард орсон хагалгаагаар зүүн хөлийн шагайн хэсгээс яс өөлж авсан. Олон тооны эд хавчуулагдсан учраас яснаас их хэмжээгээр өөлж авах болсон юм. Энэ ингээд цаашдаа ясны хавдар болохыг үгүйсгэхгүй байгаа. Би цаашдаа хурдан гүйх болон явган суух чадваргүй болчхож байгаа. Дахиад баруун хөлөндөө хагалгаанд орно. Эрүүл хүн шиг байх боломжгүй болчхож байгаа юм. Хөлөө эдгэрсний дараа баруун хөлөөс 2 хадаас 1 урт төмөр авах хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 47-48, 156 дугаар хуудас/,

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ерөнхий инженерээр ажиллаад 1 сар 22 хоног болж байна. Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 06 цаг 40 минутад ажил дээрээ ирээд ээлжийн зөвлөгөөн хийгээд 07 цаг 20 минутад дуусаад тухайн өдөр ажиллах ээлжийн ахлах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. 08 цаг 30 минутын үед амралтын өдөр байсан тул гэр лүүгээ явсан. 13 цаг 50 минутын үед талбайн эрхлэгч С надтай холбогдоод Монложистик ХХК-ийн хүлээн авагч ачаанд цохиулж хөлөө хугалсан гэж надад гар утсаар мэдэгдсэн. Тэгээд би ямар учиртай хүн яаж гэмтсэн талаар асуухад хариу өгч мэдэхгүй байсан тул ээлжийн ахлах диспетчер Ариунболдтой гар утсаар холбоо барьж тодруулахад Грасс Ил Би Эм ХХК-ийн ажилтан О 42 орчим насны эмэгтэй хүн гэмтсэн гэж надад хэлсэн, би осол болсон талаар холбогдох байгууллагад мэдэгдсэн үү гэхэд мэдэгдээгүй, хэдэн цагийн үед осол болсон бэ гэхэд мэдэхгүй байсан тул С ярихад 12 цаг 10 минутын орчимд болсон, одоо бичлэгээ шүүж үзэх гэж байна гэсэн. Би осол болсон газрыг хамгаалсан уу гэхэд хамгаалаагүй захиалагч яаралтай барааг авна гээд барааг зөөсөн гэж хэлсэн. Би ажил дээрээ 3 цагийн үед ирэхэд ангийн дарга, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер ирсэн байсан. Тэгээд бид ослын газарт байсан бараа байхгүй ослын газрыг хамгаалаагүй байсан тул бид камерын бичлэг үзэж ослын анхны акт гаргасан. Осол 2 дугаарын агуулахад болсон. ...Ер нь бол ачааг зөөх үед  ажилчид байх ёстой өөр хүн байх ёсгүй...  ” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 63-64 дүгээр хуудас/,

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан. Тухайн өдөр манай ажил ээлжээр ажиллаж байсан. Манай ажил Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Вагнер Ази ХХК-ийн хойд талд АБТЭМА-ийн гаалийн талбайд байдаг юм. Тэнд манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайн өдөр өглөө 09 цагийн үед байх манай байгууллагад үйлчлүүлж байсан хүн ирж ачаа бараагаа авахаар болсон. Тэгээд хамт няравын өрөөнд бараагаа ачиж явах машин оруулах зөвшөөрөл авч ХАБ-ийн дүрэмтэй танилцаж гарын үсгээ зурж байсан. Энэ үед төмөр замын агуулахын нярав С аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Тэгээд би машин оруулах зөвшөөрөл өгөөд тэр үйлчлүүлэгч гараад явсан. Би нэлээд хугацаа өнгөрсний дараа нөгөө хүн нь бараагаа авсан юм болов уу гэж бодоод агуулахын гадаа очиход нөгөө бараа авах гэж ирсэн эмэгтэйг бэртсэн байдалтай агуулахаас авч гаран машиндаа хийгээд явж байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн машинаа ачилтын талбай дээр байрлуулсан байсан. Тэгээд байж байтал авто ачигч погийн жолооч, хөдөлмөр хамгааллын бололтой нэг настай эгч 2 бараагаа ялга гэж тэр хөлөө гэмтээдэг эгч болох Грасс Эл Би Эм ХХК-ийн ажилтан эгчид хэлсэн. Хөлөө гэмтээдэг эгч хөдөлмөр хамгааллын настай эгч 2 агуулах руу яваад орчихсон байсан. По буюу авто ачигч нь бараагаа аваад гарч ирээд машин руу ачиж байхад дотроос АБТЭМА-ийн настай эгч  туслаарай гээд орилоод гараад ирсэн. Би хамгийн ойрхон нь байсан тул гүйгээд дотогшоо ороход агуулахын гол хэсэгт 2 дүүрэн подоонтой бараанд Грасс Эл Би Эм ХХК-ийн ажилтан дарагдчихсан 2 хөл нь цухуйж байсан. Тэр эгч ухаан алдсан байсан ба барааны доороос өргөж гаргаж байхад баруун хөлийнх нь шагай хэсэг битүү цус болчихсон ухаан орж сэрэхдээ хөл гээд орилоод байсан. ...Осол болсны дараа АБТЭМА-ийн хөдөлмөр хамгааллын ажилтан настай эгч өөрөө тэр гэмтдэг эгчийг дуудаж агуулах руу оруулчхаад “хэн та нарыг орж ир гэсэн юм” гээд байсан...    ” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 158-159 дүгээр хуудас/,

Гэрч Л.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О эгчийг хаана байгаа талаар асуухад дотогшоо орсон гэсэн. Яагаад дотогшоо орсон юм бэ гэхэд дуудаад оруулсан гэж хэлсэн. ...Бараагаа авч байхад АБТЭМА-ийн ажилчид их хүнд сурталтай байгаад байсан. Тэнд байсан АБТЭМА-ийн ажилчин эмэгтэй Оюунтуяа эгчийг бараа чинь аль юм бэ гээд дуудаж агуулах руу оруулаад байсан. Одоо аль барааг ачих юм бэ гэж асуугаад дуудаж оруулаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 161-162 дугаар хуудас/,

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-аас ирсэн бараа бүтээгдэхүүнийг АБТЭМА-ийн агуулахаас авч байсан юм. Би гадаа нь том машин руу бараа ачилцаж байсан юм. Тэгж байтал хүн дарагдчихлаа гэсэн бөгөөд би агуулах руу гүйгээд ороход О ачаатай бараанд дарагдчихсан байсан бөгөөд дээд талынх нь барааг нь зайлуулаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.  ...О цаанаас нь По-н жолооч дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 164-165 дугаар хуудас/,

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед УБТЗ-ын АБТЭМА-ийн агуулахад хэргийн газрын үзлэгийг хийхэд одоо хэрэгт авагдсан байгаа гэрэл зургийн үзүүлэлт болох гаднах төмөр сараалжин хаалган дээр байгаа “гадны хүн орохыг хориглоно” гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байсан эсэхийг санахгүй байна. Саарал өнгийн хашаан дээр байрлах “жолоочийн харах орчинг хязгаарласан овор ихтэй ачааг зөвхөн туслагч хүний хамт ухарч тээвэрлэнэ” гэсэн тэмдэг байсан эсэхийг одоо бас санахгүй байна. Мөн агуулахын орох хаалганы багана дээр байгаа “гадны хүн орохыг хориглоно” гэсэн улаан өнгийн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас, 114-115 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Х.О гийн биед зүүн шаант ясны ил хугарал, тахилзуур ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 77-78 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 740 дугаартай нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Х.О гийн биед зүүн шаант ясны ил хугарал, тахилзуур ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл учирчээ. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ГССҮТ-д төлөвлөгөөт журмаар зүүн шилбэний ил хугарлын бохир шархыг өөлж авах, угааж цэвэрлэх, шилбэний зөөлөн эдийг цэгцлэлт хийх давтан мэс ажилбар хийгдсэн байна. Энэ нь зүүн шаант ясны ил хугарлын шархны хоёрдогч хүндрэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 120-122 дугаар хуудас/,

Улаанбаатар Төмөр Замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан ангийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33/77 дугаар “...Үүний зэрэгцээ тус ангийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч нар аюулгүй ажиллагааны санамжтай уншиж танилцаж гарын үсгээр баталгаажуулсны дараа үйлдвэрлэлийн талбайд нэвтэрч байна. Гадны хүн үйлдвэрлэлийн талбайд нэвтрэхээс сэргийлж хориг хаалт, анхааруулах дохио тэмдгийг байршуулсан. ...Ухуулга хуудас, аюулгүйн санамжийг гаалийн түр агуулахад 21 ширхэгийг, олголт хэсгийн 8 хаалга, буулгалтын хэсгийн 7 хаалга, нэвтрэх бүсийн эхлэлд 2 ширхэг, агуулахын эрхлэгчийн ажлын байруудад 4 ширхэгийг тус тус байрлуулж нийтээр дагаж мөрдүүлж байна. Эдгээр ажлуудыг тогтмол хийж хэвшсэн болно...” гэх албан бичиг. /хэргийн 3 дугаар хавтас, 141-148 дугаар хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №05-/20 дугаартай шинжээчийн

“...Хариулт-1: 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХАБ-16/21 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд /...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартад заасан аюулгүй байдлыг хангах шаардлагууд хангагдаагүй, мөн хэрэгт авагдсан “Төмөр замын аюултай бүсэд ажиллаж буй үйлчлүүлэгч нарт өгөх аюулгүй ажиллагааны санамж”-ийн холбогдох заалтуудыг ажлын байр, талбайд хэрэгжүүлээгүй байна. Иймд дээрх хэрэг учрал нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс гарсан гэж үзэж байна/ гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

    Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн агуулах нь MNS 5364:2011 “Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага” стандартын барааг хүлээж авах, хадгалах, худалдах агуулахын үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлагыг тогтооход хамаарах бөгөөд энэхүү стандартын 6.3 /Агуулах нь хүчин чадал, технологийн шаардлагад нийцсэн зориулалтын тавиур, тавцангаар хангагдсан байна/-д заасны дагуу ачааны сав баглаа, овор хэмжээ, жин зэрэг шинж чанараас хамааран хураах зориулалтын тавиур, тавцангаар хангасан байх шаардлагыг хангаагүй, мөн MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ” стандартын 4.10 /ачааг өрж хураахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ачааны багц, түүний өрөлтийн тогтвортой байдал хангасан байна/ заалтуудыг зөрчсөн байна.

Хариулт-2: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангид гарсан ослын шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлсийг бүрэн гүйцэд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн CD-ний бичлэгийн 12 цаг 12 минут 20 секунд О.Ц  нь хураалгаастай барааны хажуугаар гараад явсан байна. Харин Х.О  нь 12 цаг 12 минут 31 секундэд нурж байгаа бараа руу гүйж очсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх...”, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартын 4 дэх хэсэг “Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлага”-ын 4.5 дахь заалт /Ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж тээвэрлэх төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах, хүн ажиллахыг хориглоно/-ыг тус тус зөрчиж осолд өртсөн байна / гэж дүгнэсэн нь ослын шалтгаан, хүчин зүйлийг бүх талаас нь нарийвчлан судлан тогтоогоогүй тул үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Хариулт-3: Уг осол нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн Механикжсан ангийн үйлдвэрлэлийн орчинд болсон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн Механикжсан анги нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь заалтад хамаарах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбай буюу “гаалийн хяналтын бүс” байна. Ачаа барааг хадгалах түр агуулах нь Гаалийн тухай хуулийн 40.2-т заасны дагуу гаалийн хяналтын бүст хамаарна. Дээрх үйлдвэрлэлийн орчинд ажил олгогч болон ажилтнууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18, 27, 28 дугаар зүйлүүдэд заасан үүргээ тус тус биелүүлж ажиллах үүрэгтэй.

Зөрчигдсөн хууль тогтоомжийн заалтууд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.3 /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”, MNS 5364:2011 “Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага” стандартуудын холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги  /АБТЭМА/ нь ачаа хүлээн авах, хадгалах, буулгах, хүлээлгэн өгөх, ачих үйл ажиллагааг зохицуулсан журамгүй, анхааруулах дохио санамж, тэмдэг тэмдэглэгээг зохих гаруудад байршуулаагүй байсан байна.

Хариулт-4: 4.1. Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч /захирал/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу ажилчдын ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр ажлыг зохион байгуулах болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх эрх, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөлийг ажиллуулдаг. Мөн хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу тусгаж оруулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/ - т заасны дагуу УБТЗ-ын АБТЭМА-ийн агуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй стандарт шаардлагыг  хангасан байх үүрэгтэй бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн Механикжсан ангийн дарга Э.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.3 дахь заалт /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй  осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ - уудын дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.    

4.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, ажил олгогчоор батлуулах, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Э  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”  стандартын технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлагын 4.2 /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.3 /Ачиж буулгах талбай дээр ачаа хурааж өрөх байрны хязгаар болон ачаа хоорондуур нэвтрэх гарцыг тэмдэглэж үзүүлсэн байна/ - уудыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүргээ биелүүлээгүй байна.

4.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх чиг үүргийг тусгаж оруулдаг. Агуулахын эрхлэгч Х.С  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 /осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах/-т заасан үүргээ биелүүлээгүй буюу Хавтаст хэргийн 1 дүгээр ботийн 140 дүгээр хуудсанд авагдсан агуулахын талбайн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 1.1 /... талбайн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах/, 1.3 /Үйлчлүүлэгчдэд аюулгүй ажиллагааны шаардлага тавьж ажиллах/, 1.18 /амралт баяр ёслолын өдрүүдэд цехийн ачилт буулгалтын ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг биечлэн хариуцаж ажиллах ба ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг ажилчдад өгч хяналт тавин ажиллах.../ үүргээ биелүүлээгүй байна. Мөн MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартын 4.5 /Ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж тээвэрлэх төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах, хүн ажиллахыг хориглоно/, 4.9 /ачааг шилжүүлэхийн өмнө ачааны тогтвортой байдал, оосорлолтын зөв эсэхийг шалгасан байна/, 4.10 /Ачааг өрж хураахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ачааны багц, түүний тогтвортой байдал, өрөлт түүний дэргэд ажил гүйцэтгэгчдийн аюулгүй ажиллагаа/-д тус тус заасан бүх төрлийн ачааг ачиж, буулгах ажлын аюулгүй ажиллагааны шаардлагуудын биелэлтэд хяналт тавих, MNS 4969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө/ - уудын дагуу жолооч О.Ц т өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй /зааварчилгаа өгсөн, авсан гэх бүртгэл хөтлөгдөөгүй/ байна. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй.

4.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна/-т заасны дагуу УБТЗ-ын АБТЭМА-ийн агуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан байх үүрэгтэй бөгөөд 2020 оны 12-р сарын 19-ний өдөр уг үйлдвэрлэлийн орчинд ачаа бараа хүлээн авахаар ирсэн хохирогч Х.О д агуулахын эрхлэгч Х.С  нь MNS 4069:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартад заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна.

4.5 Жолооч О.Ц  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол, гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариулт-5: Хохирогч Х.О гийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болно.

Хариулт-6: Үйлдвэрлэлийн осолд өртөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан Х.О гийн үйлдвэрлэлийн ослыг өнөөдрийг хүртэл судлан тогтоож ажиллаагүй байна. Х.О  нь эд зүйлд цохигдох шалтгааны улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн /Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй, байнгын шалгалт урьдчилан хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хаалт, хамгаалалт хийгээгүй/, удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хангалтгүй, хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, зохицуулалт муу, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн/, хүний /хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/, ажлын байр, орчны /замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл/ гэсэн хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн ажил олгогч болон тухайн агуулахын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан албан тушаалтан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.4 /Ажил олгогч нь цагдаа, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч, комисс судалгаа, шинжилгээ хийх хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авна/, 6.5 /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авах нь ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эсхүл бусад ажилтны эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр бол ажил олгогч нөхцөл байдлыг дүрс бичлэг, гэрэл зураг болон бүдүүвч зургаар баримтжуулсан байна/ заалтуудыг зөрчиж, үйлдвэрлэлийн ослын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад мэдээлээгүй, үйлдвэрлэлийн осол болсон ажлын байрыг хамгаалалтад аваагүй байна“ гэх дүгнэлт /хэргийн 3 дугаар хавтас, 207-213 дугаар хуудас/,    

       Төмөр замын аюултай бүсэд ажиллаж буй үйлчлүүлэгч нарт өгөх аюулгүй ажиллагааны санамжийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас/,

       Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан 1 дүгээр цехийн “Аюулгүй ажиллагааны технологийн карт” хуулбар /хэргийн 2 дугаар хавтас, 128-131 дүгээр хуудас/, 

       “АБТЭМА”, “Монложистикс Ворлдвайд” ХХК-ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ТҮ 20/008 дугаартай “Талбайн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас, 156-157 дугаар хуудас/,

       “Монложистикс Ворлдвайд” ХХК, “Тайсуман” ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас, 112-115 дугаар хуудас/,

       “Тайсуман” ХХК, “Грасс Эл Би Эм” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас, 6-10 дугаар хуудас/,

        Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-32 дугаартай “Э.Б ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилд томилох тухай ” тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хэргийн 4 дүгээр хавтас, 24-26 дугаар хуудас/,

        Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-1-611 дугаартай “Р.Э г ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас, 121-127 дугаар хуудас/,

        Улаанбаатар төмөр замын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай “Х.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас, 136-142 дугаар хуудас/,

        Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 165 дугаартай “О.Ц ыг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас, 128-133 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч О.Ц : Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас, 187 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас, 188 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас, 189 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас, 190 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас, 191 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас, 192 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Э : Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 2 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 3 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 4 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас, 5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 4 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.С : Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 8 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 9 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 10 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас,11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 4 дүгээр хавтас, 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Б : Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 14 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 15 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр хавтас, 16 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас,17 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 4 дүгээр хавтас, 19 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

          Шүүгдэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н дарга Э.Б , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э , агуулах талбайн эрхлэгч Х.С , авто ачигчийн жолооч О.Ц  нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-н ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.О гийн эрүүл мэндэд зүүн шаант ясны ил хугарал, тахилзуур ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны дунд шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий  хүнд хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч нарын дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын болон Улаанбаатар төмөр замын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллага хоорондын гэрээнүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаардах бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

“Хууль” гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, “Захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг, “Хэлцэл” гэж иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгоно.

Шүүхээс хохирогч Х.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хянахад Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н дарга, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, агуулах талбайн эрхлэгч, авто ачигчийн жолооч нарын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн тус тусын холбогдох чиг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.

Тодруулбал,

Шүүгдэгч Э.Б  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н даргаар ажиллах явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.3 дахь заалт /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй  осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/-уудын  дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, үйлчлүүлэгчид тав тухтай, түргэн шуурхай, аюулгүй, найдвартай үйлчилгээг хүргэх”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр гарч болзошгүй эрсдэлийг илрүүлж зохих албан тушаалтанд мэдэгдэж эрсдэлийг арилгана” гэж тус тус заасан ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.      

Шүүгдэгч Р.Э  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллах явцдаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, MNS 5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”  стандартын технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлагын 4.2 /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.3 /Ачиж буулгах талбай дээр ачаа хурааж өрөх байрны хязгаар болон ачаа хоорондуур нэвтрэх гарцыг тэмдэглэж үзүүлсэн байна/ - уудыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүргээ биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д “...энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай, ажлын цагтаа багтаан, бүрэн гүйцэтгэх” гэж, ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай, түргэн шуурхай, найдвартай, аюулгүй үйлчилгээг хүргэх”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон алба, хэлтэс, төв, салбар нэгжийн мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж тус тус заасан ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Шүүгдэгч Х.С  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н агуулах талбайн эрхлэгчээр ажиллах явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 /осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах/-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д “...энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай, ажлын цагтаа багтаан, бүрэн гүйцэтгэх”, 4.1.5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын мэдлэгтэйгээр ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, зааварчилгааг тухай бүр авч нарийн мөрдөж ажиллана” гэж, ажлын байрны тодорхойлолтын 1.1-д “Ачилт буулгалт, олголтын ажиллагаа, кран, техник механизмын аюулгүй ажиллагаа түүний ашиглалт, ачаа, чингэлгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, талбайн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах”, 1.2-д “... үйлчлүүлэгчдийн гаргаж буй зөрчлийг нуух, үл мэдээлэх, зогсоох арга хэмжээ үл авах зэрэг үйлдэл гаргалгүй үнэнч шударгаар ажиллах”,  1.3-д “Үйлчлүүлэгчид аюулгүй ажиллагааны шаардлага тавьж ажиллах”, 1.18-д “Амралт баяр ёслолын өдрүүдэд цехийн ачилт буулгалтын ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг биечлэн хариуцан ажиллах ба ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг ажилчдад өгч хяналт тавин ажиллах” гэж, мөн Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б ын баталсан “Аюулгүй ажиллагааны технологийн карт”-д зааснаар Агуулахын эрхлэгч нь “автомашин талбайд орж байрлах үед тухайн орчинд ажиллах хүмүүст анхааруулж аюулгүй зайд гаргаж хэрэгжилтэд хяналт тавина”, “зам талбайд ажиллахдаа талбайн онцлогоос хамаарч өөрийн болон бусдын аюулгүй байдлыг анхаарч ажиллана”, “Агуулах дотор болон машины ойролцоо зогсохдоо ачаа нурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасан ажлын байрны үндсэн чиг үүрэг, аюулгүй ажиллагааны нарийвчилсан зааврыг хэрэгжүүлээгүй байна.  

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.О гийн “...Талбайн нярав настай эгчтэй уулзахад “танай ачаанууд чинь аль хэсэгт байрлаж байгаа вэ” гэж асуухаар нь би талбай руу орж тэр эмэгтэйд танилцуулсан. Уг агуулахын эгч танайх ингээд бараагаа машин руу ачиж аваарай, илүү дутуу ачаа авч болохгүй, зөвхөн өөрсдийнхөө ачааг л аваарай, машиндаа ачиж дуусчхаад надад хэлээрэй гэж хэлсэн.  ...Надад уг агуулах руу нэвтэрч болохгүй талаар хэлж ярьсан хүн байхгүй. ...АБТЭМА-с 50 орчим насны нэг эгч л байсан. Надад ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй. Уг агуулахын талбай руу нэвтрэх хэсэгт сэрэмжлүүлэг байгаагүй. Надад анхааруулсан хүн байгаагүй. Орохыг хориглоно гэж хэлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 47-49 дүгээр хуудас/,  гэрч Б.Ц “... Авто ачигчийн жолооч, хөдөлмөр хамгааллын бололтой нэг настай эгч 2 “бараагаа ялга” гэж хөлөө гэмтээдэг эгч болох Грасс Эл Би Эм ХХК-н ажилтан эгчид хэлсэн. Хөлөө гэмтээдэг эгч хөдөлмөр хамгааллын настай эгч 2 агуулах руу яваад орчихсон байсан. По буюу авто ачигч нь бараагаа аваад гарч ирээд машин руу ачиж байхад дотроос АБТЭМА-н настай эгч туслаарай гээд орилоод гараад ирсэн. ...Осол болсны дараа АБТЭМА-н хөдөлмөр хамгааллын ажилтан настай эгч өөрөө тэр гэмтдэг эгчийг дуудаад агуулах руу оруулчхаад “Хэн та нарыг орж ир гэсэн юм” гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 158-159 дүгээр хуудас/, гэрч Л.У “...Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгахаар бараа буулгадаг тавцан дээр очоод байж байхдаа Оюунтуяа эгчийг хаана байгаа талаар асуухад “дотогшоо орсон” гэсэн. Яагаад дотогшоо орсон юм бэ гэхэд дуудаад оруулсан гэж хэлсэн. ...АБТЭМА-н ажилчин эмэгтэй Оюунтуяа эгчийг бараа чинь аль юм бэ гээд дуудаж агуулах руу оруулаад байсан...” гэх мэдүүлэг зэргээс /хэргийн 1 дүгээр хавтас 161-162 дугаар хуудас/ үзэхэд агуулах талбайн эрхлэгч Х.С  нь ажлын байрандаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой атал эсрэгээрээ хохирогч Х.О г агуулахад өөрөө дуудаж, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ц  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги”-н авто ачигчийн жолоочоор ажиллах явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол, гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д “...энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай, ажлын цагтаа багтаан, бүрэн гүйцэтгэх”, 4.1.5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын мэдлэгтэйгээр ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, зааварчилгааг тухай бүр авч нарийн мөрдөж ажиллана” гэж, ажлын байрны тодорхойлолтод “Ангийн захиргаа, цехийн дарга болон тухайн өдрийн ажил удирдагчаас өгсөн заавар шийдвэр, ажлын нарядыг удирдлага болгон техникийн бэлэн байдал, ачааны бүрэн байдлыг хангасны үндсэн дээр ачилт буулгалт, өрөлт хураалтын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх”, “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ХАБЭА-н стандарт, журам, дүрэм, заавар зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар шууд харьяалагдах албан тушаалтанд мэдэгдэж аюулгүй байдлыг хангуулах, удирдах албан тушаалтны зүгээс хууль тогтоомжид нийцүүлэн тавьсан ХАБЭА-н шаардлагыг биелүүлэх”, “Ажлын байранд болон ажил гүйцэтгэх явцад илэрсэн аливаа аюул эрсдэл, гарсан тохиолдлын талаар шууд харьяалагдах албан тушаалтанд мэдээлэх, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэж тус тус заасан ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.О гийн “ ... Сэрээт ачигч унасан хүн уурлаад хөдөлгөөнөө түргэсээд манай ачаануудыг унагах гэж байгаа мэт ганхуулж өргөөд, нэг их ууртай байгаад байсан. ...Сэрээт ачигчийн жолооч “Одоо аль ачааг ачих юм бэ” гээд ажиллах явцдаа хэлэхээр нь агуулах руу орж аль ачааг ачуулах талаараа хэлэхээр араас нь гүйж орсон. ...Надад ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй. Уг агуулахын талбай руу нэвтрэх хэсэгт сэрэмжлүүлэг байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 47-49 дүгээр хуудас/,  гэрч Б.Ц   “... Авто ачигчийн жолооч, хөдөлмөр хамгааллын бололтой нэг настай эгч 2 “бараагаа ялга” гэж хөлөө гэмтээдэг эгч болох “Грасс Эл Би Эм” ХХК-н ажилтан эгчид хэлсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 158-159 дүгээр хуудас/, гэрч Л.У “...Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгахаар бараа буулгадаг тавцан дээр очоод байж байхдаа Оюунтуяа эгчийг хаана байгаа талаар асуухад “дотогшоо орсон” гэсэн. Яагаад дотогшоо орсон юм бэ гэхэд дуудаад оруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 161-162 дугаар хуудас/, гэрч М.Цэрэндоржийн “...Оюунтуяаг цаанаас нь авто ачигчийн жолооч дуудсан гэж хэлсэн” /хэргийн 1 дүгээр хавтас 165 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд авто ачигчийн жолооч О.Ц  нь ажлын байрандаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой атал эсрэгээрээ хохирогч Х.О г агуулахад өөрөө дуудаж, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй буюу ажлаа даруй зогсоож агуулах талбайн эрхлэгч Х.С д мэдэгдээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор нийт 125,289,077 төгрөгийг нэхэмжилсэн ба баримтаар тогтоогдсон хохирогчийн эмчилгээнд зарцуулсан төлбөр болох 10,234,533 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаандГрасс Эл Би Эм” ХХК-д гадаад харилцааны менежер, Тунамал Алт” ХХК-д нягтлан бодогчоор ажилласан бол авах ёстой байсан цалин 22,041,282 /хохирогчийн дансны хуулганаас үзэж 2 байгууллагын 1 жилийн нийлбэр цалин 44,082,571 төгрөг, сард 3,673,547 төгрөг/ төгрөг, нийт 32,275,815 төгрөгийг гэмт хэргийн шууд /бодит/ хор уршигт хамаарах зардалд тооцогдоно гэж шүүх дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцогдох 32,275,815 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нараас тус бүр 8,068,953 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.О д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч сэтгэл санааны хохиролд 80,000,000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилснийг шүүх энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.   

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан тул хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч Р.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч Х.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч О.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Ч.Н, Д.Б нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.Э гийн өмгөөлөгч Б.О, Ж.Н нар “...Тусгайлан гаргах саналгүй ... өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.С гийн өмгөөлөгч Б.О “...Миний үйлчлүүлэгчийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Ц ын өмгөөлөгч Л.С “...Эрүүгийн хариуцлагын тухайд тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарын хувьд хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон ... нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, 1.1. дэх заалтад “...шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид ... төлөх зардал”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээчийн зардал болох 2,100,000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нараас тус бүр 525,000 төгрөгийг гаргуулж, холбогдох шинжээч нарт олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нараас тус бүр 525,000 төгрөгийг гаргуулж, холбогдох шинжээч нарт олгосугай. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нараас тус бүр 8,068,953 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.О д олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б , Р.Э , Х.С , О.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО