| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Б.Амарцэцэг,
Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дархан овгийн Батболдын Амарцэцэгт холбогдох эрүүгийн 2327000380052 дугаартай хэргийг 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ҮБХИС-д суралцдаг, оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Дархан овгийн Батболдын Амарцэцэг /РД: ЙР01232428/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Амарцэцэг нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн заалны үүдэнд байх сандал дээр насанд хүрээгүй хохирогч Б.Түвшинсанаа нь Самсунг А23 загварын гар утсаа орхиж явсныг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 647,000 төгрөгийн буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Амарцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Түвшинсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...заал руу шагайтал зааланд их хүүхдүүд байхаар нь би оролгүй үүдэнд нь байх жижиг сандал дээр суугаал хувцсаа солиод гар утсаа хажуудаа сандал дээр тавьсан. Хувцсаа сольж байхдаа Тараваад миний утсыг авчхаарай хүн авчхаж магадгүй гэж хэлсэн чинь Тараваа за хаана байгаа юм гэхээр нь би наад хавьд чинь байгаа гэж хэлсэн. Тэгсэн Тараваа чимээгүй болчихоор нь би Таравааг миний утсыг авчихсан юм байна гэж бодсон. Тэгээд волейволын сургалтаа дуусгаад гар утсаа хайгаад олоогүй. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ээж маань 859,000 төгрөгөөр мобикомоос авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуу/,
Насанд хүрээгүй гэрч Б.Таравчамбын мөрдөн байцаалтад өгсөн: “...Итгэл бид хоёр хувцсаа сольж байх үед Түвшинсанаагийн сууж байсан сандал дээр хар өнгийн гар утас байсан. Итгэлээс хэний утас юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Би тухайн утсыг буцаагаад сандал дээр тавьж үлдээгээд Итгэлийн хамт заал руу орсон. Буцаж гарч ирээд Түвшинсанаа надад хандаж чи миний утсыг авсан уу гэж асуухаар нь би үгүй аваагүй гэж хэлсэн. Бид хэд буцаж сургууль руу ороод нөгөө сандал дээр байсан утсыг байна уу үгүй юу гэж бодоод орж үзтэл байхгүй байсан. ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨХЦ23-19 дугаартай дүгнэлтэд: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 647,100 төгрөгөөр үнэлэв.” гэсэн дүгнэлт /хх 39-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Амарцэцэгт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Амарцэцэг нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн заалны үүдэнд байх сандал дээр насанд хүрээгүй хохирогч Б.Түвшинсанаа нь Самсунг А23 загварын гар утсаа орхиж явсныг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 647,000 төгрөгийн буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Түвшинсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...заал руу шагайтал зааланд их хүүхдүүд байхаар нь би оролгүй үүдэнд нь байх жижиг сандал дээр суугаал хувцсаа солиод гар утсаа хажуудаа сандал дээр тавьсан. Хувцсаа сольж байхдаа Тараваад миний утсыг авчхаарай хүн авчхаж магадгүй гэж хэлсэн чинь Тараваа за хаана байгаа юм гэхээр нь би наад хавьд чинь байгаа гэж хэлсэн. Тэгсэн Тараваа чимээгүй болчихоор нь би Таравааг миний утсыг авчихсан юм байна гэж бодсон. Тэгээд волейволын сургалтаа дуусгаад гар утсаа хайгаад олоогүй. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ээж маань 859,000 төгрөгөөр мобикомоос авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуу/, насанд хүрээгүй гэрч Б.Таравчамбын мөрдөн байцаалтад өгсөн: “...Итгэл бид хоёр хувцсаа сольж байх үед Түвшинсанаагийн сууж байсан сандал дээр хар өнгийн гар утас байсан. Итгэлээс хэний утас юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Би тухайн утсыг буцаагаад сандал дээр тавьж үлдээгээд Итгэлийн хамт заал руу орсон. Буцаж гарч ирээд Түвшинсанаа надад хандаж чи миний утсыг авсан уу гэж асуухаар нь би үгүй аваагүй гэж хэлсэн. Бид хэд буцаж сургууль руу ороод нөгөө сандал дээр байсан утсыг байна уу үгүй юу гэж бодоод орж үзтэл байхгүй байсан. ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ӨХЦ23-19 дугаартай дүгнэлтэд: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 647,100 төгрөгөөр үнэлэв.” гэсэн дүгнэлт /хх 39-40 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Завших гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгч эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдсон эд хөрөнгө нь гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн, өөрөөр хэлбэл гэмт этгээд нь эд хөрөнгийг өөртөө авах зорилгоор эрж хайн, хяналт хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй боловч нэгэнт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний эзэмшилд шилжсэн бусдын хөрөнгийг өөртөө авч ашигласан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Амарцэцэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.Амарцэцэг нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Амарцэцэг нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Б.Амарцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Амарцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Амарцэцэгийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Амарцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.Амарцэцэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хувааж төлүүлэх...” гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.
Шүүгдэгч Б.Амарцэцэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Амарцэцэгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Амарцэцэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Б.Амарцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Амарцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Амарцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дархан овгийн Батболдын Амарцэцэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Дархан овгийн Батболдын Амарцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарцэцэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Б.Амарцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Амарцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Амарцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН