| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/02163/И |
| Дугаар | 02539 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 02539
2019 оны 09 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2019/02539 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЧХОУНБ ТӨААТҮГ /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГД Р ХХК /РД:00000/-д холбогдох,
7,722,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БУЧХОУБ ТӨААТҮГ-иасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Грийндевелопмент ресурс ХХК нь Чингис хаан Олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрийн өмчийн өөрийн хөрөнгийг түрээслэх буюу самбар байршуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш тухайн оныхоо 3, 4 дүгээр улирлын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ нь нийт 7,722,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Г Д Р ХХК-иас7,622,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г Д Р ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г Д Р ХХК-ийнзахирал н.А нь тус компанийг 2018 онд шилжүүлж авсан. Үүнээс өмнө болсон маргаан юм байна. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэгт авагдсан баримтуудыг харахаар энэ байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа нэхэмжлэлийн үнийн тухайд ямар ч байсан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаад, түрээсийн гэрээний харилцаа явж байсан юм байна. Нэхэмжлээд байгаа 7,622,000 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өөр юм байна. Гэрээн дээр заагдсан байдал, сүүлд төлбөр тооцооны хуудсан дээр авагдсан байдал зэргийг үзэхэд 6 сарын гэрээ байгуулж, нийт төлбөр нь 7,020,000 төгрөгийн үнэтэй байгуулагдсан гэрээ учраас үнийн дүн нь зөрүүтэй байна.
Түүнчлэн аливаа шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Гэрээ нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаад, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Тэгэхээр хамгийн сүүлд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэж байгаа хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байна. Үүнээс хойш 3 жил өнгөрсний дараа буюу 2019 оны 06 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б У Ч Х ОУНБ ТӨХК нь хариуцагч Г Д Р ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 7,020,000 төгрөг, НӨАТ 702,000 төрөг нийт 7,722,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Б У Ч Х ОУНБ ТӨХК нь хариуцагч Г Д Р ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайд сурталчилгааны самбар байршуулах, сар бүр түрээсийн төлбөрт 1,170,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байгуулжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Талуудын байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригоос үзвэл тэдний хооронд Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, сурталчилгааны самбарыг 6 сарын хугацаанд дээрх нөхцөлөөр байршуулахаар тохиролцсон, түрээсийн гэрээний хугацаа дууссан ч түрээслэгч төлбөр төлөөгүй, төлбөр төлөх талаар нэхэмжлэгч нь хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй талаар маргаагүй. Харин талуудын байгуулсан түрээсийн гэрээнд НӨАТ-ыг гэрээний үнээс тусдаа тооцох талаар тохиролцоо хийгдээгүй байна.
Хариуцагч түрээсийн төлбөрийг сурталчилгааны самбар байршуулсан сар бүрийн 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Үүний дагуу төлбөрөө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан хэдий ч үүргээ гүйцэтгээгүй байна. Харин 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлбөрт 5,5 сая төгрөгийн үнэ бүхий Boks-ийг төлбөрт тооцон өгөх, үлдэгдэл төлбөрийг мөн хугацаанд төлөх талаар бичгээр мэдэгджээ.
Хариуцагч төлбөр төлөх талаар мэдэгдэл өгч байсан хэдий ч мэдэгдэлд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, эд хөрөнгө шилжүүлээгүй байна. Шүүх хуралдаанд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түрээсийн төлбөр төлөхөөс татгалзаж маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн үе буюу 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагч түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Г Д Р ХХК-иас7,722,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Буят-Ухаа дахь Ч Х ОУ НБ ТӨХК-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч Г Д Р ХХК-иас7,722,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Буят-Ухаа дахь Ч Х ОУНБ ТӨХК-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч ЧХОУНБ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР