Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/376

 

 

     2023        5            09                                     2023/ШЦТ/376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн худалдаа, удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-д гаалийн ахлах менежер ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “***” 7-1 дүгээр байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

******** дугаарын регистртэй, М овогт Сийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Б 2023 оны ** дугаар сарын ***-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Л.Этай үл ялих зүйлээс болж маргалдан түүний биед халдаж “хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн маргах зүйл байхгүй. Хохирогч Э бид нар гаалийн сургуулийн найзууд юм. Хохирогчийн хохиролд ойролцоогоор 1 сая төгрөг өгсөн. Уг нь сүүлд уулзахад надаас нэмж мөнгө нэхэхгүй гэж байсан. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

 

хохирогч Л-ын Э “... 2022 оны ** дугаар сарын **-ны орой хамт ажилладаг найз болох Бтай уулзахад тэр нилээд согтуу ирсэн. Б өөрийнхээ найзтай ирсэн бөгөөд бид нар уулзаад Модны 2-ын тэнд нэг караоке руу орсон. Тэгээд бид нар тухайн газар ороход Ба гэх найзаа мөн Б дуудаад бид дөрөв 1 шил 0.7 литрийн Эдэн гэх архи уусан. Ингээд бид нар тэндээсээ 03 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд намайг хүргэж өгөхөөр болоод 10 дугаар хороолол орсон. Бид нар манай гэрийн ойролцоо буухад Б чи миний боов босдоггүй гэж хэлсэн гэх зүйл хэлээд байсан. Би тэгж хэлээгүй гээд хариулсан чинь хамт байсан Ба нь “би хэлсэн шүү дээ” гээд хэлээд байхад Б намайг хэлсэн гэж дайрсаар байгаад намайг хоёр гурван удаа гараараа цохисон. Би тухайн үед зөрүүлээд нэг хоёр удаа гараараа цохисон бөгөөд нөгөө хоёр хүн бид хоёрыг салгаад энэ үед бид хоёр эргэж буцаж дайраад дахин хэд хэдэн удаа цохилцсон. Ингээд бид хоёр юм яриад зогсож байтал Б гэнэт намайг толгойгоороо нэг удаа нүүр хэсэгт мөргөсөн. Тэгээд миний хамар нэг сонин болоод шууд цус гараад эхлэхээр нь доош тонгойтол дээрээс хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед хамт байсан хоёр нь ирж салгасан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Б-ын А  “... тухайн өдөр манай ажлын газрын ах Б болон өөр бусад ажилчид төмөр замд караоке орсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэндээс 22 цаг өнгөрч байхад Б ахын хамт гарсан. Б ах манай найзтай уулзья гээд байхаар нь Б ахыг дагаад түүний найзтай уулзахаар 25 дугаар эмийн сангаас дээш өгсөөд нэг караокед очсон. Тухайн караокед Б ах бид хоёр ороход нэг ах ганцаараа байсан бөгөөд өөрийгээ Э гэж танилцуулсан. Бид гурав тухайн караокед шөнө болтол суусан ба орой Б гээд Б ахын найз нэмэгдэж ирээд тэр гурав архи, согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн. Харин би уугаагүй, тэгээд шөнө 03 цагийн үед тухайн караокеноос гарцгаасан. Нэг таксинд суугаад эхлээд Э ахыг хүргэж өгөх гээд Баянгол дүүрэг “Голден парк”-ын тэнд очоод машинаасаа бүгд буухад Б ах Э ахтай юм ярьж байгаад “чи миний эрхтэнийг босдоггүй гэж ярьсан гэсэн үү” гээд Б ах Э ах руу дайрахад цаанаас Б ах “Э тэгж хэлээгүй, би тэгж хэлсэн юм гэхэд Б ах ерөөсөө хүний ярьж байгааг сонсохгүй Э ахын нүүрэн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Э ахын хамраас цус гарсан. Тэгэхээр нь би Б ахын хүзүүндээ зүүсэн ороолтыг нь тайлж аваад Э ахын цусыг арчуулаад Б ах Б ахыг салгаад аваад явсан /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Л.Эын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2644 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 18-19/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч С.Бийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М овогт Сийн Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бт ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

Тухайлбал, шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байдал, тэрээр тодорхой ажил эрхэлдэг байдал зэрэг нь түүнд оногдуулах ялын төрлийг сонгоход харгалзах шалтгаан гэж үзээд шүүх “торгох” ялыг сонгосон болно.

 

Шүүгдэгч С.Бийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-н 41/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 43/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... миний бие С.Бтай хамт явж эмчилгээний зардалд 600 мянга орчим төгрөгийн эмчилгээг хийлгэсэн. Одоо хамрын нээлхийн хагалгааны зардлыг өгнө гэсэн. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна” гэжээ. /хх-н 56/

 

Шүүхээс хохирогч Л.Этай холбогдоход “... С.Бтай хамт эмнэлгээр явж 600 орчим мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо би хамрын нээлхийн хагалгаанд орох шаардлагатай байгаа тул уг хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Б “... хохирогчийн хохиролд ойролцоогоор 1 сая төгрөг өгсөн. Уг нь сүүлд уулзахад надаас нэмж мөнгө нэхэхгүй гэж байсан” гэж тайлбарлаж байх боловч шүүгчийн туслах хохирогч Л.Этай одоогоос 3 хоногийн өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр утсаар холбогдоход тэрээр дээр дурдсан хүсэлт, тайлбарыг хэлжээ.

Иймд хохирогч Л.Эын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М овогт Сийн Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Хохирогч Л.Эын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ