| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2019/00203/и |
| Дугаар | 133/ШШ2019/00252 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2019/00252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б.Т
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат багийн 19 дүгээр байрны 1-6 тоотод байрлах, 40,47 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Д.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчин Б.Д-ын гаргасан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119/31 тоот үнэлгээний тайлантай танилцаад дараах үндэслэлээр дүгнэлтийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргаж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Т, Д.Т нараас зээлийн төлбөрт нийт 12.069.720 төгрөгийг гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Т, Д.Т, Т.П нараас зээлийн төлбөрт нийт 97.794.307 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хас банк хүсэлт гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны 1-6 тоотод байрлах, гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалттай, 40.47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохоор шинжээчээр Ашид Билгүүн ХХК-ийн шинжээч Б.Д-ыг томилсон байдаг. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр авагч Хас банкны Говь-Алтай салбарт үнэлгээг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан борлуулах хөрөнгийн үнэлгээнд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ашид Билгүүн ХХК-ийн шинжээч Б.Д-ыг дүгнэлт гаргаж, Б.Т, Д.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны 1-6 тоотод гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалттай 40.47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 66.197.878 төгрөг гэж гаргахадаа барилгын насжилт, элэгдэл, хорогдлыг зайлшгүй тооцох ёстой. Зах зээлийн үнэлгээнд энэ нь шууд нөлөөлж байдаг. Б.Т, Д.Т нарын өмчлөлийн хөрөнгө нь 1987 онд ашиглалтад орсон өнөөдрийн байдлаар 32 жилийн турш бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байсан. Гэтэл шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн хөрөнгийн ашиглалтад орсон хугацаанаас элэгдэл, хорогдлыг зохих журамд заасны дагуу тооцоогүй, мөн хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 40.47 м.кв гэж тусгасан байхад түүнийг 80.67 м.кв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэй талбайн хэмжээг гаргаж үнэлсэн байх тул үнэлгээг хэрхэн яаж хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хөрөнгийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаартай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны 1-6 тоотод байрлах гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалттай 40.47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэл хүчинтэй бөгөөд талбайн хэмжээнд аливаа байдлаар өөрчлөлт ороогүй байна. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын 8 дугаар зүйлийн 8.1-д орон сууцны барилгын дотор сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино гэж заажээ. Гэтэл шинжээч нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилт хийх эрхгүй атлаа орон сууцны талбайн хэмжээг 80.67 м.кв гэж тооцож, энэхүү талбайн хэмжилтийн дүнд тооцож орон сууцны үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн шинжээч Б.Д-ыг нь шинжээч томилсон тогтоолд дурдсан хугацаанд буюу 05 сарын 06-ны дотор дүгнэлт гаргах атлаа энэхүү хугацааг хэтрүүлсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаагүй байна. Иймээс үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээний тайланг гаргасан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Т, Д.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны 1-6 тоотод гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалттай 40.47 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 66.197.878 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хас банкны нэхэмжлэлтэй Б.Т, Д.Т нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 18050203 хувийн хэргийн дугаар үүсгэж ажиллагаанд оруулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хурааж битүүмжлэгдсэнээс хойш 1 сарын дотор түүний чанар элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ гэсэн зохицуулалтын дагуу талуудад үнийн саналыг ирүүлэх мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Гэвч талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй учраас мэргэжлийн үнэлгээчнээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх шаардлага гарсан. Манайх Ашид Билгүүн ХХК-иар шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсээр ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ашид Билгүүн ХХК-ны 18 төлөөлөгчийн газарт үнэлгээ хийх эрхтэй гэсэн Санхүүгийн зохицуулах хорооны гэрчилгээ байдаг. Тухайн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үнэлгээг Б.Д гэдэг хүн хийгээгүй. Б.Д нь Ашид Билгүүн ХХК-ны Говь-Алтай аймаг дахь салбарын үнэлгээний мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд үнэлгээг Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчин Жамъяан хийсэн. Тухайн шинжээчийн үнэлгээг хүлээн авсан өдөр буюу 3 хоногийн дотор талуудад мэдэгдсэн. Иймээс манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн дагуу ажиллагаа явагдсан гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч талуудын төлөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч тал үнэлгээнд дурдагдсан Б.Т, Д.Т нарын эзэмшилд байгаа орон сууцыг үнэлсэн үнэлгээ хэтэрхий өндөр байна гэдэг үндэслэлээр маргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нэхэмжлэгч талд байдаг. Гэтэл хавтаст хэрэгт үнэлгээний тайлангийн хуулбарыг хавсаргасан байсан. Хэдийгээр м.кв үнэ дээр маргаж байгаа тохиолдолд танай талаас тухайн байрны хэмжилтийг хийлгээд зах зээлд ийм үнэтэй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Ашид Билгүүн ХХК ингэж үнэлээд байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоод ороод ирсэн бол хуульд нийцэх байсан. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн байр зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур үнэлэгдсэн гэж шаардлага гаргаагүй хэдий ч энэ талаар дурдах нь зүйтэй. Гуравдагч этгээдийн тухайд хэтэрхий доогуур үнэлэгдсэн гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 80.67 м.кв талбайтай гэж үзсэн. Гэтэл гэрчилгээнд 40.47 м.кв гэж байгаа. Тухайн орон сууц 20 гаруй жил ашиглалтад байсан. Гэтэл одоо үнэлгээ хийхэд нойлын өрөө гэх мэт бүх талбай ордог болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Т, Д.Т нарын м.кв-ын үнийн зөрүүн дээр хэн ч маргадаггүй. Гуравдагч этгээдийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь зах зээлийн үнэ ханшийг тогтоосон боловч хэтэрхий доогуур тогтоож бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Нэхэмжлэгч Хас банкны зүгээс аль болох бага үнээр үнийн дүнд тооцуулан авах гэсэн хүсэл зорилго байгаа нь ойлгомжтой. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлсэн үнэлгээ хуульд нийцээгүй, хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан байрыг зах зээлийн ханшаар үнийг тодорхойлох байтал тухайн м.кв-ыг өөрөө сайн дурын үндсэн дээр хэмжээд үнийг тодорхойлсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд 66.197.878 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 19-р дүгээр байрны 1-6 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаартай, гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-3/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Т.Болормааг томилсон байх бөгөөд дээрх төлөөлөгчөөс татгалзаж Д.Хт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-5, 74, 75/.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас банкны Говь-Алтай салбарт төлбөр төлөгч Б.Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШЗ2019/00892 дугаар захирамжаар Б.Тийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна /хх-45, 46-47/.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэр /хх-86-91/, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлал /хх-92-99/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00455 дугаар тогтоол /хх-100-104/-оор Б.Т, Д.Т нараас 97.794.307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон 129 дугаартай /хх-85/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18050203 дугаар тогтоолоор /хх-83/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт Б.Т, Д.Т нар төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-83-146/.
Төлбөр төлөгч Б.Т, Д.Т нар нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул тэдгээрийн өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат багийн 19-р байрны 1-6 тоотод байрлах 40,47 м.кв талбайтай гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18050203/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-107-108/, хадгалалт хамгаалалтыг нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.Тд хариуцуулж /хх-109-110/, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18050203/34 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-112-113/.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаар /хх-117-118/ нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын захирал Г.Жаргалсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.Т нарт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18050203/33 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 19-р байрны 1-6 тоотод байрлах 40,47 м.кв талбайтай, Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, гал тогооны хамт 4 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч Б.Д-ыгыг гэж томилсон байна /хх-124/.
Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч Б.Д-ыг нь тухайн компаний Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.
Харин Ч.Жамъян нь хөрөнгийн үнэлгээ хийх 16012104 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй /хх-125-126/ байх бөгөөд “Ашид билгүүн” ХХК-ний 5643678 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захиралаар Ч.Жамъяныг томилсон бүртгэл 2015-07-28-ны өдөр хийгдсэн, Говь-Алтай аймаг дахь төлөөлөгчийн газрыг бүртгэсэн бүртгэл 2017-12-05-ны өдөр тус тус хийгдсэн байх бөгөөд төлбөр төлөгчийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 19-р байрны 1-6 тоотод байрлах 40,47 м.кв талбайтай, Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, гал тогооны хамт 4 өрөө орон сууцны үнэлгээг “Ашид билгүүн” ХХК гаргасан байна /хх-131/.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэж, 9.3-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл” зэргийг тусгахаар заасан.
Түүнчлэн шинжээчийг зах зээлийн үнэлгээ тогтоохоор томилсон байтал тухан хөрөнгийн талбайн хэмжилт хийсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар өөрөө үндэслэлгүй байх бөгөөд үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох, хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй тул барилгын хийц бүтээцийн тодорхойлолтод хөрөнгийн талбайг 40,47 кв.м гээд биет хэмжилтээр 80,67 кв.м гэж тусгасан байгаа нь үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө биет үзлэгээр танилцсан байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь үнэлгээ тогтооход хамааралтай юм.
Харин хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Ү-0518000053 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичвэр бүдэг, уг гэрчилгээг 2004 онд олгосон байсан талаар талууд тайлбарлаж маргаагүй бөгөөд үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийх аргаа өөрөө сонгох эрхтэй тул ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд улсын бүртгэлийн Ү-0518000053 дугаарт бичигдсэн гэрчилгээг үндэслэн үнэлгээг тогтоогоогүй байна.
Шинжээч дээрх орон сууцыг үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн хандлагыг ашиглан тооцоолж зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 05 дугаар сарын байдлаар 66.197.878 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурджээ /хх-130-146/.
Харин нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын төлөөлөгч нь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн нь үндэслэлгүй гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 66.197.878 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт дээгүүр гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй байхад шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт дээгүүр үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 19-р байрны 1-6 тоотын тоотын гал тогооны хамт 4 өрөө, 40,47 м.кв орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь төлбөр төлөгч Б.Т, Д.Т нар шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч нар сайн дураар төлөөгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагч Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч буюу нэхэмжлэгчид 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танилцуулж, тэмдэглэл үйлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 20 минутад хөтөлсөн тэмдэглэл /хх-146/-ээр тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “шаардлагатай тохиолдолд ...мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, ...мэдэгдэж болно” гэснийг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зааснаар төлбөр авагч Хас банкны Говь-Алтай салбарын захирал Г.Жаргалсайханд үнэлгээний талаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн, үнэлгээ танилцуулсан мэдэгдэх хуудсыг хүлээн авсан төлбөр авагч гээд банкны тамга дарж гарын үсэг зурагдсан /хх-143, 145/ байх бөгөөд төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаар эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдэж, танилцуулахаар, энэ талаараа тэмдэглэл хөтлөхөөр хуульчилсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг талуудад гадуулан өгөх тухай хуулийн зохицуулалт байхгүй.
Гэтэл нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын захирал нь дээрх үнэлгээний талаар шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан /хх-3/ байх бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний талаар ямар цаг хугацаанд мэдэгдсэн, танилцуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Ашид билгүүн ХХК-ний Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч Б.Д-ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасаныг шүүх хүлээн аваагүй болно. Учир нь дээрх шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад талууд татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх үүргийг тайлбарлахад хэргийн оролцогчид дахин тайлбарлах шаардлаггүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад хариуцагч тал байхгүй гэж хариулснаар хэргийг хэлэлцэж нотлох баримтыг шинжлэн судалсны дараа нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг шүүх хуралдаанд оролцогч нараас асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэнэ” гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт дээрх хуулийн үндэслэлд хамаарахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 488.939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 19-р байрны 1-6 тоотод байрлах 40,47 м.кв талбайтай, Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, гал тогооны хамт 4 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 488.939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ