Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

    2023         5            11                                     2023/ШЦТ/384

 

 

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч О.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа дархан хийдэг ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байр, ** тоотод орон сууцыг түрээслэн амьдарч байгаа гэх, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сан 5 дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

********** дугаарын регистртэй Б овогт Оийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Өнөр” үсчингийн газрын урд хохирогч Ч.Мтай маргалдан зодож түүний биед баруун талын 4. 5. 6. 7 дугаар хавирганы хугарал, цээж, зүүн шанаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Би хүнийг зодож гэмтэл учруулсан гэм буруу дээрээ маргахгүй. Гэхдээ тухайн үед яагаад ийм асуудал болсон гэдгийг хохирогч арай өөрөөр мэдүүлсэн байна лээ. Би эхнэрээ ажлаас нь авахаар очтол тэнд хохирогч байсан бөгөөд манай эхнэрт мөнгө өгснөө “чи утсаа авдаггүй шүү, маргааш заавал утсаа аваарай” гэсэн зүйл ярьж, татаж чангаагаад байсан. Энэ талаар манай эхнэр мэдүүлж хэлсэн, мөн тэнд байсан бас нэг эмэгтэйн мэдүүлэгт байгаа. Үүнийг ялгаж салгаасай гэж хүсэх байна, бусдаар маргах зүйл байхгүй. Хохирлыг нь төлж барагдуулсан. Прокуророос санал болгож байгаа торгох ялын хэмжээг жаахан бууруулж өгөөч гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ч-ын М “... 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажил тараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79 дүгээр байрны доор ажилладаг үсчин бүсгүйд үс засалтын мөнгө болох 100.000 төгрөг өгсөн. Урьд өмнө нь би үсчинд мөнгийг нь бөөнд нь өгчихдөг байсан юм. Мөнгө өгөөд зогсож байтал гаднаас согтуу залуу орж ирээд “ямар их мөнгө өгдөг пизда вэ” гэхэд нь би “үс засуулсан мөнгө өгч байна” гэхэд “чи ямар баян пизда вэ” гэж хэлж “яахаараа чи ийм их мөнгө мөнгө өгдөг юм бэ” гэж хэлээд над руу хэл амаар дайрч доромжилсон. Энэ үед үсчин хүүхэн “болиоч байнга надаар үйлчлүүлдэг ах байна” гэж хэлээд согтуу залууг үсчний газраас дагуулж гарсан. Би араас нь гартал нөгөө залуу намайг гараараа зүүн чих орчим цохиж газар унагаад цээж хэсэгт өшиглөсөн. Босох гэхэд босож чадахгүй байтал үсчин хүүхэн нөгөө залууг болиулж удалгүй цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон. Миний толгой руу цохиж газар унагаж цээж хэсэгт өшиглөсний улмаас миний хавирга хугарсан. Надад учирсан гэмтлийг үсчинд орж ирсэн согтуу залуу учруулсан” /хх-н 37-38/ гэж,

гэрч Ж-ийн О “ ... Б нь манай нөхөр, би тухайн үсчинд ажилладаг юмаа. 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орой ажлаа хийгээд байж байтал манай нөхөр над руу залгаад авах гээд ажил руу ирж байгаагаа хэлсэн. Нөхрөө хүлээгээд хүлээлгийн сандал дээрээ сууж байтал М гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирээд “чи яагаад утсаа авдаггүй юм, чам руу залгаад байхад гээд орилоод” орж ирэхээр нь та гадаа бүртгэлтэй байгаа 2 дугаарын аль руу нь залгасан юм бэ? гэхэд миний сууж байсан сандал дээр үсэрч ирээд суухаар нь би айгаад үсрээд боссон. Намайг боссон чинь М гэх залуу намайг яагаад босож байгаа юм гээд миний гарнаас татаад хажуудаа суулгаад “би чамд мөнгө өгөх гээд байна” гэхээр нь би “юун мөнгө билээ” гэхэд “үсээ засуулах мөнгө өгье” гэснээ аймаар инээснээ “100.000 авах уу, 1.000.000 авах уу чи” гэх зэргээр дооглосон маягтай яриад миний 5032233748 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа үсээ засуулаад мөнгөө өгөөгүй байсан юм. Тэр мөнгөө л та шилжүүл гэхэд 100.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би хажуунаас нь дахиад босох гэтэл “чи сууж бай” гээд намайг босгохгүй байхаар нь одоо манай нөхөр ирж байгаа гэж хэлэхэд “тэр чинь надад хамаагүй” гээд би “ахаа та согтуу байна, гэртээ ор” гэхэд намайг гэрт оруулж өг гээд гар хуруунаас барих гээд надаас татаж чангаагаад байх үед манай нөхөр гаднаас орж ирэхээр нь би суудлаас босоод гэртээ харья гэхэд нөгөө М гэх залуу гарах гэж байхдаа “чи утсаа аваарай, утсаа авдаггүй шүү” гэж хэлэхэд нь манай нөхөр уурлаад “чи манай эхнэрийн данс руу мөнгө хийгээд энэ чинь нэг ёсондоо мөнгө, санхүүгээр дарамталж бэлгийн дарамтад оруулах гээд байгаа юм уу” гэхэд “юун сүртэй юм бэ, мөнгө хийсэн л биздээ” гэхээр нь манай нөхөр уурлаад эхэлсэн. Тэгээд манай нөхөр, М хоёр нэг нэгнээсээ бариад гарсан. Гараад хоорондоо муудалцаад бие биенийгээ гараараа барьцан зогсож байгаад манай нөхөр нэг удаа Мыг гараараа цохиод би тэр хоёрыг салгаад нөхрийгөө машин руугаа аваад явсан. Эргээд харсан чинь М ах гадуур хувцсаа тайлаад нөхөр бид хоёрын араас зодолдьё гээд хэл амаар доромжлоод араас ирэхээр нь манай нөхөр эргэж хараад М ахыг нэг удаа цохиод М ах гадаа оёдлын самбарт /хөл хаягт/ тээглээд унасан. Ингээд унахаар нь М ахыг босоорой гэсэн чинь ёо ёо гээд босохгүй байхаар нь би түргэн дуудаад нөхрийгөө аваад машиндаа суугаад хүлээж байсан. М ах эхнэрээ, цагдаа дуудсан юм шиг байна лээ. Түргэн ирдэггүй, цагдаа түрүүлж ирсэн. 2 цагдаа ирээд бид нараас болсон асуудлыг асуухад М ах агсараад, цагдааг доромжлоод агсарч байгаад бид хэдийг цагдаа Баянголын цагдаагийн хэлтэс рүү авч яваад М ах, манай нөхөр хоёрыг дагуулаад орсон. Би гадаа нь Мын эхнэртэй хүлээж байтал Гэмтлийн эмнэлэг рүү яв гээд бид хэд тус тусын машинтай Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод М ах, түүний эхнэр бид 3 ороод М ахыг үзүүлээд цээжний рентген зураг авхуулаад эмчид нь үзүүлэхэд хавирга хугараагүй байна гээд, эмчилгээ бичиж өгөөд, анхан шатны үзлэгээр хавирга хугараагүй байна, томографикт харуулаад үзэхгүй юу гэж хэлсэн. Ингээд бид хэд салаад явцгаасан” /хх-н 50-51/ гэж,

гэрч Д-ийн С  “... би Баянгол дүүргийн 79 дүгээр байрны Б1 давхарт өрөө түрээслэж оёдлын үйл ажиллагаа нэг cap гаруй хугацаанд явуулсан. 2023 оны 2 дугаар сарын 10-ны орой 22:00 цагийн ажлаасаа буух гээд байж байхад миний дээр үйл ажиллагаа явуулдаг үсчиний газар үл таних согтуу эрэгтэй хүн орж ирээд чанга дуугараад байхаар нь өндийгээд хартал үсчин охин Оы гарыг татаж чангаагаад “100.000 төгрөг авах уу, 1.000.000 төгрөг авах уу, яагаад утсаа авахгүй байгаа юм” гээд хашгираад байсан. Согтуу хүн ороод ирлээ гэртээ харъя гээд байж байтал үсчин охины нөхөр нь орж ирээд “чи яагаад манай эхнэрт дарамт учруулаад байгаа юм” гэж согтуу залууд хэлээд тэр хоёр хэрэлдээд үсчингээс гараад явсан. Энэ үед оёдлын хаалгаа цоожлоод гадаа гартал үсчин охины нөхөр нь тэр согтуу залууг нэг цохисон бололтой эхнэр салгаад нөхрөө аваад явж байсан чинь нөгөө согтуу залуу “гадуур хувцсаа тайлаад чи юу вэ хоёулаа зодолдъё” гээд үсчин охины нөхрийн араас хэрүүл өдөөд ирэхээр нь үсчин охины нөхөр нь эргэж хараад гараараа хүзүү хэсэгт нэг удаа цохисон чинь согтуу залуу оёдлын гадаа байрлуулсан хөл самбарт тээглээд унасан. Тэр согтуу залууг тээглээд унахад нь үсчиний нөхөр нь дахин зодох гээд ирэхэд нь үсчин охин бид хоёр болиулаад үсчин охин нөхрөө салгаж аваад машин руугаа явсан. Би тэр согтуу залууг харж үлдээд “таны бие яаж байна” гээд асуухад, “миний зүрх, зүрх, намайг аллаа” гээд хашгираад байсан. Хажуугаар өнгөрсөн хүнээс гуйгаад согтуу залууг босгож суулгах гэтэл өөрөө босохгүй хэвтээд байсан тул гадаа хүйтэн байсан болохоор би хажуу талын дэлгүүрт ороод согтуу залууг хараад байж байтал өөрөө босоод суухаар нь гарч очоод биеийн байдлыг нь асуухад “ёо ёо миний зүрх” гээд байхаар нь би “танд түргэн тусламж дуудаж өгөх үү” гэхэд би өөрөө түргэн цагдаа дуудсан гэхээр нь үсчин охин руу “энэ хүн чинь зүрх нь өвдөөд байна түргэн тусламж, цагдаа дуудсан гэж байна, хүрээд ир” гэж хэлээд байж байтал согтуу залуугийн эхнэр нь ирээд би гэртээ харьсан. Цааш юу болсон талаар би мэдэхгүй байна” /хх-н 47-48/ гэж,

гэрч П-ын Б  “... 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орой 22:00 цагийн үед манай нөхөр М байрны гадна үсчинд хүнд зодуулчихлаа гээд над руу утсаар залгаад, би гараад очтол 79 дүгээр байрны гадна Б-1 давхарт байрлах үсчиний гадна босож чадахгүй сууж байсан. Намайг очиход үчсин эмэгтэй манай нөхөр хоёр байсан. Намайг гараад удаагүй яаралтай явах шаардлагатай гээд би нөхрийгөө аваад такси бариад явахад үсчин хүүхэн бид хоёрын араас гэмтэл дээр ирээд үсчин охин, манай нөхөр бид 3 гэмтэл рүү орж яаралтай тусламжийн тасгаар манай нөхрийг үзүүлж, манай нөхөр цээжний рентген зурагт харуулж, эхонд харуулахад гэмтлийн эмчээс цээжний рентген зурагт хавирганы хугарал харагдахгүй байна, махлаг учраас цээжний рентген зурагт харагдахгүй байх тохиолдол байдаг, гадна үзлэг биеийн байдлаас харахад хавирга хугаралтай харагдаж байгаа тул томографикийн шинжилгээ заавал өгч хавирга хугарлыг тогтоолгоорой гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн. Эмчийг зөвлөгөө өгөхөд үсчин охин сонсоод байж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд үсчин охин нөхөр бид хоёрыг машинаараа гэрт хүргэж өгсөн. Гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу эм уугаад 2-3 хоног ажиглахад манай нөхрийн зовиур намдахгүй байхаар нь гэмтлийн урд байрлах эмнэлэгт очиж томографикийн шинжилгээ хийлгэхэд хавирга хугаралтай гарсан. Ингээд манай нөхөр цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо манай нөхрийн биеийн байдал гайгүй болсон ч бага зэргийн зовиуртай байгаа. Тухайн хэрэг болж Гэмтлийн эмнэлэг орж гэртээ ирээд томографикт харуулах хүртэл гэрээсээ гараагүй босож чадахгүй байдалтай гэртээ байсан” /хх-н 44/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “ Ч.Мын биед баруун талын 4. 5. 6. 7 дугаар хавирганы хугарал, цээж, зүүн шанаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 2726 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 27-28/,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл-гэрэл зургууд /хх-н 64-69/ эдгээр баримтууд нь шүүгдэгч О.Бгийн гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч О-ийн Б “... Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79 дүгээр байрны Б-1 байрлах үсчинд манай эхнэр Ж.О ажилладаг юм. 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн үед эхнэрээ ажлаас нь авах гээд очсон. Эхнэрийнхээ ажил руу ороход М гэх үл таних залуу эхнэрийн гараас бариад тавьж байгаа байдалтай харагдсан. Ингээд ажил руу нь ороод зогсоход М гэх залуу гарах гээд миний хажуугаар зөрж өнгөрөөд манай эхнэр рүү “чи маргааш заавал утсаа авна шүү” гээд зандрангуй байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууд “чи миний эхнэрийг утсаа аваарай” гэж хэлдэг хэн бэ гэхэд намайг “чи хэн бэ” гэх зэргээр урдаас доромжлохоор нь би араас нь гараад бие биенийхээ хувцаснаас гараараа бариад нэгнийгээ цохих гээд зууралдаад байж байхад манай эхнэр гарч ирээд салгасан. Эхнэр намайг дагуулаад цаашаа машин руугаа явах гэтэл нөгөө М гэх залуу гадуур хувцас, цамцаа тайлаад араас хэл амаар доромжлоод хүрээд ирэхээр нь би эргэж очоод баруун гараараа М гэх залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиход оёдолчны гадна байрлуулсан босоо самбарт тээглээд унасан. Ингээд тээглээд унаад доошоо хараад хэвтэж байхад нь би очоод “босооч чи” гээд баруун хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа зөөлөн өшиглөөд манай эхнэр намайг ирж аваад машин руугаа очиж машиндаа сууж байсан. Оёдолчингийн эгч “энэ хүн чинь эндээ суугаад байна” гэхээр нь манай эхнэр цагдаа, түргэн дуудсан. Түргэний эмч ирээгүй байхад цагдаа түрүүлж ирээд М гэх залуу бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү дагуулж явж асуудлыг шийднэ гэсэн чинь М гэх залуу цагдааг эсэргүүцэж, доромжлоод, утсаараа энэ хоёр цагдааг ажлаас нь халуулна гээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Цагдаа бид хоёрыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч очоод цагдаагийн эмчид үзүүлэхэд М гэх залууг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэх зөвөлгөөг өгсөн. Тэр залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй ирээд М эхнэртэйгээ, би өөрийнхөө эхнэртэй тус тусын машинтай гэмтлийн эмнэлэгт оройн 22-23 цагийн үед очсон. Манай эхнэр гэмтлийн эмнэлэг рүү цуг очоод цээжний рентгэн зураг авахуулаад эмчид нь үзүүлэхэд М гэх залуугийн цээжний зургийг үзээд хугарсан зүйл харагдахгүй байна гээд зөвлөгөө өгөөд эм бичиж гаргасан. Ингээд гэмтэл учраагүй юм байна гээд салаад явцгаасан.

Миний зүгээс анхан шатны тусламж үзүүлж бүх арга хэмжээг авсан. Энэ М гэх залуу манай эхнэрийг анхнаас нь ажил үүрэг гүйцэтгэж байхад нь дарамтлаад үсчинг чинь хаалгана гэж ярьдаг байсан юм байна лээ. Тэр өдрөө манай эхнэрийн данс руу 100.000 төгрөг хийгээд ах нь хэдийг өгөх үү, 1.000.000 хийх үү гэх зэргээр дарамтлаад байсан юм байна лээ” /хх-н 76-77/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн нь дээр дурдсан хэргийн үйл баримт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Оийн Бг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бд ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ уг гэмт хэрэг үйлдэгдэхэд “хохирогчийн зүй бус үйлдэл” нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч О.Бгийн хүний эрүүл мэндэд хохирол учруулж буй үйлдэл нь хэдийгээр санаатай үйлдэл боловч гэмт хэрэг гарах шалтгааныг хохирогч Ч.М бий болгожээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч О.Б өөрийн эхнэр Ж.Оыг ажлаас нь авахаар очсон байна.

Гэтэл үсчин Ж.Оаар үйлчлүүлэгч гэх Ч.М нь согтуурхаж, үс засалтын төлбөрийн мөнгө өгөх нэрийдлээр “... 100.000 төгрөг авах уу?, 1.000.000 төгрөг авах уу?”, “... чи гар утсаа авсангүй, маргааш утсаа аваарай” гэх зэрэг харилцаа, хандлагыг Ж.Од үзүүлж, энэ байдлыг нь харж сонссон шүүгдэгч О.Б хохирогч Ч.Мтай муудалцах үндэслэлийг бүрдүүлсэн байна.

 

Үүгээр зогсохгүй хяналтын камерт бичигдсэн бичлэгээс үзвэл хохирогч Ч.М нь гадаа гарсан хойноо гадуур хувцсаа тайлж шүүгдэгч О.Бтай дахин маргаан үүсгэсэн байна.

 

Нэг ёсондоо гэр бүлийн хүнээ /эхнэрээ/ авахаар ирсэн О.Бгийн дэргэд түүний эхнэртэй зүй бус харьцаа, хандлага үүсгэж байгаа Ч.Мын үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй.

 

Дээрх байдлыг зөвхөн шүүгдэгч болон түүний эхнэр мэдүүлээгүй, эдгээр хүмүүст огт хамааралгүй хүн болох Д.С  гэгч “... үсчиний газар үл таних согтуу эрэгтэй хүн орж ирээд чанга дуугараад байхаар нь өндийгээд хартал үсчин охин Оы гарыг татаж чангаагаад “100.000 төгрөг авах уу, 1.000.000 төгрөг авах уу, яагаад утсаа авахгүй байгаа юм” гээд хашгираад байсан. ... тэр согтуу залуу үсчин охинд бэлгийн дарамт учруулж байна гэж бодохоор харагдсан. Эхнэрийг нь утсаа ав гээд зандрангуй хэлэхээр ямар ч хүн уурлана шүү дээ. Тэгээд энэ асуудал үүссэн байх гэж бодсон. Бас тэр согтуу залуу хөх өнгийн дүрэмт хувцас шиг хувцастай байхаар нь цагдаа юм болов уу гэж бодсон” /хх-н 47-48/ гэж гэрчлэн мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн гэрч Ж.Оы мэдүүлэгт “... ингээд бид хэд салаад явцгаасан. Энэ хооронд М ах нэг хүн рүү залгаад энэ ирсэн 2 цагдааг шалга, ажлаас нь халуул гээд л хүн рүү яриад байсан. ... Мыг танина. Манай үсчингээр үйлчлүүлж надаар үсээ засуулдаг байсан ах байгаа юм. Өмнө нь бас 1 сард согтуу нэг хүнтэй орж ирээд “чи хоёр ахтайгаа гарч зугаацаач” гэж байсан. Ер нь л орж ирж үсээ засуулахдаа дарамтлах шинжтэй байдаг байсан. ... Дээрх асуудал болсоноос хойш 7 хоногийн дараа М ах эхнэртэйгээ намайг ажлын гадаа дуудаад “би чамайг яасан юм” гээд байхаар нь “таны буруу та утсаа авсангүй, утсаа ав” гэж хэлэхээр чинь ямар ч хүн эхнэрээ өмөөрнө гэхэд М ах “тэр хамаагүй, ямар ч байсан танай нөхрийг шүүх цагдаад өгнө” гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд ажил руугаа орсон. Бас миний 100.000 төгрөгийг өг гэхээр нь өмнө үс засуулсан төлбөрийг нь хасаад 90.000 төгрөгийг М ах руу буцаагаад шилжүүлсэн” /хх-н 50-51/ гэж тусгагджээ.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс (үүнд: торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах) торгох ялыг сонгож, уг торгох ялын хамгийн доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч О.Бд 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Бгийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 14-17/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ч.М “ ... О.Б надаас уучлалт хүсэн эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. Цаашид гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04/1152 тоот албан бичиг /хх-н 40/, уг албан бичигт хавсаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүхэд хэргийн хамт бичлэг бүхий CD 1 ширхэг ирснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Оийн Бг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Мын хохиролд гэж 1.300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсүгэй.

 

           6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ