Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

2023         05            23                                  2023/ШЦТ/178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,      

улсын яллагч Т.Д,  

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Я.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, А.А холбогдох эрүүгийн 2210017271252 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.А

Шүүгдэгч А.А нь;

фэйсбүүк цахим орчинд өөрийн “See all” гэх хаягт “жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ” гэсэн утгатай зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Т.Ч-с 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Б.Н-г Орхон аймагт байхад нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 210.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 210.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, маш их харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

иргэн Т.Ч-с 600.000 төгрөг залилсан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.Чанцалын “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүкт  “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн зарын дагуу Алтанцэцэгийн Анхбаяр гэх хүнтэй холбогдсон, Анхбаяр нь “7-14 хоногийн дотор манай нөхөр болон найзынх нь үнэмлэхийг гаргаж өгнө, урьдчилгаа 400.000 төгрөг” өгчих гээд нөхөр С.Баасанжавын данснаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5622183015 Анхбаяр гэсэн дансруу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үнэмлэх нь гарахгүй байсан, бид дараа нь холбогдоход “мөнгөө бүтэн өгсний дараа үнэмлэх чинь гарна” гээд байхаар нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн данснаас 5622183015 Анхбаяр гэсэн дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн. ...хохирлоо барагдуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

А.Анхбаярын яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын эхээр “жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ” гэсэн зар байршуулсан...2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чанцал гэх хүн надтай холбогдож “нөхрийнхөө жолооны эрхийг сэргээлгэнэ, нөхрийнхөө найзад жолооны үнэмлэх гаргуулж авах хэрэгтэй” гэж чат бичсэн, би “асуудалгүй гаргаж өгнө, урьдчилгаа 400.000 төгрөг 5622183015 тоот дансанд хийгээрэй” гэж чат бичсэн, тэгээд оройны 20.03 цагт миний дансанд “vnemleh” гэсэн утгатай 400.000 төгрөг орж ирсэн, би тухайн хүнд “үнэмлэх чинь гарчихсан байгаа, үлдэгдэл төлбөрөө өгөөд жолооны үнэмлэхээ аваарай” гэж 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэлсэн, маргааш нь буюу 6 дугаар сарын 22-ны өдөр 19.40 цагт “vnemleh” гэсэн утгатай 200.000 төгрөг орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

хохирогч Т.Чанцалын “...2022 оны 6 дугаар сарын 07, 22-ны өдрүүдэд А.Анхбаяр гэх хүнд жолооны үнэмлэх гаргуулахаар 600.000 төгрөг өгч залилуулсан.” гэх гомдлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

А.Анхбаярын;

Хаан банкны 5622183015 дансанд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 20.03 цагт 5622208156 данснаас “vnemleh” гэх гүйлгээний утгатай 400.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Хаан банкны 5622183015 дансанд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 19.40 цагт 5033402718 данснаас “vnemleh” гэх гүйлгээний утгатай 200.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 26 дахь талын ар тал/,

Хаан банкны 5622183015 дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол” /хавтаст хэргийн 47 дахь тал/,

С.Баасанжавын Хаан банкны 5622208156 данснаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 20.03 цагт А.А-н 5622183015 дугаарын данс руу “vnemleh” гэх гүйлгээний утгатай 400.000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Т.Чанцалын Хаан банкны 5033402718 данснаас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 19.40 цагт А.Анхбаярын 5622183015 дугаарын данс руу “vnemleh” гэх гүйлгээний утгатай 200.000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт /хавтаст хэргийн 35 дахь тал/,

хохирогч Т.Ч-н “See all” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар /хавтаст хэргийн 36-42 дахь тал/ зэрэг,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн,

хохирогч Т.Чанцалд 620.000 төгрөгийн хохирол төлсөн банкны баримт,

          хохирогч Т.Чанцалын “...620.000 төгрөгийг буцаан авсан тул гомдлоо буцааж байна, хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хөнгөн хэлбэрээр шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт,

иргэн Б.Нямдоржоос 420.000 төгрөг залилсан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Нямдоржийн “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Жолооны авто курс” гэсэн группт “Найдвартай жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэсэн зарын дагуу “See all” гэх хаягтай хүнтэй харьцаж мэдээлэл авч, үнэмлэх гаргуулахаар тохиролцоод эхний ээлжинд урьдчилгаа болгож 210.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 14.52 цагт Алтанцэцэгийн Анхбаяр гэх нэртэй Хаан банкны 5622183015 тоот данс руу шилжүүлсэн, ...үүний дараа “мөнгөө бүтэн өгөхгүй бол үнэмлэх чинь гарахгүй байна” гээд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20.52 цагт үлдсэн 210.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлэн залилуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

А.А-н яллагдагчаар өгсөн “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

хохирогч Б.Н-н “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “найдвартай жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн зарын дагуу “See all” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харьцаж мөнгө шилжүүлэн залилуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 63 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 64 дэх тал/,

хохирогч Б.Нямдоржийн “See all” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар /хавтаст хэргийн 70-82 дахь тал/,

А.Анхбаярын;

Хаан банкны 5622183015 дансанд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 14.52 цагт 5735171180 данснаас “joloonii unemlehnii une urdchilgaa ГЗ89050505” гэх гүйлгээний утгатай 210.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 89 дэх тал/,

Хаан банкны 5622183015 дансанд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20.52 цагт 5735171180 данснаас “91551177 unemleh uldegdel tulbur” гэх гүйлгээний утгатай 210.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 90 дэх тал/,

хохирогч Б.Н-н “...А.Анхбаяраас өөрийн хохирлын мөнгө болох 420.000 төгрөгийг өөрийн “Хас” банкны дансаар авч хохиролгүй болсон тул А.Анхбаярт хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн хүсэлт,

хохирогч Б.Н-н “Хас” банкны дансанд 420.000 төгрөг орлогоор орсон банкны баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас мөн А.Анхбаяраас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч А.А-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.А нь иргэн Т.Чанцалаас 600.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,                

хохирогч Т.Ч-н “...Анхбаяр нь “7-14 хоногийн дотор манай нөхөр болон найзынх нь үнэмлэхийг гаргаж өгнө, урьдчилгаа 400.000 төгрөг” өгчих гээд нөхөр С.Баасанжавын данснаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5622183015 Анхбаяр гэсэн дансруу 400.000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн данснаас 5622183015 Анхбаяр гэсэн дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,

А.А-н яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын эхээр “жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ” гэсэн зар байршуулсан. ...миний дансанд “vnemleh” гэсэн утгатай 400.000 төгрөг орж ирсэн, ...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “vnemleh” гэсэн утгатай 200.000 төгрөг орж ирсэн.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Т.Чанцалын “2022 оны 6 дугаар сарын 07, 22-ны өдрүүдэд А.Анхбаяр гэх хүнд жолооны үнэмлэх гаргуулахаар 600.000 төгрөг өгч залилуулсан.” гэх гомдлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, шүүгдэгч А.Анхбаяр, хохирогч Т.Чанцал, түүний нөхөр С.Баасанжав нарын банкны дансны хуулгууд, хохирогч Т.Чанцалын “See all” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар, хохирогч Т.Чанцалд 620.000 төгрөгийн хохирол төлсөн банкны баримт зэргээр,

 

Шүүгдэгч А.А нь иргэн Б.Н-с 420.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,     

хохирогч Б.Н-н “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Жолооны авто курс” гэсэн группт “Найдвартай жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэсэн зарын дагуу “See all” гэх хаягтай хүнтэй харьцаж...210.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр...2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үлдсэн 210.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлэн залилуулсан.” гэх,

А.А-н яллагдагчаар өгсөн “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Н-н “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “найдвартай жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн зарын дагуу “See all” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харьцаж мөнгө шилжүүлэн залилуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, хохирогч Б.Нямдоржийн “See all” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар, шүүгдэгч А.Анхбаяр, хохирогч Б.Нямдорж нарын банкны дансны хуулгууд, хохирогч Б.Нямдоржийн “...А.Анхбаяраас өөрийн хохирлын мөнгө болох 420.000 төгрөгийг өөрийн “Хас” банкны дансаар авч хохиролгүй болсон тул А.Анхбаярт хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн хүсэлт, хохирогч Б.Нямдоржийн “Хас” банкны дансанд 420.000 төгрөг орлогоор орсон банкны баримт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч А.Анхбаяр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч А.А-н өөрийн “See all” гэх хаягт “...найдвартай жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэсэн утгатай зарыг байршуулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Ч-с 600.000 төгрөг, хохирогч Б.Н-с 420.000 төгрөг тус тус шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагддаг бөгөөд шүүгдэгч А.Анхбаярын  бусдын эд хөрөнгийг хууль шилжүүлэн авсан удаа, дараагийн үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч А.Анхбаярын энэ үйлдэл нь “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

шүүх шүүгдэгч А.Анхбаярыг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Анхбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э “...өмнөх ялаа эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эцэг тул хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч А.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-н 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг /34 хоног x 8 цаг = 272 цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг,

учруулсан хохирлыг төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд урьд “залилах” буюу энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх тул түүнийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ч-д 600.000 төгрөгийн, хохирогч Б.Н-д 420.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.А нь хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Хэргийн хамт ирсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгч А.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд түүний 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг оруулан тооцож, 

          шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-н 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 272 цагийг хасаж, эдлэх ялын хэмжээг 448 /дөрвөн зуун дөчин найм/ цагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ