| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 110/2025/0010/З |
| Дугаар | 221/МА2025/0460 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0460
Д.К-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.К, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 110/2025/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.К-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугар зүйлийн 5.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 66 дугаар зүйлийн 66.1.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.К-ны Цэнгэл сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... 3.1. Миний бие Д.К 1990 онд төрсөн. 34 настай. Ам бүл 5. Хөгшин хадам ээж, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2015 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр төгсөж ирээд 2015 оны 07 дугаар сараас эхлэн Ногооннуур сумын Чихтэй багийн эмнэлгийн салбарт их эмчээр тасралтгүй 7 жил анагаахын чиглэлээр ажилласан. 2022 оны 02 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Булган сумын Эрүүл мэндийн даргын ажлын сул орон тоонд Уламжлалт анагаахын мэргэжлээр бүртгүүлэн шалгалтад орж 1 дүгээр байр эзлэн тэнцэж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоол буюу Булган сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 тоот дугаартай захирамжаар Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилогдон одоо хүртэл ажиллаж байгаа ба сүүлийн үед амьдрал ахуй, ар гэрийн гачигдалтай байдлаас болж одоо цалингүй чөлөөнд байгаа.
3.2. Миний бие 2024 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд шалгалт өгөхөөр нэрээ бүртгүүлсэн боловч надыг сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр хассан. Дахиж энэ орон тоог 2024 оны 11 дүгээр сард 2 дахь удаагаа зарласан бөгөөд сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулахаар товлосон учир би 2 дахь удаагаа нэрээ бүртгүүлсэн боловч бас л хассан.
3.3. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс лавлахад Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай А/94 захирамжаар Эрүүл мэндийн төвийн ажлын байрны тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт байгаа мэргэжлээс Уламжлалт анагаах гэсэн мэргэжлийг хасаж ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад бүртгэх боломжгүй энэ талаар та шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариултыг өгснөөр миний бие 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүх нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 110/Ш32024/0297 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг буюу хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах журмыг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзээд миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б-ны гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 02/45 дугаартай албан тоотоор миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариултыг миний нэрээр ирүүлсэн тул миний бие 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.4. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж заасны дагуу Монгол Улсын 21 аймаг 330 сумд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нэгэн стандарт загварын дагуу тухайн үед ажиллаж байсан сумдын Засаг дарга нар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж баталсан байдаг ба эдгээр 21 аймаг 330 сумд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт Анагаах ухаан /091201/. Уламжлалт анагаах ухаан /091701/ гэсэн мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар тодорхой тусгаж өгсөн. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төв болон Төв аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтууд нотолно.
3.5. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн 13 сумд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нэгэн стандарт загварын дагуу тухайн үед ажиллаж байсан сумдын Засаг дарга нар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж батлахдаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт Анагаах ухаан /091201/. Уламжлалт анагаах ухаан /091701/-ыг төгссөн мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар тодорхой тусгаж өгсөн. Энэ Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр нэгэн стандарт жишиг загварын дагуу шинэчлэн гаргасан Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын дагуу Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс урьд нь Буянт сум, Толбо сум. Ногооннуур сумуудын Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын сул орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад миний бие Уламжлалт анагаахын мэргэжлээр бүртгүүлж шалгалтад орж байсан.
3.6. Мөн миний бие хамгийн сүүлд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын сул орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад миний бие Уламжлалт анагаахын мэргэжлээр бүртгүүлж шалгалтад орж тэнцэж эхний 1 дүгээр байранд шалгарч Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилогдсон. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Толбо сум, Буянт сум, Ногооннуур сум, Булган сум зэрэг бүх сумдын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолт нотолно.
3.7. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг бусад сумдын нэгэн адил дээрх стандарт жишиг загварын дагуу тухайн үед Цэнгэл сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамж болон захирамжийн хавсралтаар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж батлахдаа Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт Анагаах ухаан /091201/, Уламжлалт анагаах ухаан /091701/-ыг төгссөн мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар тодорхой тусгаж өгсөн ба энэ батлагдсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолт нь бусад сумдын нэгэн адил өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Цэнгэл сумын засаг даргын орлогч С.Б-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамж болон захирамжийн хавсралтаар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж баталсан ажлын хэсгийн дарга Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.С-ын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолт нотолно.
3.8. Бусад сумдын нэгэн адил Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамж болон захирамжийн хавсралтаар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж баталсан ажлын хэсгийн дарга Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.С-ын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй хуулийн хүчин төгөлдөр Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг дур мэдэн өөрчлөх эрх хэнд ч байхгүй.
3.9. Гэтэл Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А нь Цэнгэл сумаас Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарахад уг орон тоонд өөрийн хамаарал бүхий хүнийг томилуулах гээд түүний эрх ашигт нийцүүлэн урьд нь батлагдсан хүчин төгөлдөр Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт тодорхой тусгагдсан Анагаах ухаан /091201/, Уламжлалт анагаах ухаан /091701/-ыг төгссөн мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар тусгагдсан заалтад өөрчлөлт оруулж 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн Анагаах ухаан /091201/-ыг төгссөн мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар дур мэдэн өөрчилж шинэчлэн гаргаж уг хууль бус ажлын байрны тодорхойлолтыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээр миний Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд нээлттэй өрсөлдөх эрх маань хаагдаж ноцтой зөрчигдөж байгаа тул зөвшөөрөхгүй байна.
3.10. Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгож, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг батлахад санал өгөх эрх зүйн зохицуулалтай байдаг.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд нээлттэй өрсөлдөх эрх маань хаагдаж зөрчигдөж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр гаргасан 38 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай” А/94 дугаартай захирамжийг хавсралтын хамт хүчингүйд тооцож, Цэнгэл сумын засаг даргын орлогч С.Б-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай” А/133 дугаар захирамж болон захирамжийн хавсралтаар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж баталсан ажлын хэсгийн дарга Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.С-ын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын дагуу Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс одоо зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Д.К-аас “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Тэрчлэн захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэрүүдтэй байна.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.
2.4. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3-д “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсаны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан албан тушаалтын тодорхойлолтын хувьд захиргааны актын шинжийг агуулаагүй буюу хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор “албан тушаалын тодорхойлолт” нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.5-д зааснаар тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.
2.5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий албан тушаалын тодорхойлолт нь тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажил, үүргийн хуваарилалт хийж, уг албан тушаалд тавигдах шаардлагыг баталсан буюу дотогш чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.6. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хувьд нэгэнт нэхэмжлэгч Д.К нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагч салбар зөвлөл албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын “Мэргэжил” хэсгийг нэхэмжлэгч хангаагүй гэж үзэж сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.6.1, 6.6.2, 7.8-д тус тус нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт үг, үсгийн алдаанууд гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 66 дугаар зүйлийн 66.1.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.К-аас Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.К-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” болгож тус тус өөрчилж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН