Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Чт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 168 624 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батгарьд,

Хариуцагч Т.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Ч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ1607/17 тоот зээлийн гэрээ байгуулж 90 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ҮБГ1607/17 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 000320097 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2204060081 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 83 дугаар байр, 59 тоот 110.23 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалсан боловч гэрээний 3.2.1-т заасан үүргээ үл биелүүлж үндсэн зээл 90 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 58 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 616 000 төгрөг, нийт 159 696 000 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 5 616 000 төгрөг, 3 312 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 168 624 000 төгрөг нэхэмжилж байна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Үүнээс өмнө 2015 оны 09 дүгээр сард 40 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 30 000 000 төгрөгийн зээл авч бүрэн төлсөн. Миний бизнест хүндрэл учирсан, барилгын үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад буцаан авч чадахгүй, ямар ч боломжгүй байдалтай байна. Банк бус санхүүгийн байгууллагын хүү, алдангийн тооцооллыг сайн ойлгодоггүй, мөн зээлд 90 000 000 төгрөг шилжүүлсэн эсэхийг тодорхой санахгүй байна, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Чээс 158 462 756 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 161 244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060081 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Чээс 1 020 464 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 199 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө миний бие хуулийн мэдлэггүй тул хуульчийн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа хэлж, сонгосон өмгөөлөгч  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал нь давхцаж оролцох боломжгүй учраас хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг нь холбогдох баримтын хамт шүүхэд өгсөн. Гэтэл Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн туслахын өгсөн бичиг нь бичилтийн алдаатай байсныг шүүх тодруулалгүй, миний болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлсэн. Өмнөх хурлаар хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангах нь зүйтэй гэж шүүгчийн захирамж гарсан нь хүчин төгөлдөр байхад миний эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Т.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 159 696 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа нэмэгдүүлж нийт 168 624 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Г” ХХК-тай ЗГ1607/17 тоот зээлийн гэрээ байгуулж, 90 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 83 дугаар байрны 59 тоот 110.23 м.кв бүхий орон сууцыг барьцаалах барьцааны гэрээг байгуулсан байна. /хх10-12, 13-14/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Т.Ч дээрх гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарь, дансны хуулга, зээлийн төлбөрийн зөрчлийн талаар сануулах албан мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг тохирсон хугацаанд төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч Т.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, сонгосон өмгөөлөгчийн оролцох шүүх хуралдаан өөр шүүхэд давхцсан үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хавсаргасан баримтын алдааг нягтлаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хуульд заасан эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл “өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан” гэх баримтаар тухайн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй талаар дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны талаар ирүүлсэн мэдэгдэх хуудсаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм.

 

Иймд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 020 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА