Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 

2023.03.22                                        2023/ШЦТ/65

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0043

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч Б.Өнөбат,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б ,

Өсвөр насны шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2239003800026 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн гудамжинд С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хацрыг 5-6 удаа алгадах, баруун шанаа хэсэгт 1 удаа цохих, нүүрээ дараад доош тонгойход нь баруун талын нүд орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч О.Д нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн гудамжинд С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хацрыг 5-6 удаа алгадах, баруун шанаа хэсэгт 1 удаа цохих, нүүрээ дараад доош тонгойход нь баруун талын нүд орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004360012 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч С.Г-ын (хх-ийн 24-25-р хуудас), гэрч Б.Есүхэгийн (хх-ийн 28-р хуудас), насанд хүрээгүй гэрч С.Дэлгэрмөрөнгийн (хх-ийн 31-32-р хуудас),   мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 666 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч С.Г-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатарын “....гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 90-р хуудас)

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59,  62-64, 72-73, 74-80-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2239003800026 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...О.Д нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн гудамжинд С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хацрыг 5-6 удаа алгадах, баруун шанаа хэсэгт 1 удаа цохих, нүүрээ дараад доош тонгойход нь баруун талын нүд орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч О.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч О.Д нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн гудамжинд С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хацрыг 5-6 удаа алгадах, баруун шанаа хэсэгт 1 удаа цохих, нүүрээ дараад доош тонгойход нь баруун талын нүд орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас С.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Өсвөр насны шүүгдэгч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ойролцоогоор 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 1 дүгээр гудамжинд зүс таних Ган- Оргил гэх хүүхэдтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хацар руу нь 5-6 удаа алгадаж, баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохиж, нүүрээ дараад доош тонгойход нь баруун талын нүд орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөн зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй.  Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Г гэх хүүхэд урьд нь надтай маргалдаж муудалцаж байсан юм. Тэгээд энэ хүүхэд урьд нь надтай маргалдаж муудалцсаныгаа намайг зодож цохисон мэтээр хүүхдүүдэд ярьсан байсан. Тэгээд тухайн үед би энэ Г гэх хүүхэдтэй тааралдаад энэ асуудлын талаар ярилцаад бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд л би уурандаа Г гэх хүүхдийг зодоод цохичихсон юм. Би ийм асуудал гаргасан маш их харамсаж байна... уг гэмтлүүдийг би учруулсан, өөр ямар нэгэн хүн Г-ын биед гэмтэл шарх учруулаагүй... үгүй ээ, ийм асуудал байхгүй, би гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн зүйл ашиглаагүй, би тухайн үед Г гэх хүүхдийн биед өөрийн гар, хөлөөрөө л гэмтэл шарх учруулсан... үгүй ээ, ийм асуудал огт байхгүй, тухайн үед тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ямар ч хүүхэд байгаагүй... тийм ээ, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ойролцоогоор 12-13 цагийн үед л гэж санаад байна, яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна, ангийнхаа найзуудын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Саригийн 1 дүгээр гудамжинд 1 дүгээр сургуулийн хэдэн хүүхэдтэй уулзалдсан юм. Тэгээд байж байхад бид хэд дээр машинтай хэдэн хүүхдүүд нэмэгдээд хүрээд ирсэн бөгөөд энэ дунд Д  гэх хүүхэд байж байсан. Тэгээд энэ Д  гэх хүүхэд машинаас бууж ирээд надад хандан чи Доогий гэж таних уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг Д  гэх хүүхдэд хандан танихгүй ээ гэхэд Д  гэх хүүхэд уурлаад надад хандан би чамд таниулаад өгнөө гэж хэлээд л шууд миний хацар, нүүр рүү маань гараараа 5-6 удаа алгадаж, баруун шанаа хэсэгт маань 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад доош тонгойход Д  гэх хүүхэд миний баруун талын нүд орчимд маань хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас маань цус гараад би цусаа гоожуулаад газарт суусан бөгөөд энэ үеэрээ өөрийн гар утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд байж байхад цагдаа ирэх сургаар тэнд байсан хүүхдүүд зугтаагаад явцгаасан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... би тухайн үед Д г яг ямар учраас намайг цохиж зодсон болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Д  гэх хүүхэд над дээр хүрч ирээд надад хандан чи Доогий гэж таних уу гэж хэлэхээр нь би танихгүй гэхэд уг Д  гэх хүүхэд уурлаад надад хандан чамд таниулаад өгье гээд л намайг шууд зодож цохисон. Энэ Д  гэх хүүхэд урьд нь надтай маргалдаж муудалцаж байсан гээд байгаа юм аа, харин миний хувьд би 2021 оны 05 дугаар сард Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах муурын байшингийн ойролцоо 1 дүгээр сургуулийн хэдэн хүүхэдтэй маргалдаж муудалцаж байсан бөгөөд энэ дунд Д  гэх хүүхэд байсан л юм шиг байгаан, би өөрөө бол сайн санахгүй байгаа юм... тухайн үед Д  нь гар, хөлөөрөө л миний биед гэмтэл шарх учруулсан... уг гэмтлүүдийг Д  учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй... үгүй ээ, ийм асуудал байхгүй, тухайн үед уг газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүүхэд огт байгаагүй... би Д г над дээр ирж уучлалт гуйхыг л хүсэж байна, надад өөрөөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Б.Есүхэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ойролцоогоор 12-13 цагийн үед л байх гэж бодоод байгаа, яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна, ангийнхаа найзууд болох Д , өөр хэн ч байлаа одоо сайн санахгүй байна нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 1 дүгээр гудамжинд очсон. Тухайн үед уг газарт манай ангийн хүүхдүүд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хан Хэнтий цогцолбор сургуулийн нийлээд ойролцоогоор 8-9 хүүхэд байх шиг байсан. Тэгээд би Д  тэр хэдийг Саригийн 1 дүгээр гудамжинд буулгачихаад МСҮТ орох гэж байсан учир тэндээсээ шууд хөдлөж яваад гэртээ харьж хувцас хунараа өмсөөд буцаад Саригийн 1 дүгээр гудамжинд машинтайгаа явж очиход манай ангийн найз болох Д  нь Хан Хэнтий цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч болох Г гэх хүүхдийг зодоод цохичихсон, Г гэх хүүхдийн хамарнаас нь цус гарчихсан, цусаа гойжуулаад газарт сууж байсан. Тэгээд цагдаа энэ тэр ирж байгаа сураг дуулдаж байсан бөгөөд манай ангийнхан ч явцгаахаар болцгоогоод бид хэд уг газраас явцгааса. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний мэдэх зүйл ийм л байна.  Надад өөр мэдэж байгаа хэлж ярих зүйл алга байна... надад энэ талаар сайн мэдэх зүйл алга байна. Гэхдээ тухайн үед Д гийн яриаг нь сонсож байхад Д  нь энэ Г гэх хүүхэдтэй урьд нь маргалдаж муудалцаж л байсан юм шиг байсан. Өөрөөр надад энэ талаар мэдэх зүйл алга байна... тухайн үед уг газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг ч хүүхэд байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч С.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Би ангийнхаа хоёр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Саригийн 1 дүгээр гудамжинд явж байгаад Хан Хэнтий цогцолбор сургуулийн ойролцоогоор 4-5 хүүхэдтэй тааралдсан. Тэгээд уг хүүхдүүдийн дунд миний зүс таних Г  , Эссэ гэх хочтой *******ийг нь мэдэхгүй байна ямар ч байсан хоёр хүүхэд явж байсан. Тэгээд Г гэх хүүхэдтэй нь манай ангийн найз болох Д  нь урьд нь маргалдаж муудалцсан гээд байсан учир би гар утсаараа Д  руу утсаар яриад чиний маргалдаж муудалцсан гээд байсан Г чинь энд явж байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Есүхэн машинтай Д , Есүхэ хоёр хүрээд ирсэн бөгөөд Д , Есүхэ хоёртой хамт өөр хэн ирсэн байсныг нь би одоо сайн санахгүй байна. Тэгээд манай найз Д  ирээд Г  той маргалдаж муудалцаж байгаад миний харснаар Д  нь Г-ын нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, тонгойход нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Ган- Оргил гэх хүүхдийн хамраас нь цус гараад цусаа гоожуулаад газарт суугаад байсан. Тэгээд Г нь гар утсаа гаргаж ирээд нэг хүнтэй яриад байх шиг байсан. Тэгэхэд харин Г нь цагдаа дуудчихсан байсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний мэдэх зүйл ийм л байна. Надад өөр мэдэж байгаа хэлж ярих зүйл алга байна... тухайн үед Д  нь Г гэх хүүхэдтэй маргалдаж муудалцаж байгаад уурандаа л Г гэх хүүхдийг алгадаж, өшиглөж цохиж зодсон. Манай найз Д  нь энэ Г гэх хүүхэдтэй урьд нь бас маргалдаж муудалцаж байсан юм билээ. Тэгээд л тухайн үед урьдны маргалдаж муудалцсан асуудлынхаа талаар дахин ярьж хоорондоо маргалдаж муудалцаж байгаад Д  нь уурандаа Г  ыг цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 666 дугаартай дүгнэлтэд:

  1. С.Г-ын биед тархи доргилт, баруун нүдний алимны салст болон
    баруун нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал
    бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч С.Г-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатарын “....гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 90-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч О.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч О.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба өсвөр насны шүүгдэгч О.Д нь хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.Г-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатарын “....гомдол санал байхгүй....” гэх хүсэлт (хх-ийн 90-р хуудас) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч О.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул өсвөр насны шүүгдэгч О.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч  О.Д г тодорхой ажил үүрэг гүйцэтгэх буюу 10 ширхэг суулгац модыг 5 (тав) сарын хугацаанд  тарих үүрэг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Х.Б  нарт тус тус даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2239003800026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч О.Д д ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч  О.Д г тодорхой ажил үүрэг гүйцэтгэх буюу 10 ширхэг суулгац модыг 5 (тав) сарын хугацаанд  тарих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Д д хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Х.Б  нарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн 2239003800026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР