Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/291

 

 

 

   2023         04          26                                   2023/ШЦТ/291

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311000000360 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                           

  Шүүгдэгч: Х овогт Б.Б       

  Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймаг, Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар Улаанбаатар хот, ..............оршин суух хаягтай боловч одоо.................., урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ............... тоотод согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Бтай маргалдан түүний толгойн хэсэгт гараагаа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .............. тоотод согтуурсан үедээ хохирогч Д.Бтай маргалдан, улмаар түүний толгойн хэсэгт гараагаа цохиж бие махбодод нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Дэнжийн 1000-д байрлах нийтийн байранд өөрийн найз болох Ганцэцэгийн гэрт очиж хоносон юм. Тэгээд Сэнгүр нэртэй пиво 3 шилийг уугаад унтсан. 2023 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед Каула нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи Б авч орж ирж манай найз Ганцэцэг болон Ганцэцэгийн нөхөр хамтран амьдрагч Б, Ганцэцэгийн ээж Ама гэж дууддаг, нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ганцэцэгийн хамаатан гэх 35 орчим насны залуу байсан юм, нэрийг нь сайн санахгүй байна. Бид нар хамт архи уугаад сууж байгаад би Бд чи бол даварсан хүргэн, хадам ээж болон эхнэрээ зоддог гэж хэлсэн юм. Тэгсэн Б намайг нүүр болон толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиж алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр манай найз болох Д.Б нь гэрт ирээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь хамтран амьдрагч Б.Б нь гэрээсээ хөөсөн юм. Тэгтэл урдаас нь хэрэлдээд явахгүй байсан учраас цохисон юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

-шүүгдэгч Б.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 37 -59 дахь тал/,

 - шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2692 дугаартай “...Д.Бгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ............... тоотод хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар  шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Бас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 135.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх тул 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 135.000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ