| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2019/00158/и |
| Дугаар | 133/ШШ2019/00270 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 133/ШШ2019/00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Б.М-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуульд холбогдох,
тус сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг, тухайн тушаалаар Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд шилжүүлсэн нь хууль бус болохыг тус тус тогтоож, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн бүлэг бүрээс тус бүр 2 багшийг даасан ангитай нь 4 дүгээр сургууль руу шилжүүлэхээр яригдаж байгаад бага ангийн секцээс 10 багшийг даасан ангитай нь шилжүүлэхээр боллоо гээд залуу, сүүлд орсон гэсэн үндэслэлээр 10 багшийг ялгаварлаж 4 дүгээр сургууль руу яв гэж тулган шаардаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж дарамталсан. Тухайн үед шилжүүлж байгаа болон ажлаас хэрхэн чөлөөлж байгаа талаарх албан ёсны шийдвэрээ өгөөч гэхэд өгөөгүй. Ингээд 2 ангийн эцэг эхчүүд хүүхдүүдээ шилжүүлэхгүй гэж маргаан гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тухайн 2 ангийг багшийн хамт авч үлдсэн. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бага ангийн 8 багш даасан ангитайгаа шилжин ажилласан. Биднийг болохгүй бол буцаад ирж болно гэсэн бөгөөд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахад сүүлийн улиралд туршилтын журмаар ажиллаж үзэж байгаа гэсэн учир түр хугацаагаар шилжиж байна гэж ойлгосон. Гэтэл 2019 оны 05 сарын 24-ний өдөр 1 дүгээр сургуулийн захирал дуудаж 2019 оны 04 сарын 01-ний өдрийн огноотой тушаалын хуулбар хувийг гардуулж өгсөн. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дүгээр зүйлийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй учир гомдол гаргаж байна. Нэгдүгээр сургуулиас бага ангийн 10 багшийг шилжүүлнэ гэх 2 багшийн анги шилжихгүй гэж захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2 багш үлддэг. 1 багш өөрийнхөө хүсэлтээр 4-р сургууль руу явж, 1 багш шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж авсан. Ингээд тооцоод үзэхээр 6 багш байгаа бөгөөд хариуцагчийн гаргасан ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай гэх баримтаас үзэхээр 7 орон тоог дутуу баталсан харагдаж байгаа энэ нь шүүхээр шийдэгдэж байгаа 6 багш, нэхэмжлэлээ татаж авсан 1 багш гээд энэ 7 багшид тааруулж 1 дүгээр сургуулийн захирал тушаалаа нөхөж гаргасан байхыг үгүйсгэхгүй. Энэ үүсээд байгааа нөхцөл байдалд тааруулж энэ тушаалыг гаргаж өгсөн байх боломжтой байна. Мөн боловсролын газрын 2019 оны 1-р сарын 4-ний өдрийн 358 дугаартай албан бичигт 1-р сургуулиас авах бага ангийн тоог 10 гэж заасан байгаа тул 1-р сургуул энэ тушаалаа нөхөж гаргасан байх, мөн аймгийн засаг даргын тамгын газраас явуулсан захирамж гээд байгаа нь өнөөдрийг хүртэл хавсралт нь ирээгүй байдаг. Б ч өөрөө өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо энэ талаар тайлбарлаж байсан. Ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуулбар хувийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/18 дугаартай захирамжаар Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийг байгуулсан. Захирамжийн үндэслэлд Боловсрол, соёл, урлагын газрын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг баримталж 1, 3-р сургуулиас 4 дүгээр сургуульд шилжих багш, анги бүлгийн тоог тогтоосон болно. Сургуулийн захиргаанаас заах аргын нэгдэл, секцээр ярилцаж шилжих багшийнхаа нэрийг гаргахыг санал болгосон. Гэтэл бага ангийн багш нар өөрсдөө хүсэлтээр 4 дүгээр сургуульд ангийн сурагчдтайгаа хамт очин сургалт хүмүүжлийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо. Иймд бид бүхэн дараах санал хүсэлтээ аймгийн Засаг даргын зөвлөлд уламжилж байна гэсэн гарын үсэг зурсан хүсэлтээ гаргасан. Сурагчдын 3 дугаар улиралын амралт 2019 оны 03 дугаар сарын 25-наас эхлээд санал гаргасан багш нар 4 дүгээр сургуульд очин анги танхимаа хүлээн авч бэлтгэлээ хангасан. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сургуулийн захиралын тушаал гарч албан ёсоор ажиллаж, цалин хөлсөө авч эхэлсэн юм. Багш нар шилжсэнээр манай сургуулийн төсөв, бүтэц орон тоо хасагдаж 4 дүгээр сургуулийн төсөвт шилжсэн учраас ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг нэгдүгээр сургуульд ажиллуулах төсөв, орон тоо, сурагчид байхгүй өөрсдийн саналаар явсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг, тухайн тушаалаар Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд шилжүүлсэн нь хууль бус болохыг тус тус тогтоолгож, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн захирал нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дугаар заалтыг үндэслэн бага ангийн багшаар ажиллаж байсан Б.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-84/.
Нэхэмжлэгч Б.М нь Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуульд холбогдуулан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан /хх-1-р хуудас арын хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. Харин мөн зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.
Нэхэмжлэгч Б.М-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай тушаалыг ажил олгогчоос 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуулбарлан өгсөн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж, хариуцагч тал маргааны зүйл болох ажлаас чөлөөлсөн Б/35 тоот тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан эсхүл танилцуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Түүнчлэн Б.М нь Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь дээрх байгууллагын захиралын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 тоот тушаалаар нэхэмжлэгчийг бага ангийн багшийн ажилд томилсон /хх-83/, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б/35 дугаартай тушаалуудын нотариатаар батлуулсан хуулбар /хх-84/, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-85-88/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5/, 000189352 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-100/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Ажил олгогч Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн захиралын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч Б.М-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б/35 тоот тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,
Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2-т зааснаар багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх нь захиралын эрх гэж тус тус заажээ.
Хариуцагч тал ...Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийг шинээр байгуулсантай холбогдуулан 1, 3-р сургуулиас 4 дүгээр сургуульд шилжих багш, анги бүлгийн тоог Боловсрол, соёл, урлагын газраас тогтоосны дагуу сургуулийн захиргаа, заах аргын нэгдэл, секцээрээ ярилцаж шилжих багшийнхаа нэрийг гаргахыг санал болгосон. Гэтэл бага ангийн багш нар өөрсдийн хүсэлтээр 4 дүгээр сургуульд ангийн сурагчдтайгаа хамт очин сургалт хүмүүжлийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо гэж бичгээр санал хүсэлт гаргаж аймгийн Засаг даргын зөвлөлд уламжилсан. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сургуулийн захиралын тушаал гарч албан ёсоор ажиллаж, цалин хөлсөө авч эхэлсэн, багш нар шилжсэнээр манай сургуулийн төсөв, бүтэц орон тоо хасагдаж 4 дүгээр сургуулийн төсөвт шилжсэн учраас ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргасан /хх-18/.
Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит, улсын тэргүүний 12 жилийн 1 дүгээр сургуульд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бага ангийн багшаар томилсон Б/29 тоот тушаалыг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гаргаж, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 107 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна.
Түүнчлэн ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Есөнбулаг суманд 4 дүгээр сургуулийг шинээр байгуулж, 1 болон 3-р сургуулиас багш, сурагчдийг татан авч 4 дүгээр сургуулийн бүтэц, орон тоог бүрдүүлсэн тул нэхэмжлэгч өөрөө шинээр байгуулагдсан 4-р сургуульд ажиллах талаар хүсэлт гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч ажилтантай хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаарчилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэж үндэслэсэн байна.
Гэтэл дээрх хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан”, “орон тоо хасагдсан”, “эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх гурван үндэслэлийн аль үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар тушаалын үндэслэлд дурдаагүй, сургуулийн төсөв, бүтэц орон тоо хасагдсан гэх тайлбараа нотлохоор Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн захиралын 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/11 тоот тушаалаар ажил, албан тушаалын жагсаалт баталсан тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг гаргасан /хх-126, 131/.
Ажил олгогч нь нэхэмжлэгчийн ажлын байр болох бага ангийн багшийн орон тоо хасагдсан эсхүл цөөрсөн гэж татгалзаж байгаа тохиолдолд энэ талаарх тайлбар, үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгч Б.М-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Түүнчлэн “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, “орон тоог цөөрүүлэх” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд ажил олгогч Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн бүтцээс бага ангийн багшийн орон тоо хасагдсан болох нь нотлогдохгүй, эсхүл бага ангийн багшийн орон тоог цөөрүүлсэн бол нэхэмжлэгч Б.М-ийг ямар үндэслэлээр сонгож ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хариуцагч тал нотлоогүй болно.
Талуудын маргааны зүйл бол ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/35 тоот тушаал тул уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх бөгөөд тус аймгийн Есөнбулаг суманд шинээр сургууль байгуулах, тухайн сургуулийн бүтэц, бүрэлдэхүүнийг батлахтай холбоотой эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал шийдвэрийн талаар болон хариуцагч байгууллагын захирал бүтэц орон тоогоо батлах эрхтэй эсэх асуудлаар зохигчид маргаагүй тул шүүх дүгнэлт хийхгүй бөгөөд гагцхүү ажил олгогч, ажилтаны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа ажил олгогчийн тушаалын үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан”, “орон тоо хасагдсан”, “эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх гурван үндэслэлийн аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгч Б.М-д мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаас ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэргийг шүүх хуралдаанаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 30 миунтад хэлэлцэхээр товлож, хариуцагчид хуульд заасан журмын дагуу хурлын товыг хүргэхэд бичиг хэргийн ажилтан гарын үсэг зурж хүлээн авсан /хх-119/, хариуцагчийн өмгөөлөгч 2019-8-28-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж хүлээн авсан байх боловч хариуцагчийн төлөөлөгч Ш.Б, өмгөөлөгч Ж.Д нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тал ирцтэй холбогдуулан гаргах хүсэлтгүй гэх тайлбар гаргасан тул хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийг Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулиас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ