Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000072 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон ургийн овогт Нямхүүгийн *******, 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн ******* ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл дөрөв, эцэг эх, эгчийн хамт Ховд аймгийн Буянт сумын 03 дугаар (Наранхайрхан) багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн нутаг дэвсгэрт “хурлаа зөв удирдан явуулж чадсангүй гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч *******ы нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...*******аас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт байрлах Хар цохио гэх нэртэй газарт ******* гэх залуу намайг цохисон гэх гомдол мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хохирогч *******ы “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хар цохио гэх нэртэй газар луу багийн хуралд оролцохоор автомашинтай явсан. Тухайн газарт очиж хуралд сууж байгаад хурал тарах үеэр ******* гэх хүнд чи хурлаа зөв удирдаж явуулсангүй, чи хурал дуусаагүй байхад хурал дуусгалаа гэж хэлсэн чинь миний өөдөөс “тэгээд би яадаг юм” гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд мөн газар унагааж байгаад миний нүүр лүү өшиглөхөд тэнд байсан хүмүүс салгахаар би явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);

- Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2023 оны 02 дугаар 13-ны өдөр багийн ******* ******* хурал болсон. Хурлын ирц байхгүй, тэмдэглэл хөтлөхгүй хурал явуулах гэхээр нь “ирцээ бүртгээд, тэмдэглэлээ хөтлөөд хурлаа хий. Нэг жил гаруй хугацаанд хурал хийсэнгүй” гэж хэлсэн. Гэтэл тэмдэглэл бичих хүн олдохгүй байсан чинь багийн дарга “чи өөрөө тэмдэглэл бич” гэж хэлэхээр нь “би бичихгүй” гэж хэлсэн. Миний хувьд хурлаа албан ёсоор дэс дараалалтай явуул гэсэн санал тавьсан. Хурлын явцад зарим нэр бүхий хүмүүс хурал үймүүлэх гэж согтуу ирсэн байсан. ...Тэгэхээр нь би хуралд орохгүй гадаа байж байя гэж хэлээд автомашин дотор хоёр хүнтэй нэг шил архи хувааж уусан. Гэтэл “үнэлэлт дүгнэлт өгүүлэх шаардлага байхгүй. Хурал хаалаа” гээд гараад ирэхээр нь “ард түмэн жил гаруй хурал хийгээгүй. Чи хурлаа зөв удирдсангүй” гээд нудрахад ******* миний нүүр лүү цохиж, би цасан дээр хойшоо саваад унасан чинь ирээд өшиглөсөн. Үүнээс болж хоёр шүд унасан. Тэгээд хүмүүс намайг салгаад аваад явсан” гэх мэдүүлэг;

- Гэрч “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн иргэдийн хурал болж байхад хурал дээр согтуу ирээд хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд яваад байсан. Багийн ******* даргыг “хурал таараалаа, чи хурлаа удирдаж чадсангүй” гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Хурал тарсны дараа би харих гээд мотоцикл руугаа явж байсан чинь ирээд намайг цохиод авсан. Тэгтэл цаана ******* дарга ******* зогсож байгаад харчхаад боль гэж хэлсэн чинь “чи хурлаа тараалаа” гээд очоод цохиод авсан тэгэхэд ******* буцаагаад нэг цохисон. ...Эхлээд ******* цохисон тэгэхээр нь ******* буцаагаад цохисон, аав нь очиж салгаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Гэрч “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн иргэдийн хурал болж байхад ******* гэдэг хүн согтуу ******* дундуур орж ирээд хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд хурал тараад бид нар явах гэж байхад ******* согтуу хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд яваад байсан ба ******* ******* хоёр зодолдоод аав нь ирээд салгаж аваад явсан. ...Хоёулаа нэгнийгээ цохиод байсан ба юугаар цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* ах хуралд сууж байхдаа согтуу байсан. Тэгээд ******* дундуур гарч явчхаад дахиад архи уучхаад орж ирээд тэнд байсан хүмүүсийг “ална, чи хурлаа хийж чадахгүй байна, чамайг гарч байгаад ална” гэж хэлсэн. Тэгээд би хурлаа хаагаад байшингаа цоожилж байх хооронд автомашин дээр оччихсон хүмүүстэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би очсон чинь ах ******* ахыг автомашины хаалга эвдлээ болиоч гэсэн. Тэгсэн чинь ******* Отгонбаяр гэх ахыг нохой гахай гээд дуудаад байхаар нь очоод боль гэж хэлчхээд би мотоцикл дээрээ очоод байж байтал ******* ах Г.Эрдэнэбаатар гэх хүнийг цохиод авахаар нь та болиоч хурал үймүүлээд хүмүүс зодоод байдаг гэсэн чинь “чи ажлаа хийж чадахгүй байна, чамайг ч гэсэн ална” гээд над дээр ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн чинь төрсөн дүү Н.Нямгэрэл болон бусад залуучууд ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь өөрөө хойшоо саваад уначихсан тэгэх хооронд манай аав гүйж ирээд “та хоёр боль нэг нэгнийгээ алах нь уу” гэхээр нь би больсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэргээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн багийн ******* ******* ******* дарга, шүүгдэгч *******тай “чи хурлаа зөв удирдаж чадсангүй” гэж маргалдаж, улмаар хохирогч шүүгдэгчийг түрүүлж цохисны улмаас харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч *******ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 170 дугаартай “...*******ы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хараа-0.7 хүртэл бууралт, дээд уруулын гадна болон дотор салстад цус хуралт, зулгаралт, дээд эгнээний зүүн 2-р шүд булгарч уналт, мөн дээд эгнээний зүүн 1-р шүдний сулралт, дээд буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. *******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цөм тус бүрдээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шүдний гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас) гарчээ. Энэхүү дүгнэлтийг хохирогч *******ы “...Н.******* гэх залуу миний нүүр болон нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Намайг газарт унахаар миний нүүр хэсэг рүү өшиглөсний улмаас миний дээд талын үүдэн шүд унасан, нэг шүд хөдөлсөн байгаа гэх мэдүүлэг, шүүгдэгч яллагдагчаар өгсөн “...Би нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

1.3. Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэтэл “үнэлэлт дүгнэлт өгүүлэх шаардлага байхгүй. Хурал хаалаа” гээд гараад ирэхээр нь “ард түмэн жил гаруй хурал хийгээгүй. Чи хурлаа зөв удирдсангүй” гээд нудрахад ******* миний нүүр лүү цохиж, би цасан дээр хойшоо саваад унасан чинь ирээд өшиглөсөн. Үүнээс болж хоёр шүд унасан” гэх мэдүүлэг, гэрч “...би харих гээд мотоцикл руугаа явж байсан чинь ирээд намайг цохиод авсан. Тэгтэл цаана ******* дарга ******* зогсож байгаад харчхаад боль гэж хэлсэн чинь “чи хурлаа тараалаа” гээд очоод цохиод авсан тэгэхэд ******* буцаагаад нэг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), гэрч “...******* гэдэг хүн согтуу ******* дундуур орж ирээд хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд хурал тараад бид нар явах гэж байхад ******* согтуу хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд яваад байсан ба ******* ******* хоёр зодолдоод аав нь ирээд салгаж аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл: хохирогч шүүгдэгч нар олон ******* газарт маргалдаж, улмаар хохирогч шүүгдэгчийн биед эхэлж халдаж зүй бус авирласан байна. Тодруулбал хохирогч шүүгдэгчийн биед халдаж өдөөн хатгасан зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна. 

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн багийн ******* ******* ******* дарга, шүүгдэгч *******тай “чи хурлаа зөв удирдаж чадсангүй” гэж маргалдаж, улмаар хохирогч шүүгдэгчийг түрүүлж цохисны улмаас харилцан зодолдох явцад хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...******* надад эмнэлгийн ор хоногийн мөнгө гэж 203’000 төгрөг төлж өгсөн ба цаашид 2 шүд хийлгэх шаардлагатай байгаа. Тухайн шүдний мөнгийг гаргуулах хүсэлттэй байна” гэж (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хоёр шүдээ хийлгэж авъя гэж хэлсэн. Хоёр шүдийг жилийн дараа хийнэ гэж хэлсэн. Шүүгдэгч миний шүдийг хийлгэж өгнө гэдгээ хэлж бид хоёр тохиролцсон. Ясны бүтэц гүйцэд болохоор имплант шүдийг нэг жилийн дараа хийлгэ гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн ба хохирогч, шүүгдэгч нар мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тохиролцоогүй учир хохирлын талаар эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг буюу эмчилгээний (хоёр шүд хийлгэх) зардлыг одоогоор тогтоох боломжгүй тул хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эцэг эх, эгчийн хамт амьдардаг, Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн ******* ******* ******* ******* ******* ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Хохирогч нь шүүгдэгчийн биед түрүүлж халдаж зүй бус авирласнаас шалтгаалан шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна. Тодруулбал энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хугацаа тогтоогоогүй тохиолдолд ялтан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар уг хугацаанд ялтан тухайн ялыг биелүүлээгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болохоор тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл торгох ялыг ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 120 хоногийн буюу 4 сарын хугацаанд төлөх боломжтой ба хуулиар ялтанд торгох ялыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа олгосон байхад шүүх уг хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хэмжээ тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болно. Иймд улсын яллагч, өмгөөлөгч нарын торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх саналуудыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд шийтгэх тогтоолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.3. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Нямхүүгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА