Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 14

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Ц.Уртнасан,

хохирогч С.Хишигдэлгэр,

шүүгдэгч А.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хариад  овогт Аюулгүйн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625022592 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 87 дугаар байр, 96 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “ Манхайттан “ лоунжид тогооч ажилтай байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УП88060958 / Хариад  овогт Аюулгүйн Эрдэнэбат  нь:

- 2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, Түшиг төвийн урд талд С.Хишигдэлгэрийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Хишигдэлгэр хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 07-08-ны шөнө 02 цагийн үед өөрийн автомашиныг жолоодон Түшиг төвийн урд явж байтал миний урд Приус 20 маркийн машин зогсоолоос ухарч гарч ирсэн.  Би тухайн үед тоормозоо гишгээд зогсож амжилгүй мөргөсөн юм. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө автомашины жолооч дээр очтол автомашинаасаа бууж ирээд шууд миний нүүр рүү 2 удаа цохьсон. Тэгээд би замын цагдаа дуудаад хэмжилт хийлгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв орж үзүүлсэн чинь дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн. Бас нүдний эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь шууд цагдаад өргөдлөө гаргасан. Уг маргаан намайг автомашин мөргөсөн гэж уурлаад цохьсон гэж бодож байна. Би А.Эрдэнэбатад гар хүрээгүй. А.Эрдэнэбатад цохиулсны дараа нүдний солонгон бүрхэвч рүү эмчилгээний зориулалтаар хийсэн байсан тос хагарсан. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ гэжээ. / хх 8-9 /

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13955 тоот дүгнэлтэнд: 

1.  С.Хишигдэлгэрийн биед уруул язарсан шарх, дээд эрүүний дээд үүдэн шүд хөдөлсөн, баруун нүдний доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 15 /

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: ... С.Хишигдэлгэрийн биед үүссэн уруул язарсан шарх, дээд эрүүний дээд үүдэн шүд хөдөлсөн нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Баруун нүдний доргилт нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна. ... С.Хишигдэлгэрийн биед баруун нүдний доргилт нь 2 машин мөргөлдөх, нүүрэн тус газраа цохиулах зэргээс аль алинаас нь үүсэх боломжтой гэжээ. / хх 18-19 /

Гэрч  Ц.Мөнхзаяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны үзлэгээр өнгөрсөн долоо хоногт баруун нүдний доор цохиулсан гэсэн үгүүлэмжтэй үзлэгт нүдний өмнөд хэсэгт силикон тосны хэсэг орж ирсэн байсан учраас төлөвлөж байсан хугацаанаас өмнө силикон тос авах мэс засал хийсэн. С.Хишигдэлгэрийн нүдэнд эмчилгээний зориулалтаар нүдний хөндийд хийсэн силкон тос нь толгой хэсэгт доргилт хүч үйлчилж байж тос урагшаа орох магадлал ихтэй. Нүдний тос урагшаа орж ирээд удсан тохиолдолд нүдний хараанд нөлөөлөх учир хугацаанаас өмнө хагалгаанд орсон гэжээ. / хх 57 /

А.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Тээврийн прокурорын газрын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 3061 тоот прокурорын тогтоол / хх 55-56 /

  Хохирогч С.Хишигдэлгэрийн өвчний түүхийн хуулбар / хх 58-65 /

  Хохирлын баримтууд / хх 33-35 /

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 30 /

 Шүүгдэгч А.Эрдэнэбатыг  2016 оны 10 дугаар 28-ны өдөр сэжигтнээр / хх 23- /,  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27 /  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбат мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 02 цагийн үед Түшиг төвийн урд зам дээр өөрийн Прүс маркийн автомашиныг жолоодон дүүгээрээ харуулаад өөрөө толиндоо хараад автомашин байхгүй байхаар нь ухраад буцаад урагшлах гэтэл нэг автомашин ирж маш хүчтэй мөргөсөн. Эргээд хартал дүү маань гэмтээд дугарч чадахгүй арын суудал дээр хэвтэж байсан ба найз маань мөн гэмтсэн байсан учир би тухайн үед бухимдсандаа тэр залуугийн уруул хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд цагдаа, түргэн ирж, бид гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн ослыг миний буруугаас үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй.

Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин нүдний хагалгаа хийлгэсэн 800.000 төгрөгийг бүгдийг нь төлөхийг зөвшөөрөхгүй байна. Би түүний шанаанд цохиогүй. Нүдэнд гэмтэл учруулаагүй. Хохирогч нь маш хүчтэй мөргөж автомашин шидэгдсэн бөгөөд нүдний доргилт нь цохилтоос биш мөргөлтөөс үүссэн. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Хишигдэлгэр мэдүүлэхдээ:  Осол болсны дараа би автомашинаасаа буугаад очтол жолооч нь үгийн зөрүүгүй шууд миний баруун шанаа болон урууланд нэг нэг удаа цохьсон. Тэгээд би замын цагдаа болон түргэн дуудсан. Энэ цохилтоос болоод миний уруул язарч, дээд эрүүний үүдэн шүд хөдлөж, баруун нүд доргисон. Би энэ гэмтлийг авахаасаа өмнө нүдэндээ хагалгаа хийлгэж, нүдэндээ силикон тос хийлгэсэн байсан. Гэтэл цохиулснаас тос нь хагарсан тул хугацаанаас өмнө яаралтай мэс засал хийлгэсэн. Учир нь нүдний хараанд нөлөөлөх учир хугацаанаас өмнө авахуулсан. Энэ хагалгааны зардал 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хагалгаа хийлгэснээс болоод сар хэвтрийн дэглэмд байсан. Мөн бусад гарсан зардлаа нэхэмжлээгүй. Хохирлоо төлчихвөл гомдол саналгүй гэв.

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь 2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, Түшиг төвийн урд талд автомашин мөргөлөө гэсэн шалтгаанаар С.Хишигдэлгэрийг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Автомашинтайгаа Түшиг төвийн урд явж байтал Прүс-20 маркийн автомашин зогсоолоос ухарч гарч ирсэн. Би тоормозоо гишгээд зогсож амжилгүй мөргөсөн. Буугаад очтол жолооч нь үгийн зөрүүгүй миний нүүр рүү 2 удаа цохьсон гэж хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн хохирогч С.Хишигдэлгэрийн мэдүүлэг / хх 8-9 /, …хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 13955 тоот дүгнэлт / хх 15 /,  ... баруун нүдний доргилт нь 2 машин мөргөлдөх, нүүрэн тус газраа цохиулах зэргээс аль алинаас нь үүсэх боломжтой гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн шинжээч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг / хх 18-19 /,  ...А.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3061 тоот прокурорын тогтоол / хх 55-56 /,  ... гэхдээ толгой хэсэгт доргилт хүч үйлчилж байж, тос урагшаа орох магадлал ихтэй. С.Хишигдэлгэрийн нүдэнд хийсэн тосыг авах хагалгаа хугацаанаасаа өмнө хийгдсэн. Удсан тохиолдолд нүдний хараанд нөлөөлнө гэж хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн гэрч Ц.Мөнхзаяагийн мэдүүлэг / хх 57 /,  ... хагалгаа хийлгэсэн болон хохирлын баримтууд / хх 33-35 / зэрэг болно.

  Шүүхээс шүүгдэгч А.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа боловч учруулсан хохирлыг бүрэн хариуцах үндэслэлгүй гэж мэдүүлсний гадна түүний өмгөөлөгч А.Эрдэнэбат нь хохирогчийн нүдний орчимд цохиогүй, нүдний тос хагарсан явдал нь аваарын хэргийн улмаас учирсан учир тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлэх ёстой. Иймд А.Эрдэнэбат нь учирсан хохирлоо бүрэн төлсөн гэснийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

1. Дээрх осол нь А.Эрдэнэбатын гэм буруугаас учирсан болох нь техникийн шинжээчийн 459 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, ослын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй тул Тээврийн прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3061 тоот тогтоолоор түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. / хх 55-56 /

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13955 тоот дүгнэлтээр хохирогч С.Хишигдэлгэрийн биед баруун уруулд няцарсан шарх, дээд эрүүний үүдэн шүд хөдлөсөн, баруун нүдний доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон / хх 15 /

3. Дээрх гэмтэл нь машин мөргөлдөх, гараар цохих үед аль алинд нь үүсэх боломжтой. С.Хишигдэлгэрийн биед үүссэн уруул язарсан шарх, дээд эрүүний дээд үүдэн шүд хөдөлсөн нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй.  Баруун нүдний доргилт нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна гэж мэдүүлсэн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг  / хх 18-19 /

4. С.Хишигдэлгэрийн нүдэнд эмчилгээний зориулалтаар нүдний хөндийд хийсэн силкон тос нь толгой хэсэгт доргилт хүч үйлчилж байж тос урагшаа орох магадлал ихтэй. Нүдний тос урагшаа орж ирээд удсан тохиолдолд нүдний хараанд нөлөөлөх учир хугацаанаас өмнө хагалгаанд орсон болохыг гэрч Ц.Мөнхзаяа мэдүүлсэн / хх 57 /

5. Хохирогч С.Хишигдэлгэр нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 04 / болон талбартаа нүүрэн тус газраа 2 удаа цохиулсан / хх 5 / гэсний гадна түүнд хууль сануулан хохирогчоор байцаалт авахад мөн мэдүүлсэн / хх 8-9 /

6. Хохирогчид шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг энэ нь цохилтоос энэ нь ослоос гэж тусгаарлан шийдвэрлэх боломжгүйн гадна эдгээр гэмтлүүд нь шүүгдэгч А.Эрдэнэбатын гэм буруугийн улмаас учирсан бөгөөд С.Хишигдэлгэр нь ослын улмаас бие махбодид учирсан хохирол гэж тусад нь нэхэмжлээгүй байна.

7. Шүүгдэгч А.Эрдэнэбат нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд заасан үүргээ биелүүлэлгүй бусдын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан нь шалтгаант холбоотой, гэм хорыг хариуцах үүрэгтэй байна.

Хохирогч С.Хишигдэлгэрт баримтаар 861.000 төгрөгний хохирол учирсан боловч хохирогч 800.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч 400.000 төгрөг төлсөн тул үлдэх хохирлыг А.Эрдэнэбатаар төлүүлж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, А.Эрдэнэбат нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариад овогт Аюулгүйн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 2. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, А.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 505 дугаар зүйлийн 505,1-д зааснаар А.Эрдэнэбатаас 400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хишигдэлгэрт олгосугай.

4. А.Эрдэнэбатыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ