| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 158/2025/0005/З |
| Дугаар | 221/МА2025/0461 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0461
П.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.М, өмгөөлөгч Ж.А
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 158/2025/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.М-аас Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай “ИХТ-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Анхан шатны шүүх “... Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхдээ Хурлын төлөөлөгчөөс гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг гаргуулан авах боломжоо хэрэгжүүлсэн эсэх болон санал гаргасан төлөөлөгч энэ талаарх баримтыг зөвлөлд өгсөн нь тодорхойгүй, ... шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэх явцад ч гарч ирээгүй тул Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл ажиллах журамд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна” гэжээ.
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаанаар “Бүтэц орон тооны өөрчлөлт” гэснийг хэлэлцэх асуудал тусгасан боловч төлөөлөгчдийн саналын дагуу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг бүтэц орон тооны асуудалд Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаагүй ба хурлын даргад хэлэлцэх асуудалд оруулах талаар өргөн мэдүүлээгүй төлөөлөгчдийн саналыг хурааж шийдвэрлэсэн байна.
Тухайн асуудлыг хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бол тухайн асуудалд холбогдох тооцоо, судалгаа, хэлэлцэх асуудлын төслийг хавсаргаж хуралдаан болохоос 2 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах зэрэг шийдвэр гаргах процесс ажиллагаа нь хуулийн дагуу байх ёстой. Мөн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 6.2-т “ИТХ-ын хороод, Төлөөлөгч, Засаг дарга нь Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал оруулах саналтай байвал Хурлын зөвлөлийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу холбогдох материалын иж бүрдлийг бүрэн хангаж ирүүлсэн байна. Хэрэв тогтсон хугацаанд саналаа ирүүлээгүй бол хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар саналгүй хэмээн үзнэ” гэжээ. Энэ тохиолдолд хэлэлцэх асуудлаа өөрчлөн батлаад шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах журмыг зөрчсөнөөс уг хурлаас гаргасан тогтоолууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болж чадахгүй байхад анхан шатны шүүх дээрх ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэсэн атлаа 05 дугаартай “ИТХ-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдааны үеэр Хурлын даргыг огцруулах саналыг төлөөлөгч гарган санал хурааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдон тогтоогддог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Б “Өнөөдөр бүтцийн асуудлаа хасаад маргааш оруулах дээрээ санал хураачих” гэдэг саналыг гаргаж төлөөлөгчдийн олонх дэмжиж 30-ны өдөр бүтцийн асуудлаа ярихаар болсон. ... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Б бүтцийн асуудал дээр Хурлын даргын асуудлыг оруулах саналтай байна гэж 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, үндэслэлээ “Хурлыг удирдан зохион байгуулах чадамжгүй, төлөөлөгч нарыг мэдээ мэдээллээр хангаж чадахгүй...” гэх санал оруулж, ... П.М даргаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бид нарт хурлын даргаа солих бүрэн боломж нь байдаг гээд санал хураахаар тухайн өдөр шийдсэн нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 тоот захирамжийн 01 дүгээр хавсралт, 02 дугаар хавсралт зэргээр хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хуралдааны явцад гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр санал хурааж шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.
Мөн түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны тэмдэглэлд Н.Б төлөөлөгч “... Гуравны нэгээс доошгүй төлөөлөгч хурал зарласан юм байна гээд зөвлөл хуралдаад бэлтгээ ажлаа хангаад хурлынхаа товыг эргээгээд хэлэх юм байна. Долоо хоногийн дотор хариу өгнө . Ингээд хурал зарлагдаад явах юм байна, магадгүй Засаг дарга ч биш байж болно, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ч байж болно. Одоо хэлэлцэх асуудалдаа төлөөлөгчийн хувьд би 2 санал оруулаад явуулъя энэ болох уу үгүй юу оруулаад өгөөчээ” гэжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хуралд санал оруулах эрхтэй хэдий ч тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тооцоо, судалгааг шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Үүнийг мэдэгдээгүй тохиолдолд хэлэлцүүлэхгүй байхаар хуульд заасан. Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны тэмдэглэлээс бүтэц зохион байгуулалтын асуудал гэж ерөнхий утгаар оруулж ирж, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэхдээ хурлын даргыг шууд чөлөөлөхөөр санал хурааж байгаа процесс нь тодорхой харагдаж байна.
Хурлын даргын ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэл болж байгаа нь тодорхой, бодит нөхцөлд нийцсэн байх төдийгүй холбогдох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч П.М нь 2 сарын хугацаанд ажил үүргээ хангалттай биелүүлсэн талаар тооцоо судалгааг бусад төлөөлөгч нарт өгөөгүй байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг хурлын дарга тэргүүлэхээр заасан боловч санал гаргасан төлөөлөгчийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд хандаагүй, шууд хуралдаанаар хэлэлцүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-т “Эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг зөрчиж, төлөөлөгчдийн олонхын гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд П.М-ыг чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомж, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримлаагүйгээс нэхэмжлэгчийг Хурлын даргаас огцруулсан үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохироогүй байх учир анхан шатны шийдвэр нь үндэслэлгүй байна.
3.2. Нэхэмжлэгч П.М-ыг хурлын даргаас чөлөөлсөн 2 эрх зүйн акт гарсан тухайд: Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулсан тогтоол нь намайг томилсон тогтоол бөгөөд түүнийг чөлөөлсөн тогтоолыг 2025 оны 03 дугаар сард хуралдаан дээр танилцуулсан талаар тайлбарладаг. Тухайн хугацаан болсон өдөр Д.М-ыг чөлөөлсөн тушаалыг гаргаагүй, Л.А-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт хоёр удаа над дээр ирж зуруулсан талаар мэдүүлдэг. Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар “нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах” гэж заасныг алдагдуулсан бөгөөд дээрх 2 салаа утга бүхий чөлөөлсөн тухай хуралдааны акт нь хуульд нийцээгүй байна. Хэдийгээр шүүх захиргааны байгууллагаас гаргасан улс төрийн шийдвэрийг хянахгүй хэдий ч уг захиргааны акт хуульд нийцсэн байх учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг хангаагүй, мөн түүнчлэн нэхэмжлэгчийг чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу бичилт, тооцооны алдаатай бол захиргааны байгууллага өөрөө засах эрхтэй ба эхний гарсан захиргааны актыг хүчингүйд тооцсон эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэр гарсан тохиолдолд сүүлийн акт нь хүчинтэй болох юм. Иймд хариуцагчийн хувьд аль тогтоолоор нэхэмжлэгчийг чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэдэг.
Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч ямар хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу П.М-ыг хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад улс төрийн шийдвэрийг хянахгүй үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
3.3. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд нийт 18 төлөөлөгчийн ирцтэй байсан бөгөөд П.М-ыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхэд 19 төлөөлөгч оролцсон байх бөгөөд Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 12.6-д зааснаар “Хуралдааны ирцэд бүртгэгдээгүй, цахим хуралдааны явцад орж ирсэн төлөөлөгчдийг хуралдаанд тасалсанд тооцно” гэжээ.
Гэтэл бүртгэгдээгүй төлөөлөгч чөлөөлөх асуудалд оролцож П.М-ыг чөлөөлөхгүй талаар 9 төлөөлөгч, чөлөөлөх саналд 10 төлөөлөгч санал өгч оролцсон. Ирцэд бүртгэгдээгүй төлөөлөгч санал өгсөн нь олонхын саналаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх зорилго нь тухайн акт нь хууль ёсны байж болохуйц байх бөгөөд түүнийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалттай. Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн эрх сэргэх шийдвэр гарахгүй нь илэрхий юм. Гэтэл анхан шатны шүүх хууль бус шийдвэр байна гэж үзсэн атлаа түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч П.М-ыг хурлын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдааны үйл ажиллагаа, хуралдаанаас гарсан тогтоол нь хууль бус болохыг тогтоож, үүний улмаас нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч П.М-аас “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.
2.2. Маргаан бүхий Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан П.М-ыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Б-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл Н.Б 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэх асуудалд бүтцэд өөрчлөлт оруулах санал гаргасан, уг хурлаар П.М-ыг чөлөөлөх, эсхүл Засаг дарга н.Б-ыг огцруулъя гэх байдлаар тодорхой санал гаргаагүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.М ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдээгүй байхад хэлэлцэх асуудалдаа оруулсан, ... 18 эсхүл 19 төлөөлөгч байсан эсэх нь эргэлзээтэй, ... асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл хурлын даргыг өөрчлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.
2.3. Гэтэл анхан шатны шүүхээс “...Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхдээ Хурлын төлөөлөгчөөс гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг гаргуулан авах боломжоо хэрэгжүүлсэн эсэх санал гаргасан төлөөлөгч энэ талаарх баримтыг Зөвлөлд гаргаж өгсөн эсэх нь тодорхойгүй байна, дээр дурдсан үйл ажиллагаатай холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчдын хэн аль нь шүүхэд ирүүлээгүйгээс гадна шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэх явцад ч гарч ирээгүй тул Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурын Зөвлөл ажиллах журамд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна...” гэж дүгнэсэн атлаа “... хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нэхэмжлэгч П.М-ыг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл, түүнийг нотлох тооцоо судалгаа, үндэслэлийг тодруулсны эцэст “чөлөөлөх эсэх” асуудлыг дахин хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой байх тул Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын зөвлөл дээрх ажиллагааг хийж гүйцэтгэн, хуралдаанаар хэлэлцэж, дахин шинэ акт /тогтоол/ гаргах нь зүйтэй...” гэж өөр хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй дүгнэлтүүдийг хийж маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.4. Түүнчлэн Иргэний Төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь улс төрийн шийдвэр тул шүүхээс уг тогтоолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, Хурлын даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхэд мөн дүгнэлт өгөх боломжгүй хэдий ч энэхүү төрлийн маргааны хувьд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь гагцхүү Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянахаар хязгаарлагдах юм. Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс Хурлын үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдааны үйл ажиллагаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн эсэх, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зайлшгүй Хурлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, саналд оруулах эсэх, холбогдох тооцоо, судалгаа шаардагдах эсэх талаар дүгнэлт хийж хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр шаардлагатай гэж үзсэн холбогдох баримтыг цуглуулж, хэргийг таслан шийдвэрлэх нь зүйтэй.
Нэгэнт анхан шатны шүүх холбогдох маргааны үйл баримтад нэг мөр дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, шүүхийн дүгнээгүй асуудлуудын талаар нөхөн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН