Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00324 дүгээр шийдвэртэй, С.Уын нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц, Г.А нарт холбогдох хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц, автозогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Уа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Уа нь 2012 онд “Жигүүр гранд” ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан-Ар Зайсан гудамж, 101-1 дүгээр байрны 5 тоот орон сууцыг, В1-24 тоот автозогсоолын хамт худалдан авч, үнийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд бүрэн төлж дуусгасан. С.Уа, Ц.Гомбосүрэн нарын гэр бүл цуцлах, хөрөнгийн маргаантай хэрэг шүүхэд хэлэлцэгдэж байгаа ба тусдаа амьдрах болсноос хойш би өөрийн орон сууцанд амьдарч чадахгүй байна. Нөхөр Ц.Гомбосүрэн өөрөө ч амьдрахгүй, бусдад дамжуулан хөлслүүлсэн. Нэхэмжлэгч нь орон сууцны гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авах, бусдад түрээслүүлэх хязгаартай итгэмжлэлийг Ц.Гомбосүрэнд олгосон байхад өөрийгөө хамтран өмчлөгчөөр оруулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх Ц.Гомбосүрэнгийн нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож бүртгэлийг С.Уын нэр дээр хийхийг бүртгэлийн газарт даалгасан тул хуульд заасны журмын дагуу нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул хууль бусаар орон сууцанд амьдарч байгаа Г.Аыг албадан гаргуулах, авто зогсоолыг чөлөөлүүлэх, Г.А, С.Ц нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хариуцагч С.Ц, Г.А нарыг төлөөлөх итгэмжлэл авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Энэ 2 хүний хоорондын гэрлэлт цуцлах, хөрөнгийн маргаантай асуудал УДШ-ээс хүчингүй болж дахин хянагдаж байгаа. Маргаж буй эд хөрөнгийн үнэлгээний асуудал, энэ хөрөнгө С.Уын хуваарьт хөрөнгө эсхүл дундын өмч эсэх асуудлыг тодруулах шаардлагатай. Яг өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн агуулга бүхий хэрэг маргаан шүүхийн шатанд эцэслэн хэлэлцэгдэж дуусаагүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.7 дахь хэсэгт зааснаар Ц.Гомбосүрэн, Г.А нарын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1843 кодтой орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С.Уын өмчлөлийн 000602961 гэрчилгээтэй, Ү-2206040567 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 101 байрны 5 тоот сууц, 000602962 гэрчилгээтэй, Ү-2206040569 улсын бүртгэлийн дугаартай В1-24 автозогсоолыг хариуцагч Г.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 306 149 төгрөг гаргуулж С.Уад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 165 749 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Уын нэхэмжлэлтэй Ц.Гомбосүрэнд холбогдох гэрлэлт цуцлуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж 101 дүгээр байрны 5 тоот орон сууц, в1-24 тоот авто зогсоол болох дундын өмчлөлийн хөрөнгийн маргаан, орон сууцнаас нүүлгэн гаргуулах болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаагдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой бөгөөд нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8. 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг үндэслэл болгон шийдвэрлэх байсан.

Иймд анхан шатны шүүхийн хэлэлцсэн асуудал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 101 дүгээр байрны 5 тоот орон сууц, в1-24 тоот авто зогсоол болох дундын өмчлөлийн хөрөнгийн маргаан болон орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий маргаан нь шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй /ажиллагаанд байгаа/ байхад орон сууц, гражыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00324 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Уа нь хариуцагч С.Ц, Г.А нарт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-Ар Зайсан гудамжны 101 дүгээр байрны 5 тоот сууц, в1-24 тоот зогсоолыг хариуцагч Г.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргааны зүйлтэй холбоотой өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаар шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.Гомбосүрэнг бүртгэснийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг С.Уын нэр дээр хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу дээрх орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгч С.Уа өөрийн нэрээр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон үйл баримт тогтоогдсон. /хх52-54, 11,12/ Энэ нь улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх талаар Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Ц.Гомбосүрэн нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байх үедээ буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С.Цид өөрийн нэрийн өмнөөс бусдад худалдах, хөлслүүлэх, холбогдох гэрээг төлөөлж хийх, гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой бүх асуудалд бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгож, нотариатаар батлуулжээ. /хх51/

Эрх олгосон уг итгэмжлэлийг үндэслэн Ц.Гомбосүрэнг төлөөлж С.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тухайн орон сууцыг Г.Аод хөлслүүлэхээр түүнийг төлөөлж Б.Энхцэцэгтэй гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон болно. Тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ц.Гомбосүрэнд хамааралгүй болж, С.Уын хууль ёсны өмчлөлд шилжсэн байсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ С.Уын нэхэмжлэлтэй, Ц.Гомбосүрэнд холбогдох гэрлэлт цуцлах, дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй байгаа гэх боловч хэргийг баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, түүний үндэслэл өөр байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар, гомдол дурдсан гэр бүл цуцлахтай холбоотой үүссэн хэрэг нь С.Уын нэхэмжлэлтэй, С.Ц, Г.А нарт холбогдох энэхүү хэргийн шийдвэрлэлтэд хамаарахгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх  үндэслэл болохгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 306 149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА